Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 111

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа-2, 1026-12 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ70101811, Таргад овогт Доржийн Болдын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын, 6 дугаар баг, 6-11 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, РД:ОЮ70090502, Боржигон овогт Лхамсүрэнгийн Болормаад холбогдох,

       Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болд /цахимаар/, хариуцагч Л.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Л.Болормаатай гэр бүл болж 1999 онд охин Б.Ану, Б.Анар нар төрсөн. 1999 оны 10 дугаар сараас 2001 оны 9 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. 2002 оны 7 дугаар сарын 12-ны өдөр бага охин Д.Ариунаа төрсөн. Би 2001 оны 9 дүгээр сараас ОХУ-ын Абакан хот руу сургуульд яваад бид хоёр салсан. Бага охин Д.Ариунааг ээж нь Малчин сумын харьяат Даваасамбуу гэж айлд үрчлүүлсэн байна лээ. Би 2008 он хүртэл 2 охин, өөрийн аавтайгаа хамт амьдарч байгаад ажил амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод очиж өнөөг хүртэл амьдарч байна. 2009 оноос эхнэр Ц.Байгалмаатай хамт амьдарч 2010 онд охин Б.Анар, 2011 онд охин Б.Амирлан нар төрж одоо Улаанбаатар хотод хамт амьдарч байгаа болно. Охин Даваасамбуугийн Ариунаа нь 2016 оны 1 дүгээр сараас хойш одоо хүртэл манай аав болон 2 эгчийнхээ хамт амьдарч байгаа болно. Л.Болормаа бид хоёр 2 жил хамт амьдрахдаа аавынхаа гэрт амьдарч байсан. Иймд Л.Болормаа бид хоёрын дунд ямар ч эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охид маань одоо миний аавтай хамт амьдарч байгаа, иймд 3 охиныг минь асрамжид үлдээж өгнө үү. Би охидуудынхаа сайн сайхныг төлөө амьдрах болно” гэжээ.

     Хариуцагч Л.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 1998 онд Д.Болдтой гэр бүл болж 2 ихэр охин маань 1999 онд төрсөн, 2002 онд бага охиноо төрүүлээд бид хоёр салсан. Миний 2 ихэр болон бага охин маань одоо Д.Болдын аавынд байгаа. Тиймээс охидоо аавынх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Мөн гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Миний хувьд нөхөртэй болсон, хамт амьдарч байгаа. Эд хөрөнгийн болон хүүхдийн маргаангүй, мөн бид хоёр хэн хэн дахин амьдрал зохиосон байгаа тул хэл ам, хэрүүл тэмцэлгүй салах хүсэлтэй байна. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охидуудтайгаа байнга холбоотой байдаг, хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг, уулздаг, цаашид ч энэ хэвээрээ л байна. Охидуудад маань миний талаар элдэв янзын зүйл хэлж ярихгүй байхгүй Д.Болдод хэлмээр байна” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Д.Болд нь хариуцагч Л.Болормаад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

      Нэхэмжлэгч Д.Болд нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

       Иргэн Д.Болд, Л.Болормаа нар гэр бүл болж, 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Анар, Б.Ану, 2002 оны 7 дугаар сарын 12-ны өдөр охин Д.Ариунаа нар төрсөн ба тэрээр Б.Анар, Б.Ану нар нь Цогцолбор 12 дугаар ангид суралцдаг болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон Б.Анар, Б.Ану нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Ариунаагийн төрсний гэрчилгээний хуулбар, Цогцолбор 1 дүгээр сургуулийн сургалтын ахлах менежер Ц.Идэрбатын тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2002 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь аль аль нь гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлсэн, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

     Зохигчдын тайлбар, ахуйн нөхцөл, хүүхдүүдийн саналыг харгалзан охин Б.Ану, Б.Анар, Д.Ариунаа нарыг эцэг Д.Болдын асрамжид үлдээлээ.

    Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

     Нэхэмжлэгч Д.Болд, хариуцагч Л.Болормаа нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Болдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Болормаагаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Болдод олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Таргад овогт Доржийн Болд, Боржигон овогт Лхамсүрэнгийн Болормаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Анар, Б.Ану, 2002 оны 7 дугаар сарын 12-ны өдөр охин Д.Ариунаа нарыг эцэг Д.Болдын асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

        4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

       5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Болдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Болормаагаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Болдод олгосугай.

     6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР