Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0512

 

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнгөнзул, цахимаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд Ж.Б нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Т-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын Баянхайрхан сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/60 дугаар захирамжийн хавсралтаас Ж.Б-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Т-ын газар эзэмших эрхтэй давхардуулж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар маргаан бүхий өвөлжөөний газрыг Н.Т 2004 онд эзэмшиж авсан нь тогтоогддог бөгөөд захирамж, газар эзэмших гэрчилгээний сар өдрийн зөрүү нь техникийн чанартай алдаа болох нь илэрхий байдаг. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд" сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заажээ. A/60 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Н.Т-ын эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүсээгүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт байна гэжээ. Захиргааны ерөнхий хуульд зааснаар ганцхан сонсох ажиллагаа явуулахгүй бөгөөд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох үүднээс сонсох ажиллагааг явуулахаар хуульчилсан. Гэтэл шүүхээс хөндөгдөж болзошгүй этгээд байхгүй мэтээр сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэсэн заалтыг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Н.Т нь “Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/60 дугаар захирамжийн Ж.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 23 тоот шийдвэрийг үндэслэн олгосон 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0010198 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байсан газрыг Ж.Б-т эзэмшүүлсэн нь хууль бус” гэж маргажээ.

  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Т нь Баянхайрхан сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн болох нь нотлогдоогүй, 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0010198 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд Нам хар толгойн өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн талаар тодорхойлж өгөөгүй, харин Баянхайрхан сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар захирамжийн дагуу олгогдсон гэх 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн БХ142 дугаартай Монгол Улсын иргэний Газар эзэмших гэрчилгээгээр иргэн Б.Ж агсанд Нам хар толгойн өвөлжөөний газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрх Б.Ж агсаны эзэмшилд байсан газрыг түүний хүү гуравдагч этгээд Ж.Б нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан, уг гэрчилгээг үндэслэн Баянхайрхан сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/60 дугаар захирамжаар Нам хар толгойн өвөлжөөний газрыг Ж.Б-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасныг зөрчөөгүй.

 Түүнчлэн, Ж.Б-т өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Н.Т-ын эрх ашгийг шууд хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй, сонсох ажиллагааг Н.Т-т холбогдуулан хийх үүрэг захиргааны байгууллагад үүсээгүй байна.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ШҮҮГЧ                                                        Н.Хонинхүү

             ШҮҮГЧ                                                           Э.Зоригтбаатар

             ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН