Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/01251/И |
Дугаар | 1642 |
Огноо | 2016-12-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01251/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтант*** даргалж, шүүгч Ч.Батчимэг, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг Дархан сумын 9-р баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** Б*** ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* хот, ******* дүүрэг, 1-р хороо, *** давхар, *** тоот *** ХХК-д холбогдох,
Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 29 255 381 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С*** , Л.П*** , иргэдийн төлөөлөгч Д.Т*** , нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б*** түүний өмгөөлөгч Д.П*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Б*** миний бие ******* хот дахь *** ХХК-д 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2004 оны 12 дугаар сарын 19-нд үйлдвэрлэлийн осолд орж нуруу болон хөлөндөө хүнд гэмтэл авч Улсын Мэргэжлийн хяналтын газраас уг ослыг 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн осол гэж дүгнэлт гаргасан. 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн *** шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон. Дээрхи гэмтлийн улмаас миний бие хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэсэн акт гарч группт орсон. Эрүүл саруул биеийг ийм эмгэнэлт байдалд оруулж, бүхэл бүтэн айлын амьдрал сүйрсэн. Эрүүл болгох бүхий л эмчилгээ, сувилгааг хийлгэсэн. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн *** шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** дугаар шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн ** тоот магадлал зэргийг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу *** ХХК-аас тухайн үеийн эмчилгээний зардал авсан боловч нөхөн төлбөр аваагүй.
Сүүлийн жилүүдэд нуруу болон хөл дагаж өвдөх, улмаар явж чадахгүй хүндрэл, бэрхшээл улам ихэссэний улмаас зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэхээс аргагүй байдалд хүрч олон эмнэлэгийн байгууллагуудыг судалсны үндсэн дээр БНСУ-д нуруундаа мэс засал хийлгэсэн. Эмчилгээний зардал 14549070 вон х 1,74 =25 315 381 төгрөг, тийзний зардал 2 400 000 төгрөг нийт 28 588 326 төгрөг, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, нэг сарын 168 000 төгрөг = 1 512 000 төгрөг, орчуулгын төлбөр 28 000 төгрөг нийт 29 255 381 төгрөгийг *** ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч *** ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С*** , Л.П*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б*** ХХК-ны талбайд *** ХХК-ны ажилтан байсан Ч.Б*** нь ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр, *** ХХК-ны захиалагчтай байгуулсан гэрээт ажлаас өөр, үл хамаарах, хувьдаа халтуур хийх зорилгоор ажил гүйцэтгэж байхдаа осолдсон байдаг юм. Энэ нь *** ХХК-ны ажилтан С.Б*** д ял оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолд дурьдагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Гэвч хүний эрүүл мэнд нэн чухал учраас, манай ажилтан гэдэг үүднээс ажил олгогчийн хувьд хариуцлагаа ухамсарлан Ч.Б*** т тусламж, нөхөн төлбөр, эмчилгээний зардлууд өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хавсаргаж өгсөн баримтаар нотлогдоно.
Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг судлан үзэхэд 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б*** ХХК-ны талбайд болсон ослоос хойш *** ХХК нь иргэн Ч.Б*** т 5 041 000 төгрөг, үүнээс 1 743 260 төгрөг нь баримтаар нотлогдсон эмчилгээний төлбөрт үлдэгдэл 3 294 740 төгрөг нь тусламж байдаг. 2006 онд тусламж болгон 5 000 000 төгрөг, 2009 оны шүүхийн шийдвэрийн дагуу 7 832 877 төгрөг нийт 17 873 877 төгрөгийг Ч.Б*** т эмчилгээний зардал, тусламж, цалингийн зөрүүнд олгосон байна. мөн 2011 онд Ч.Б*** ын өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний санал болгосон зуучлагчийн тусламжтайгаар эвлэрлийн гэрээ байгуулан түүнд эмчилгээний зардал, цалингийн зөрүүд 8 000 000 төгрөгийг гэрээний дагуу *** ХХК-аас олгосон байдаг бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ огт санаатайгаар дурьдаагүй байна.
2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай Монгол Улсын хууль батлагдахаас өмнө эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монголд бий болгохоор Улсын Дээд шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын хамтран хэрэгжүүлж байсан төслийн хүрээнд ажиллаж байсан зуучлагчаар зуучлуулан гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээгээ шүүхээр баталгаажуулаагүй байсан юм. Гэрээний дагуу *** ХХК нь Ч.Б*** т 8 000 000 төгрөг төлсөн бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байсан тул хүчин төгөлдөр хэлцэл юм.
*** ХХК нь эмчилгээний зардлыг төлсөн байтал дахин 5 жилийн дараа эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 2011 онд байгуулсан эвлэрлийн гэрээгээр Ч.Б*** нь өөрөө сайн дураараа цаашид шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээсээ татгалзсан байдаг. Тиймээс 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ч.Б*** ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч *** ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С*** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ :
Иргэн Ч.Б*** нь 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс *** ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр *** ХХК-ны захиалагчтай байгуулсан гэрээт ажлаас өөр, үл хамаарах хувьдаа халтуур хийх зорилгоор ажил гүйцэтгэхдээ осолдсон байдаг бөгөөд *** ХХК нь ажил олгогчийн хувьд өнгөрсөн хугацаанд эмчилгээний зардал, цалингийн зөрүү болон буцалтгүй тусламж үзүүлсээр ирсэн.
Ч.Б*** ын өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний санал болгосон эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар Ч.Б*** ын үйлдвэрлэлийн ослоос үүссэн гэм хор арилсан, үүнээс цааш дахин осолтой холбоотойгоор эрүүл мэндийн хувьд асуудал үүсэхгүй гэж ойлгож 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. 2012 оны Эвлэрүүлэн зуучлалын тухай Монгол Улсын хууль батлагдахаас өмнө эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монголд бий болгохоор Улсын Дээд шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын хамтран хэрэгжүүлж байсан төслийн хүрээнд ажиллаж байсан зуучлагчаар зуучлуулан гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээгээ шүүхээр баталгаажуулаагүй байсан юм. Уг гэрээний дагуу *** ХХК нь Ч.Б*** т 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр түүний Хаан банкны *** тоот данс руу 4 000 000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Энэхүү гэрээгээр Ч.Б*** нь *** ХХК-аас эмчилгээний төлбөр, цалингийн зөрүү болон аливаа төлбөр тооцоотой холбоотой асуудлаар цаашид мөнгө нэхэмжлэхгүй, энэ асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, шүүхэд хандахгүй байх үүрэг хүлээсэн хэдий ч 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд эмчилгээний зардал 25 315 381 төгрөг, онгоцны тасалбарын зардал 2400 000 төгрөг, нөхөн төлбөрт 1 512 000 төгрөг нийт 29 255 381 төгрөгийг *** ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж тус шүүхээс шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Ч.Б*** нь энэхүү Эвлэрлийн гэрээнээс татгалзан шүүхэд нэхэмжлэл гаргасан учир *** ХХК-аас эвлэрлийн гэрээний дагуу төлсөн 8 сая төгрөгийг Ч.Б*** аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ч.Б*** аас 8 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *** ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С*** , Л.П*** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгч Ч.Б*** сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа :
*** ХХК нь 8 сая төгрөг өгсөн нь үнэн. Уг мөнгөнүүд тухайн үед эмчилгээний ор хоног, эм тариа тээврийн зардалд зарцуулагдаад дууссан. 5 жилийн дараа сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилж байгааг гайхаж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т ...Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан эсхүл хэрэг лээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө / тэжээж тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй/ гэж заасны дагуу миний биеийн байдал хүнд, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, хүний асрамжинд бүрэн орсон байсан учир цалингийн зөрүүг олгохоор өргөдөл дахин бич гэснээр дахин бичиж өгсөн.
Уг өргөдлийн дагуу цалингийн зөрүү, эмчилгээний зардал гэж 2 хувааж өөрсдөө сайн дураараа буцалтгүй тусламж өгсөн. Би цаашид мөнгө нэхэмжлэхгүй гэж гэрээнд байгаа. Би цалингийн зөрүү болон олох ёстой байсан орлого эмчилгээний зардал гэж мөнгө нэхэмжлээгүй. 2012 оны Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гараагүй байхад эвлэрүүлэн зуучлагчаар зуучлуулаагүй *** ХХК-ны хуулийн зөвлөх Ж.С*** бид хоёр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эс хүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ юм. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б*** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан эмчилгээний зардал 25 315 381 төгрөг, тийзний зардал 2 400 000 төгрөг, нөхөн төлбөр 1 512 000 төгрөг, орчуулгын төлбөр 28 000 төгрөг нийт 29 255 381 төгрөг гаргуулах, хариуцагч нь 8 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч *** ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрлийн гэрээгээр 8 000 000 төгрөг төлж, дуусгавар болсон тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б*** г “*** ” ХХК-д хянагчаар ажиллаж байхдаа 2004 оны 12 дугаар сарын 19-нд Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс иргэн Ч.Б*** ын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 200 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-5/
Нэхэмжлэгч Ч.Б*** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсаны цалингийн зөрүү 5 712 538 төгрөг, эмчилгээний зардал 9 815 923 төгрөг нийт 15 528 461 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7 639 892,2 төгрөгийг гаргуулж, үлдэх 7 888 568,8 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн гомдлоор Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 8-10/
БНСУ-ын Наноори эмнэлэгийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн эмчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ч.Б*** ыг ...тус өвчтөн нь манай эмнэлэгт ирэхдээ дээд хэсэгт өвчин ихтэй байсан бөгөөд доод үе мөч хүчтэй өвдөлттэй, зарим үзлэгийн дараа дээрх онош тодорхой болсон. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр холбогч эдийн үрэвсэл, Т10-11 болон MLD L5-S1, Lt гэж оношлосон. 6 долоо хоногийн ажиглалт болон нөхөн сэргээлт зайлшгүй шаардлагатай гэжээ. /хх-ийн 11-12/
Нэхэмжлэгч нь нотлох баримтаар Мэс засал болон мэдээ алдуулалтын Зөвшөөрлийн бичиг, Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримтаар нийт эмчилгээний зардал 14 503 680 вон, Гадаад иргэний эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтаар нийт эмчилгээний зардал 45390 вон гэсэн баримтуудыг Төгс –Агар орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулан ирүүлжээ. /хх-ийн 13-19/
2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкнаас гаргасан тодорхойлолтод БНСУ-ын вонын төгрөгтэй тэнцэх албан ханш 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1,74 төгрөг байна гэжээ. /хх-ийн 20/
Нэхэмжлэгч Ч.Б*** , түүний эхнэр А.О*** нар нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлэгээр 2 400 000 төгрөгийг тийзний үнэнд шилжүүлсэн баримт, Монгол Улсын гадаад паспортын хуулбарууд, *******аас Сөүл хүрэх онгоцны тийзний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх-ийн 25/
Нэхэмжлэгч Ч.Б*** нь хариуцагч *** ХХК-тай 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 сарын хугацаатай, засвар үйлчилгээний ажил хийхээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа 11 сард 178 050 төгрөгийн цалин, 12 сард 158400 төгрөгийн цалинг тус тус авсан болох нь хэрэгт авагдсан *** ХХК-ны тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 26-28/
Нэхэмжлэгч Ч.Б*** нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр групп тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа болох нь хэрэгт авагдсан Ч.Б*** ын тэтгэврийн дэвтэр, Хөдөлмөр магадлах комиссын шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 29-30/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1276 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1. ...Ч.Б*** нь 2016.06.28-2016.07.05-ны хугацаанд БНСУ-ын Наноори эмнэлэгт эмчлүүлж, сээрний 10-11-р нугалмын холбоос булчингийн хатуурал, шохойжилт оношоор ламиноэктоми буюу хатуурсан хэсгийн хусаж, дарагдсан мэдрэлийг нугасны даралт, шахалтаас чөлөөлөх, мөн бүсэлхийн 5-р ба ууцны 1-р нугалмын жийргэвчийн цүлхийлт оношоор дискэктоми буюу жийргэвчийн цүлхийсэн хэсгийг авах мэс заслыг хийлгэжээ. Дээрхи сээрний 10-11-р нугалмын холбоос булчингийн хатуурал, шохойжилт, бүсэлхийн 5-р ба ууцны 1-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэдэг нь биеэ даасан өвчин бөгөөд янз бүрийн шалтгаанаар үүсдэг болно.
2. Дээрх мэс заслыг Монгол Улсад хийх боломжтой бөгөөд “Гадаад орны эмнэлэгт илгээн эмчлүүлэх өвчний жагсаалт”-д уг өвчин бичигдээгүй байна. эмчилгээний зардлыг шинжээч эмч нар тогтоохгүй болно.
3. Ч.Б*** ын биед 2004.12.19-ний өдрийн үйлдвэрлэлийн ослын улмаас зүүн хөлийн өсгий ясны ил хугарал, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, гэмтэл учирсан ба дээрх өвчин нь уг гэмтэлтэй холбоогүй байна гэсэн дүгнэлт ирүүлснийг нэхэмжлэгч Ч.Б*** эс зөвшөөрч дахин шинжээч томилох хүсэлт ирүүлснийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. / хх-ийн 75-84/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1431 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...1. Ч.Б*** нь 2016.06.28-2016.07.05-ны хугацаанд БНСУ-ын Наноори эмнэлэгт эмчлүүлж, сээрний 10-11-р нугалмын холбоос булчингийн хатуурал, шохойжилт оношоор ламиноэктоми буюу хатуурсан хэсгийн хусаж, дарагдсан мэдрэлийг нугасны даралт, шахалтаас чөлөөлөх, мөн бүсэлхийн 5-р ба ууцны 1-р нугалмын жийргэвчийн цүлхийлт оношоор дискэктоми буюу жийргэвчийн цүлхийсэн хэсгийг авах мэс заслыг хийлгэжээ. Дээрхи сээрний 10-11-р нугалмын холбоос булчингийн хатуурал, шохойжилт, бүсэлхийн 5-р ба ууцны 1-р нугалмын жийргэвчийн цүлхийлт нь янз бүрийн шалтгаанаас үүсдэг бөгөөд гэмтлээс үүсэх боломжтой,
2. Гадаад орны эмнэлэгт илгээн эмчлүүлэх өвчний жагсаалт-ын 5-14-т “Нугас ба нугасны ёзоор дарагдалтын мэс засал гэж заагдсан байна. Эмчилгээний зардлыг шинжээч эмч нар тогтоохгүй гэсэн дүгнэлт ирсэн байх бөгөөд зохигчдын хэн аль нь шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй байна. /хх-ийн 103-105/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан …бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээрээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан …бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Б*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С*** нар нь 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулан 2009 оны 7 сарын 01-ний өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалингийн зөрүү болох 69 725х24 =1 673400 төгрөг, тусламж эмчилгээний зардалд 6 326 600 төгрөг нийт 8 000 000 төгрөгийг төлөхөөр, Ч.Б*** нь эмчилгээний төлбөр, цалингийн зөрүү болон аливаа төлбөр тооцоотой асуудлаар цаашид мөнгө нэхэмжлэхгүй гэж эвлэрэн хэлэлцэж, Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх маргааныг эвлэрүүлэн зуучлах LGL төвөөс зуучлал амжилттай шийдвэрлэсний хураамжыг талууд 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тэнцүү хувааж төлөхөөр тохиролцжээ.
Дээрх гэрээний дагуу хариуцагч *** ХХК нь 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 4 000 000 төгрөгийг, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 4 000 000 төгрөгийг Ч.Б*** ын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож, талууд маргаагүй байна. /хх-ийн 95-97/
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр 8 сая төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа боловч эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Б*** нь 2004 онд орсон үйлдвэрлэлийн ослын улмаас хүнд гэмтэл учирч одоог хүртэл эмчлүүлж байгаа талаар хэрэгт цугларсан амбулаторч эмчлүүлэгсдийн карт, өвчний хяналтын дэвтэр, рентген зурагнууд, Гранд мед, Люкс мед эмнэлэгийн СД-үүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
Мөн хариуцагч нь Ч.Б*** ын биед үүссэн сээрний 10-11-р нугалмын холбоос булчингийн хатуурал, шохойжилт, бүсэлхийн 5-р ба ууцны 1-р нугалмын жийргэвчийн цүлхийлт нь гэмтэлтэй холбоогүй гэж маргаж байгаа боловч энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1431 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн 11, 12 сарын дундаж /178 050 + 158400:2/ 168000 х 9 сар = 1512 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иймд гэм хорын хохирол 29 255 381 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн эвлэрлийн гэрээний дагуу шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг хасаж үлдэх 21 255 381 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд 8 000 000 сая төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан тул хариуцагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ХХК-аас 21 255 381 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б*** т олгож, 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь 8 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б*** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264226 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТ***
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
М.ОЮУНЦЭЦЭГ