| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0167/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/170 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,
Хохирогч М.Д-, У.У-,
Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн 2038000260163 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Б.
Монгол Улсын иргэн, Б.Э.
Шүүгдэгч Ц.Б- нь Мустанг загварын улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Б.Э- нь Тоёота приус-20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус тус жолоодон яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужиртын давааны Дунд худаг гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төв зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн зорчигч М.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, У.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Мустанг” загварын улсын дугааргүй мотоциклийг, шүүгдэгч Б.Э- нь “Тоёота приус-20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужиртын давааны “Дунд худаг” гэх газрын төв замд тус тус жолоодож явахдаа шүүгдэгч Ц.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 а/ “Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.4 в/ “мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3 дугаар зүйлийн 3.2 а “Замын хөдөлгөөний Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.9 а/ “тээврийн хэрэгслийг техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.1.3 дугаар зүйл 1.1 “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолыг хилийн тэмдэглэнэ” гэсэн заалтуудыг, шүүгдэгч Б.Э- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байдал зохино”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.1.3 дугаар зүйл 1.1 “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолыг хилийн тэмдэглэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, мотоциклийн зорчигч М.Д-ийн эрүүл мэндэд “зүүн талын суудал ясны төвгөр сэртэн сэлтэрсэн хугарал, зүүн талын аарцаг ясны дээд нум шугаман хугарал” бүхий хүндэвтэр, У.У-ын эрүүл мэндэд “дагзны ясан шугаман хугарал” бүхий хүнд хохирол учруулан “Автотээврийн
хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-18, 20-22 дугаар хуудас/,
- Хохирогч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр аймгийн төвөөс буцаад гарах гэсэн боловч Хатгалын замд пост гарчихсан байсан учраас танил ах Ц.Б-ийг мотоцикльтойгоо хүрээд ирээч гэсэн. Тэгээд Ц.Б- ахыг хүрч ирэхээр нь цуг явсан. У.У- бид нар мотоциклиор явахаар болсон. У.У- бид хоёр Ц.Б-ийн мотоцикль дээр суугаад явсан. Замдаа Ц.Б- ах хонио эргүүлчихээд засмал зам руу орсон. Бид нарын урд талд портер явж байсан. Портер болохоор дохио өгөөд эргэсэн. Манайх руу эргэсэн зам руу засмал зам дээр тасархай цагаан зураас байхгүй үргэлжилсэн цагаан шугам байдаг юм. Ц.Б- ах мотоцикльтойгоо цагаан зураас даваад эргэх гэж байсныг санаж байгаа юм. Би мотоциклийн ар талд сууж явсан учраас эргэж харахад машин харагдахгүй байсан. Тэгээд хойноос нэг машин “хөөе” гэж орилоод л зүүн талын хөл хэсэг рүү мөргөхөд шидэгдээд замын эсрэг талд унасан. Тэгээд босох гэхэд босож чадахгүй байсан. Нэгдсэн эмнэлгийн 103-т ирж үзүүлэхэд аарцагны доод цагираг сэтэрсэн гэмтлийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлж байна. ...Ц.Б- жолооч бол эмчилгээний зардал 5.425.000 төгрөг бэлнээр өгсөн. Ц.Б-тэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо Б.Э- жолооч 5.425.000 төгрөг өгвөл гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 дугаар хуудас/,
- Хохирогч У.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хажуу айлын Б- гуай портер машинтай ирсэн байсан. Уг машин дээр тэжээлээ ачиж аваад эмээ, дүү хоёр машинд сууж явах болоод Ц.Б- ахыг мотоцикльтой нь дуудаад М.Д- эгч бид хоёр мотоциклиор явахаар болсон. Бид хоёр мотоциклийн араар суугаад мотоцикль дээр гуравлаад гэр рүүгээ явсан. Засмал замаас гэр рүүгээ эргэдэг зам руу эргэх гээд үргэлжилсэн цагаан шугам даваад эсрэг урсгал руу орчихсон явахад машин ирээд дайрсан. Мөргөхөд мотоцикль унаад бэр эгч М.Д- нилээн хол шидэгдсэн байсан. Мөргөсөн машин мөргөчихөөд хэтэрч яваад хүмүүс бууж ирж байсан. Нэг хэсэг ухаан алдаад сэрэхэд мөргөсөн машины арын суудалд суучихсан хажууд бэр эгч суучихсан байсан. Шинжилгээ өгөхөд тархинд цууралтай цус хуралттай, чамархай дагзны хэсэгт овойж хавдсан, хамар мурийсан, нүүр тэр чигээрээ зулгарсан, зүүн талын нүд хавдсан хамаг юм харагдахгүй байсан. Жолооч Ц.Б- эмчилгээний төлбөрт М.Д- эгч бид хоёрт 5.425.000 төгрөг өгсөн. Харин Б.Э- жолооч болохоор мөнгө олоход хугацаа хэрэгтэй байна гэж хэлсэн. Б.Э- жолоочоос 5.425.000 төгрөгний хохирол барагдуулбал ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-38 дугаар хуудас/,
- Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алаг-Эрдэнэ сум руу Хужиртын даваанаас бүүр наана асфальтан замаар явж байх үед нүдээ аньчихсан гэдийгээд суучихсан явах үед жолооч хөөе гээд хашгирах үед харахад жолоочийн баруун гар тал руу нэг мотоцикль орж ирэхэд машин урд хэсгээрээ шүргэсэн. Машин ч чигээрээ яваад өнгөрсөн. Жолооч машинаа зогсоогоод эргээд харахад замын хажууд мотоцикль түүний хажууд зорчигч эмэгтэй газар хэвтсэн байдалтай. Нэг нь замын голд хэвтэж байсан. Харин мотоциклийн жолооч босоод ирчихсэн зогсож байсан. Мотоциклийн хажууд хэвтэж байсан эмэгтэй нүүр хэсэг шалбарсан, нөгөө замын голд хэвтэж байсан эмэгтэй босож ирээд хөлөө барьж үзээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хужиртын давааны наана асфальтан зам дээр явж байхад гэнэт машины урд руу мотоцикль ороод ирсэн. Жолооч хөөе гэхийн завдалгүй л юу болсныг ч мэдээгүй өнгөрсөн. Жолооч чигээрээ яваад буцаж эргээд хараад зогсоход мотоциклийн араар сууж явсан зорчигч хоёр хүүхэн газар хэвтэж байсан. Мотоциклийн жолооч нэг хүүхнийг хүзүүгээр нь тэвэрчихсэн зогсож байсан. Мотоцикль бол зам дээр хавтгайгаараа л байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Гэрч Б.Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...машин хэрэгтэй байна гэхээр нь өөрийнхөө машиныг зарахаар тохиролцоод 11.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Тухайн үедээ 3.400.000 төгрөг аваад үлдсэн мөнгийг цагаан сарын дараа өгнө гэж тохиролцоод ямар ч гэрээ байгуулаагүй, машиныг шилжүүлж өгөөгүй юм. Тэгээд ярьснаараа машины үлдсэн мөнгийг Б.Э- цагаан сарын дараа өгсөн. ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.Э-т худалдсан машиныг шилжүүлж өгөхөөр болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 155 дугаартай: “1. М.Д-ийн биед зүүн талын суудал ясны төвгөр сэртэн сэлтэрсэн хугарал, зүүн талын аарцаг ясны дээд нум шугаман хугарал, баруун сарвуу, зүүн бугуйнд зулгаралт, зүүн сарвуу, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. М.Д-ийн биед үүссэн зүүн талын суудал ясны төвгөр сэртэн сэлтэрсэн хугарал, зүүн талын аарцаг ясны дээд нум шугаман хугарал нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин бусад хэсгийн цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн: “...Тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч Б.Э- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх. мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байдал зохино”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.1.3 дугаар зүйл 1.1 “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолыг хилийн тэмдэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн. Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Ц.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч Ц.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 а/ “Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.4 в/ “мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.9 а/ “тээврийн хэрэгслийг техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.1.3 дугаар зүйл 1.1 “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бухий хэсэгг эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолыг хилийн тэмдэглэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гаргахад жолооч Б.Э-, Ц.Б- нарын үйлдэл нөлөөлсөн” гэх дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 156 дугаартай: “1. У.У-ын биед дагзны ясан шугаман хугарал, тархи доргилт, дагзны хэсгийн хуйханд цусан хураа, дагзны хэсгийн хуйханд няцарсан шарх, духны зүүн хэсэг, хацар, хамрын нурууг хамарсан талбай, баруун шанаа, баруун хацар, зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. У.У-ын биед үүссэн дагзны ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад хэсгийн тархи доргилт, шарх нь тус тусдаа, цус хуралт, зулгаралт нь нийт хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ц.Б-ийн жолоодож явсан “Мустанг” маркын улсын дугааргүй мотоциклийг 1.480.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын жолоодож явсан “Тоёота Приус-20” маркын тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр, сэлбэгийн үнийг 180.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /хх-ийн 108 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ... 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Нисэхийн ар талд хонинд явж байхад манайхаас 6-7 км метрийн зайтай байдаг Б- гэх над руу утсаар залгаад ярихдаа Мөрөнгөөс харих гэсэн чинь хорио тавигдаад гарч чадахгүй байна. Хүрч ирээд аваач гэж надад хэлсэн. Тэгээд очиж авахаар болоод Мөрөнгийн ар талын постон дээр очиж У.У-, М.Д- нарыг суулгаж аваад гэрт нь хүргэж өгөхөөр асфальтан замаар явсан. Замдаа өөрийнхөө хонийг эргүүлчихээд буцаж асфальтан зам руу ороод Дунд худгийн дээхэн талд явж байхад асфальтан замаас туслах шороон зам руу гарах гээд голын цагаан зурааснаас нилээн орчихсон эсрэг урсгалын замд явж байсан. Араас машин орж ирээд шүргэсэн. Тэр үед тэнцвэрээ олохгүй шууд мотоцикльтой зам дээр унахад араар сууж явсан зорчигч нар над дээгүүр даваад шидэгдсэн. У.У-, М.Д- нар мотоциклиос 1 метр орчмын зайд газар унасан байсан. Би болохоор мотоциклийн хажуу талд унасан байсан. Шүргэсэн машин чигээрээ өнгөрч яваад тойрч ирээд зогссон. ...Миний урд талд портер машин эргээд шороон зам руу орчихсон явсан. Эргэх гэж байсан учраас нэлээд хурдаа хасчихсан явсан. Хэдэн км/цагийн хурдтай явсныг анзаарч хараагүй. Миний бодлоор 20-30 км/ цагийн хурдтай явсан байх. ...Мустанг маркын улсын дугааргүй. Гаалийн бичиг баримт бий. Би ВС ангилалын жолооны үнэмлэхтэй. Харин А ангиллын үнэмлэхгүй. ...Зүүн гар тал руу дохиогоо өгөөгүй. Үргэлжилсэн шугамаар эргэх хөдөлгөөн хийхийг хориглосон байдгийг мэднэ. Тухайн замд өөр салж эргэх боломжтой туслах зам байдаггүй болохоор цагаан зураас заавал давж эргэж шороон замруу гардаг. ...Би урд явсан портер машиныг дагаад л эргэсэн юм. Ар талдаа хоёр хүн суулгачихсан болохоор эргэж харж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс охин, дүү нарын хамтаар Мөрөнгийн төв рүү Приүс-20 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гарсан. Мөрөнгийн төвийн ард ирэхэд хорио цээрийн дэглэм тогтоосон гээд аймаг руу оруулахгүй байсан. Цуг явсан дүү Энхзулыг постон дээр буулгаж машин суулгаж Мөрөн рүү явуулчихаад Алаг-Эрдэнэ орох ажилтай Улаанхүү, нөгөө эгчийн нэрийг мэдэхгүй байна. Хоёр хүн суулгаж аваад Хатгалын асфальтан замаар Алаг-Эрдэнэ сум руу явсан. Хужиртын давааны наана тойрог хэсэг зам дээр эргээд гарч ирэхэд гурвалсан мотоцикль урд явж байхаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байхад дохио өгөхгүй мотоциклийн жолооч зүүн гар талуу дарсан. Би мотоциклийн жолоочийг дагуулаад дарсан. Мотоциклийн жолооч тал руу жолоогоо дарахаар мотоциклийн дээгүүр нь гарч явчих гээд байсан юм. Мотоцикльтой хүнийг дагуулж дарсан боловч жолооч талын крило, толь хэсгээрээ мотоциклийн ачаа хэсэг рүү шүргэхэд мотоцикльтой хүмүүс тэнцвэрээ олохгүй зам дээр унасан. Би чигээрээ яваад эргэж ирээд замын хажуу хэсэг рүү гараад зогссон. Машинаас бууж ирэхэд мотоциклийн хажууд байсан эмэгтэйн нүүр шалбарсан, нөгөө эмэгтэйн нэг гар шалбарчихсан харагдсан. Жолооч бол ямар нэгэн гэмтэлгүй харагдсан. ...Саяхан машин худалдсан хүн Мөрөнд ирээд миний нэр дээр шилжүүлж өгчихөөд яваад өгсөн. Одоо миний өөрийн эзэмшилийнх болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн албан тоот /хх-ийн 93 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ц.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 101 дүгээр хуудас/,
- Д.Б, Д.С, Д.Э, Д.Т, Д.Б, Д.Б нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 102-105 дугаар хуудас/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дугаар хуудас/ зэрэг,
Шүүгдэгч Б.Э-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн албан тоот /хх-ийн 95 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын ВС ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхний болон Тоёота Приус маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 96 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын 2019 оны 12 дугаар сард тоолуулсан малын А дансны хуулбар /хх-ийн 111 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын ВС ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхний болон Тоёота Приус маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 112 дугаар хуудас/,
- Б.Э-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 113 дугаар хуудас/,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын хууль бус үйлдлээс болж 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатайгаар зөрчсөн ба бусдын эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн буюу гэм буруугийн холимог хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд
Хохирогч М.Д-, У.У- нар шүүгдэгч Ц.Б-ээс 5.425.000 төгрөгийг авч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 106-107/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Б-ийг бусдад төлөх төлбөргүй,
Шүүгдэгч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч М.Д-, У.У- нарт 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Учир нь хохирогч М.Д-, У.У- нар нь 5.425.000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас нэхэмжилж байх боловч хэрэгт хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байна. Шүүгдэгч Б.Э-ын зүгээс 1.000.000 төгрөгийг хохирогч нарт өгсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч М.Д-, У.У- нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-аас нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь автомашин, мотоцикльд учирсан хохирол гэмтлийг өөрсдөө хариуцахаа шүүх хуралдаанд илэрхийлж байх тул хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогч нараас уучлалт гуйж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ингэхдээ хохирогч М.Д-, У.У- нарын шүүх хуралдаанд “шүүгдэгч нарыг тэнсэж өгнө үү” гэх санал, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан “шүүгдэгч нарыг тэнсэх” саналыг тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч нарын хайхрамж болгоомжгүй байдал нөлөөлсөн тул дээрх албадлагын арга хэмжээг авч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Б-ийн ВС ангиллын ... дугаартай, шүүгдэгч Б.Э-ын ВС ангиллын ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгаж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21, 22 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э-ын эзэмшлийн 8.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Приус маркийн ... улсын дугаартай автомашин, шүүгдэгч Ц.Б-ийн эзэмшлийн 1.480.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг маркын улсын дугааргүй мотоциклийг эзэмшигч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Б-ийн ВС ангиллын ... дугаартай, шүүгдэгч Б.Э-ын ВС ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай автомашин, шүүгдэгч Ц.Б-ийн эзэмшлийн “Мустанг” маркын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч М.Д-, У.У- нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-аас нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, Б.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ