| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1285/Э |
| Дугаар | 1286 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Х.Н |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1286
2019 12 05 2019/ШЦТ/1286
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Э.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908035141444 дүгээр хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух,
урьд Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан,
Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Ганжуухай овогт Эрдэнэбаатарын А /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.А нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 38-10 тоотод оршин суух иргэн Ё.Дгийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч MNBC кабелийн төхөөрөмж, хавар намрын куртик зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 105.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр айлд согтуу ороод гарч яваад хүүхэдтэй нь таараад баригдсан. Гэмшиж байна. Миний буруу. Цаашид дахин хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 1908035141444 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ё.Дгийн: “...Манай гэрийг хүү Ариунболд харж үлдсэн. 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрийнхээ ойролцоо байдаг найзтайгаа уулзчихаад 04 цагийн орчим гэр лүүгээ явж байхад манай гэрээс нэг танихгүй эрэгтэй хүн гартаа юм барьчихсан гарч байхыг хараад хашааны гадаа нөгөө хүнтэй таарахад ногоон өнгийн хавар намрын куртикийг нь өмсчихсөн байхаар нь гэр лүүгээ дагуулаад ороод, эд зүйлсээ шалгахад манай зурагтын МВС кабелийн хүлээн авагч, хүүгийн ногоон өнгийн куртик байхгүй байхаар нь хажуу айлын эгч Ё.Даваабаярыг дуудаж, цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-14, 17/,
Гэрч С.Ариунболдын: “...2019 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө гэрээ онгорхой орхиод Оогий гэх найзынхаа ...ажилд нь туслаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4 цагийн орчим гэр лүүгээ орох гээд явж байхад манай хашаанаас шар алаг өнгөтэй ажлын хувцастай, хагас түрийтэй гуталтай, дээгүүрээ миний куртиктэй адилхан куртик өмссөн танихгүй эрэгтэй хүн гартаа юм бариад явж байсан. Би юу барьсан байгааг нь лавшруулж хартал хуйлчихсан хар цаасан дотор манай кабелийн хүлээн авагч байсан. Би уг хүнийг гэртээ дагуулж ороод кабелийн хүлээн авагч болон өөрийн куртикээ шалгатал байхгүй болохоор “цагдаа дуудна” гээд хажуу айлын Даваабаяр эгчийг дуудсан. Манай гэрээс хулгай хийсэн залуу архи нилээн үнэртүүлчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-18, 21/,
Гэрч Ё.Даваабаярын: “...2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 04 цагийн үед хажуу айлын Ариунболд намайг дуудаад “манай гэрт хулгай орчихлоо, зурагтын хүлээн авагч, ногоон куртик хоёрыг аваад гудмаар явж байхад нь би таараад, дагуулаад ирлээ, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь “өөрөө цагдаад дуудлага өг” гээд гар утсаараа яриулсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг аваад явсан. Ариунболдын гэрээс зурагтын хар хүлээн авагч, ногоон өнгийн куртик алдагдсан. Тэр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрөө гуйваад сайн явж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-23/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.07.27-ны өдрийн 19/172 дугаар тодорхойлолтод: “Кабель хүлээн авагч 70.000 төгрөг, хавар намрын куртик 35.000 төгрөг, нийт дүн 105.000 төгрөг” гэжээ /хх-31/,
Шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн: “Баянхошууны тойргийн ойролцоох “Тэргэл” караокед 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчим очиж 5 шил пиво ганцаараа уусан. Харихаар явж байгаад Баянхошуу хуучин эцсийн автобусны буудлын хажууханд шатаар уруудаж буугаад, ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан хаалгатай хоёр монгол гэртэй хашаа руу ороод, баруун талын гэрийн гэрэл асаалттай, хаалга нь дэлгээтэй гэрт хүнгүй харагдаж байхаар нь ороод зурагтын хүлээн авагч төхөөрөмж болон баруун талын орон дээр байсан эрэгтэй хүний куртик аваад хашаанаас гарсан. Явж байтал 18-25 орчим насны залуутай гудамжинд тааралдаад “миний куртик байна” гээд бид хоёр маргалдаад намайг гэр лүүгээ дагуулаад орсон. Тэр залууд “зурагтын хүлээн авагч төхөөрөмж болон куртикээ ав” гэж өгөөд “миний дүү цагдаа битгий дуудаарай” гэхэд хажуу айлынхаа нэг эмэгтэйг дуудаад цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-40-42/,
гэрч Ө.Чинзоригийн мэдүүлэг /хх-25/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-43-45/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, тээврийн хэрэгсэл “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-54/, эд хөрөнгө “бүртгэгдээгүй” тухай албан бичиг /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, шийтгэх тогтоолын хуулбар, зан байдлын тодорхойлолт /хх-63, 64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-75/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-73/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-94-96/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.А согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 38 дугаар гудамж, 10 тоотод байрлах иргэн Ё.Дгийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч “MNBC” кабелийн төхөөрөмж, хавар намрын куртикийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 105.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ё.Дгийн “...манай гэрээс нэг танихгүй эрэгтэй хүн гартаа юм барьчихсан гарч байхыг хараад хашааны гадаа нөгөө хүнтэй таарахад ногоон өнгийн хавар намрын куртикийг өмсчихсөн байх шиг байхаар нь гэр лүүгээ дагуулж ороод эд зүйлсээ шалгахад зурагтын МВС кабелийн хүлээн авагч, ногоон өнгийн куртик байхгүй байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-14, 16/, гэрч С.Ариунболдын “...манай хашаанаас шар алаг өнгөтэй ажлын хувцастай, хагас түрийтэй гуталтай, дээгүүрээ миний куртиктэй адилхан куртик өмссөн танихгүй эрэгтэй хүн гартаа юм бариад явж байсан. Би уг хүнийг гэртээ дагуулж ороод кабелийн хүлээн авагч болон өөрийн куртикээ шалгатал байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-21/, гэрч Ё.Даваабаярын “...Ариунболд намайг дуудаад “манай гэрт хулгай орчихлоо, зурагтын хүлээн авагч, ногоон куртик хоёрыг аваад гудмаар явж байхад нь би таараад...” гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн “...хоёр монгол гэртэй модон хашаа руу ороод, баруун талын гэрийн гэрэл нь асаалттай, хаалга нь дэлгээтэй гэрт хүнгүй харагдахаар нь ороод зурагтын хүлээн авагч төхөөрөмж болон баруун талын орон дээр байсан эрэгтэй хүний куртик аваад хашаанаас гараад явж байтал...” гэх мэдүүлэг /хх-40-42/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-43-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Аын хохирогч Ё.Дгийн онгорхой байсан монгол гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, “MNBC” кабелийн төхөөрөмж, хавар намрын куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Дд 105.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Эд зүйлээ буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-14, 17/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ч, хохирогчид баригдаад эд зүйлийг буцаан өгсөн байдаг. Урьд хулгайн хэрэгт 2 удаа ял шийтгэгдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Өсвөр насандаа гэмт хэрэгт холбогдож байсан. Түүнээс хойш 14-15 жил болсон. Засарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байгаа. Шүүгдэгч нь жирэмсэн эхнэртэйгээ амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, эд зүйлийг биет байдлаар нөхөн төлсөн буюу учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. 1 удаагийн үйлдэлтэй, 105.000 төгрөгийн хохирол учруулсан зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, бусдын эзэмшлийн монгол гэр онгорхой байхад сэм орж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /105.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж буй, эхнэр нь жирэмсэн 9 сартай гэх, урьд 2 удаа ял шийтгэлтэй/-ыг болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ганжуухай овогт Эрдэнэбаатарын Аыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Аыг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Аыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР