| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00658/И |
| Дугаар | 07 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 07
2016 оны 12 сарын 27-ны өдөр Дугаар 156/ШШ2016/00007 Хэнтий аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00658/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын 3 дугаар багт оршин суух, Дуламсүрэнгийн Эрдэнэчулуунд ( РД: УЮ 68052010 ) холбогдох,
“Капитал” банкны нэхэмжлэлтэй, "зээл, зээлийн хүүгийн 14 040 999 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Капитал” банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Дуламсүрэнгийн Эрдэнэчулуун нь “Капитал” банктай 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №44 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан юм.
2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №44 тоот барьцааны гэрээгээр Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойн 15 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2208003090 дугаарт бүртгэгдсэн 150, 5 м2 талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг.
Иргэн Д.Эрдэнэчулуун нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, барьцаа хөрөнгө нь шатаж үгүй болсон, банкны зүгээс эрэн сурвалжилж байгаа боловч олдохгүй байсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 06 22 ны өдрийн №82/ШШ2016/00121 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Эрдэнэчулууны оршин суугаа хаяг нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож захирамжилсан юм.
Иймд зээлдэгч Д.Эрдэнэчулуунаас үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 3 040 999 төгрөг, нийт 14 040 999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч “Капитал” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай банк нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан зээлдэгч Д.Эрдэнэчулуунд холбогдох иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Д.Эрдэнэчулуунд холбогдуулан манай байгууллага нь 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн шүүхээр хялбаршуулсан журмаар уг асуудлыг 297 дугаартай захирамжаар шийдвэрлүүлсэн юм. Иймд манай байгууллага нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хх-ийн 12 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Капитал” банк нь хариуцагч Д.Эрдэнэчулуунд холбогдуулж "зээл, зээлийн хүүгийн 14 040 999 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Капитал” банкийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. Эрдэнэчимэг хариуцагч Н.Бямбасүрэнд холбогдох "зээл, зээлийн хүүгийн 14 040 999 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгч банк нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Капитал” банк нь хариуцагч Д.Эрдэнэчулуунаас зээл, зээлийн хүүгийн 14 040 999 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 155 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 114 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114 077 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Капитал” банк-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ