Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 108

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, РД:ОТ59050273, Зөөд овогт Хотойн Очирчулууны, нас тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Очирчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Х.Очирчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1958 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн юм. Бид эхээс 6-уулаа бөгөөд би айлын 3 дахь хүүхэд юм. Шинэ иргэний үнэмлэх авах хүртэл миний бүх бичиг баримт 1958 онд төрсөнөөр буюу зөв бичигдэж байсан. Гэтэл сүүлд шинэ иргэний үнэмлэх авахад 1959 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн гэж буруу бичигдэж олгогдсон. Би 18 настайдаа буюу 1976 оны хавар цэргийн албанд татагдаж 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан бөгөөд миний цэргийн батлах дээр миний төрсөн он, сар, өдөр зөв бичигдсэн. Мөн Үйлдвэрчний эвлэлийн батлах, гэрлэлтийн баталгаа зэрэг баримт бичиг дээр 1958 онд төрсөнөөр зөв бичигдэж гарсан юм. Би 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм. Иймд намайг 1958 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү.

     Миний бие 1979 онд цэргийн алба хааж ирээд 1979 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар, 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд цахилгаанчнаар, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Хархираагийн Тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Холбооны газарт монтёроор тус тус ажиллаж байсан юм. Миний дээрх газруудад ажиллаж байсныг нотлох ажилд орсон гарсан тушаал зарим нь байгаа боловч дутуу гэх шалтгаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байгаа юм. Иймд миний дээрх газруудад дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Х.Очирчулуун нь 1958 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өдөр төрсөн болохыг тогтоолгох, Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1979 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цахилгаанчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахилгаанчнаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, Увс аймгийн Холбооны газарт 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал монтёроор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Зөөд овогтой Хотойн Очирчулууны иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа,

2. Х.Очирчулууны цэргийн батлахын хуулбар /түүнийг 1958 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж бичигджээ,

3. Х.Очирчулуунд 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд түүний төрсөн оныг 1958 оны 5 дугаар сарын 22 гэж бичжээ,

4. Х.Очирчулуунд 1984 нээсэн Улаан загалмайн гишүүний бат илэрхийлэх, 1985 онд нээсэн БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн гишүүний бат илэрхийлэхэд түүний төрсөн оныг 1958 гэж бичжээ,

5. Гэрч Ш.Сүхбаатарын шүүхэд өгсөн: “Би Х.Очирчулууныг нэг нутгийн, нэг баг бригадын хүмүүсийн хувьд багаас нь таньж мэднэ. Мөн бид 1976-1979 оны хооронд Эрдэнэт хотын Барилгын 0166-р ангид цэргийн алба хамт хааж байлаа. Тийм учраас Х.Очирчулууныг 1958 онд төрснийг сайн мэднэ. Тухайн үед эрэгтэйчүүд 18 нас хүрсэн бол шууд цэрэгт татагддаг байсан бөгөөд 17 настай бол явуулдаггүй байсан юм. 1976 онд би өөрөө 19 настай, Х.Очирчулуун 18 настай байсан юм” гэх мэдүүлэг,

6. Увс аймгийн Барилга угсралтын даргын 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 302 тоот “Ажилд авах тухай” тушаалд “...Х.Очирчулууныг 9 дүгээр сарын 03-ны өдрөөс цахилгаанчнаар авч ажиллуулсугай” гэжээ,  

7. Увс аймгийн Барилга угсралтын даргын 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 329 тоот “Бригадын аж ахуйн тооцооны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалын хавсралтын 12-рт Х.Очирчулуун, олгох шагнал 924 төгрөг,

8. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар Х.Очирчулууныг 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” гэжээ,

9. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн даргын 1981 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Цахилгаанчнаар Х.Очирчулууныг 1981 оны 6 дугаар сарын 10-наас томилон ажиллуулсугай” гэж бичигджээ,

10. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсээс 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд шагнуулсан “Баярын бичиг,

11. Х.Очирчулуунд 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн 1982 оны 1 дүгээр сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

12. Увс аймгийн Өмнөговь сумын Намын хорооноос 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шагнасан Диплом,

13. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” тушаалд “Цахилгаанчин Х.Очирчулууныг 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

14. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 7 дугаар сарын 11-ний өдөр шагнасан “Сайшаалын үнэмлэх”,

15. Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 268 тоот “Түр ажилд томилох тухай” тушаалаар Х.Очирчулууныг 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс түр хугацаагаар авч ажиллуулжээ,

16. Хархираагийн ТАА-н ҮЭ-ийн хорооноос 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шагнуулсан Дурсгалын мандат, баярын бичиг, Дурсамж,

17. Увс аймгийн Холбооны газрын 1986 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 тоот “Ажилчин ажилд авах тухай” тушаалд “Х.Очирчулууныг 1986 оны 2 дугаар сарын 20-ноос эхлэн монтёроор авч ажиллуулсугай” гэж бичигджээ,

18. Гэрч Р.Пүрвээгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн харьяа Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1985 он хүртэл ажиллаад Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчноор 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 оны 6 дугаар сар хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан. Х.Очирчулуун 1976-1979 онд цэргийн алба хааж ирээд 1980 оноос Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадын цахилгаанчнаар ажиллаж байгаад 1986 онд тус сумын Тэжээлийн аж ахуй руу шилжин ажиллах болсон юм. Ер нь манай нэгдлээс гараад Тэжээлийн аж ахуй болон аймгийн холбоонд цахилгаанчин, монтёроор ажиллаж байсныг нь би сайн мэдэх юм. Х.Очирчулуун нь ажиллаж байх хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан бөгөөд урлаг, соёлын ажилд их оролцдог, сайн дурын уран сайханч байлаа” гэх мэдүүлэг,

19. Гэрч Ц.Мягмарын шүүхэд өгсөн: “Би 1952 оноос Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд малын их эмчээр 2002 он хүртэл ажилласан. Би Х.Очирчулууныг Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажилаж байхад нь 1986 онд Тэжээлийн аж ахуй руу шилжүүлэн өөрийнхөө дэргэд туслах ажилчнаар авч ажиллуулсан бөгөөд жил гаран ажиллаад аймгийн Холбооны газарт цахилгаанчин, монтёроор мөн ажиллаж байсан юм. Би түүний авга ах болох хүний хувьд түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Х.Очирчулууныг 1958 онд төрсөн болохыг түүний аав, ээжийн ярианаас сонсож байсан юм. Тухайн үед цагаан сараар ах дүү нар цуглан насаа мэдэлцэж насны зөрүүгээр хоорондоо золгодог уламжлалтай учраас тэр үед бид нэг нэгнээ хэзээ төрснийг сайн мэдэж авдаг байлаа. Миний санаж байгаагаар Х.Очирчулуун нь Өмнөговь сумын “Өргөн ширэг” гэх газарт гэртээ төрж байсан юм. Би тэгэхэд 16 настай байсан бөгөөд Улаангом суманд сургуульд сууж байсан. Тэгээд Хотой ахынд хүү төрлөө гэдгийг сонсож байсан” гэх мэдүүлэг,

20. Гэрч Р.Пүрвээгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ц.Мягмарын Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.   

     Нэхэмжлэгч Х.Очирчулуун нь Увс аймгийн Өмнөговь суманд Хотойн гэр бүлд 1958 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний цэргийн батлахад төрсөн оныг 1958 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж бичсэн, мөн 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд түүний төрсөн оныг 1958 оны 5 дугаар сарын 22, 1984 нээсэн Улаан загалмайн гишүүний бат илэрхийлэх, 1985 онд нээсэн БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн гишүүний бат илэрхийлэхэд түүний төрсөн оныг 1958 он гэж бичигдсэн байдал, гэрч Ш.Сүхбаатар, Ц.Мягмар нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Зөөд овогт Хотойн Очирчулууныг 1958 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

      Мөн нэхэмжлэгч Х.Очирчулуун нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1979 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цахилгаанчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахилгаанчнаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, Увс аймгийн Холбооны газарт 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал монтёроор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсралтын даргын 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 302 тоот “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын даргын 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 329 тоот “Бригадын аж ахуйн тооцооны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн даргын 1981 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот “Ажилд томилох тухай” тушаал, ажиллаж байхдаа шагнуулсан баярын бичиг, сайшаалын үнэмлэх, дурсгалын мандат, дурсамж,  диплом, Х.Очирчулуунд 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн 1982 оны 1 дүгээр сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 268 тоот “Түр ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Холбооны газрын 1986 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 тоот “Ажилчин ажилд авах тухай” тушаал, гэрч Р.Пүрвээ, Ц.Мягмар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Х.Очирчулууны Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1979 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жил, 6 сар, 9 хоног цахилгаанчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сар, 29 хоног ажилчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 жил, 10 сар, 20 хоног цахилгаанчнаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 сар туслах ажилчнаар, Увс аймгийн Холбооны газарт 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил, 8 сар, 10 хоног монтёроор, нийт 9 жил, 5 сар, 6 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Очирчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан нэхэмжлэгч Зөөд овогт Хотойн Очирчулууныг 1958 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зөөд овогт Хотойн Очирчулууны Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1979 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар, 9 /ес/ хоног цахилгаанчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 /нэг/ сар, 29 /хорин ес/ хоног ажилчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 /гурав/ жил, 10 /арав/ сар, 20 /хорь/ хоног цахилгаанчнаар, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 /хоёр/ сар туслах ажилчнаар, Увс аймгийн Холбооны газарт 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 8 /найм/ сар, 10 /арав/ хоног монтёроор, нийт 9 /ес/ жил, 5 /тав/ сар, 6 /зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Очирчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР