Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1229

 

 

 

 

 

 

 

     2019         10           31                                     2019/ШЦТ/.............         

 

-                           

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Онолт,

шинжээч Б.Батхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908038071307 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Батмөнхийн Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Э нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” зочид буудал иргэн Ц.Гыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун гарын эрхий хурууны уг орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун шанаа, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тамхи авах гээд гэрээсээ гарсан. “Солонго” буудлын 2 давхарт гараад 00-д бие засчихаад гарах гэтэл хохирогч ирээд надтай зодолдсон. Намайг 6 удаа шанаадсан. Би 2 удаа цохисон. Намайг ороход өрөөндөө байсан. Би зөвшөөрөл аваагүй” гэв.

Шинжээч Б.Батхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн өвчин нь дотоод шалтгаантай, хавсарсан өвчин. Хурцадсан үедээ заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай. Засрал сайжралын үедээ эмээ тогтмол уувал гайгүй. Ажил хийх боломжгүй, харин богино цагаар ажиллах, хөдөлмөр эрхлэх боломжтой. Одоо сэдрэлийн үедээ байгаа. 40-45 хоногийн хугацаанд эмчилгээ хийгээд гардаг. Сэтгэцийн эмгэгтэй хүн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон үедээ л хэрэг хариуцах чадваргүй байна” гэв.

 

Эрүүгийн 1908038071307 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Гын: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” зочид буудалд буюу ажил дээрээ камерийн өрөөнд байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирээд шууд онгорхой байсан нэг өрөө рүү орохоор нь би гайхаад хулгайч юм болов уу гэж бодоод уг өрөө рүү ороход нөгөө залуу 00-ийн өрөөнд цаашаа харсан зогсож байхаар нь би уг залууг “хөөе чи юун хүн бэ” гэж хэлэхэд эргэж хараад намайг “ална шүү, буруу хүнээрээ оролдоод байгаарай” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 3, 4 удаа цохиод авахаар нь би хориглох зорилгоор заамдаад зуурахад миний нүүр лүү мангасдаад нэг хуруугаа баруун нүд рүү хатгасан. Би доош нүдээ дараад суухад гаднаас эхнэр орж ирээд нөгөө залуу гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу гадаа явж байгаа харагдахаар нь би цагдаа дуудаад бариулсан. Нүдний ухархайн яс цөмөрсөн. Надаас 300.000 орчим төгрөг эмчилгээнд гарсан. Би зодуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Гэрч Д.Одончимэгийн: “...Тэгтэл нөхөр маань “нэг залуу дээшээ гарч ирж байна, онгорхой өрөө рүү орчихлоо” гээд доошоо 2 давхар луу буугаад удалгүй “Одноо” гээд хоолойных нь өнгө нэг сонин болчихсон намайг дуудахаар нь буугаад очиход 2 давхрын эхний өрөөнд нөхөр болон гаднаас орж ирсэн залуу буюу 30 орчим насны нэг туранхай өндөр залуу хоёр байсан. Нөхөр нүүрээ дараад хагас тонгойчихсон, нөгөө залуу хажууд нь зогсож байхаар би “яаж байгаа юм” гээд цээж хэсэг рүү түлхэхэд уг залуу гараад явчихсан. Нөхрийн баруун нүд хөхрөөд битүү хавдаад хаагдсан байсан. Тэр хоёрын дунд яг ямар асуудал болсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.19-ний өдрийн 8716 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Гын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун гарын эрхий хурууны уг орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун шанаа, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-37/,

Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өглөө ...“Солонго” буудалд ороод 2 дугаар давхарт гараад нэг онгорхой өрөө рүү ороод 00-д бие засаж байхад буудпын захирал орж ирээд миний мөрнөөс гараараа барьж аваад ямар нэгэн үг хэлээгүй шууд миний нүүр лүү гараараа олон удаа цохиод намайг хөөгөөд гаргасан. Би тэр хүнийг цохиж зодоогүй. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би буудлын эзний нүүр лүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-59-62/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 960 дугаар дүгнэлтэд: “1.Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Шизоаффектив эмгэг холимог хэлбэр” өвчинтэй байна. Б.Э нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох удирдан хянах чадвартай байсан. Б.Э нь өөрийн үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байсан. 2.Б.Э нь 2010 оноос СЭМҮТ-ийн СХД-н сэтгэцийн эмчийн хяналтанд одоог хүртэл байдаг гэх эмнэлгийн хяналтын карттай. 3.Б.Э нь одоо сэтгэцийн хувьд Шизоаффектив эмгэг холимог хэлбэр гэх сэтгэцийн өвчтэй байна. 4.Б.Эын дээрх эмгэг нь дотоод шалтгаант сэтгэцийн архаг эмгэг учир бүрэн эдгэрэх боломж бага, эмчилгээний үр дүнд засрал сайжрал авах боломжтой. 5.Б.Э нь тухайн хэрэг гарах цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан. Б.Э нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.Эын дээрх сэтгэцийн эмгэг нь сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой. Харин засрал сайжралын үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломж багатай болно” гэжээ /хх-42-46/,

Шинжээч Б.Батхишигийн: “Иргэн Б.Э нь ...тухайн үедээ өөрийн хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай байсан. Жишээ нь гадаа бие засаж болохгүй гэдгийг ойлгож байгууллагын бие засах газар луу орж бие зассан байна. Дээрх зодооны асуудал нь хоорондын харьцаанаас болж л гарсан байх...” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Ц.Гын өргөдөл /хх-3/, хохирлын баримтууд /хх-8-9/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, гэрч Д.Цогзолмаагийн мэдүүлэг /хх-33-34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-66/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон “F25.1 Шизоаффектив эмгэгийн сэтгэл гутрах хэлбэр гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон” гэх акт /хх-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70/, тээврийн хэрэгсэл “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-71/, эд хөрөнгө “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-72/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж,

мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э нь хохирогч Гыг зодож хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохиролд 592.194 төгрөг гаргуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрдөг тул маргах зүйлгүй. Хохирлыг төлнө гэдэг” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Солонго” зочид буудалд иргэн Ц.Гыг зодож, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун гарын эрхий хурууны уг орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун шанаа, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Гын “...нөгөө залуу буудлын өрөөний 00-ийн өрөөнд цаашаа харсан зогсож байхаар нь би уг залууг “хөөе чи юун хүн бэ” гэж хэлэхэд эргэж хараад намайг “ална шүү, буруу хүнээрээ оролдоод байгаарай” гэж хэлээд миний нүүр лүү гараараа 3, 4 удаа цохиод... нүүр лүү мангасдаад нэг хуруугаа баруун нүд рүү хатгасан...” гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Одончимэгийн “...Нөхөр нүүрээ дараад хагас тонгойчихсон, нөгөө залуу хажууд нь зогсож байхаар нь ...Нөхрийн баруун нүд хөхрөөд битүү хавдаад хаагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүх эмнэлгийн 8716 дугаар “1.Ц.Гын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун гарын эрхий хурууны уг орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун шанаа, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-37/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Ц.Гын өргөдөл /хх-3/, хохирлын баримтууд /хх-8-9/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрс бичлэг бүхий СД 1 ширхэг, шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эын хохирогч Ц.Гын нүүрэнд хэд хэдэн удаа гараар цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос 592.594 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг шүүгдэгч төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ц.Г /Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг 1-16г тоотод оршин суух, РД-цв74061819/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, хохирол төлөгдөөгүй тул торгох ял оногдуулах үндэслэлгүй. Хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй. Шүүгдэгч зөвшөөрөлгүй орсноор хохирогч зүй ёсны шаардлага тавьснаас болж хохирогчийг зодсон байдаг” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогч зүй ёсны шаардлага тавьсан нь нотлогдоогүй. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй, өвчин нь сэдрэх аюултай. Торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд төлж барагдуулахыг тогтоолд зааж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Г, гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газар байсан гэрч Д.Одончимэг нарын мэдүүлэг, CD-ийн дүрс бичлэг зэргээс үзэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү чиглэсэн хууль бус, зүй бус үйлдэл тогтоогдоогүй болно.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн ажлын байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /Шизоаффектив эмгэгийн сэтгэл гутрах хэлбэр өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай, группт байдаг/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн өгсөн “Шүүгдэгч Б.Эын сэтгэцийн өвчин нь удаан хугацаагаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй” гэх мэдүүлэг зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /группт байж тодорхой орлого олдог/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Батмөнхийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 592.594 /таван зуун ерэн хоёр мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Г /Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг 1-16г тоотод оршин суух, холбогдох утас 99097232, РД-цв74061819/-д олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР