Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00680/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн  хуралдаанаар,

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, “Энхбум” хоршооны захирал Занабазарын Оюунцэцэгт (РД: СР-68072401) холбогдох,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,

"зээл, зээлийн хүү, алдангийн 44 100 000 төгрөгийг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч З.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхномин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сан нь “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгтэй 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “ ММХ”/27 тоот зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 4 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр олгосон юм.
“Энх бум” хоршоо нь 35 000 000 төгрөгөөс 2012 онд үндсэн зээл 8 750 000 төгрөг, хүү 2 100 000 төгрөг, нийт 10 850 000 төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сангийн төрийн сангийн 900019044 тоот дансанд төлсөн. Зээлдэгчээс үлдэгдэл зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дууссан юм.
Иймд хариуцагч “Энх бум”  хоршооны захирал З.Оюунцэцэгээс үндсэн зээлийн төлбөр 26 250 000 төгрөг, алданги 13 125 000 төгрөг, нийт 44 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нь албан ажилтай байгаа тул “Энх бум” хоршоонд холбогдох, зээл, зээлийн хүү, алдангийн 44 100 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хүрэлцэн оролцох боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар бидний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Бидний зүгээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ. (хх-ийн 41 тал)

Хариуцагч “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа З.Оюунцэцэг: Манай “Энх бум” хоршоо 2008 онд түүхий эдийг бөөнөөр худалдан борлуулах зорилготой байгуулагдсан. Үйл ажиллагаагаа явуулахын тулд түүхий эдийн төв гэх байр хэрэгтэй болсон. Ингээд Мал хамгаалах санд төсөл бичиж шалгарсан. 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Мал хамгаалах сангаас 35.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаатай 6%-ийн хүүтэй зээл авсан. 9 дүгээр сарын сүүлээр 35.000.000 төгрөгөөр Өмнөдэлгэр суманд байрлах гурилын үйлдвэрийг бүхэлд нь худалдаж авсан. Энэ зээлийг Энх бум хоршооны нэр дээр авсан. Худалдаж авсан байр маань үйл ажиллагаа явуулахад зохицож байсан. Төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу ашигласан. 2012 онд би өөрийн нэр дээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс 40.000.000 төгрөгийн зээл авсан. Би 1 жилийн дараа яг эргэн төлөлтийг нь төлсөн. Хоршоо ажиллуулахад маш олон бэрхшээл гарч байсан. Хоршооны гишүүд гэрээнд заасан байдлаар ажиллахгүй байсан. Зээлийн жилийн дараах эргэн төлөлтийг би өөрийн мөнгөөр төлсөн. 2014 онд би ноолуурын наймаа хийж байх үедээ ноолуураа хулгайд алдаж нилээд их хэмжээний мөнгөний алдагдалд орсон. Би тухайн үед бизнесийн түншлэлд муугаар нөлөөлөх байх гэж айсан даа энэ тухай цагдаад хэлээгүй. Хоршооны бизнес алдагдаад ирсэн болохоор миний зээл төлөх чадвар муудаад байсан. Би хоршоололтын холбооноос хүмүүс авчирч сумандаа сургалт хийлгэн 150 гишүүнтэй болсон 2015 онд 300 гаруй гишүүнтэй болж өргөжсөн. Гэвч гишүүд санасан хэмжээгээр сайн ажиллахгүй байсан. 2015 онд ноолуурын үнэ буухад миний бие нутгийн хүмүүс, хоршооны гишүүддээ өндөр үнээр 62.000 төгрөгөөр ноолуур авсан чинь бүх газраас хүмүүс ирж ноолуур өгсөн. Гэтэл миний ноолуурын чанар муудсан гэж яриад би маш их мөнгөний алдагдалд орсон. Би өөрийн бэрхшээлээ яриад мал хамгаалах санд очиж хэлсэн чинь авсан бол төлөх ёстой гэж хэлсэн. Миний бие нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 44 100 00 төгрөгөөс зээлийн 26 250 000 төгрөг, хүү 4 725 000 төгрөг, нийт 30 975 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Алданги 13 125 000 төгрөгийг төлж чадахгүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авах шаардлагагүй. Шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 36, 43 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон мал хамгаалах сан нь хариуцагч “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгээс зээл, зээлийн хүү, алдангийн 44 100 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах  нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон мал хамгаалах сан нь хариуцагч “Энх бум” хоршооноос зээл, зээлийн хүү, алдангийн нийт 44 100 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасанг хариуцагч “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэг нь үндсэн зээл 26 250 000 төгрөг, зээлийн хүү 4 725 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч алданги 13 125 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Мал хамгаалах сан нь 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “ Энх бум” хоршооны захирал Занабазарын Оюунцэцэгтэй харилцан тохиролцож бичгээр зээлийн гэрээ байгуулж 4 жилийн хугацаатай, жилд 6 хувийн хүүтэйгээр 35 000 000 төгрөгийн зээлж авсан болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:...
1. Зээлийн гэрээний хуулбарт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон мал хамгаалах сан нь хариуцагч “Энх бум” хоршооны захирал Занабазарын Оюунцэцэгтэй харилцан тохиролцож 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулав... зээлдэгчид 35 000 000 төгрөгийн зээл олгоно. Зээлийн хугацаа 48 сар 4 жил, зээлийн хүү жилд 6 хувь... талууд гарын үсэг зурж тамга дарцгаасан байна. (хх-ийн 4-6 тал)
2. Барьцааны гэрээний хуулбар (хх-ийн 7-10 тал)
3. “Энх бум” хоршооны № 1830001044 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 12 тал)
4. Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 211 дугаартай лавлагаа (хх-ийн 16 тал)
5. Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар. (хх-ийн 14 тал)
6. Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сан нь “Энх бум” хоршоотой 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “ ММХ”/27 тоот зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 4 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр олгосон... хариуцагч “Энх бум”  хоршооны захирал З.Оюунцэцэгээс үндсэн зээлийн төлбөр 26 250 000 төгрөг, алданги 13 125 000 төгрөг, нийт 44 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
7. Хариуцагч “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: ... Миний бие нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 44 100 00 төгрөгөөс зээлийн төлбөр 26 250 000 төгрөг, хүү 4 725 000 төгрөг, нийт 30 975 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Алданги 13 125 000 төгрөгийг төлж чадахгүй гэсэн тайлбар. (хх-ийн 36 тал)
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан: гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэжээ.
Иймд зохигчид нь зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлдэгч тал нь зээлдэгчид 35 000 000 төгрөгийг зээлдүүлсэн байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан: зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч (зээлдүүлэгч)  мал хамгаалах сан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч буюу хариуцагч “Энх бум” хоршооноос зээлээр өгсөн мөнгөө шаардах эрхтэй байна.
Зээлдэгч “ Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэг нь мал хамгаалах сангаас зээл авснаас хойш 10 850 000 төгрөгийг төлсөн байна. (хх-ийн 1 тал)
Харин үлдэгдэл зээл, зээлийн хүү, алдангийг төлөөгүй тул нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд хандсан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлдэгч тал нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул зээлийн хүү 4 725 000 төгрөгийг авах эрхтэй гэж шүүх дүгнэв.
Талууд нь 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 7.1.1-д: зээл, зээлийн хүүг хуваарийн дугуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө гэж заажээ. (хх-ийн 6 тал)
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 зааснаар зээлдүүлэгч тал Мал хамгаалах сан нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 13 125 000 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэг нь зээлийн алданги 13 125 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан боловч энэ талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нь албан ажилтай тул намайг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. (хх-ийн 41 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдэв.
Нэхэмжлэгч нь төрийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгээс 189 225 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй дүгнэв.
 
Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч “ Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгээс зээл, зээлийн хүү, алдангийн 44 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах санд олгосугай.
 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж,  хариуцагч “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгээс 189 225 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.


3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.


4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ