| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1294/Э |
| Дугаар | 1297 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1297
2019 12 06 2019/ШЦТ/1297
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908047901672 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бойтог овогт Дашдондогийн Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 33 дугаар байрны гадаа саравчинд О.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүзүү, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учруулан хүч хэрэглэж, согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Болсон зүйлийг санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 1908047901672 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч О.Сгийн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ...21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Вест баар луу явсан. Одноо бид хоёр нэг ширээнд сууж 2, 2 шил пиво уусан. Одноо түрүүлээд явсан. Би ганцаараа суугаад үлдсэн. Тэндээс яаж гарч, яаж тэр байрны голд очсноо ч санахгүй байгаа. Нэг сэргэтэл байрны голд саравчинд өмд турсик хоёр өвдөгнөөс доош болтол шувтарчихсан, нэг хүн дээрээс хоолой боочихсон, хөдлөх боломжгүй, хажуу тийш хартал утас хол байсан. Тэгээд байж байтал хоёр цагдаа ирж тэр залуу бид хоёрыг авч явсан. Би хамт байсан залуугийн царайг хальт л санаж байна. Өмнө нь Ханын материалд байх нийтийн караокед дуулаад сууж байхад миний хажууд зодоон хийсэн байдалтай, цус болчихсон нэг залуу сууж байсан юм. Гэхдээ би тэр залуутай дугаараа солилцож танилцаагүй. Миний санаж байгаагаар Вест бааранд байхад тэр залуу миний хажууд суугаад байсан шиг санагдаж байна. Тэр залуу намайг хүчиндээгүй, харин хүчиндэхийг завдаад надад хүч хэрэглэсэн. Би бол намайг хүчиндэж амжаагүй гэж санаж байна. Тухайн залуу миний хоолойноос боосон байсан, хүзүү хэсэг улайж хавдсан байгаа. Гуяны хэсэгт хумсаар маажсан гэх улаан толбонууд үлдсэн байгаа. Би сорви арилгах гоо сайхны эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг Баас бэлнээр хүлээн авсан. Одоо надад санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-18, 74/,
Гэрч С.Золзаяагийн: “2019 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө 04 цагийн үед гэртээ байхад урд талын цонхоор нэг эмэгтэй хүн орилж байгаа чимээ сонсогдохоор нь хартал саравчинд нэг эрэгтэй хүн эмэгтэйгийнхээ дээр гарчихсан хүчиндээд байгаа юм шиг харагдсан. Эмэгтэй нь “чи хэн бэ” гээд орилоод байхаар нь нөхрөө сэрээсэн. Нөхөр босож харахад эмэгтэй нь өөрөө дуртай байгаа юм шиг гийнаж дуугараад эхэлсэн. Нөхөр “наад эмэгтэй чинь өөрөө дуртай байгаа юм биш үү” гэхээр нь тоолгүй орхисон. Удалгүй нөгөө эмэгтэй “намайг аллаа, туслаарай, хоолой боогоод байна” гээд орилохоор нь хартал энд тэнд хүмүүс “болиоч ээ” гээд орилоод байсан. Тэр эрэгтэй, эмэгтэй 2 хүн согтуу байх шиг байсан. Би цагдаа руу утасдаад, 5-6 минутын дараа цагдаа нар ирээд тэр 2 хүнийг аваад явсан. ...Нэг гуя харагдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
Гэрч Б.Буянбатын: “2019 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 04 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 9 дүгээр орцны урд талын сааданд эмэгтэй хүнийг хүчиндээд байна” гэсэн утгатай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход 33 дугаар байрны 9 дүгээр орцны урд талын саравчинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй нь уйлсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “энэ залуу намайг хүчиндэхийг завдсан” гээд байсан. Анх очоод харахад эмэгтэйн өмд нь өвдөг хүртлээ шувтарсан, турсик нь харагдаж байсан, харин эрэгтэй нь нэг гутлаа тайлсан байсан. Эрэгтэйг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Сэлбэ-120-д эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-31/,
Гэрч Т.Баясгалангийн: “...04 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 9 дүгээр орцны урд талын сааданд эмэгтэй хүчиндээд байна” гэсэн утгатай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч Б.Буянбатын хамт очиж шалгахад 33 дугаар байрны 9 дүгээр орцны урд талын саравчинд эмэгтэй нь өмд нь өвдөг хүртлээ шувталсан, эрэгтэй нь нэг гутлаа тайлсан байдалтай байсан бөгөөд очтол эмэгтэй нь шууд уйлж “та хоёр яаж ирэв” гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-34/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.30-ны өдрийн 11151 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О.С-н биед хүзүү, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.О.С-н охин хальс үлдэц төдий байна. 5.О.С нь далд хэлбэрийн тэмбүү өвчтэй. В/III/ бүлгийн цустай байна. 6.Үтрээний арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй” гэжээ /хх-39/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.10.25-ны өдрийн 12979 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Б нь урьд өмнө тэмбүүгээр өвчилж байсан идэвхгүй хэлбэрийн тэмбүүтэй байх ба одоо бэлгийн замын халдварт өвчин үгүй байна. 3. Б нь бэлгийн чадвартай байна. 4. Б нь цусны 2 дугаар бүлэгтэй байна. 5. Бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ /хх-43-44/,
Шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 01 цагийн үед “Вест” баар луу ганцаараа орсон. Бүжгийн талбай руу алхаж байтал С гэх эмэгтэй бүжиглэж байхдаа над руу даллаад байсан. Би эхлээд таниагүй. Текний хажууд очоод нэг шил пиво аваад сууж байтал С ирээд “би ганцаараа байна, хамт сууя” гээд ширээ рүү очиж хамт суусан. Бид хоёр хүний 2, 2 пиво уугаад баар хаах үед гарсан. Гараад ийшээ ойрхон саравчинд очиж нэг нэг шил пиво ууя гээд алхаж явсаар 33 дугаар байрны голын саравчинд очиж суусан. Тэнд яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд 2 цагдаа ирээд аваад явсан. Би тухайн үед согтуу байсан учир болсон асуудлыг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-54-55/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны “Нэг залуу эмэгтэй хүнийг хүчиндээд байна гэх” хуудас /хх-4/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн О.Сгийн өргөдөл /хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/, шинжээч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт /хх-58/, тээврийн хэрэгсэл “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-60/, гэрлэлт “бүртгэлгүй” лавлагаа /хх-62/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадаа саравчинд иргэн О.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүзүү, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учруулан хүч хэрэглэж, согтуурсан байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохоор завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О.Сгийн “...нэг сэргэтэл байрны голд саравчинд өмд турсик хоёр өвдөгнөөс доош болтол шувтарчихсан, нэг хүн дээрээс хоолой боочихсон, хөдлөх боломжгүй, хажуу тийш хартал утас хол байсан. ...Тэр залуу намайг хүчиндээгүй, харин хүчиндэхийг завдаад надад хүч хэрэглэсэн. Намайг хүчиндэж амжаагүй гэж санаж байна...” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч С.Золзаяагийн “...саравчинд нэг эрэгтэй хүн эмэгтэйнхээ дээр гарчихсан хүчиндээд байгаа юм шиг харагдсан. Эмэгтэй нь “чи хэн бэ” гээд орилоод.., удалгүй нөгөө эмэгтэй “намайг аллаа, туслаарай, хоолой боогоод байна” гээд орилохоор нь хартал энд тэнд хүмүүс “болиоч ээ” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/, гэрч Т.Баясгалангийн “...Дуудлагын дагуу шалгахад 33 дугаар байрны 9 дүгээр орцны урд талын саравчинд эмэгтэйн өмд нь өвдөг хүртлээ шувталсан, эрэгтэй нь нэг гутлаа тайлсан байдалтай байсан. Очтол эмэгтэй нь шууд уйлж “та хоёр яаж ирэв” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-34/, гэрч Б.Буянбатын “...Дуудлагын дагуу очиж шалгахад ...эмэгтэй нь уйлсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “энэ залуу намайг хүчиндэхийг завдсан” гээд байсан. Анх очоод харахад эмэгтэйн өмд нь өвдөг хүртлээ шувтарсан, турсик нь харагдаж байсан, харин эрэгтэй нь нэг гутлаа тайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-31/, шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн “...С ирээд “би ганцаараа байна, хамт сууя” гээд ширээ рүү очиж хамт суусан. Бид хоёр хүний 2, 2 пиво уугаад баар хаах үед гарсан. Гараад ийшээ ойрхон саравчинд очиж нэг нэг шил пиво ууя гээд алхаж явсаар 33 дугаар байрны голын саравчинд очиж суусан. Тэнд яг юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-54-55/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны “Нэг залуу эмэгтэй хүнийг хүчиндээд байна гэх” хуудас /хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Бын хохирогч О.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч /хоолойг боосон/ хэрэглэн, согтуурсан байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орохыг завдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би сорви арилгах гоо сайхны эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг Баас бэлнээр хүлээн авсан. Одоо надад санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-74/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хохирогч тодорхой идэвхтэй үйлдэл хийсэн байдаг. Шүүгдэгч ажил эрхэлдэг, гэр бүлтэй, хохирогч гомдолгүй гэсэн. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хүний бэлгийн эрх, эрх чөлөөнд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохиролд 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг болон шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Бд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бойтог овогт Дашдондогийн Быг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Бд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР