Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 74

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: С.М,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овгийн С-ийн Мд холбогдох 2028000000062 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19... оны .. .дугаар сарын ...-ны өдөр ............ төрсөн, эрэгтэй, ........... настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................................................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У овгийн С-ийн М, регистрийн дугаар ...................................,

Шүүгдэгч С.М нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 10-29 тоот хашааны гадна Ц.Б, Ба нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Мыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 11-нд үдээс өмнө Ц.Б манайд хүрээд ирсэн. Ойрд уулзалдаагүй цагаан сараар ирээгүй байсан болохоор 0,75 литрийн Пинланд нэртэй нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд манайд бид хоёр юм яриад сууж байгаад тэр архиа уучихаад дараа нь 0,33 литрийн Ерөөл нэртэй нэг шил архи задлаад уугаад сууж байхад хүнтэй утсаар яриад гэртээ очиж хүнд төмөр гаргаж өгнө гэхээр нь би унаа олоод хүргэж өгье гээд гэрт нь хамт очиход хашааны үүдэнд нь нэг цэнхэр Портер машин зогсож байсан. Тэгээд Ба машинаас буугаад Портер дээр очиход нэг залуу гарч ирээд Батай муудалцаад бие биеэ түлхэлцээд байхаар нь би машинаас буугаад салгах гээд очиход хоорондоо заамдалцаад зогсож байсан. Би очоод салгасан чинь нөгөө залуу нь юугаар цохьсон мэдэхгүй, миний толгой руу шууд цохьсон, хөмсөгнөөс цус их гоожихоор нь би хашаа налаад доошоо хараад цусаа гоожуулж сууж байгаад эргээд харсан чинь Портер машин хөдлөөд давхисан. Тэгсэн Ба цаана нь түрүүлгээ хараад ойчсон байсан. Тэгээд би босоод Ба дээр очоод араас нь тэврээд дээш нь харуулахад нүүр ам нь улаан нялга цус болчихсон байсан. Хажуу хашааны завсраар нэг эмэгтэй хүн цагдаа дуудсан, наад хүнээ битгий хөдөлгөөрэй гэсэн. Тэгээд зогсож байхад цагдаагийн машин ирээд бид хоёрыг шууд эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлгийн хүлээн авах дээр очиж үзүүлэхэд миний баруун талын хөмсгөнд оёдол хийлгэхээр байна, Багийн эрүүнд нь оёдол хийлгэхээр байна гээд оёдлын өрөө рүү орж хөмсгөндөө оёдол хийлгэчихээд гараад ирсэн чинь манай эхнэр Ба-ийн эхнэртээ хамт ирчихсэн байсан. Тэгээд Баг эхнэр нь аваад явсан. Би эхнэртэйгээ гэртээ харьж амарсан. Эмнэлгээр явж үзүүлэх эмчилгээний мөнгө төгрөг өгье гэж ирж уулзсан. Надад гомдол санал байхгүй... Би чулуу барьсан зүйл байхгүй. М намайг чулуу барьсан гээд худлаа яриад байгаа юм. /хх-ийн 09-12-р хуудас/

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 11-нд Баын гээд айлд байж байхад 17 цагийн үед М над руу утсаар яриад хашааны хаалга хийх гэсэн юм төмөр авъя гэж хэлсэн. Тэгээд Батай хамт гэртээ очиход М, Б нар хашааны үүдэнд Портер машинтай ирчихсэн зогсож байсан. Хашааны хаалга таглаад зогсчихсон байхаар нь би бууж очоод хашааны хаалганаас машинаа хол тавь гэхэд жолоочийн нөгөө талын хаалганаас М бууж ирээд нөгөө төмрөө авъя гэхээр нь би Мыг тоглоом хийгээд хочоор нь дуудаад хэдэн юм хэлчихсэн чинь М уурлаад бид хоёр хэрэлдэж муудалцаж байгаад намайг нүүр лүү цохисныг санаж байна. Би архи их уусан байсан болохоор бусдыг нь санахгүй байна. Унтаж байгаад өглөө таван цагийн үед сэрсэн чинь толгой өвдөөд нүүр ам хавдсан байсан. Тэгээд зодуулснаа мэдсэн. Мыг би хочоор нь Хурга гээд хэлсэн юм. Тэгээд уурлаад хэрэлдэж муудалцаж байгаад намайг ганцаараа зодсон. Нүүр лүүгээ цохиулснаас болж хавдаж хөхөрсөн. Эрүүгийн доод талдаа дөрвөн оёдол тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Надтай уулзаад уучлалт гуйгаад эмнэлэгт очиж үзүүлье эмчилгээний мөнгө төгрөг өгье гэсэн... Би хүрз барьсан талаараа санахгүй байгаа. М намайг хүрз барьсан гэж худлаа яриад байгаа юм. Би Мтай эвлэрсэн, надад эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Миний зүгээс одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 15-18-р хуудас/

Гэрч Б.Да мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гэртээ байж байхад хашааны гадаа хүмүүс хашхиралдаад байсан. Би нялх хүүхэдтэй болохоор хүүхэд унтуулахгүй чимээ гаргаад байхаар нь гараад хашааны завсраар харсан чинь баруун талын хашаа манай хашаа хоёрын голд гадаа нэг цэнхэр өнгийн Портер машины хажууд хоёр хүн зууралдаад зогсож байсан. Баруун талын хашааны гадаа нэг хүн доошоо хараад тонгойгоод сууж байсан. Тэгээд би та нар чимээгүй байцгаагаач цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тоохгүй байсан. Тэгээд би цагдаа руу дуудлага дуудчихаад гэртээ орж ирсэн. /хх-ийн 23-24-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №241 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ба-ын биед тархины доргилт, 2 талын хөмсөг дэх язарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №242 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б-ийн биед тархины доргилт, эрүүний язарсан шарх, доод уруулын салстын язрал, дух, хамар, баруун хацар, дээд уруул, зүүн шанааны зулгаралт, 2 нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/

Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Ц.Б ахаас хашааны шон түгжих төмөр авахаар хэд хоногийн өмнө ярьсан байсан. Тэрийгээ авах гээд утсаар ярьсан чинь гэрт хүрээд оч би гадуур явж байна одоо хүрээд очно гэсэн. Тэгээд би ачаанд явдаг Портертой найз Б-ийг дуудаад Оюутын 10-30 тоотод Б ахын хашааны үүдэнд очоод зогсож байхад Б ах хүрч ирээд хашааны хаалга хааж зогслоо гээд машин өшиглөөд намайг хурга энэ тэр гээд өдөөд байхаар нь би бууж очоод та болиоч яагаад хүний машин тэрэг өшиглөөд байгаа юм гээд бариад авсан чинь намайг заамдаж аваад өөдөөс цохьсон. Би бас өөдөөс нь цохиод заамдалцаад зогсож байхад нэг танихгүй хүн дундуур орж ирээд над руу дайраад байсан. Тэгсэн Портер машинаас Б бууж ирээд бид хэдийг салгасан чинь нөгөө танихгүй хүн чулуу барихаар нь чулууг нь булааж аваад өөдөөс нь шидсэн чинь духан дээр нь онох шиг болсон. Тэгээд эргээд харсан чинь Б ах хүрз барьчихсан зогсож байхаар нь хүрзийг нь булааж аваад мөр лүү нь цохих гэсэн чинь эрүүнийхэн хавьд цохьсон. Тэгээд би Б-ийг явъя гээд Портер машинд суулгаад гэр лүүгээ харьсан. Надад гэмтэл учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад холбогдох хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... Би .................... суманд эцэг, эх, дүү нарын хамт Эмгэнбулаг багт амьдардаг бүртгэлтэй байсан. Тэгээд Даланзадгад суманд 4 жилийн өмнөөс ирж амьдарч байгаа боловч иргэний бүртгэлээр шилжиж ирээгүй хуучин хаягтаа бүртгэлтэй байгаа. Одоо би ........................................... тоотод эхнэр, хүүхдийн хамт оршин сууж байгаа. Би энэ хашааг худалдаж авсан. /хх-ийн 51-52-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38-40-р хуудас/

Өмнөговь аймгийн ................ сумын ........................ багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /хх-ийн 47-48-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 10-29 тоот хашааны гадна Ц.Б, Ба нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ба-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №241 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ба-ын биед тархины доргилт, 2 талын хөмсөг дэх язарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27-р хуудас/ гэснээр,     

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №242 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б-ийн биед тархины доргилт, эрүүний язарсан шарх, доод уруулын салстын язрал, дух, хамар, баруун хацар, дээд уруул, зүүн шанааны зулгаралт, 2 нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 32-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ. 

Иймд шүүгдэгч С.М-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.                          

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би М-тай эвлэрсэн, надад эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Миний зүгээс одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,    Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Ба-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч С.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.                    

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.          

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст бүртгэгдээгүй” /хх-ийн 56-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймаг .............. сумын ............. багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай тодорхойлолтод: “С................. овогтой М нь /......................./ тоот регистрийн дугаартай ам бүл 4-үүл амьдардаг. Тус багийн өрх хүн амын бүртгэлд байгаа нь үнэн болохыг тодорхойлов.” /хх-ийн 44-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт хохирогч Ц.Б 300.000 төгрөг хүлээн авсан, хохирогч Ба нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.    

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хүрз 1 ширхэг, цагаан өнгийн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Бд 300.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн Баалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч У овгийн С-ийн Мыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хүрз 1 ширхэг, цагаан өнгийн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Бд 300.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн Баалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА