Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1238

 

 

 

 

 

 

 

 

    2019        11           21                                          2019/ШЦТ/1238        

 

-                                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа, 

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Рыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908033161414 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг хасч, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ял шийтгэгдсэн, Жард овогт Тогтохсайханы Р /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.Р нь 2019 оны 6 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 56-3 тоот гэртээ хамтран амьдрагч С.Дийг “хүүхэдтэй тоглуулсангүй, банкны карт өгсөнгүй” гэх шалтгаанаар сандлаар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь цээж, мөчдөд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Картнаас болж маргалдсан. Эм тариа авч өгсөн. 2012 оноос хойш хамтран амьдарч байна. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1908033161414 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Даваасүрэнгийн: “Миний бие Ртай 2012 онд танилцаж хамт амьдарсан. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Рын ажлын газрынх 3 хүн ирээд 2 шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж ууцгаасан. Би “ажлынхаа хүмүүсийг явуул” гэж Рад хэлтэл 19 цагийн орчимд дагуулаад гэрээс гарсан. 23 цагийн орчимд Р нилээн согтуу ажлынхаа нэг хүнийг дагуулаад орж ирсэн. Тэр найз нь орж ирээд л унтаад өгсөн. Би Рад ор засаж өгчихөөд орондоо охиноо тэврээд хэвтэж байтал Р босож ирээд охинтойгоо тоглох гэтэл охин уурлаад уйлахаар нь би “боль, зүгээр унтуул” гэсэн. Дахиад босч ирээд охиноо уурлуулаад байхаар нь гэрлээ асаатал Р хүүхэдтэй минь тоглуулсангүй гээд уурлаад “би явлаа” гээд хувцсаа өмсөөд, виза карт нэхэхээр нь би “өгөхгүй” гэтэл нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгсэн сандал бариад толгой руу хэд, хэдэн удаа цохиж, бас гар луу цохисон. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-7-8/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.06.24-ний өдрийн 7857 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Д-н биед цээж, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-14/,

Шүүгдэгч Т.Рын яллагдагчаар өгсөн: “Д бид хоёр 2012 оноос эхлэн хамтран амьдарч байна. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хамт ажилладаг 3 найз манай гэрт ирсэн. 0,75 литрийн хоёр шил архи хувааж уусан. ...хүүхдүүд болох Хандмаа, Хүслэн нартай тоглож байсан чинь Д гаднаас ирсэн. Би гэрээс гарах гэсэн чинь Д “цаг орой болсон байна, чи хаачих гээд байгаа юм” гээд гаргахгүй байсан. Би Дт “чи намайг гэрээс гаргахгүй гэлээ” гээд маргалдсан. Д “чи гарч уух гэлээ” гэхээр нь би цохиод, модон сандал аваад шидсэн чинь Д цагдаад дуудлага өгсөн. Би цээж хэсэгт нь гараараа нэг, зүүн гар хэсэгт нь модон сандлаар нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-23-26/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-30/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-33/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-35-37/, “Төгс зуурмаг” ХХК-ийн “Т.Р нь тус компанид жолоочоор ажилладаг. Сарын дундаж цалин нь 800.000 төгрөг болно” гэх тодорхойлолт /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-48, 51-52/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-65-66/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-67-71/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-72-73/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Р согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 56 дугаар гудамж, 3 тоот гэртээ хохирогч С.Дийг “хүүхэдтэй тоглуулсангүй, банкны карт өгсөнгүй” гэх шалтгаанаар гараар болон сандлаар зодож, цээж, мөчдөд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Дийн “...Р хүүхэдтэй тоглуулсангүй гээд уурлаад “би явлаа” гээд хувцсаа өмсөөд, виза карт нэхэхээр нь би “өгөхгүй” гэтэл нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Сандал бариад толгой руу хэд хэдэн удаа цохиж, бас гар луу цохисон...” гэх мэдүүлэг /хх-7-8/, шүүх эмнэлгийн 7857 дугаар “1. С.Дийн биед цээж, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-14/, шүүгдэгч Т.Рын яллагдагчаар өгсөн: “..Д “чи гарч уух гэлээ” гэхээр нь би цохиод, модон сандал аваад шидсэн...” гэх мэдүүлэг /хх-23-26/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-65-66, 67-71, 72-73/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Рын согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Дийг хувийн таарамжгүй харилцааны улмаас гар болон сандлаар зодож хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлээгүйг дурдаж, тэрээр “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Рад 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэх саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг багасгаж өгнө үү. Ам бүл олуулаа, орлого бага байдлыг харгалзан үзнэ үү. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Торгох ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хохирогчийг гараар болон сандлаар зодож гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн амьдардаг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Рад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /сарын дундаж цалин 800.000 төгрөг/-ийг үндэслэн шүүгдэгч Т.Рыг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Р цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жард овогт Тогтохсайханы Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Рыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Рыг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Р цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Рад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР