| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0025/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 19
-
-
2018 12 28 19
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808032651601 дүгээр хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Их модод овогт Гончигийн А /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Г.А нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” захын баруун талд иргэн Т.Аг “эгч Г.Аг цохиж зодлоо” гэх шалтгаанаар үснээс нь татаж, нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Эгчийг цохиж байна гээд андуураад үсдсэн. Хохиролд 1.100.000 төгрөг төлсөн. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808032651601 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Т.Агийн: “Би 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бэр Өнөртуул, дүү Амарбаяр нарын хамт “Хангай” захын баруун талд байх цемент зардаг хүмүүсээс цемент авахаар очсон. Би цемент зарж байгаа залуугаас “хэдээр зарж байгаа” талаар асуухад “7.500 төгрөг” гэхээр нь 8 шуудай цемент машиндаа ачуулж дуусчихаад мөнгийг нь өгөх гэхэд цаанаас нь нэг эмэгтэй тооцоо хийхээр ирээд “7.500 төгрөг биш, 9500 төгрөгөөр зарж байгаа” гэж хэлээд ачигч залуугаа загнаж байгаад “буцаагаад буулга” гэхэд ачигч нь уурлаад “буулгахгүй, хүний мах зулгаагаад байх юм” гээд уурлаад яваад өгсөн. Тэр эмэгтэй ачигч залуу руугаа “хүнд гай болсон юмнууд, гичий нохой” гэсэн утгатай юм яриад уурлаж үглэж байснаа надад мөнгийг маань өгчихөөд манай машины хойд буфер лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би машиндаа суух гээд нэг хөлөө тавьсан чинь миний араас хэн нь мэдэхгүй нэг хүн үсдээд зулгаасан. Газарт унасан байхад дээрээс цохиж аваад байсан. Би гарыг нь салгаад босоод ирэхэд А гэх эмэгтэй миний нүүрэнд гараараа нэг удаа цохиж, үснээс зулгаасан уу яасан, бүү мэд нэг мэдэхэд би газарт уначихсан. Толгойгоороо газарт саваад зүүн тал руугаа уначихсан. ...Уг эмэгтэй надаас уучлалт гуйж нэхэмжилсэн 1.100.000 төгрөгийг төлж барагдуулсан учир нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-19-20, 21-22, 23-24/,
Гэрч Т.Амарбаярын: “...Тэр эмэгтэй уурлаад бид нарын мөнгийг буцааж өгөхдөө манай машины хойд буферийг өшиглөөд авахаар нь эхнэр Өнөртуул тэр эмэгтэйг “та яагаад бид нарыг хараагаад байгаа юм бэ” гэж хэлээд үүрч явсан даавуун жижиг цүнхээрээ үүрсэн чигээрээ цохих гэж далайчихаад болиод машинд суусан. Тэгтэл цаанаас нь нэг ягаан цамцтай эмэгтэй ирээд А эгчийг машинд суух гэж байхад араас нь үсдэж аваад унагаасан. А эгчийг газарт уначихсан байхад тэр ягаан цамцтай эмэгтэй зуураад байсан. Уг хүмүүсийг тавих гэхээр очоод зодоон болчих юм болов уу гээд зуураад явуулахгүй байсан. Тэр хооронд уг ягаан цамцтай эмэгтэй болох А нь манай эгч Аг үснээс нь зулгааж байгаад татаад газарт унагаасан. Дараа нь дахин үсдэж татаад газарт тархиар нь унагааж байсан. ...Уг зодоонд тэр ягаан цамцтай А гэх хүн л буруутай” гэх мэдүүлэг /хх-27, 28-29/,
Гэрч Б.Өнөртуулын: “...Би тэр эмэгтэйд “Та яагаад бид нарыг хараагаад байгаа юм бэ” гээд үүрч явсан цүнхээрээ тэр эмэгтэйг цохих гэж байгаа юм шиг далайчихаад цохилгүйгээр машиндаа суусан. А эгч машиндаа суух гэхэд ар талаас нь ягаан цамцтай эмэгтэй хүрч ирээд үсдээд унагаачихсан. Тэгэхээр нь би буугаад очих гэхэд цаанаас нь нэг эмэгтэй ирээд А эгч рүү очих гэхээр зуураад очуулахгүй зууралдсан. Худалдагч эмэгтэй А эгч рүү очих гээд манай нөхөр салгаж байсан. Тэр хооронд ягаан цамцтай эмэгтэй нь А эгчийг үсдчихсэн унагаагаад байх шиг байсан. Нэг харахад унагаачихсан байсныг харсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/,
Гэрч Г.Агийн: “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би ойрхон явчихаад ирсэн чинь грүшиг Баагий нь 9.500 төгрөгийн цементийг 7.500 төгрөгөөр хүмүүст андуураад зарчихсан байсан. Би худалдаж авсан хүмүүст нь “наад цемент чинь 9.500 төгрөгийн цемент байна, 7.500 төгрөгөөр зарахгүй” гэж хэлээд Баагийд “наадахаа буулга” гэсэн чинь Баагий “энэ хүмүүс авна гээд ачуулсан би зовж ачсан, одоо буулгаж чадахгүй, хүн махлаад байх юм” гэсэн утгатай үг хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь уур хүрээд уг хүмүүст мөнгийг нь өгөх гээд машиных нь хажууд зогсож байгаад ачигчид уурласан уурандаа зам дээр байсан савыг өшиглөх гээд машиных нь буферийг зөөлхөн өшиглөчихсөн чинь нэг эмэгтэй нь “та яаж байгаа юм бэ” гээд цүнхээрээ намайг цохих гэж далайхаар нь би хойшоо болсон. Намайг цохиж амжаагүй. Тэгтэл манай дүү Алтанцэцэг ирээд тэр эмэгтэйг “та яагаад эгчийг цохих гээд байгаа юм” гэж хэлээд байж байтал дүү А ирээд машины хажууд байсан эмэгтэйг машинд суух гэж байхад үснээс нь татаад унагаачихсан. ...Тэгж байтал А нөгөө хүүхэн хоёр салаад хоёр тийшээ болсон чинь тэр эмэгтэй нь “хараал хийнэ” энэ тэр гэж хэлсэн чинь А тэр эмэгтэйг дахин үсдээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-32, 33-34/,
Гэрч Т.Алтанцэцэгийн: “...Эгч Аг нэг эмэгтэй цүнхээрээ толгой руу нь цохиж байгаа харагдсан. Би гүйгээд очиход нөгөө хүн машиндаа суучихсан. Машины хаалган дээр очоод “чи одоо яахаараа хүн цохьдог юм бэ” гэсэн чинь тэр эмэгтэй нь “би цохиогүй шүү дээ" гээд машинаасаа буугаад ирсэн. Тэгтэл хажууд манай эгч А нэг эмэгтэйг нь үсдээд татсан. Тэр эмэгтэй газарт унаад өгсөн. Эгч А тэр эмэгтэйг дахин үсдээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-35, 36-37/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.02-ны өдрийн 8279 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.А-н биед тархи доргилт, цохны хэсэгт зулгаралт, баруун шуу, зүүн мөрөнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-43/,
Шүүгдэгч Г.Агийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ 16 цагийн орчимд очсон чинь миний хажуухан талд тоосго зардаг эгч Аг нэг эмэгтэй цүнхээрээ цохиж байгаа харагдсан. Би эгчийгээ бусдад зодуулж байгаа юм байх гэж бодоод гүйж очоод машиндаа суух гэж байгаа эмэгтэйг манай эгчийг цохьсон эмэгтэй гэж андуураад үсдээд газарт унагаасан. Тэр эмэгтэй өөдөөс цохиж авах гээд байхаар нь би гараараа өөдөөс нь сарвалзаж байгаад нүүр орчимд нь гараараа хоёр удаа цохисон. ...уур хүрээд дахин үснээс нь зулгаагаад татсан чинь газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-61-62/,
гэрч Д.Нямцэцэгийн мэдүүлэг /хх-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-68/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-68/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-70/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэгүй лавлагаа /хх-71/, дансны хуулга /хх-73/, хохирогчийн хүсэлт /хх-79/, шүүгдэгчийн хүсэлт /хх-80/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.А нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” захын баруун талд иргэн Т.Аг зодож, биед нь тархи доргилт, цохны хэсэгт зулгаралт, баруун шуу, зүүн мөрөнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Т.Агийн “...А гэх эмэгтэй миний нүүрэнд гараараа нэг удаа цохиж, үснээс зулгаасан уу яасан, бүү мэд нэг мэдэхэд би газарт уначихсан. Толгойгоороо газарт саваад зүүн тал руугаа уначихсан...” гэх мэдүүлэг /хх-19-20, 21-22, 23-24/, гэрч Т.Амарбаярын “...Нэг ягаан цамцтай эмэгтэй ирээд А эгчийг машинд суух гэж байхад араас нь үсдэж аваад унагаасан. Дахин үсдэж татаад газарт тархиар нь унагааж байсан...” гэх мэдүүлэг /хх-27, 28-29/, гэрч Б.Өнөртуулын “...А эгч машиндаа суух гэхэд ар талаас нь ягаан цамцтай эмэгтэй хүрч ирээд үсдээд унагаачихсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/, гэрч Г.Агийн “...Би уурандаа зам дээр байсан савыг өшиглөх гээд машиных нь буферийг зөөлхөн өшиглөчихсөн чинь нэг эмэгтэй нь “та яаж байгаа юм бэ” гээд цүнхээрээ намайг цохих гэж далайхаар нь би хойшоо болсон. Дүү А ирээд машины хажууд байсан эмэгтэйг машинд суух гэж байхад үснээс нь татаад унагаачихсан. ...Тэгж байтал А нөгөө хүүхэн хоёр салаад хоёр тийшээ болсон чинь тэр эмэгтэй нь “хараал хийнэ” энэ тэр гэж хэлсэн чинь А тэр эмэгтэйг дахин үсдээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-32, 33-34/, гэрч Т.Алтанцэцэгийн “...Манай эгч А нэг эмэгтэйг нь үсдээд татсан. Тэр эмэгтэй газарт унаад өгсөн. Эгч А тэр эмэгтэйг дахин үсдээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-35, 36-37/, шүүх эмнэлгийн 8279 дүгээр “1. Т.А-н биед тархи доргилт, цохны хэсэгт зулгаралт, баруун шуу, зүүн мөрөнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-43/, шүүгдэгч Г.Агийн яллагдагчаар өгсөн: “...Машиндаа суух гэж байгаа эмэгтэйг манай эгчийг цохьсон эмэгтэй гэж андуураад үсдээд газарт унагаасан. Тэр эмэгтэй өөдөөс цохиж авах гээд байхаар нь би гараараа өөдөөс нь сарвалзаж байгаад нүүр орчимд нь гараараа хоёр удаа цохисон. ...уур хүрээд дахин үснээс нь зулгаагаад татсан чинь газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-61-62/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Агийн иргэн Т.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “1.100.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-23-24/, мөн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-74/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч олон нийтийн газар зүй бус үйлдэл гаргасан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх, шүүгдэгч 1.100.000 төгрөг төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Г.Аг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их модод овогт Гончигийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР