Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 79

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: С.Ц,

Шүүгдэгч: Г.Д,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Г-ийн Дд холбогдох 2028000850063 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ....... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дундговь аймгийн ............... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, ээжийн хамт ................................... оршин суух, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум Замын шанд 1 дүгээр багийн нутаг Сангийн далай гэх газарт түр оршин суух, урьд нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар нийт 4 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлалт тогтоосон, З овгийн Г-ийн Д, регистрийн дугаар ..........................,

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэртээ эхнэр С овогтой Цг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Дыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 03 дугаар сарын 07-нд манай аавыг урьд нь таньдаг байсан Г гэх хүн намайг нутаг үзэнгээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Норовдалай гэх дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад Г ахынд очиж хувааж уусан. Г ах нээх их уугаагүй, ихэнхийг нь би уусан. Тэнд сууж байхад гаднаас нэг хүн ирсэн байсан. Тэр хэдтэй сууж байгаад нэлээн халсан. Тэр хэд ажилтай гээд гараад явсан, би тэгээд гэрээс нь гараад мотоцикльтой жоохон явахад мотоциклийн гинж мултарсан. Тэгээд сууж байтал хоёр цагдаа ирээд намайг сум руу аваад явсан. Суман дээр очоод эхнэрт хэлсэн. Тэгээд гэрт очоод эхнэртэй маргалдсан. Би согтуу байсан болохоор эхнэрт илүү дутуу үг хэлсэн байсан. Тэгээд маргалдаад эхнэрээ цааш нь түлхсэн. Түлхчихээд буруу хараад сууж байтал араас эхнэр халуун саваар цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд халуун саваар эхнэрээ цохиод, түлхэж унагаагаад аяга аваад шидсэн. Толгой нь хагарсан үгүйг сайн мэдэхгүй байна. Тэгээд би чи дандаа ингэж аашилж байдаг энэ зангаа татаарай гэж хэлсэн. Тэгээд сум орж дэлгүүр оръё гэж явсан. Дэлгүүр лүү эхнэр, охин хоёр орсон, би гадаа байсан. Тэгээд дэлгүүрээс эхнэр гарч ирчихээд би явахгүй гээд сонин юм яриад байсан. Тэгээд би явлаа гээд явсан. Суман дээр иртэл цагдаа нар чи эхнэрийнхээ толгойг хагалсан гээд ирсэн, тэгээд байцаалт өгсөн.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр Д гэртээ нэг шил архи уучихаад унтаж сэрчихээд би явчихаад ирье гээд явсан. Тэгж явчихаад алга болсон. Миний охин аймгаас ирэх ёстой байсан. 3 цагаас автобусан дээр очиж охиноо авчихаад урд айлдаа очъё гээд явж байтал замын хажууд Д согтуу мотоцикльтойгоо явж байсан. Дыг авч явах гээд байж байтал хоёр цагдаа ирсэн. Тэгээд энэ хүнийг чинь аваад явъя, мотоциклиор явах ямарч чадваргүй байна, суман дээр очъё, чи дагаад яв гэж хэлсэн. Тэгээд дагж яваад мотоциклийг нь журамлуулчихаад Дыг гэрт хүргэж өгчихөөд би малаа харчихаад ирье, үхэр мал чинь алга болчихлоо гэж хэлээд уурлаад байсан. Би малаа бөөгнүүлчихье чи гэртээ унтаж бай гэж хэлсэн. Саахалтын хоёр хүн бас тэмээ сураад байсан. Тэгээд Дыг гэрт нь ганцааранг нь орхичихоод явсан. Охинтойгоо хонинд нэлээн удаан явсан. Тэгээд гэртээ иртэл Д унтаагүй байсан. Тэгээд намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм, малаа ч харчихгүй гэж уурласан. Тэгэхээр нь би гэр рүүгээ явчихъя гэтэл чи намайг ядарсан, их ажилтай үед хаяж явлаа гээд уурласан. Яагаад надад уурлаад байгаа юм бэ, ямар учиртай юм гэхэд чи намайг дандаа хаяж явдаг, гэр рүүгээ явах гэлээ гэж хэлээд уурлаад эхэлсэн. Тэр үед би Дыг халуун саваар цохиогүй. Д намайг эхэлж халуун саваар цохьсон. Би явлаа гэхэд охиноо вагончигээс гаргаж байгаад халуун сав, бетоноор нүүр рүү цохьсон. Би битгий тэг гэж гуйсан. Гартаа баригдсан бүх юмаараа зодоод байхаар нь би болъё гээд уучлалт гуйсан ч дахиж зодох гээд байгаа юм шиг байхаар нь гурвуулаа сум орчихоод ирье, би цаашаагаа ээж рүүгээ явахгүй гэж хэлсэн. Тэгтэл намайг ээж рүүгээ явах гэлээ гэж хэлсэн. Би ээж рүүгээ явахгүй гэж худлаа хэлж байж суман дээр ирсэн. Суман дээр ирээд Д Норовдалай дэлгүүр ороод архи авах гэж орсон хойгуур нь би Ивээл дэлгүүрийн гадаа очсон. Д архи авчихаад бид хоёр дээр эргэж ирсэн. Дэлгүүр хаах хугацаа болтол цагдаа ирээд дэлгүүр нь хаах гэж байна, танай нөхөр унтсан уу гэж асуусан. Тэгэхэд нь би манай нөхөр унтаагүй, намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Д хаана байна гэтэл Д зугтаагаад яваад өгсөн. Тэгээд намайг эмнэлэг рүү явъя чи толгойгоо оёулахгүй бол болохгүй нь цус их гараад байна гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очиж цаг гаран эмчилгээ хийлгээд надад энд таньж мэдэх хүн байхгүй учир би аймаг явмаар байна, шөнө Д ирээд яачих ч юм бил ээ би айгаад байна гээд аймаг явсан. Тэгээд аймагт очоод маргааш өглөө нь би цагдаад хандаж өргөдөл өгсөн. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд оторлож байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 07-ны орой манай нөхөр Г.Д нь манай урд саахалтын айлын Г гэх ахтай уулзахаар явсан юм. Тэгээд ирэлгүй алга болчихсон. Манай Цогт-Овоо сумаас баруун хойш 3 км зайтай байдаг. Манайх отроор явахдаа чирдэг вагончик сууц чирч явдаг. Би сумын төв орох ажилтай байсан учраас Цогт-Овоо сум руу орчихоод гэр рүүгээ явж байтал замын хажууд манай нөхөр Г.Д мотоцикльтойгоо согтуу байж байсан. Хажууд нь сумын 2 цагдаа нь ирчихсэн байсан. Би мотоцикльтой явж байсан болохоороо цагдаа нараас нь гуйгаад нөхрөө мотоцикль дээрээ сундлаад Дын мотоциклийг цагдаад журамлуулаад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд нөхөртөө чи одоо унтаж бай би хониндоо явчихаад ирье гээд явсан. Нар шингэж байхад би гэртээ ирэхэд Д унтаагүй сэрүүн байсан. Тэгээд намайг “чи хаагуур яваад ирэв, чи муу намайг цагдаад бариулсан биз дээ гээд миний толгой руу цохиод эхэлсэн. Би биеэ хамгаалах санаатай зугтаах гэтэл вагончикийн хаалган дээр намайг гаргахгүй хааж зогсчихоод 5 настай охиноо гадаа гаргаж байгаад намайг данх, 10 литрийн бетон, төмпөн, аяга зэрэг гартаа тааралдсан юм болгоноороо намайг зодоод эхэлсэн. Тэгэхэд миний толгой хагарч цас гарч эхэлсэн. Д “би сумын төв рүү явж архи уумаар байна гээд агсраад байсан. Тэгээд Д охин бид гурав Цогт-Овоо сум руу мотоцикльтойгоо явсан. Суманд ирээд Д дэлгүүр рүү ороход би нөгөө талын дэлгүүр рүү нь зөрж орох гэтэл дэлгүүрийн гадаа сумын цагдаа нартай тааралдсан. Би цагдаа нарт манай нөхөр зодоод байгаа талаар хэлсэн. Энэ хооронд манай нөхөр зугтаагаад явсан байсан. Би хоёр цагдаатай хамт сумын эмнэлэг дээр очиж толгойдоо оёдол тавиулсан. Би Цогт-Овоо суманд таньж мэдэх хүнгүй, бас айгаад байсан учраас сумын цагдаа нараас нь гуйгаад Дундговь аймаг явах унаанд суугаад гэртээ ирсэн. Толгойн баруун дээд талд хагарч 4 ширхэг оёдол тавьсан. Зүүн талын харьт, шуу, тохой зүүн талын гуя хөх няц болсон. Харьт, гуя руу 10 литрийн бетоноор цохиод байсан. Над руу аяга шидэхэд би зүүн гараараа хаасан. Тэр нь миний зүүн гарын шуу онож зүсэгдсэн. Аягаар толгой руу цохьсон, миний тархи хөдөлсөн байсан... Д архи уух болгондоо намайг зодож дарамталдаг, 2017 онд намайг зодож тархи хөдөлгөн, баруун хөлийн гуяны мах тасарсан байсан. Энэ асуудлыг нь цагдаагийн байгууллага шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан... Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн мөнгө гэж 485.000 төгрөг гарсан. Энэ төлбөрийг манай нөхрийн дүү Г.Ц төлсөн. Баримт гаргаж өгөөгүй. Өөр төлбөр төлөөгүй. Миний толгой маш их өвддөг болсон. Чих юм сонсохоо байж байгаа. Энэ нь толгой тархиндаа гэмтэл авснаас үүдэлтэй гэж хэлсэн. Эмч нар цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Би иргэний нэхэмжлэлдээ эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байна. Цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэнэ. Энэ зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Би цаашид энэ хүнтэй хамтарч амьдрахгүй. Би гомдолтой байна... Өмнө нь буюу 2017 онд галын хайч, ус буцалгагчаар намайг зодож гэмтэл учруулан шүүхээр шийтгүүлж байсан. Манай ээж болон хамаатнуудыг Д байнга гутаан доромжилдог. Байнга харааж зүхэж муу муухайгаар, элдвээр хэлдэг. 2020 оны 03 дугаар сарын 04-ний орой Д би аймаг руу хүүхэд рүүгээ явлаа гэсэн тэгсэн чинь Д намайг ажил ихтэй үед явах гэлээ гээд ганжингаар 2 шилбэний 2 талд цохиод байсан. Тэр үед Д согтуу байсан. Гэхдээ би бол цагдаад мэдэгдээгүй. Тухайн үед Д бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед миний хоёр шилбээр хавдсан байсан... 2013 оноос би Дтай хамтран амьдарч байгаа. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид дундаасаа 5-6 насны 2 охинтой байгаа... Би өөрөөс эмийн сангаас 87.090 төгрөгөөр эм тариа худалдаж авсан. Энэ мөнгийг Даас нэхэмжилж байна. /хх-ийн 20-23-р хуудас/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад миний охин Ц над руу утсаар ярьсан. Ярихдаа “ээжээ намайг Д зодоод байна. Миний толгойноос цус гараад дотор муухайраад байна. Би одоо Цогт-Овоо сумын төвд дэлгүүрт ороод тань руу ярьж байна.” гэсэн. Тэр үед нь Цогт-Овоо сумын цагдаа таараад миний охиныг эмнэлэгт хүргэж анхны тусламж үзүүлсэн. Би Цогт-Овоо сумын цагдаатай нь утсаар яриад миний охин Цогт-Овоо суманд таньж мэдэх хүнгүй миний охинд тусламж үзүүлээд Дундговь явах машинд суулгаад өгөөч гэж гуйсан. Миний охин Дундговь аймагт шөнө ирээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад хандсан. Би хэрэг болсон газар нь хамт байгаагүй. Би 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд охинтойгоо уулзахад миний охины нүд нь хөх болсон, толгой нь хагарсан, толгойдоо 4 оёдол тавиулсан, зүүн талын гуя нь нэлэнхийдээ хөх няц болсон байдалтай байсан. Энэ байдлыг нь би зургийг нь авсан байгаа. Биеийн байдал нь хүндхэн байсан учраас Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Г.Д нь миний охинтой ханилан суугаад 8 жил болж байна. Энэ хугацаандаа миний охиныг байнгын зодож дарамталж байсан. Д нь архи согтууруулах ундааг их хэрэглэдэг. Архи уух болгондоо миний охиныг байнгын дарамталж зоддог. Энэ талаараа охин маань надад ярьдаг байсан. Урьд өмнө нь миний охиныг зодоод шүүхээс тэнсэн харгалзах ял авч байсан. Тэнсэн харгалзах ял аваад энэ хүн гэмшиж ухаарсан юм байхгүй байгаа. Миний охин Ц нь сэтгэл санааны гүн хямралд орсон. Тархи толгой нь байнгын өвддөг учир өдөрт 1-2 удаа өвчин намдаах эм ууж байгаа. Чихний сонсгол нь муудаад байгаа, ядрангуй болсон байгаа. Охиноо яаралтай эмчлүүлмээр байна. /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Цогт-Овоо сумаас баруун тийш 5 км-т судалгааны станцад харуулын ажилтай байдаг. Дундговь аймгийн Хулд сумаас нүүж ирсэн гээд нэг айлд би очиход Д гэх айл байсан. Тэгээд 2020 оны 03-р сарын 07-ны өдөр Д гэх залуу манайд нэг 0,5 граммын Хараа нэртэй нэг шил архи авч ирээд тэр архийг ганцаараа уусан. Надад архи аягалахаар нь би уугаагүй. Тэгээд Д ганцаараа уугаад гэрт үлдсэн. Тэгээд би эхнэрийн хамт гадаа судалгааны мэдээ авах ажлаар гэрээс гарсан. Тэгээд мэдээгээ авчихаад гэр рүү дурангаар харахад Д гэрийн гаднаас мотоцикльтой гэрээс урагш манай нохойг дагуулаад урагшаа засмал зам руу явж байсан. Тэгээд би хүрээд очиход замын хажууд согтуу хэвтэж байсан. Тэгээд би Дыг чи яагаад нохой дагуулаад явчих гэхэд би мэдэхгүй гэж байсан. Тэгж байтал эхнэр нь гээд хүүхэдтэй эмэгтэй ирсэн. Тэгээд эхнэр нь Дыг авч явах гэтэл үгэнд нь орохгүй байсан. Тэгж байтал цаанаас нь цагдаа ирээд аваад явсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. /хх-ийн 31-р хуудас/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №77 дугаартай дүгнэлтэд: С.Цгийн биед тархи доргилт, дагз, тохойнд язарсан шарх, дух, шуунд зулгаралт, дух, зовхи, мөр, бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тус бүртээ нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 33-34-р хуудас/

Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03-р сарын 07-нд өглөө босоод Цогт-Овоо сум орж Норовдалай дэлгүүрээс Хараа нэртэй 0,5 граммын нэг шил архи аваад сумаас баруун зүгт Цогт-Овоо сумын Г гэх айлд очиж авсан нэг шил архиа хувааж уусан. Тэр архинаас Г ах нээх уугаагүй. Тэгээд тэр архийг уугаад би нэлээд согтсон. Тэгээд мотоцикльтой явах гээд чадахгүй замын хажууд мотоциклийн хажууд сууж байсан. Тэгэхээр нь би эхнэрээ Цг дуудсан. Тэр хооронд намайг сууж байсан чинь 2 цагдаа ирээд намайг машиндаа суулгаад ирээд аваад явсан. Тэгээд сумын төвд цагдаагийн хэсэгт очоод байж байтал эхнэр ирсэн. Тэгээд би эхнэрийн хамт гэр рүү явсан. Тэгээд чирдэг сууцанд эхнэр бид 2 очсон. Тэгсэн эхнэр Ц намайг хонь малаа услахгүй архи уулаа гээд загнаж маргалдаж эхнэр уурлаж дайраад байсан. Тэгэхээр нь би эхнэрийг чи дандаа уурлаж байдаг гээд цааш нь түлхчихээд буруу хараад сууж байтал араас эхнэр халуун саваар миний толгойн ар хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд босч очоод эхнэрийг арагш нь түлхээд араас зуухны хажууд байсан хоол иддэг шаазан аяга аваад шидсэн. Тэгэхэд шидсэн аяга эхнэрийн толгой дээр оносон. Тэгээд би эхнэрт ахиж ингэж уурлаж болохгүй, энэ зангаа татаарай гэж хэлсэн. Тэгээд арай гайгүй болоод сум ороод ирье гээд эхнэр, охин бид 3 мотоциклиор явсан. Сумын төвийн замын урд байдаг Ивээл дэлгүүрийн гадаа очсон. Тэгэхэд эхнэр, охин хоёр орсон. Тэгсэн эхнэр охин хоёр явахгүй гээд дэлгүүрийн гадаа сандал дээр суугаад байсан. Тэгэхээр нь би харилаа гээд хөдөө яваад өгсөн. Эхнэр охин хоёр үлдсэн. Тэр шөнөдөө эхнэр охин хоёр Дундговь аймаг явсан байсан... 4-5 насны 2 охинтой. Ц бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа... Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт Цг 10 хоног хэвтэн эмчлүүлсний төлбөр гэж 485.000 төгрөгийг дүүгээр өгүүлсэн. Түүнээс өөр хохирол төлбөр барагдуулаагүй байгаа. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг би төлнө. /хх-ийн 45-46-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-38, 40-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/

Дундговь аймаг Хулд сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 9/115 дугаартай тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 67-68-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэртээ эхнэр С овогтой Цг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №77 дугаартай дүгнэлтэд: С.Цгийн биед тархи доргилт, дагз, тохойнд язарсан шарх, дух, шуунд зулгаралт, дух, зовхи, мөр, бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тус бүртээ нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 33-34-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д нь хохирогч С.Цтай 7 жил хамт амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.               

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.      

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Г.Д нь эхнэр С.Ц руу аяга шидэж толгойн баруун дээд талыг хагалж, зүүн талын харьт, шуу, тохой зүүн талын гуя хөх няц болгож, харьт, гуя руу 10 литрийн бетоноор цохиж гэмтээж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Г.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.                           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Г.Д нь өөрийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч, иргэний нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц нь эмчилгээний зардалд 1.485.000 төгрөгийг шүүгдэгч Г.Даас нэхэмжилж улмаар хүлээн авсан, цаашид эмчилгээний зардалтай холбоотой 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдраад 7 жил болж байгаа, гэр бүл болон хамтран амьдрах хугацаандаа 2 хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд бөгөөд шүүгдэгч Г.Д нь эхнэр С.Цд 2.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд зориулан өгөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байгааг шүүх хүлээн авч хохирогчийн нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.         

Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “ Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар нийт 4 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлалт тогтоосон.” /хх-ийн 48-р хуудас/ гэснээр, ............... аймаг ...................сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 9/115 дугаартай тодорхойлолтод: “Тус сумын Уул багийн иргэн Г овогтой Д нь ам бүл 2-уул ээжийн хамт амьдардаг. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор үхэр-19, хонь-720, ямаа-620 нийт 1359 толгой мал тоолуулсан. Зан байдлын хувьд архи, тамхи бага зэрэг хэрэглэдэг, тусархаг багийн хамт олонд нэр хүндтэй ажилсаг иргэн болохыг тодорхойлов.” /хх-ийн 49-р хуудас/ гэх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдал тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.     

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогчийн санал  гомдолгүй гэх мэдүүлэг, 2000 орчим мал маллан оторлон нүүдэллэж амьдарч байгаа гэх шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Цд 1.485.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч З овгийн Г-ийн Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Даас эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц /Дундговь аймаг, Сайнцагаан сум, 9 дүгээр баг, Мандалын 16-18 тоотод оршин суух/-д олгосугай. 
  6. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Цд 1.485.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА