Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0354

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Х.Э................х, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0169) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хар банди овогт Х................ны Э................хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0077 00268 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хар банди овогт Х................ны Э................х, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........, Шандын 9 дүгээр гудамжны 104 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ПГ88091513.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Х.Э................х нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний орой 20 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ........ Шанд ........ тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Ж........ааг “гэрийн цагаан бүрээс урлаа, ажил хийсэнгүй, яаж амьдрах юм бэ” гэж хэлсний улмаас хэрүүл маргаан үүсгэж бухимдаж уурлахдаа зүүн гуянд хайчаар хатгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед зүүн гуянд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Б.Ж........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Э................х хоёр охины хамт Сонгинохайрхан дүүргийн ........нд амьдардаг. ...2020 оны 1 дүгээр сарын 31-ний орой 20 цагийн орчим нөхөр хоёр хүүхэд,... төрсөн дүү А........л бид нар гэртээ байсан. Би гэртээ байхдаа нөхөр Э................ход хандаж “чи гараад гэрийн хаяа манаадах” гэж хэлэхэд Э................х уурлаад байсан. Тэгээд бид хоёр хамтдаа гэрээс гараад хаяагаа цуг манасан. Тэгтэл Э................х гэрийн цагаан бүрээсийг урчхаад гэр лүү орчихоор нь би буцаж ороод “чи ямар сонин зантай хүн бэ, айлын гэр оронд амьдарч байж цагаан бүрээсийг нь урж байдаг. Ямар учиртай юм гэж хэлэхэд Э................х уурлаад хоолны шүүгээнд байсан шар бариултай хайчийг аваад хайчныхаа бариул хэсгээр миний зүүн гуя нь дээр ...хоёр гурав удаа хүрээд цаашаа хайчаа шүүгээндээ буцааж хийчхээд орон дээр суусан. Би тэгэхээр нь “чи муу луйварчин чадахгүй л дээ” гээд ...жоохон үгээр өдсөн чинь босож ирээд хайчаа аваад ...миний зүүн гуя руу хайчаар хатгасан. Нөхөр маань хутга, шөвгөөр урьд өмнө намайг хутгалж байгаагүй болохоор хайчаар хатгачихна гэж үнэхээр санаанд ороогүй...манай нөхөр хайчаар миний зүүн гуя руу нэг удаа хатгасан. Мөн зүүн гуя тус газар нэг удаа хальт өшиглөөд авсан, өөр зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

2. Гэрч Б.А........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт ...Ж........аа эгч орж ирээд Э................х ахад хандаж “чи ямар сонин зантай юм бэ, айлын цагаан бүрээс ямар учраас урж байгаа юм бэ” гэж хэлэхэд Э................х ах уурлаад байсан. Тэгээд Э................х ах хоолны шүүгээнд байсан шар иштэй хонины ноос хайчилдаг хайчийг аваад Ж........аа эгчийн зүүн гуя тус газарт айлгах санаатай бариул хэсгээр нь хүрээд байсан. Тэгээд Э................х ах хайчаа хоолны шүүгээнд буцааж хийгээд орон дээр сууж байхад Ж........аа эгч “чи муу луйварчин чадахгүй л дээ” гээд үгээр өдсөн чинь Э................х ах шүүгээнээс дахиад шар иштэй хайчийг аваад шууд Ж........аа эгчийн зүүн гуя руу нэг удаа хатгасан. Мөн хальт зүүн гуя тус газарт өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2196 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн гуяны урд доод хэсэгт 2.2х0.2см 2 ш мэс заслын оёдол бүхий, зах ирмэг тэгш, хөндлөн байрлалтай хатгагдсан шархтай. Орчны эд хавдсан, эмзэглэлтэй.

2020.01.31-ний ГССҮТ эмчийн үзлэгт: зүүн гуяны өмнөд гадаргуугийн хатгагдсан шарх. ...ДҮГНЭЛТ

1. Б.Ж........аагийн биед зүүн гуянд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь 2020.01.31-ний өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27),

4. Шүүгдэгч Х.Э................хын мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр маань намайг чи ажил төрөл хийхгүй гэртээ байгаад байх юм цаашид яаж амьдрах юм бэ гэж надад хэлсэн. Тэрнээс болоод бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Би ууран даа хоолны шүүгээнд байсан, шар улаан хосолсон бариултай том төмөр хайчаар эхнэрийнхээ зүүн талын гуя тус газарт нэг удаа хатгасан. Эхнэр маань түргэн дуудсан. Түргэн ирээд эхнэрийг маань үзээд, эм бичиж өгөөд гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлээд явсан. ...Эхнэртэйгээ маргалдаад мөн амьдрал хэцүү бухимдаад л урчихсан юм. Цагаан бүрээсийг 50 см орчим дээшээ урсан...Эхнэртэйгээ маргалдаад хэрүүл болсон, тэгээд л ууран даа хайчаар нэг удаа эхнэрийнхээ зүүн гуя нь тус газарт нэг удаа хайчаар хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76),

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн ........ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 58-65, 52-53), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 54-57), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35, 42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 43, 44), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 40, 83) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Э................ход холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Э................х нь Сонгинохайрхан дүүргийн ........ Шанд ..... 104 тоотод гэртээ, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний орой 20 цаг 30 минутын орчим, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Ж........ааг “гэрийн цагаан бүрээс урлаа, ажил хийсэнгүй, яаж амьдрах юм бэ” гэж хэлсний улмаас хэрүүл маргаан үүсгэж бухимдаж уурлахдаа зүүн гуянд хайчаар хатгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед зүүн гуянд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.Ж........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 31-ний орой 20 цагийн орчим ...нөхөр Э................ход хандаж “чи гараад гэрийн хаяа манаадах” гэж хэлэхэд Э................х уурлаад байсан. Тэгээд бид хоёр хамтдаа гэрээс гараад хаяагаа цуг манасан. Тэгтэл Э................х гэрийн цагаан бүрээсийг урчхаад гэр лүү орчихоор нь би буцаж ороод “чи ямар сонин зантай хүн бэ, айлын гэр оронд амьдарч байж цагаан бүрээсийг нь урж байдаг. Ямар учиртай юм гэж хэлэхэд Э................х уурлаад хоолны шүүгээнд байсан шар бариултай хайчийг аваад хайчныхаа бариул хэсгээр миний зүүн гуя нь дээр ...хоёр гурав удаа хүрээд цаашаа хайчаа шүүгээндээ буцааж хийчхээд орон дээр суусан. Би тэгэхээр нь “чи муу луйварчин чадахгүй л дээ” гээд ...жоохон үгээр өдсөн чинь босож ирээд хайчаа аваад ...миний зүүн гуя руу хайчаар хатгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Гэрч Б.А........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э................х ах хоолны шүүгээнд байсан шар иштэй хонины ноос хайчилдаг хайчийг аваад Ж........аа эгчийн зүүн гуя тус газарт айлгах санаатай бариул хэсгээр нь хүрээд байсан. Тэгээд Э................х ах хайчаа хоолны шүүгээнд буцааж хийгээд орон дээр сууж байхад Ж........аа эгч “чи муу луйварчин чадахгүй л дээ” гээд үгээр өдсөн чинь Э................х ах шүүгээнээс дахиад шар иштэй хайчийг аваад шууд Ж........аа эгчийн зүүн гуя руу нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2196 дугаар дүгнэлт “...1. Б.Ж........аагийн биед зүүн гуянд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27),

- Шүүгдэгч Х.Э................хын мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр маань намайг чи ажил төрөл хийхгүй гэртээ байгаад байх юм цаашид яаж амьдрах юм бэ гэж надад хэлсэн. Тэрнээс болоод бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Би ууран даа хоолны шүүгээнд байсан, шар улаан хосолсон бариултай том төмөр хайчаар эхнэрийнхээ зүүн талын гуя тус газарт нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Х.Э................х нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гэрийн бүрээс урлаа гэж хэллээ” гэх сэдэлтээр, хохирогч Б.Ж........аагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Х.Э................х, хохирогч Ж........аа нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Х.Э................х гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Х.Э................хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Х.Э................хын 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 2 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч Х.Э................хын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж........аа нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Х.Э................хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Э................хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Э................х нь эрхэлсэн тодорхой ажилтай тул торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Э................х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х.Э................хын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй гэх хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Харин түүний өмгөөлөгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “Саян-Уул” ХХК-д 1.000.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг гэх тодорхойлолтыг гаргах боловч хохирогчийн мэдүүлгээр эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний “ХААН” банкны депозит дансны хуулгад дээрх компаниас цалин хөлс авч байсан гэх баримт тусгагдаагүй байх тул Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Х.Э................х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8-аас илүүгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2008 0077 00268 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн иштэй хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.