| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1256/Э |
| Дугаар | 1257 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 1257
2019 11 28 2019/ШЦТ/1257
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908038351576 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 117 дугаар дунд сургуульд зургийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт \оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөшөөт овогт Банзрагчийн Н /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Н нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 101 тоотод иргэн Б.Атай “төрсөн эгч Б.Нармандахын байрны гэрчилгээнд хүргэн ах Ш.Нэргүйн нэрийг оруулахгүй” гэдэг шалтгаанаар маргалдан улмаар Б.А руу эд зүйл авч шидэн, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. А луу тавчик шидсэн нь үнэн. А намайг хэл амаар доромжлоод байсан. Хүн рүү юм шидээд гэмтэл учруулснаа хүлээж байна” гэв.
Эрүүгийн 1908038351576 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Аын: “Тухайн маргаан болох өдрөөс 2 хоногийн өмнө Нэргүй ах надад “мөнгө байгаа, байр авах гэж байгаа” талаараа ярьж байсан. Тэр үед эхнэр нь “Нэргүй ухаан санаа нь орж гараад, унаж татаад байгаа, бие нь таагүй байна, Шар хаданд үзүүлж групп тогтоолгох гэж байгаа, группийн мөнгө төгрөг нь ч гэсэн хаа юм, хөдөө байсан хэдэн малаа бүгдийг нь зарчихсан, 40 гаруй сая төгрөг байгаа, тэгээд байр авах гэж байгаа” гэж ярьж байсан. Би ч “гайгүй байр авахад нь тусалж дэмжиж болно” гэж өөрт байгаа боломж бололцоогоо хэлж “Дэлгэрэх” хотхонд байр зах зээлийн үнээс нь арай хямдаар авч өгч, үлдэгдэл мөнгийг нь би өөр дээрээ зээл авч, байрных нь нэрийг та нарын нэр дээр авч өгнө” гэж Нэргүй ах болон эхнэр хүүхэдтэй нь цуг явж “Дэлгэрэх” хотхон орж байр үзүүлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу хэрэг маргаан болсон гэх өдөр ахынхаа биеийг мөн байраа яахаар болсон талаар асуух гэж эхнэр лүү нь залгасан чинь утсаа авахгүй байсан. “Нэргүй ах эмнэлэгт хэвтчихсэн, Нараа эгч хоол хүргэж өгөх гээд сая гараад явлаа, утсаа орхичихсон байна, удахгүй ороод ирэх байх” гэсэн. Нэргүй ах эхнэртэйгээ утсаар яриад “юу хийж байна” гэхэд эхнэр нь “байраа авчихсан, одоо нэг цэгийн үйлчилгээн дээр шилжүүлэх гээд байж байна” гэсэн. Би ахыгаа дагуулаад Драгоны нэг цэгийн үйлчилгээн дээр очиход “түрээслэж байгаа байраа 53 сая төгрөгөөр худалдаж авсан, нотариатаар гэрээ байгуулчихсан, одоо татвараа тушаах гээд байж байна” гэчихсэн Нармандах, дүү Нгээ нөхөр гэх залуугийн хамт дагуулчихсан явж байсан. ...Нэргүй ах, Нармандах эгч хоёр дээр очоод хийсэн гэрээ, гэрчилгээг нь хамт үзээд Нармандахад “та яахаараа ганцхан өөрийнхөө нэр дээр авдаг юм, Нэргүй ахыг яагаад оруулахгүй байгаа юм, гэрчилгээнд нэрийг нь оруул” гэхэд “оруулахгүй” гэж надад хэлсэн. Би дахиад “та яагаад оруулахгүй гээд байгаа юм, гэр бүлийн хүмүүс чинь хамтран эзэмшигч гээд ордог” гэхэд Нармандах “би оруулахгүй” гэж хэлснээ Нэргүй ахад шууд уурлаж “хэрвээ ах дүү нараа амьдралд оролцуулаад байх юм бол би чамаас сална” гээд уурлаж, уйлж, орилж байснаа над руу “чи мөнгөтэй чинь 30 сая төгрөг шилжүүлчих, тэгээд би энэ ахаас чинь саллаа, байрыг нэр дээр нь шилжүүлээд өгъе” гэсэн. “Би та нарын амьдралыг шийдэх гээгүй, зүгээр Нэргүй ахын нэрийг нь л хамтран эзэмшигч дээр оруулаач” гэхэд Нармандах “оруулахгүй, би оруулахгүй гэж байна” гэж хэлсэн. Би Нэргүй ахаас асуухад “малаа зарсан, 40 гаруй сая төгрөгийг ахын данснаас авсан” гэхээр нь “53 сая төгрөгөөр авсан гэхээр үлдэгдэл мөнгийг нь яасан юм бол” гэхэд Нэргүй ах “гэрт байсан үнэт эдлэлийг ломбарданд тавьсан байх” гэхээр нь “хоёулаа гэрт чинь очиж үзье” гээд гэр лүү нь явсан. Явах замдаа би Нэргүй ахын дүү Алтансүх ах руу ярьж болсон зүйлийг хэлсэн. ...Тэгээд хаалга онгойлгодог хүмүүсээ явуулсан, түлхүүрээр нь онгойлгоод ороход үнэтэй эмээл, хазаар, хөөрөг, мөнгөн эдлэл нь байна уу гэхэд Нэргүй ах үзээд “бүгд байхгүй байна” гэхээр нь “энэ байрыг ингэж авсан юм байна, одоо ер нь яах юм” гээд ярилцаж байтал гаднаас Нарантунгалаг, Нармандах, Н нар 2 цагдаа дагуулаад ороод ирсэн. Цагдаа нар “яагаад хаалга үүд эвдээд, хүн амьтан зодож нүдээд байна” гэхээр нь “хаалга эвдээгүй, түлхүүрээр нь онгойлгож орж ирсэн гэрийн эзэн нь энд байна” гээд тайлбарлаж хэлсэн. Цагдаа нар ч учир байдлыг сонсоод байж байтал Нарантунгалаг намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “та нар ингэж хүн дээрэлхэхгүй шүү” гээд босоод зогстол гүйж ирээд намайг цохиж, миний хоёр гарыг маажаад, хөл, салтаа руу өшиглөсөн. Тэгэхэд Нэргүй ах, Алтансүх ах болиулах гээд хүрээд иртэл Н хүрч ирээд миний цээж, хүзүү хэсэгт гараараа цохиод байсан. ...Тэр үед Н цаанаас гартаа таарсан зүйлс болох гутал, утас зэргийг над руу шидэж, миний толгой руу шидсэн зүйлс нь онож, нэг хатуу зүйл миний нүд рүү оносон. ...Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, өөрөө эдгэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-29-33/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.22-ны өдрийн 8825 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.А-н биед зүүн доод зовхи, хоёр бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-58/,
Гэрч Б.Нармандахын: “Одоо бид нарын амьдарч байгаа байраа Нэргүй бид хоёр 4 жил 6 сарын хугацаанд түрээслэж амьдраад наймаа хийж цуглуулсан мөнгөөрөө авсан малаа зарж, би өөрийн унаж байсан машинаа зарж худалдан авахаар ярилцсан байсан. ...Тэгтэл А ирснээ “тэнэг юм уу, хэн байр ав гэсэн юм” гэснээ гарт байсан бичиг баримтыг булааж аваад цээж рүү түлхэж унагаад намайг элдвийн үгээр доромжилсон. Би гэртээ алхаад иртэл орцны үүдэнд манай хоёр дүү Н, Нарантунгалаг хоёр, мөн 2 цагдаа ирчихсэн байхаар нь “яасан юм” гэтэл Нарантунгалаг “гэрийн чинь үүдийг А эвдээд орчих шиг боллоо, тэгээд цагдаа дуудсан” гэхээр нь цагдаа нартай цуг гэртээ ороход А, манай нөхөр Нэргүй, нөхрийн бага дүү Алтансүх нар байсан. А манай дүү нар луу салаавч гаргаад маргаан болж байтал манай хоёр дүүгийн нэг нь А луу тавчик шидэх шиг болсон. Тэр нь Аын зүүн хацрыг онох шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Гэрч Х.Батбаатарын: “Тухайн өдөр би Бүргэд-112 чиглэлд цагдаа жолооч Буянбатын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 102 тоот хаалгыг хүн эвдээд орчихсон байна” гэх дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн гэх 3 эмэгтэй орцны үүдэнд зогсож байсан. ...Уг 3 эмэгтэй А гэдэг залуу руу гурвуулаа дайраад байсан. ...Нэг эмэгтэй нь үүдэнд байсан гутал, тавчик зэрэг зүйлсийг шидээд байсан...” гэх мэдүүлэг /хх-42-43/,
Гэрч Ш.Алтансүхийн: “...Тэгэхэд Н нь цаанаас гарт таарсан юм болгоноо авч А луу чулуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх-45-46/,
Гэрч Ш.Нэргүйн: “...Бид гурвыг гэрт байж байтал эхнэр Нармандах өөрийн дүү Нарантунгалаг, Н нартай цуг 2 цагдаа дагуулаад орж ирээд дүү нар нь манай нагац дүү А луу “чиний юмыг авчихсан юм уу” гээд орилолдоод байсан. Цагдаа нар боль гэж байхад Нарантунгалаг, Н хоёр өөрсдийнхөө өмсөж байсан гутал, гар утсаа А луу шидлээд байсан, хаана нь оносон эсэхийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-48-49/,
Шүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар өгсөн: “Манай эгчийн нөхөр Нэргүй ахыг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Шар хадны эмнэлэгт хэвтүүлэхээр цугтаа явсан. “Түрээслэн сууж байгаа байраа худалдаж авъя” гэж ярилцацгааж байсан. ...Нэг цэгийн үйлчилгээн дээр очоод байрны татварыг төлчихөөд, код ирэх ёстой гэхээр нь хүлээж байтал Нэргүй ах нэг танихгүй залуугийн хамт /А/ ирсэн. Би А гэдэг залууг өмнө нь харж байгаагүй. А нилээн уур бухимдалтай ирээд, Нармандах эгч рүү “та яаж байгаа юм, яагаад авч байгаа юм” гээд хэлж байсан. Яг тэр үед “код нь ирчихлээ” гэхээр нь би татварын цонх дээр очоод зогсож байтал А миний гараас нөгөө бичиг баримтыг булаагаад аваад явчихсан. ...Нармандах эгч залгахаар нь автал уйлчихсан байсан. Юу болсон гэхэд А миний цээж рүү нударчихаад билүү цохичихоод бичиг баримт аваад явчихлаа гэхээр нь “Нэргүй ах эхнэрээ өмөөрдөггүй юм уу” гэхэд “Нэргүйг загнаад машиндаа суулгаад явчихлаа” гэж ярьсан. ...Нарантунгалаг эгч, А хоёр маргалдаж байхад А эгчийн өөдөөс “муусайн гуйлгачингууд” гээд салаавч гаргаад байсан. Тэгэхэд нь би гутлын тавиур дээр байсан гутал, тавчик зэргийг А луу шидсэн. А хоёр цагдаагийн голоор орж ирээд Нарантунгалаг эгчийн хэвлий тус газарт нь хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд ...би “чи хүн аллаа шүү дээ, болиоч” гээд Аын цээж рүү хоёр гарынхаа алгаар хүчтэй 2 удаа түлхээд, гар хуруунаас нь татсан...” гэх мэдүүлэг /хх-109-112/,
Гэрч Б.Пүрэвбаярын мэдүүлэг /хх-39-40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан бичиг /хх-124/, хохирогчийн “Миний бие Б.Нтэй эвлэрсэн, түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-131/, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-132/, прокурорын тогтоол /хх-133/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Н нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байр, 101 тоотод иргэн Б.Атай “төрсөн эгч Б.Нармандахын байрны гэрчилгээнд хүргэн ах Ш.Нэргүйн нэрийг оруулахгүй” гэдэг шалтгаанаар маргалдан улмаар Б.А руу эд зүйл авч шидэж, зүүн доод зовхи, хоёр бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Аын “...Н цаанаас гартаа таарсан зүйлс болох гутал, утас зэргийг над руу шидэж, миний толгой руу шидсэн зүйлс нь онож, нэг хатуу зүйл нь миний нүд рүү оносон...” гэх мэдүүлэг /хх-31-33/, гэрч Б.Нармандахын “...манай хоёр дүүгийн нэг нь А луу тавчик шидэх шиг болсон. Тэр нь Аын зүүн хацрыг онох шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-36-37/, гэрч Х.Батбаатарын “...Нэг эмэгтэй нь үүдэнд байсан гутал, тавчик зэрэг зүйлсийг авч шидээд байсан...” гэх мэдүүлэг /хх-42-43/, гэрч Ш.Алтансүхийн “...Тэгэхэд Н цаанаас гарт таарсан юм болгоноо авч А луу чулуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх-45-46/, гэрч Ш.Нэргүйн “...Н нар манай нагац дүү А луу “чиний юмыг авчихсан юм уу” гээд орилолдоод байсан. Цагдаа нар “боль” гэж байхад Нарантунгалаг, Н хоёр өөрсдийнхөө өмсөж байсан гутал, гар утсаа А луу шидлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-48-49/, шүүх эмнэлгийн 8825 дугаар “1. Б.А-н биед зүүн доод зовхи, хоёр бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун бугалга, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-58/, шүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар өгсөн “...А нь эгчийн өөдөөс “муусайн гуйлгачингууд” гэж хэлээд салаавч гаргаад байсан. Тэгэхэд нь би гутлын тавиур дээр байсан гутал, тавчик зэргийг А луу шидсэн. ...Аын цээж рүү хоёр гарынхаа алгаар хүчтэй 2 удаа түлхээд, гар хуруунаас нь татсан...” гэх мэдүүлэг /хх-109-112/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Нгийн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.А луу эд зүйл шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, өөрөө эдгэрсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-31-33/, “миний бие Б.Нтэй эвлэрсэн, түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-131/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хүн рүү юм шидээд онож гэмтэл учруулснаа хүлээж байна. Их дээрэлхүү хүн байсан” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд хувийн таарамжгүй харилцааны улмаас эд зүйлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б.Нг 460.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөшөөт овогт Банзрагчийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 460.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР