| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0895/Э |
| Дугаар | 888 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 888
2019 8 16 2019/ШЦТ/888
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908022760826 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Харуул овогт Болдбаатарын Ц /РД:ЙЕ89110515/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 20 цагийн үед 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бумбод” ХХК-ийн хашаанаас 49 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1225000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Монгол хэл бичиг мэднэ. Баттогтох хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил хийж байгааг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908022760826 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч “Бумбод” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цгийн: “...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах агуулахын хашаанд хураалттай байсан сапуд төмөр алдагдсан байсныг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус байгууллагын нярав Баттогтохын хашаанаас хурааж авсан. Баттогтохоос ямар учиртай төмөр байгааг асуухад Цаас худалдаж авсан гэж ярьсан. Дараа нь Цаас асуухад “би тухайн сапуд төмрийг Баттогтоход зарсан” гэж хэлсэн. Манай байгууллага “Түмэн тулаас” ХХК-аас барилгын сапуд төмрийг түрээслэдэг байсан. Тухайн үед 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 300 ширхэг V-6 сапуд төмөр, 2018 оны 11 дүгээр сарын 11-нд 100 ширхэг сапуд төмөр падаанаар ирсэн. Нийт 400 ширхэг V-6 сапуд төмрийг түрээслэж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 100 ширхэг сапуд төмөр явуулахдаа илүү 100 ширхэг сапудыг падаангүйгээр манайх руу явуулсан байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 20-нд 404 ширхэг сапуд төмрийг “Түмэн тулаас” компани руу манайх падаанаар явуулсан. ...Тухайн үед Уранчимэг “47 ширхэг сапуд илүү гарчихлаа” гэж хэлэхэд нь “орлогодоод авчих, агуулахын бүртгэлийн дэвтэрт бүртгээд авчих” гэж бүртгүүлсэн байдаг. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ...агуулахад очиж “Бумбод” ХХК-д бүртгэлтэй байсан 47 ширхэг сапуд төмрийг харуулсан ба дараа нь Баттогтохын хашаанд хураалттай байсан 49 ширхэг сапуд төмөртэй харьцуулан харуулсан. Баттогтох “би энэ сапуд төмрийг худалдаж авсан, яагаад миний юмыг авах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхдээ “уг сапуд төмрийг өөр хүнээс худалдаж авсан” гэж ярьж байсан ба “тухайн хүнээ зааж өг” гэхэд утасны дугаарыг нь шүүлгэж байж л мэдэх байх гэж хэлсэн. “Наад сапуд төмрийг Сонсголонгийн агуулахад авчирч тавь” гэж хэлээд ажил руугаа явж байснаа зарчих байх гэж бодоод Портер хөлслөөд сапуд төмрийг ачуулаад агуулахад аваачиж тавьсан. Түүнээс хойш Баттогтох ажилдаа ирээгүй. ...Манай байгууллагын хохирол барагдсан. Бүгдийг нь тоо ёсоор буцаагаад авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10/,
Гэрч А.Баттогтохын: “Би “Бумбод” ХХК-д барилгын няравын ажил хийдэг. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ...ажил дээрээ очтол Ц, Батжаргал, Баярт-Од, Баатарцогт нар 0.75 литрийн архи ууж байсан. Ц “надад 50 ширхэг сапуд төмөр байна, зараад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүн амьтнаас асууж сураглаж өгье” гэсэн. Хүмүүсээс асуухаар авах хүн байхгүй байсан. Би Цт “ширхгийг нь 15000 төгрөгөөр авах боломжтой байна” гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа “15000 төгрөгөндөө ав, би портерын хөлсийг гаргаж чадахгүй, чи ирээд ав” гэж хэлсэн. Би “энэ сапуд төмрүүд чинь манай компанийх юм биш биз” гэж асуусан чинь “бишээ манай компанид ийм сапуд төмөр байхгүй” гэж хэлсэн. Тухайн өдөр нь очиж төмрийг ...700.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-14, 95/,
Гэрч Г.Уранчимэгийн: “...Тэгээд илүү гарсан зууг ширхэглэж тоолоогүй байсан ба хашаан дотор ил байгаад байсан сапуд төмрийг харчихаад яваад байсан. Энэ талаар нягтлан Эрдэнэчимэгт мэдэгдсэн. Нягтлан ирж тоолсон ба хэдэн ширхэг сапуд байсныг санахгүй байна. Тоолсны дараа нөгөө төмрүүд байгаад байсан. 2019 оны 3 дугаар сарын 08-ны үед санагдаж байна, нөгөө сапуд төмөр Баттогтохын хашаанд байна гээд шалгахад Ц Баттогтоход зарсан. Өгч авалцсанаа тэр хоёр хэлсэн. Тоолоход 49 ширхэг сапуд төмрийг Баттогтохын хашаанаас хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-22/,
Гэрч В.Даянбалжаагийн: “2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 300 ширхэг сапуд төмөр, түүнээс хойш 2 хоногийн дараа “дутаад байна” гээд ахиад 100 ширхэг сапуд авсан байсан. ...Дараа нь тооллого хийсэн чинь 100 ширхэг сапуд төмөр дутаад байхаар нь падаанаа шүүж үзэхэд 1 өдөр 100 ширхгээр хоёр гарсан байсан. Тэгээд “Бумбод” ХХК руу ярихад аж ахуйн нярав нь “Баянхошууны усан сангийн барилга дээр танай сапуд төмөр буюу тулаас төмрүүд байна, манайх өөр газраас аваагүй” гэж хэлсэн. Тэгээд дэд захирал нь яриад “танай сапуд төмрийг манай харуул, няравууд хулгайлж зарсан байна, зарсан газрыг бид нар олж мэдлээ” гээд сүүлд бид нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-26/,
Гэрч Г.Эрдэнэчимэгийн: “...Манай байгууллага жилийн эцэст няравуудын бараа материалыг тоолоход 45 ширхэг сапуд төмөр “Түмэн тулаас” ХХК-аас илүү гарсан гээд тоолуулсан. Тооллого дуусаж байтал хурал дээр “хулгай гарсан байна, Баттогтохын хашаанд сапуд төмрүүд байна, тэрийг очиж шалга” гэж хуулийн зөвлөх болон хүний нөөцөд хэлсэн. Баттогтохын хашаанд очиж үзэхэд 49 ширхэг сапуд төмөр байсан. Эдгээр үйл явдал болж байхад “манайх илүү 100 ширхэг сапуд явуулсан байна” гэж “Түмэн тулаас” компаниас ярьсан. Тэгээд Баттогтохын хашаанд байсан 49 ширхэг, Цын хашаанд байсан сапуд төмрүүдтэй нийлээд 96 ширхэг сапуд төмрийг авч “Түмэн тулаас” ХХК-д хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-28/,
Шүүгдэгч Б.Цын яллагдагчаар өгсөн: “Би эхнэр Уранчимэгийн хамт Бумбод ХХК-ийн агуулахын хашааг харуул, няравын ажлаар ажиллаж байсан. ...Тус 400 ширхэг сапуд төмрийг 2019 оны 01 дүгээр сарын дундуур би “Түмэн тулаас” ХХК-д сапуд төмрүүдийг буцааж өгөөд 100 ширхэг сапуд төмөр илүү гарсан. Тооцоо дууссан гээд илүү гарсан 4 ширхэг сапуд төмрийг буцаагаад явуулчихаар нь хашаанд байсан 49 ширхэг сапуд төмрийг заръя гээд тус компанийн нярав хийдэг Баттогтохтой уулзаад 1 ширхгийг нь 15.000 төгрөгөөр зарсан. Надад 700.000 төгрөг өгөөд аваад явсан...
...Би өмнө мэдүүлэг дээрээ худлаа ярьсан юм. Баттогтоход зарахдаа байгууллагын төмөр гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-84-85, 93-94/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.05.17-ны өдрийн 19/059 дүгээр тайланд: “49 ширхэг сапуд нийт дүн 1.225.000 төгрөг” гэжээ /хх-31/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, “тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй” тухай лавлагаа /хх-38/, “эд хөрөнгө бүртгэлтэй” тухай лавлагаа /хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-40/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, “Бумбод” ХХК-ийн захирлын “Албан тушаал өөрчлөх тухай, ажилд түр томилох тухай” тушаалууд /хх-60, 62/, сапуд төмрийн гэрэл зураг /хх-65-68/, “Түмэн тулаас”, “Бумбод” ХХК-уудын хооронд сапуд төмөр нийлүүлсэн тухай зарлагын баримт /хх-70-78/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
...Хохирогч Цгийн “Баттогтох Цаас худалдаж авсан” гэх мэдүүлэг, гэрч Баттогтохын ““50 ширхэг сапуд төмөр байгаа зараад өгөөч” гэсэн, “манайх биш биз” гэхэд биш” гэсэн мэдүүлэг, яллагдагчийн “Баттогтоход зарахдаа манай байгууллагынх биш гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр Баттогтох хулгайн эд зүйл болохыг мэдээгүй гэж үзсэн. Иймд шүүгдэгч Б.Цыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бумбод” ХХК-ийн хашаанаас 49 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн төлөөлөгч Ц.Цгийн “...агуулахын хашаанаас хураалттай байсан сапуд төмөр алдагдсан байсныг ...нярав Баттогтохын хашаанд 49 ширхэг сапуд төмөр байсныг хурааж авсан. Цаас худалдаж авсан гэж ярьсан. Цаас асуухад “би тухайн сапуд төмрийг Баттогтоход зарсан...” гэх мэдүүлэг /хх-10/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.05.17-ны өдрийн 19/059 дүгээр тайланд “Нийт дүн 1.225.000 төгрөг” гэжээ /хх-31/, гэрч А.Баттогтохын “...Би Цаас 49 ширхэг сапуд төмөр худалдаж авсан. Надад хэлэхдээ “надад 50 ширхэг сапуд төмөр байна, худалдаж авах уу” гэж хэлсэн. ...би 49 ширхэг сапуд төмрийг 700.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-14, 95/, гэрч Г.Уранчимэгийн “...нөгөө сапуд төмөр нь Баттогтохын хашаанд байна гэж хэлээд шалгахад Ц Баттогтоход зарсан, өгч авалцсанаа тэр хоёр хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч В.Даянбалжаагийн “...дэд захирал нь яриад “танай сапуд төмрийг манай харуул, няравууд хулгайлж зарсан байна, зарсан газрыг бид нар олж мэдлээ” гэж хэлээд сүүлд бид нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч Г.Эрдэнэчимэгийн “...хурал дээр “хулгай гарсан байна, Баттогтохын хашаанд сапуд төмөрүүд байна, тэрийг очиж шалга” гэж хэлсэн. Баттогтохын хашаанд очиж үзэхэд 49 ширхэг сапуд төмөр байсан...” гэх мэдүүлэг /хх-28/, шүүгдэгч Б.Цын яллагдагчаар өгсөн “...Би өмнө мэдүүлэг дээрээ худлаа ярьсан юм. Баттогтоход зарахдаа байгууллагын төмөр гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-93-94/, сапуд төмрийн гэрэл зураг /хх-65-68/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Цын “Бумбод” ХХК-ийн бусдаас түрээслэн эзэмшиж байсан эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч “Бумбод” ХХК-д 1.225.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн төлөөлөгч Ц.Цгийн “...Хохирол барагдсан. Бүгдийг нь тоо ёсоор буцаагаад авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-10/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ажил эрхэлдэг талаар баримт гаргаж өгөөгүй, ажил эрхэлдэггүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгч “Одоогоор хөдөлмөр эрхэлж байгаа. Торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгчийн “Ажил хийж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөлд “торгох” ялыг хуульчлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /өөрийн ажилладаг байгууллагаас шунахайн сэдэлтээр эд зүйл хулгайлсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /байгууллагад 1.225.000 төгрөгийн хохирол учирсан, эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогчийн төлөөлөгч “...нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харуул овогт Болдбаатарын Цыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР