Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1279

 

 

 

 

 

 

 

 

     2019         12           04                                        2019/ШЦТ/1279         

 

-                                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908037841732 дугаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сүхбаатарын Ц /РД:/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч С.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан бассейн сургалтын төвийн гадна иргэн М.Яыг “хүүхэд тоглодог газар бие засахаа болиоч” гэх маргаан үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа учир мэдүүлэг өгөхгүй. Дэлгүүрийн хажууд халамцуу залуу ирээд бие зассан. Тэгэхэд нь би “боль” гэж шаардлага тавьсан. Хохиролд 1.200.000 төгрөг өгсөн. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1908037841732 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Яын: “2019 оны 7 дугаар сарын сарын 16-ны ...23 цагийн үед байрныхаа гадаа ирсэн. Дэлгүүр орох гээд алхаж байхад саравчинд хоёр залуу, хоёр хүүхэн суугаад хоёр эрэгтэй нь маргаад байх шиг байсан. Миний дотор муухай оргиод дэлгүүрийн хажуу талд огиод зогсож байхад миний араас нэг залуу “чи наанаа шээхээ болиоч” гэхээр нь “би шээгээгүй байна, чиний нүд чинь сохор юм уу” гээд дэлгүүр лүү орох гэж байхад Ц гэж өндөр махлаг залуу ирээд “чи юу гээд байгаа юм бэ” гээд цээж рүү толгойгоороо тулж зогсоод байж байхад манай эхнэр ирээд “юу болоод байгаа юм бэ” гээд салгах гэж байхад Ц миний шанаа руу хальт цохисон. Би эхнэрээ цааш түлхэж холдуулаад тэр залуугийн гарнаас татахад тэр залуу хөл алдаад унасан. Тэр үед миний араас туранхай өндөр залуу боогоод хөдөлгөөн хориглох үед Ц гэж махлаг залуу газраас босож ирээд миний зүүн хөмсөг рүү нэг удаа хүчтэй цохихоор нь би зөрүүлээд тэр залууг цохисон. Би цагдаа хүлээгээд зогсож байхад миний баруун хөл гишгэж болохгүй хөндүүрлэж өвдөөд байсан. ...Би гомдолтой байна. Одоо болтол хоёр суга таяг дээрээ явж байгаа. Ажил хийж чадахгүй гэртээ байна. Хэрэв баруун хөлний ясны хугарал нь эдгэхгүй бол хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлсэн. Лхамсүрэн гэж залуу найз Цг надаас салгаж холдуулсан. Ц миний зүүн хөмсөг рүү гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохих үед миний хөмсөгнөөс цус гарсан. Ц өөр байдлаар надад гар хүрч цохиж, зодсон асуудал байхгүй. Ц миний баруун хөл рүү цохиж, өшиглөсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.24-ний өдрийн 8920 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Яын биед баруун хөлийн өсгий ясны сэлтэрсэн хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-38/,

Хэргийн задгай материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт 2019.11.12-ны өдрийн 1450 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Яын биед учирсан баруун хөлийн өсгий ясны сэлтэрсэн хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Баруун хөлийн өсгий ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь дангаараа ГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.5.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 6.Баруун хөлийн өсгий ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, дээрх гэмтлүүд. нь нийлээд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба учирсан гэмтлүүдийн дэс дарааллыг тогтоох боломжгүй. 7.Дээрх гэмтлийг өөрийн гараар учруулах боломж муутай” гэжээ /хх-45-48/,

Гэрч У.Лхамсүрэнгийн: “...Ц, Үүрдмандах хоёр 0,5 литрийн архи хувааж уусан. Гадаа саравчинд сууж байхад дэлгүүрийн зүүн урд нэг залуу шээгээд зогсож байхад нь Ц “чи хүүхэд тоглодог газар бие засахаа болиоч” гэхэд “та нар баагаад сууж байгаа хүнд юм ярьдаггүй байж юу яриад байгаа юм” гээд маргахад Ц тэр залуу дээр очоод өөд өөдөөсөө хараад зогсож байхад нэг эмэгтэй ирээд Цгийн цээж рүү цохиж түлхэх үед Ц дэлгүүрийн хаалганы босгонд хөл нь тээглээд газар унахад нөхөр нь гэх Я гэж залуу Цгийн нүүр лүү нэг удаа цохиход Ц зөрүүлээд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Г.Оюуны: “...23 цагийн үед байрныхаа гадаа ирсэн. Нөхөр Я машинаасаа буугаад дэлгүүр орох гээд явсан. Манай дүү Орхон арын суудал дээр сууж байгаад “хүмүүс муудалцаад байх шиг байна” гэж хэлсэн. Тэр үед эрэгтэй хүмүүсийн хэрэлдэх чимээ гарсан. Би машинаас буугаад тойроод харахад нөхөр Я нэг залуутай бие биенийхээ өөдөөс харсан, хэрэлдээд нөгөө залуу нь цээжээрээ манай нөхрийг түлхээд дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Би очоод тэр залууг нөхрөөсөө салгаж холдуулаад “чи битгий хүн өдөөд бай, мөрөөрөө архиа уугаад яв” гээд гарын бугалганаас нь татаад түлхэхэд, миний өмнөөс “яах гээд байгаа авгай вэ” гээд гараа далайсан. Манай нөхөр “наадах чинь жирэмсэн хүн байна” гээд намайг түлхээд тэр залуугийн цамцнаас татахад тэр залуу газар хөл алдаж унасан. Газар унасан залуу босож ирээд нөхөр Яын нүүр лүү цохисон. Нөхрөө харахад зүүн хөмсөгнөөс нь цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Гэрч Т.Баясгалангийн: “...Тэр өдрийн орой 23 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32, 33 дугаар байрны гадна усан бассейны гадна согтуу хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. ...уг дуудлага мэдээлэл дээр очиж шалгахад усан бассейны баруун талын хүнсний дэлгүүрийн гадаа хоёр залуу хоорондоо хэрэлдэж, маргаад, хажууд гурван хүүхний нэг нь жирэмсэн хоорондоо нөхрүүдээ өмөөрч хэрэлдэж маргаж байсан. Би Үүрдмандах гэж залууг хэрүүл маргаанаас холдуулаад 33 дугаар байрны 9 дүгээр орцны гадна аваачиж юу болсон талаар асуухад “Я гэгч залуу миний хүүхдийн хажууд дэлгүүрийн хажууд шээсэн” гэж хэлээд байж байхад Я гэж залуугийн зүүн хөмсөгнөөс цус гарсан “наад залуугийн найз нь намайг цохьчихлоо” гэж хэлээд ирсэн. Я Үүрдмандах хоёрыг машинаас буулгахад Я “миний баруун хөл шагайгаараа өвдөөд гишгэж болохгүй байна” гэхээр машинд нь үлдээгээд, Үүрдмандах гэж залууг эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Шүүгдэгч С.Цгийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ний 23 цагийн үед 17 дугаар хороо, 33 дугаар байрны голын дэлгүүрийн саравчинд найз Үүрдмандахын гэр бүл болон манай гэр бүлийн хамт хүүхдүүдээ салхинд гаргаад юм яриад сууж байхад дэлгүүрийн хажуу талын хашлага руу нэг залуу шээгээд зогсож байхаар нь би “чи наанаа шээхээ боль, наана чинь хүүхэд тоглодог юм” гээд Я гэж залуу дээр очиход миний урдаас “юу гэнээ пизда минь” гэхээр нь би “наанаа шээхээ больчих” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд хэрэлдээд зогсож байхад манай найз Үүрдмандах ирээд миний хажууд зогсож байхад шар царайтай бүлтгэр нүдтэй Яын эхнэр гэх хүүхэн гэнэт гарч ирээд “юун хүн бэ” гээд намайг хоёр гараараа түлхэх үед Я эхнэрээ нэг гараараа цааш түлхэж холдуулаад, гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Би зөрүүлээд Яын нүүр лүү нэг удаа цохих үед Үүрдмандах намайг салгаж холдуулсан. Тэр үед Яын хөмсөг сэтэрсэн бололтой цус гараад байсан. Я Үүрдмандахын араас цохиж хоорондоо зууралдаад хашлаганы ногоон тороосонд хөл нь тээглээд хамт газар унаж байсан. Удалгүй хөдөлгөөнт эрүүлийн машин ирээд Үүрдмандах, Я хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-58-60/,

мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /хх-1/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-70/, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт /хх-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/, хохирлын баримтууд, хохирлын тооцоо /хх-77-81/, хохирогчийн “...Цд гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-90/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Усан спорт сургалтын төвийн гадна иргэн М.Ятай “хүүхэд тоглодог газар бие засахаа болиоч” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Яын “...Миний дотор муухай оргиод дэлгүүрийн хажуу талд огиод зогсож байхад ...Ц гэж залуу миний шанаа руу хальт цохисон...” гэх мэдүүлэг /хх-14-15/, гэрч У.Лхамсүрэнгийн “...Ц Үүрдмандах хоёр 0,5 литрийн архи хувааж уусан. ...дэлгүүрийн зүүн урд тал нэг залуу шээгээд зогсож байхад нь Ц ...тэр залуугийн нүүр лүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Г.Оюуны “...газар унасан залуу газраас босож ирээд нөхөр Яын нүүр лүү цохисон. Би нөхрөө харахад зүүн хөмсөгнөөс нь цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/, гэрч Т.Баясгалангийн “...юу болсон талаар асуухад “Я гэгч залуу миний хүүхдийн хажууд дэлгүүрийн хажууд шээсэн” гээд байж байхад Я гэж залуугийн зүүн хөмсөгнөөс цус гарсан “наад залуугийн найз нь намайг цохьчихлоо” гээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-35-36/, шүүх эмнэлгийн 1450 дугаар “1. М.Яын биед учирсан баруун хөлийн өсгий ясны сэлтэрсэн хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. ...зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх нэмэлт шинжилгээ /хх-45-48/, шүүгдэгч С.Цгийн яллагдагчаар өгсөн “...дэлгүүрийн хажуу талын хашлага руу нэг залуу шээгээд зогсож байхаар нь ...би Яын нүүр лүү нэг удаа цохих үед Үүрдмандах намайг салгаж холдуулсан. Яын хөмсөг сэтэрсэн бололтой цус гараад...” гэх мэдүүлэг /хх-58-60/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Цгийн хохирогч М.Ятай маргалдан нүүрэнд нь гараараа цохиж, хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Яын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-90/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “Хохиролд 1.200.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Ц тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна. Цаг тухайд нь төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар буюу гэрч У.Лхамсүрэнгийн “...дэлгүүрийн зүүн урд нэг залуу шээгээд зогсож байхад нь Ц “Чи хүүхэд тоглодог газар бие засахаа болиоч” гэхэд...” гэх мэдүүлэг /хх-24/, гэрч С.Үүрдмандахын “...дэлгүүрийн хажуу талын хашлага руу нэг согтуу залуу шээгээд зогсож байхад...” гэх мэдүүлэг /хх-30/, гэрч Т.Баясгалангийн “...Үүрдмандах гэж залууг хэрүүл маргаанаас холдуулаад юу болсон талаар асуухад “Я гэж залуу миний хүүхдийн хажууд дэлгүүрийн хажууд шээсэн” гэж хэлээд...” гэх мэдүүлэг /хх-35/, шүүгдэгч С.Цгийн “...дэлгүүрийн хажуу талын хашлага руу нэг залуу шээгээд зогсож байхаар нь “боль, наана чинь хүүхэд тоглодог юм” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-67/ зэрэг тухайн үед хэргийн газарт байсан хүмүүсийн дээрх байдлаар харилцан мэдүүлж байгаагаар хохирогч М.Я гудамж талбайд шээж байсан буюу зүй бус, хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх тул хохирогчийн зүй бус, хууль үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хүний эрх эрх чөлөөнд халдсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн “гудамж олон нийтийн газар хохирогч бие зассан” буруутай үйлдэл нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1.200.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тохироогүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч С.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР