Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

-

-

     2018           12           28                                         17          

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Э.Энхбат,

хохирогч “Өнөр-14” СӨХ-ны төлөөлөгч Г.Э,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэрэндулам, А.Очбадрал,

шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Н.Ч, Ж.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808004250687 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа блокны үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 2, эхийн хамт оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигин овогт Нармандахын Ч /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Орхон  аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Жаргалын Г /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.Ч, Ж.Г нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 6 дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Өнөр-14” сууц өмчлөгчдийн холбооны тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэн, нэвтэрч кабелийн зэс голтой 480 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.728.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн төлөөлөгч 110.000 төгрөг авсан. Энэ мөнгө ерөөсөө гарч ирэхгүй юм. Кабель утас авснаа хүлээж байгаа. Үйлдэлдээ гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ярих юм байхгүй. Маргах зүйлгүй” гэв.

Хохирогч “Өнөр-14” СӨХ-ны төлөөлөгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Лифтний эд анги, кабелийн утсыг жижүүрүүд бүгд зөөсөн. Ч мэднэ. Ч хохирлоо төлсөн тул гомдол, саналгүй. Гэс 720.000 төгрөг нэхэмжилнэ. Зэсээ буцааж авч, даргад тушаасан. Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй” гэв.

 

Эрүүгийн 1808004250687 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Эийн: “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай бүх орцны цахилгаан шатны шинэчлэл хийгдэж хуучин лифтны материалыг 6 дугаар орцны подвальд хураасан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө би ажил дээрээ ирсэн чинь 6 дугаар орцны подвальд хураасан байсан хуучин цахилгаан шатны лифтны материалаас 480 метр урт кабелийн утас хулгайд алдагдсан байсан. Цахилгаан шатны бүдүүн зэс утас байсан бөгөөд “Хархорин” зах дээр 1 метр нь 15.000 төгрөгөөр зарагдаж байсан. Нийт 7.200.000 төгрөгийн кабелийн утас алдагдсан. Подвалийг цоожилсон байсан 7500 төгрөгийн үнэтэй цоожийг эвдэлсэн. “Дамно” ХХК-ийн үнэлгээ 1.720.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-21-22, 71/,

Гэрч Э.Бөхбаярын: “...Тухайн үед жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн. Орцны үүдний камерыг шүүж үзэхэд шөнийн 03 цагийн үед уг байрны 6-р орцны орчмоос 2 залуу гарч явж байгаа бичигдсэн байсан. Уг бичлэгийг тухайн үед гар утсан дээрээ бичиж аваад 14-р байрны 5-р орцны жижүүр Буян-Орших гэх хүний хүү Чийг холбогдуулан шалгасан. Тэгээд бичлэг дээрх хүн уг сэжиглэж шалгасан Ч нь өөрийн найз Ган-Эрдэний хамт явж байсан. Тухайн подвалиос цахилгааны утас хулгай хийсэн гэдгээ хүлээсэн. Уг бичлэгийг үзлэг хийж бэхжүүлэн авч чадалгүй байж байгаад өөрийн гар утсаа хаячихсан. Бичлэгийг дахин авахаар СӨХ-ны байранд ирэхэд уг бичлэг устсан байсан. Дээрх бичлэгийг үзүүлсэн чинь “кабелийн утсыг хулгайсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гээд зэс тушаасан газраа зааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-23/,

Гэрч Л.Буян-Оршихын: “...Манай СӨХ-ны нярав Э орж ирээд “урд шөнө манай подвальд хулгай орсон байна” гэж хэлсэн. ...Үдээс хойш цагдаа нар манай гэрт ирээд “танай хүү хулгай хийсэн нь мөн байна” гэсэн. Манай хүү найз Ногооноо гэж хочилдог, саяхнаас нэрийг нь Г гэж мэдсэн найзынхаа хамтаар хулгай хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-27/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь /зэс голтой, лифтэнд хэрэглэж байсан бүдүүн кабелийн утас/ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018.01.11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.728.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-35-36/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Төмөр /эвдэрсэн/ цоож 3900 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-39-40/,

Шүүгдэгч Н.Чийн яллагдагчаар өгсөн: “...Сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 сарын 10-ны өдөр гэртээ найз Гтэй хоол хийж идчихээд 23 цаг өнгөрч байхад гараад тэдний гэрт очсон. 2018 оны 01 сарын 11-нд шилжих шөнө 02 цагийн үед тэднийхээс гарч Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 14-р байрны 6-р орцны подвальд ирсэн. Тухайн үед манай ээж Буян-Оршихын бие өвдөөд эмчилгээний мөнгөгүй байсан учир би Гд “уг 6-р орцны подвальд байгаа кабелийн утсыг авч тушаагаад мөнгө олоод би ээждээ эмчилгээ хийлгэмээр байна” гэхэд тэр зөвшөөрч цуг явсан. Бид хоёр подвалийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод кабелийн бүдүүн утсыг аваад Яармаг уруу такси бариад явсан. Тэгээд жалганд аваачиж шатаагаад доторх зэсийг нь аваад өглөө 09 цагийн үед 32-н тойргийн хажууд байх түүхий эдийн цэгт аваачиж өгөхөд 31 кг зэс болсон, 280.000 төгрөгөөр зарсан. Тэр шөнө хулгай хийхдээ бид хоёр хоёулаа зузаан даавуун бээлий өмссөн байсан. Би өмнө уг кабелийн утсыг тэр подвальд лифт шинээр тавьж засвар хийгээд сольж тавихад нь оруулж тавьж байсан. Уг зэс тушаасан мөнгөө Г бид хоёр тэнцүү хувааж авсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-55-56/,

Шүүгдэгч Ж.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...Манай гэрт сууж байгаад Ч “Манай байрны 6-р орцны подвальд кабелийн утас байгаа. Ээжийн бие өвдөөд байгаа, мөнгөний хэрэг гараад байна. Тэр утсыг авч зэсийг нь тушаая” гэхээр нь зөвшөөрсөн. Манайхаас шөнө 01 цагийн үед гэрээс хамт гарч тэдний гэр рүү явсан. 6-р орцны хажуугийн подвальд байх өрөөний цоожийг эвдээд нэлээд урт бүдүүндүү хуйлсан кабелын утсыг аваад Яармагт очиж жалганд шатаагаад зэсийг нь аваад тушаасан. Би тухайн үед хэдэн кг зэс байсныг хэдэн төгрөгт өгснийг санахгүй байна. Ойролцоогоор 200.000 гаруй төгрөг болсон. Тэр мөнгөнөөс би 60.000 төгрөг аваад үлдсэнийг нь Чт өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй. Хохирлоо барагдуулна” гэх мэдүүлэг /хх-51-52/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-13/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/, шүүгдэгч Ж.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, Н.Чийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65, 66/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хх-68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-69/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-85/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт /хх-106/, илтгэх хуудас /хх-107/, тэмдэглэл /хх-108/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 250 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-110-112/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Н.Чээс хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Ч, Ж.Г нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө “Өнөр-14” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулдаг тусгайлан хамгаалсан агуулах болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байр, 6 дугаар орцны подвалийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч кабелийн зэс голтой 480 метр утсыг хулгайлж 1.731.900 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Эийн “...6 дугаар орцны подвольд хураасан байсан хуучин цахилгаан шатны лифтны материалаас 480 метр урт кабелийн утас хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22, 71/, гэрч Э.Бөхбаярын “...Тэгээд бичлэг дээрх хүн уг сэжиглэж шалгасан Ч нь өөрийн найз Ган-Эрдэний хамт явж байсан. Тухайн подвалиос цахилгааны утас хулгай хийсэн гэдгээ хүлээсэн...” гээд зэс тушаасан газраа зааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-23/, гэрч Л.Буян-Оршихын “...СӨХ-ны нярав Э орж ирээд “урд шөнө манай подвальд хулгай орсон байна” гэж хэлсэн. ...Манай хүү найз Ногооноо гэж хочилдог, саяхнаас нэрийг нь Г гэж мэдсэн найзынхаа хамтаар хулгай хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч Н.Чийн яллагдагчаар өгсөн “...Бид хоёр подвалийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод кабелийн бүдүүн утсыг аваад Яармаг уруу такси бариад явсан. Тэгээд жалганд аваачиж шатаагаад доторх зэсийг нь аваад өглөө 09 цагийн үед 32-н тойргийн хажууд байх түүхий эдийн цэгт аваачиж өгөхөд 31 кг зэс болсон, 280.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-55-56/, шүүгдэгч Ж.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...6-р орцны хажуугийн подвальд байх өрөөний цоожийг эвдээд нэлээд урт бүдүүндүү хуйлсан кабелийн утсыг аваад Яармагт очиж жалганд шатаагаад зэсийг нь аваад тушаасан...” гэх мэдүүлэг /хх-51-52/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-13/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарын бүлэглэн “Өнөр-14” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулдаг тусгайлан хамгаалсан агуулах болох подвалийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 480 метр урт кабель утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч “Өнөр-14” сууц өмчлөгчдийн холбоонд 1.731.900 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-36, 39/ учирсан бөгөөд 31 кг зэсийг хохирогчийн төлөөлөгч Б.Эт хүлээлгэн өгсөн /хх-15/ болох нь тогтоогдож байна. Түүнчлэн дээрх 31 кг зэсийг гэрч /иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд/ П.Ганбаатарт 280.000 төгрөгөөр зарсан талаар шүүгдэгч, гэрч нар мэдүүлж байгааг харгалзан 31 кг зэс биет байдлаар хохирогч “Өнөр-14” СӨХ-нд буцаан олгогдсон тул уг үнийн дүнг шүүгдэгч нарын төлөх төлбөрөөс хасч, төлбөл зохих төлбөрийг 1.451.900 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч Н.Ч нь өөрт ноогдох төлбөр 725.950 төгрөгийг 730.000 төгрөг болгон /эвдэрсэн цоожны үнэ 3900 төгрөгийг бүхэлд нь төлсөн гэж мэдүүлсэн/ хохирогчид төлсөн нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Ж.Ган-Эрдэнийн төлбөл зохих төлбөр 725.950 төгрөгөөс цоожны үнийн 50 хувь болох 1900 төгрөгийг хасч, үлдэх 724.050 төгрөгийг гаргуулж хохирогч “Өнөр-14” СӨХ-нд олгохоор шийдвэрлэв. Мөн энэ хэргийн улмаас П.Ганбаатарт зэсний үнэ болох 280.000 төгрөгийн хохирол учирсан байх тул П.Ганбаатар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Чт 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолын 1 жилийн тэнссэн хугацааг нэмж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Гд 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолын 1 жилийн тэнссэн хугацааг нэмж, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх...” гэж,

шүүгдэгч Н.Чийн өмгөөлөгч Н.Цэрэндулам: “Улсын яллагч шүүгдэгч Чт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. Шүүгдэгч Ч нь хохирлоо төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэж,

шүүгдэгч Ж.Ган-Эрдэнийн өмгөөлөгч А.Очбадрал: “Гэм буруу дээр маргаагүй. 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал байхгүй. Давж заалдах шатны шүүх ижил хэрэг дээр ялтай байдал байгаа, байхгүй талаар 2 өөр магадлал гаргасан байдаг. Үүнийг ойлгохгүй байгаа. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч нарт ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолын тэнсэнгийн 1 жилийн хугацааг нэмж нэгтгэхээр санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх эрх зүйн зохицуулалт байхад тэнссэн хугацаа болох 1 жилийн хугацааг хорих ял дээр нэмэх нь хуульд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Чийн өмгөөлөгч Н.Цэрэндуламын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Н.Чийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Н.Ч гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний хувийн байдал буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасныг Н.Чт хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэхээр заасан бөгөөд зарчмын зөрүүтэй байдал байхгүй гэж үзэхээр байх тул шүүгдэгч Ж.Ган-Эрдэнийн өмгөөлөгч А.Очбадралын “2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал байхгүй тул өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Шүүх шүүгдэгч Н.Чийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, мөн шүүгдэгч Ж.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /шүүгдэгч Н.Ч хохирол төлсөн, Ж.Г хохирол төлөөгүй/, шүүгдэгч нарын хувийн байдал /урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чт 2 жил хорих ял, шүүгдэгч Ж.Гд 3 жил хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд шүүгдэгч Н.Ч, Ж.Г нар энэ хугацаанд хулгайлах гэмт хэргийг дахин үйлдсэн байх тул энэ тогтоолоор оногдуулсан ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Чийн биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Ган-Эрдэнийн биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 1 сарын хугацаагаар тус тогтоох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарын урьдчилан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож шийдвэрлэлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Ч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалын Г, Боржигон овогт Нармандахын Ч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Чийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Ган-Эрдэнийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 1 сарын хугацаагаар,

шүүгдэгч Ж.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарын урьдчилан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Ч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжих ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Гэс 724.050 төгрөгийг 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч “Өнөр-14” сууц өмчлөгчдийн холбоо /Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байр/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн П.Ганбаатар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарын эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ч, Ж.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР