Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 09

 

2017 оны 01 сарын 03 өдөр     Дугаар 156/ШШ2017/00009
    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2016/00667/И
 
     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
          Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 39-37 тоотод оршин суух иргэн Өлзийбатын Маналжавын нэхэмжлэлтэй, /РД:ЦВ73120618/
         Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 5 дугаар баг, Тариаланчдын 29-01 тоотод оршин суух иргэн Жанчивдоржийн Оюунгэрэл /РД:СБ77112003/-д холбогдох,         
       2 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхэмжлэгч Ө.Маналжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
        Миний бие Ж.Оюунгэрэлд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 1 600 000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад Оюунгэрэл нь зээлсэн 1 600 000 төгрөгөө өгөөгүй ба 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш утсаар байнга шаардсанаас гадна өөрийн биеэр Оюунгэрэлтэй Хэнтий аймагт ирж уулзахад удахгүй өгнө гэдэг байсан.
        Иймд Ж.Оюунгэрэлээс үндсэн 1 600 000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног алданги болох 800 000 төгрөг нийт 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
 

 Хариуцагч Ж.Оюунгэрэл нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
 Миний бие Ө.Маналжавын шүүхэд гаргасан 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2 жилийн өмнө буюу 2015 оны 12 дугаар сард 300 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл мөнгө болох 2 100 000 төгрөгийг  2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцлоо.

 Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

  Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
      ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч Ө.Маналжав нь хариуцагч Ж.Оюунгэрэлээс 2 400 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Ж.Оюунгэрэл нь уг мөнгийг /үлдэгдэл 2 100 000/ төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
          
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. Ө.Маналжавын нэхэмжлэлтэй Ж.Оюунгэрэлээс 2 400 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь Ж.Оюунгэрэл нь             2 100 000 төгрөгийг төлөхөөр хүлээн  зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч          Ө. Маналжавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53 350 төгрөгийн тал хувь болох 26 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 26 675  төгрөгийг Төрийн сангийн 180000941 гаргуулж нэхэмжлэгч Ө.Маналжавд, түүнчлэн хариуцагч Ж.Оюунгэрэлээс 24275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Маналжавд олгосугай.
             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                    ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР