Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 06

 

                        
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00656/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Өлзийтийн” 5-03 тоотод тоотод оршин суух,  Халиун овогт Лхамсүрэнгийн Баатарцогтод (РД: ЛД-81030412) холбогдох,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багт оршин суух,  Боржигон овогт Батмөнхийн Бадамдоржийн (РД: ЛК-72022530) нэхэмжлэлтэй,
"худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 5 500 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Бадамдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Бадамдорж би А.Баатарцогттой 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас гүйцсэн 4 тооны үхрийг нэг бүр нь 1 900 000 төгрөгт бодож 7 600 000 төгрөг авахаар тохиролцож худалдсан юм. А.Баатарцогт нь махаа борлуулаад мөнгөө өгнө гэсэн боловч 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2 100 000 төгрөгийг дансаар шилжүүлээд үлдэгдэл 5 500 000 төгрөгийг одоог болтол өгөөгүй байна. Иймд А.Баатарцогтоос уг мөнгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Б.Бадамдорж нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Батмөнх овогтой Бадамдорж миний бие Лхамсүрэн овогтой Баатарцогтоос 5 500 000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Миний бие А.Баатарцогтоос 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 150 000 төгрөгийг бэлнээр авсан. Иймд 5 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 150 000 төгрөгөөс татгалзаж, 5 350 000 төгрөгийг Л.Бадамдоржоос гаргуулахаар харилцан тохиролцлоо. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 12 тал)

 Хариуцагч  А.Баатарцогт нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Лхамсүрэн овогтой Баатарцогт миний бие Батмөнх овогт Бадамдоржтой эвлэрэн хэлэлцэж 5 350 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 12 тал)  
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Б.Бадамдорж нь хариуцагч Ц.Ундармаагаас “зээл, зээлийн хүүгийн 1 400 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч  Б.Бадамдорж нь шүүхэд гаргасан 5 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 150 000  (нэг зуун тавин мянган) төгрөгөөс татгалзаж, 5 350 000 (таван сая гурван зуун тавин мянган) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч А.Баатарцогт нь 5 350 000 (таван сая гурван зуун тавин мянган) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Л.Баатарцогтод холбогдох, Б.Бадамдоржийн нэхэмжлэлтэй "худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 5 500 000 төгрөгийг гаргуулах"  тухай  иргэний хэрэгт зохигчид 5 350 000 (таван сая гурван зуун тавин мянган) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Бадамдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102 950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 51475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамдоржид, хариуцагч Л.Баатарцогтоос 51475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамдоржид тус тус  олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ