| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00678/И |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 27
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2017-01-13 №27 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00678/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скай Плаза бизнес төвд үйл ажиллагаагаа явуулдаг “Агриматко-Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг, А-15-02 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг “Зон-Дэм” ХХК-д холбогдох,
Гэрээний үүргийн биелэлт 21 937 690 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Микола шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Агриматко-Монгол” ХХК нь “Зон-Дэм” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр БХ-02/14 дугаартай Дистрибьютрийн гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ХЭ-16/Д-0 дугаартай “Борлуулалтын гэрээ” тус тус байгуулан, гэрээний дагуу мал эмнэлгийн эм бэлдмэл нийлүүлж, “Зон-Дэм” ХХК нь тодорхой хугацааны дараа үнийг төлөхөөр тохиролцсон.
“Зон-Дэм” ХХК хамтын ажиллагааны дагуу тодорхой төлөлтүүдийг хийж байсан ч өнөөдрийн байдлаар нийт 21 937 690 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Үүнийг талууд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, баталгаажуулсан байдаг. Тооцоо нийлж баталгаажуулсан үлдэгдлийг төлүүлэх талаар удаа дараа хоблогдож, сануулж, шаардаж мөн албан бичгээр хандаж байсан боловч үр дүн гараагүй.
Иймд “Зон-Дэм” ХХК-иас 21 937 690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Зон-Дэм” ХХК –ийн зөвлөх эмч Д.Дэмбэрэлваанчиг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие “Агриматко-Монгол” ХХК-ийн шүүхэд гаргасан 21 937 690 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Агриматко-Монгол” ХХК-ийн хариуцсан ажилтантай нь ярилцаж тохиролцоод тус 21 937 690 төгрөгийг төлж барагдуулах болно гэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хариуцагч “Зон-Дэм” ХХК-иас гэрээний үүргийн биелэлт 21 937 690 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч “Зон-Дэм” ХХК –ийн зөвлөх эмч Д.Дэмбэрэлваанчиг нь уг 21 937 690 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Агриматко-Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Зон-Дэм” ХХК-иас гэрээний үүргийн биелэлт 21 937 690 / хорин нэгэн сая есөн зуун гучин долоон мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь “Зон-Дэм” ХХК –ийн зөвлөх эмч Д.Дэмбэрэлваанчиг нь уг 21 937 690 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 267 638 төгрөгийн тал хувь болох 133 819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 133 819 төгрөгийг Төрийн сангийн 180000941 гаргуулж нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-д, түүнчлэн хариуцагч “Зон-Дэм” ХХК-иас 133 819 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР