Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 110

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 10-12 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, РД:ЦЖ71012004, Борлууд овогт Манханы Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч М.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манхан овогтой Оюунчимэг миний бие нь Нэгдсэн эмнэлэгт 1995 онд асрагчаар орж тасралтгүй 20 жил ажилласан. 2005 онд Хөдөлмөрийн дээд сургуулийн оройн ангид орж суралцаад 2008 онд нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Архив, албан хэрэг хөтлөлтийн 1 сарын курс төгсөж сертификат авсан, мөн архив бичиг хэргийн эрхлэгчийн сургалтад удаа дараа хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авч байсан. 2009 оны 7 дугаар сард Нэгдсэн эмнэлгийн бичиг хэргийн эрхлэгч Б.Алтанцэцэг өндөр насны тэтгэвэр тогтоолгож, миний бие 2009 оноос бичиг хэргийн эрхлэгчээр сүүлийн 9 жил тасралтгүй ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа ирэхэд дарга дуудаж “Бичиг хэргийн эрхлэгч эрх зүйч мэргэжилтэй хүн байх ёстой” гэж хэлээд намайг “Асрагч хийх үү” гэхэд би “Үгүй ээ, би асрагч хийж чадахгүй, одоо би 50 нас хүрч яваа хүн, нурууны суулттай гэсэн оноштой, залуу байхдаа хийж байсан, одоо би архивч хийе” гэсэн боловч зөвшөөрөөгүй.  Би гараад ажлаа хийж байтал “Ажлаа хүлээлгэж өг” гээд Б.Дариймаа гэх хүнд ажлаа хүлээлгэн өгсөн. Ажил хүлээлцэх тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргасан. Би 1995 оноос хойш эмнэлгийн байгууллагад ажиллах хугацаандаа ёс зүйн болон харилцаа хандлагын алдаа, байгууллагын хэмжээнд ямар нэгэн зөрчил гаргаж, шийтгэл авч байгаагүй болно. Мөн байгууллагаас болон Эрүүл мэндийн яамны шагналууд авч байсан. 2008 онд Эрүүл мэндийн яамны Жуух бичиг, 2011 онд Аймгийн Засаг даргын Жуух бичиг, 2012 онд Архив албан хэрэг хөтлөлтийн Тэргүүний архивчаар тус тус шагнагдаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 292 хүний нөөцийн бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх цалингийн төсөв батлуулсан бөгөөд үйл ажиллагааны онцлог цар хүрээнээс хамаараад 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 336 хүний нөөцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Иймд хүний нөөцийн илүүдлээс болж цалингийн төсөв хүрэлцэхгүй байдал үүссэн тул батлагдсан төсөв бүтэц, орон тооны хүрээнд ажлын ачаалал, хэрэгцээ шаардлагыг судалж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шууд хамааралгүй захиргаа аж ахуйн чиглэлийн орон тоог бууруулах замаар эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай чанартай үзүүлж ажиллах зорилгоор нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоог Увс аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/489 тоот захирамжаар батлуулсан. Уг захирамжаар 17 тасаг нэгж 325 хүний нөөцтэйгээр үйл ажиллагаа явуулахаар батлуулсан. Иймд бичиг хэргийн эрхлэгч гэх албан тушаал хасагдсан тул Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/298 тоот тушаал гаргаж М.Оюунчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд М.Оюунчимэгийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

  Нэхэмжлэгч М.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэгдсэн эмнэлгийн даргатай уулзаж тохиролцсон зүйл байгаа. Намайг ямар ч байсан ажлын байртай болгоно гэсэн иймд шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон” гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа юм байна. Манай байгууллагын зүгээс М.Оюунчимэгийг ажлын байраар хангахаар болсон” гэжээ.

         ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч М.Оюунчимэг нь “Би өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. Би өмгөөлөгчөө ирэх шаардлагагүй гэж хэлсэн юм” гэж үзэн түүнийг оролцуулахаас татгалзсан тул өмгөөлөгч Ө.Нарантуяаг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР