Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1239

 

 

 

 

 

 

 

 

    2019         11           21                                        2019/ШЦТ/1239         

 

-                                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908044511483 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух,

урьд Дархан хотын шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Шарын гол хотын ардын шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 10 cap 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 18- ны өдрийн 333 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 94 дүгээр зүйлийн 1, 113 дугаар зүйлд зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2004 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийг өршөөн хасч, оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссанд тооцон суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Бүүвэйбаатарын Б /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны урд талд байрлах автобусны буудал дээр иргэн Б.Лтай “намайг дээрэлхсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хагархай шилний үзүүр хэсгээр зүсэж, эрүүл мэндэд нь “хамар, уруул, эрүү, зүүн хацар, шанаа, цээжинд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Л намайг дуудаад “Хөгшин банди минь” гээд элдвээр хэлээд, доромжлоод байхаар нь архины шил хагалаад 2 удаа цохисон. 270.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Эрүүл мэндийн байдлыг харгалзан торгуулийн хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908044511483 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Лын: “...2019 оны 8 дугаар сарын 25-ны өглөө босоод найз Цокоотой утсаар яриад 32 дугаар байрны 12 дугаар орцны үүдэнд Б, түүний эхнэр Халиунаа, Цоко, бас нэг зүс танихгүй залуу дөрөв архи уугаад сууж байсан. Би архинаас нь уугаад 0,75 литрийн 2 шил архи тэд нар авч өгч хувааж уугаад сууж дуусгасан. Би автобусны буудал дээр зайрмагны ТҮЦ-ийн хажууд зогсож байхад Б ганцаараа ирээд үгийн зөрөөгүй архины шилээр миний нүүр лүү цохих шиг болсон. Би тухайн үед нилээн согтуу, цусаа гоожуулаад зогсож байсан. Нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Б намайг ямар шалтгаанаар архины шилээр цохиж гэмтэл учруулсныг мэдэхгүй. Б эхлээд миний зүүн шанаа руу архины шилээр цохиод, тонгойх үед архины шилээр цохиход уруул, эрүү, цээж зүсэгдэж шарх авсан. Б намайг архины хагархай шилээр 2 удаа цохисон. Би Бад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б надаас уучлалт гуйгаад төлбөрийн чадваргүй гээд байхаар нь би уучилсан. ...Би архи хувааж уугаад сууж байхдаа Бтай муудалцаж маргасан. Гарч хүрч цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-11, 13-14/,

Гэрч Э.Алтанхуягийн: “...зайрмагны ТҮЦ-ийн хажууд согтуу эрэгтэй хүн зогсож байх шиг байсан. Тэр залуугийн цаанаас ТҮЦ-ийн араас нэг таягтай эрэгтэй гарч ирээд согтуу залуу дээр очоод шууд архины шилний хагархайгаар нүүр лүү нь хоёр удаа цохисныхоо дараа “чи муу намайг таягтай болохоор нь дээрэлхэх гэж бодоо юу” гэж хэлж байсан. Нүүр лүүгээ цохиулсан залуугийн нүүрнээс цус их хэмжээгээр гоожоод, нүүрээ дарж газар явган суугаад 1-2 минут болоод ухаан алдаад унасан. Зүссэн эрэгтэй хойшоо байрны аркаар гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-23/,

Гэрч Э.Халиуны: “...Мөнхөө дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад Б, бид гурав хувааж уусан. ...Би Быг “явъя” гээд сандлаас нь босгоход Л шалтгаангүйгээр манай нөхрийн хэвлий хэсэгт нэг удаа өшиглөөд, баруун хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Б ёолоод суухаар нь би Лыг “чи яагаад хүн өшиглөж байгаа юм” гэхэд намайг хэл амаар доромжлоод, явж байгаад эргэж хараад салаавч гаргасан. Б “хоёулаа 32 дугаар байрны арк орж ширхгийн тамхи, ундаа авъя” гээд Лын араас явсан. ...Би дэлгүүрээс гараад ирэхэд Б аркаар хойшоо гарч ирээд “харья” гэж надад хэлээд сандал дээр суугаад “хань нь баларсан шүү, Хайдавын өөрийнх нь хагалсан шилээр нүүрийг нь зүсчихлээ” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ” гээд нөхрөө загнаад, санаа зовоод, 32 дугаар байрны аркаар урагш гарахад явган хүний зам дээр нүүрээ дараад суусан их цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.07-ны өдрийн 10326 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Лын биед хамар, уруул, эрүү, зүүн хацар, шанаа, цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ...33 дугаар байрны урд байрлах шатан дээр сууж байхад Л архи уусан, халамцуу ирсэн. Бид хэд архи хувааж уусны дараа Л над руу агсраад “чи муу хөгшин банди минь, ална шүү гээд” учир зүггүй хараагаад үгийн зөрөөгүй миний элэг рүү өшиглөөд, мөн миний эрүүл хөл рүү нэг удаа өшиглөөд яваад өгсөн. ...би Л дээр очоод барьсан архины шилээрээ нүүр лүү нь хоёр удаа цохисны дараа хойшоо байрны аркаар гараад явж байхад... Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-43-46/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, гэрч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-19/, гэрч Д.Энхбатын мэдүүлэг /хх-25/, шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /хх-33-34/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-50/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, нийгмийн даатгалын байцаагчийн “Б.Б нь тахир дутуугийн 270.000 төгрөгийн тэтгэвэр авдаг” гэх тодорхойлолт /хх-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, хохирогчийн “Бад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-93/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь автобусны буудал дээр Лтай маргалдан хагархай шилээр цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хор уршиг бүрэн арилаагүй тул хохирлыг жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэлээр маргаангүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.  

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны урд байрлах автобусны буудал дээр иргэн Б.Лтай “намайг дээрэлхсэн” гэх шалтгаанаар маргалдаж хагархай шилээр нүүрийг нь зүсэж, “хамар, уруул, эрүү, зүүн хацар, шанаа, цээжинд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Лын “...Б ирээд үгийн зөрөөгүй архины шилээр миний нүүр лүү цохих шиг болсон. ...Эхлээд миний зүүн шанаа руу архины шилээр цохиод, тонгойх үед архины шилээр цохиход уруул, эрүү, цээж зүсэгдэж шарх авсан...” гэх мэдүүлэг /хх-11, 13-14/, гэрч Э.Алтанхуягийн “...Тэр залуугийн цаанаас нэг таягтай эрэгтэй гарч ирээд очоод шууд архины шилний хагархайгаар нүүр лүү нь хоёр удаа цохисныхоо дараа “чи муу намайг таягтай болохоор нь дээрэлхэх гэж бодоо юу” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-23/, гэрч Э.Халиуны “...Би дэлгүүрээс гараад ирэхэд Б аркаар хойшоо гарч ирээд “харья” гээд надад хэлээд сандал дээр суугаад “хань нь баларсан шүү, Хайдавын өөрийнх нь хагалсан шилээр нүүрийг нь зүсчихлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-29-30/, шүүх эмнэлгийн 10326 дугаар “1.Б.Лын биед хамар, уруул, эрүү, зүүн хацар, шанаа, цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-32/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...би Л дээр очоод барьсан архины шилээр нүүр лүү нь хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-43-46/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бын согтуурсан үедээ хохирогч Б.Лын нүүрийг архины шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “...Бад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-11, 13-14/, “хохирогчийн “Бад гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-93/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ажилгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хэдийгээр хөдөлмөрийн чадвар алдалттай ч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул ажил хийх боломжгүй. Албадлагын арга хэмжээ авах эсэхийг шүүх шийдэх боломжтой” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.    

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, гудамж талбайд архидан согтуурч, архины хагархай шилээр хохирогчийн нүүр лүү 2 удаагийн үйлдлээр халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, 51 настай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэх/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тахир дутуугийн 270.000 төгрөгийн тэтгэвэр авдаг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Быг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бүүвэйбаатарын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР