| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1255/Э |
| Дугаар | 1256 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 1256
2019 11 28 2019/ШЦТ/1256
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908012100292 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 32 настай, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхээгийн Э /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.Э нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн орчим иргэн Б.Гын хувцасны халаасанд байсан Самсунг Note-4 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би хэрэглэдэггүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу” гэв.
Эрүүгийн 1908012100292 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Гын: “2019 оны 02 дугаар сарын 19-ний 14 цагийн үед харих гээд Замын цагдаагийн тасгийн араар тойроод явж байсан чинь ээж утсаар ярьсан. Тэгээд би ээжтэй юм яриад явж байтал нэг хүүхэн замын хажууд “ахаа та хэнтэй маргалдаад байгаа юм, жаахан тайвшраачээ” гэсэн. Би жаахан юм уучихсан, халамцуу явж байсан болохоор “ах нь зүгээр ээ” гээд тэр хүүхэн дээр очсон. Цаана нь хоёр залуу архи ууж байсан. Тэгэхээр нь “ахдаа ганц хийгээд өгчих” гэсэн. Нэг залуу нь аяганд хийж өгсөн. Тэр гуравтай юм хум ярьж хөөрөөд, архийг нь тойруулаад уусан. ...Тэгэхээр нь “ахын дүү нар дахиад ганц юм авч уух уу, ахад нь мөнгө бараг байхгүй, гэхдээ байгаагаа өгье” гээд халаасанд байсан хэдэн бутархай мөнгөө гаргаж ирээд тоолж байтал намхан, бор царайтай залуу миний халааснаас гар утас аваад зугтаасан. Би “хөөе, миний утсыг авчирч өг” гээд орилсон. Нөгөө хоёр найз нь ч гэсэн хойноос нь орилсон. Нөгөө залуу зугтаад хойшоо явсан. ...Удаагүй цагдаа нар ирэхээр нь “миний гар утсыг булааж зугтаасан залуу хойшоо зугтаачихлаа” гэж хэлсэн чинь машинтай хоёр цагдаа араас нь явсан. Тэгээд миний гар утсыг халааснаас авсан залууг бариад ирсэн. Би гар утсаа хүлээж авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-9-10/,
Гэрч Б.Ганхуягийн: “Би өөрийн найз Э, найз охин Ууг нартай 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын 11 дүгээр байрны арын гүүрний хажууд ...архи уугаад зогсож байтал тэр хохирогч ах бидний зогсож байсан гражийн ард гар утсаараа хэн нэгэнтэй хэрүүл хийгээд байх шиг байсан. Ууг “ахаа, та хэнтэй хэрэлдээд байгаа юм, жаахан тайвшир” гэсэн чинь “ах нь ээжтэйгээ хэрэлдэж байна” гэснээ хүрч ирсэн. Тэр ах “дүү нар хэдүүлээ мөнгө босгоод дахиад нэгийг авч уух уу” гээд халааснаасаа мөнгө гаргаж ирээд тоолж байх үед Э хохирогч ахын куртикний халааснаас гар утсыг нь аваад хойшоо зугтаасан” гэх мэдүүлэг /хх-12/,
Гэрч Б.Уугын: “2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз залуу Ганхуяг, найз Э хоёртой нэг шил архи авч уусан. ...Би тэр ахыг “та тайвшраачээ, юунаас болж ингээд нервтээд байгаа юм” гэсэн чинь “ах нь ээжтэйгээ маргалдчихлаа гэлүү, ямар ч байсан хүнтэй маргалдсан” гэж хэлсэн. ...Тэгээд архиа тойруулаад тэр ахтай буу халаад байж байтал “наад архи чинь дуусаж байна уу, ах нь ганц юм авъя, бас тамхи авъя” гээд халааснаасаа мөнгө гаргаж ирээд тоолсон. Тэгснээ “хүрэхгүй юм байна, та нарт мөнгө байна уу” гэх хооронд Э хойшоо зугтаасан. Нөгөө ах хойноос нь “хөөе утас аваад ирээч” гээд орилсон. Тэгэхэд утсыг нь аваад зугтсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч Б.Буянбатын: “2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...Бүргэд 113 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. 16 цагийн үед байх жижүүрийн шуурхай албанаас “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Замын цагдаагийн тасгийн арагшаа гэр хороололд нэг иргэний гар утсыг үл таних хүн булааж зугтаасан талаар дуудлаганд яаралтай оч” гэсэн. ...Тэр хавиар дуудлага өгсөн хүнийг хайгаад явж байтал Алтайн 3 дугаар гудамжны үзүүрт дуудлага өгсөн Г гэж хүн, нэг залуу, нэг хүүхэнтэй хамт хүлээж байсан. Дуудлага өгсөн иргэнээс “яасан, ямар учраас дуудлага өгсөн” талаар асуухад “миний гар утсыг нэг залуу аваад зугтаачихлаа” гэсэн. Гэтэл Алтайн 3 дугаар гудамжны баруун талын үзүүрт нэг залуу цухуйж харчихаад, цааш зугтаасан. Түмэнбаяр бид хоёр сэжиг бүхий залууг хоёр талаас нь бүсэлж барья гээд Түмэнбаяр буугаад хөөсөн. Би машинаа жолоодоод гудамжны нөгөө талд гарахад тэр залуу гудамж өгсөөд зугтаахаар нь хөөгөөд барьж авсан. Биед нь үзлэг хийж, хохирогчийн гар утсыг хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-16/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.02.22-ны өдрийн СХ3-19-119 дүгээр тайланд: “Samsung Note 4” маркийн гар утас зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр 150.000 төгрөг” гэжээ /хх-20-21/,
Шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15-16 цагийн үед найз Ганхуяг, Ганхуягийн найз охин Уугтай Цамбагаравын арын дэнж рүү гардаг 500-н унааны хажууд нэг шил архи хувааж ууж байсан чинь 40 гаран насны нэг ах хэн нэгэнтэй хэрүүл хийгээд яриад байсан. Ууг тэр ахыг “ахаа жаахан тайвшир, хэнтэй хэрэлдээд байгаа юм бэ” гэсэн чинь “ээжтэйгээ маргалдсан юм” гээд хүрч ирсэн. ...Тэгж байтал тэр ах гар утсаараа оролдож байснаа халаасандаа хийгээд “хэдүүлээ дахиад нэг шил юм ууя” гэснээ мөнгөө тоолж үзээд Уугад “дахиад нэг шил архи аваад ир” гэж хэлж байсан. Тэр үед би түүний халааснаас утсыг нь аваад зугтаасан. Зугтаад нээх холдоогүй байтал нөгөө ах араас орилоод “гар утсаа авъя” гээд байсан. Тэгээд би буцаад хохирогч ахад гар утсыг нь өгөх гээд очтол цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би гар утсыг хураалгасан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, үзлэгийн тэмдэглэл /хх-5/, эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-7/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолт /хх-31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, гэрлэлт “бүртгэлтэй” лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, гэрч Б.Энхээгийн мэдүүлэг /хх-76/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Гын утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Э.Э хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруугаа хүлээж байгаа. Ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны 2 хүүхэдтэй, гэр бүлээ авч явдаг өрхийн тэргүүн залуу байгаа...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Э согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлах үерийн далангийн орчим иргэн Б.Гын хувцасны халаасанд байсан “Samsung Note4” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Гын “...Цаана нь хоёр залуу архи ууж байсан. Тэр гуравтай юм хум ярьж хөөрөөд архийг тойруулаад уусан. ...Халаасанд байсан хэдэн бутархай мөнгөө гаргаж тоолж байтал намхан, бор царайтай залуу миний халааснаас гар утсыг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Ганхуягийн “...Ууганаа, Э бид гурав архи уугаад зогсож байтал... Э халааснаас нь “Самсунг Галакси Нөөт-4” маркийн гар утсыг нь аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Б.Уугын “...Ганхуяг, Э бид гурав нэг шил архи авч уусан. ...Тэр ах халааснаасаа мөнгө гаргаж ирээд тоолсон. Тэгснээ “хүрэхгүй юм байна, та нарт мөнгө байна уу” гэх хооронд Э хойшоо зугтаасан. Нөгөө ах хойноос нь “хөөе утас аваад ирээч” гээд орилсон. Тэгэхэд л утсыг нь аваад зугтсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч Б.Буянбатын “...нэг залуу цухуйж харчихаад, цаашаа зугтаасан. ...араас нь хөөгөөд барьж авсан. Биед нь үзлэг хийж, хохирогчийн гар утсыг хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-16/, шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн “...Тэгж байтал тэр ах гар утсаараа оролдож байснаа халаасандаа хийгээд ...тэр үед би түүний халааснаас утсыг нь аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-27-28/, эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-7/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Эын хохирогч Б.Гын куртикний халааснаас гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гад 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...Би гар утсаа хүлээж авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-9-10/, эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-7-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Э.Э хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруугаа хүлээж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр хохирогчийн өмчлөх эрхэд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан, гэмт хэргийн үйл баримтын талаар хүлээн зөвшөөрдөггүй (архи уугаагүй байсан, би архи хэрэглэдэггүй, гар утсыг өөрөө буцаан авчирч өгсөн гэх мэт), гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлд заасан 1-д заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалт нь шүүхэд эрх болгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш түүнчлэн дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй байна гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Э.Эын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхээгийн Эыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эын эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР