Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 06

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.У-н нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  А аймгийн Улсын  бүртгэлийн хэлтэст холбогдох 

А аймгийн Цэнхэр сумын Т баг Ч хороолол .. тоот хашаа байшинг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Т баг, Ч хороолол.. тоот дахь газар, байшинг иргэн С.Б-с худалдан авсан. Ингэхдээ тухайн үед С.Б нь 1994, 1995 оны үед цэнхэр, ягаан тасалбараар худалдаж авсан гэх байшинд ямар ч гэрчилгээ байхгүй, газар нь гэрчилгээтэй байсан тул нотариатч Д.Р-ээр 157 дугаарын газар бэлэглэлийн гэрээг хийлгэж, газар түүнийг дагасан үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-ээс авсан. Үүнээс хойш 2 жил авсан хашаа байшиндаа амьдарч байна.

Байшиндаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар хөөцөлдөөд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тухайн байшингийн эзнийг нотлох хэрэгтэй, аймгийн архивын тасгаас шүүлгэ гэсэн боловч аймгийн Архивын тасгаас уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотлох баримт байхгүй гэж тодорхойлолтыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн. Иймд эргээд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад шүүхэд ханд гэж зөвлөсөн. 

Иймд А аймгийн Ц сумын Т баг, Ч хороолол .. тоот хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.У нь А аймгийн Ц сумын Т баг Ч хороолол 4 дүгээр гудамжны 432 тоотод орших 91м.кв талбайтай сууцны барилгын өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгож өгөх тухай мэдүүлгийг тус хэлтэст ирүүлж байсан. Уг мэдүүлэгт С.У-г хууль ёсны өмчлөгч нь болохыг баттай нотлох баримт байхгүй бүртгүүлэхээр мэдүүлсэн хөрөнгө нь хувьчилсан тухай тогтоол шийдвэр байхгүй зэрэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан болно.

С.У-ийг уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг шүүхээс тогтоож өгвөл манай байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэлийг хийх боломжтой юм гэжээ. 

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн С.У-ээс А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан А аймгийн Ц сумын Т баг Ч хороолол .. тоот хашаа байшинг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /х.х-н 1/

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Уг маргааны үйл баримтаас дурдахад: Иргэн С.У нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Ц сумын 6 дугаар баг, Т, Ч гудамж ... тоот хаягт амьдрах Ш овогтой Г-ээс А аймгийн Ц сумын Т баг Ч ..... тоот хаягт 2.000.000 төгрөгийн үнэ бүхий газрыг хариу үнэ төлбөргүй бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлжээ. /х.х-н 3/

 

А аймгийн Ц сумын Т баг Ч хороолол .... дүгээр гудамж ... тоот хаягт байршилтай ....... нэгж талбайн дугаартай 600м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.У-г тогтоож, улсын бүртгэлийн Г-0115000021 дугаарт бүртгэгдэж ........ дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон байна. /х.х-н 11/

Нэхэмжлэгчээс өөрийн өмчлөх эрх бүхий газарт байрлах 13 х 7 хэмжээтэй 91м.кв талбайтай хувийн сууцны барилгын өмчлөгчөөр бүртгүүлэхээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тус хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Мэдүүлгийн хариу хүргүүлэх” тухай 177 дугаар албан бичгээр: “ ... мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй ... үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохыг шүүхээр тогтоолгох нь зүйтэй ... шүүхээс тухайн иргэний өмчлөх эрхтэй болохыг тогтоосон тухай шийдвэр гарсан тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэн өмчлөх эрхийг баталгаажуулах боломжтой болно” гэх хариу хүргүүлжээ. /х.х-н 15/ 

Ийнхүү иргэн С.У нь А аймгийн Ц сумын Т баг Ч хороолол ..... тоот хашаа байшинг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахаар тус шүүхэд хандсан байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 3-т “ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ...”, Иргэний хуулийн 99 дүгээр зүйл. Өмчийн төрөл, хэлбэр 99.1. дэх хэсэгт “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна”, 101 дүгээр зүйл. Өмчлөх эрх, 101.1. дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.”, 109 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх 109.1. дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй., 109.2. дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.” 182 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэх эрх 182.1. дэх хэсэгт “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасныг хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс зөрчсөн байна.

А аймгийн Ц сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Гэр бүлийн хэрэгцээнд хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх тухай” А/120 дугаар захирамжаар сумын засаг даргын өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилсөн иргэдийн өмчилсөн газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх талаар хийсэн хэлцлийг харгалзан хавсралтад дурдсан иргэдэд газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлж, уг хавсралтын 1 дүгээрт иргэн С.Б, Б.Н, Б.Н, Б.О нар А аймгийн Ц сум, Т баг, Ч хорооллын 1 дүгээр гудамж .... тоот болох 600м.кв газрын өмчлөх эрхийг иргэн Ш.Г-д шилжүүлж, нэгж талбайн 021600409 нэгж талбайн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 600м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож Г-0115000021 дугаарт бүртгэж, 000238203 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /х.х-н 35-38/

Түүнчлэн А аймгийн өмч хувьчлалын комиссийн Ц сумын Социализмын зам нэгдлийн өмч хувьчлалын материалд: С.Б хөрөнгө барилга 1898 цэнхэр тасалбар, мөн тус сумын Социализмын зам нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилт дэвтэрт:  С.Б их хувьчлалын хөрөнгө /цэнхэр тасалбар/ 8602 гэж бүртгэгдсэн бөгөөд уг маргааны бүхий тус сумын Т багийн Ч хорооллын ..... тоот хашаа байшин, газрыг худалдаж авсан байна. 

 

Шүүхэд иргэн С.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ ... Би 1990-ээд оны үед “Социализмийн зам” нэгдлээс өмч хувьчлалаар 7000 төгрөгийн цэнхэр тасалбараар уг хашаа байшинг авсан ... С.У-д 2015 оны үед зарсан. Тухайн үед газрын бичиг баримтыг нь өгсөн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан ... уг хашаа байшинг анхнаасаа худалдаж авах үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаагүй гэдгийг хэлсэн ... уг хашаа байшинг би С.У-д зарсан учраас одоо уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь С.У мөн” гэх мэдүүлэг, 

Иргэн Ш.Г шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ ... газар эзэмших эрхийн гэрчилгээ 2013 онд авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гэж гардаггүй байсан учраас хашаа байшин дээр гэрчилгээ гараагүй ... би уг хашаа байшинг С.У-д зарсан учраас С.У-н өмчлөлийн эд хөрөнгө болсон” гэх мэдүүлэг, 

 

А аймгийн Ц сумын О багийн засаг дарга Ч.Б шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ ... тус хашаа байшинг С.У-н нөхөр Г 2015 оны үед иргэн Б-ээс худалдаж авсан ... хүүхэд нь сумын төвд сургуульд сурдаг ... С.У өвлийн цагт уг хашаа байшиндаа амьдардаг, зун болохоор хөдөө гардаг” гэх мэдүүлгийг зэргээс үзвэл анх иргэн С.Б тус хашаа байшинг “Социализмийн зам” нэгдлээс өмч хувчлалаар авч, 2013 онд сумын засаг даргын А/120 дугаар захирамжаар газар өмчлөх эрхийг С.Б-н гэр бүлийн нэг гишүүн болох эхнэр Ш.Г-д шилжүүлж, Ш.Г 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн С.У-д бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-н 68-74/

 

Улмаар А аймгийн Ц сумын Т багийн засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгээр С овогтой У Т баг Ч хорооллын 1-02 тоот хаяг нь шинэчилсэн кадастрын хаягаар Ч хороолол .. тоот болж хаяг нь өөрчлөгдөж өөрийн нэр дээр авчээ./х.х-н 4/

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд: Тухайн үед мөрдөгдөж байсан БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн /1991 оны/  1-д “ БНМАУ-ын төрийн өмчид байгаа эд хөрөнгийн тодорхой хэсгийг БНМАУ-ын иргэд болон энэ хуульд заасан хуулийн этгээдийн өмчид шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах зарчмын онцлогыг тодорхойлоход оршино” гэж заасны дагуу маргаан бүхий эд хөрөнгөд өмч хувьчлал 1992 онд явагдаж тухайн үед С.Б нь цэнхэр тасалбараар худалдаж авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдлоо.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйл. Улсын бүртгэлийн зарчим 3.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:, 3.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 3.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; 3.1.6. иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах, Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт зааснаар иргэн С.Б, Ш.Г нарын өмчлөх эрх дуусгавар болж А аймгийн Ц сумын Т баг Ч хороолол 1 дүгээр гудамж 02 тоот хаягт байршилтай нэгж талбайн дугаартай 600м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдэж ...... дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон план зураг, газрын кадастрын зураг, газрын гэрчилгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.У-д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн салшгүй хэсэг болох газар нь шилжсэн тул хууль ёсны өмчлөгч байна.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх хууль ёсны өмчлөгч нь С.У байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2,  18 дугаар зүйлийн 18.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                

ТОГТООХ нь:

 

  1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 18 дугаар зүйлийн 18.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Ц сумын Т баг Ч хороолол .. тоот хашаа байшингийн өмчлөгч С.У тул, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс/ 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.У-д олгосугай.      

 

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Б.ОДОНТУЯА