Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0516

 

 

Б.Ц-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Г.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ц-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.Ц-аас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452754 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь хэргийн бодит байдлыг үнэлж дүгнэлгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлд “Сонгуулийн зардлын тайлан’’-г зохицуулсан ба энэ зүйлд явцын тайлан гаргаж өгөх талаар зохицуулагдаагүй бөгөөд мөн хуулийн 57.3-д “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар Б.Ц нь хуулийн хугацаандаа X тайлангаа хүргүүлсэн. Б.Ц нь сонгуулийн зардлын данс нээлгэж зардал огт гаргаагүй, нэг ч сонгуулийн сурталчилгаа хийгээгүй тул Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 51 дүгээр зүйлийн 51.3-д тус тус заасан нэр дэвшигч нь зардлын данс нээлгэж сонгуулийн сурталчилгаа хийх мөнгөн хөрөнгийг уг дансандаа цуглуулсан тохиолдолд авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр хуулиар зохицуулсан байна. Иймд Б.Ц-д олон нийтэд мэдээллэх тайлагнах тайлан, сонгуулийн зардлын данс байхгүй учир явцын тайлан өгөөгүй байна. Гэтэл шүүхээс “нэр дэвшигч нь сонгуулийн явцын тайлангаа хуулийн хугацаандаа гаргаж өгөөгүйгээс Төрийн аудитын байгууллагаас нэр дэвшигчийг зардал гаргасан эсэх, түүний хүргүүлсэн X тайлангийн үнэн зөв эсэхийг шалган тогтоох боломжгүй болгосон байна” гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаагаас гадна нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр Төрийн аудитын байгууллага нь нэр дэвшигчийн хүргүүлсэн X тайланг үнэн зөв эсэхийг шалгах боломжгүй болгосон гэж нэхэмжлэгчийг буруутгаж шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж холбогдогчийн эрхийг нэхэмжлэгчид огт эдлүүлээгүй. Б.Ц нь 2 удаа Б.П-тай хамт мэдүүлэг өгөхөөр очиход хүлээн авч уулзаагүй зэрэг тайлбар хавтас хэрэгт авагдсан байхад шүүх зөвхөн мэдэгдсэн байна, тийм учраас эрхийг нь эдлүүлсэн гэж нэг талын байр суурьнаас хэргийг харж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улсын байцаагч Ц.Ө-ын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд түүний шууд харъяалах дээд шатны албан тушаалтан нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болох нь тогтоогдож байгаа бөгөөд улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх хугацааг өөрөө сунгаж байгаа нь Зөрчил шалган шийдвэрдэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 6.8.1, 6.8.2-т заасныг зөрчсөн. Хэрэв эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хугацаандаа шалгаж чадаагүй бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болно гэж заасан байна. Гэтэл шүүхээс хууль зөрчсөн байна, гэвч уг зөрчил нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, гомдол гаргагчийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн хууль зүйн үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байх хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжпэгчийн эрх ашиг сонирхолыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт улсын байцаагчийн хууль бус үйлдлийг хуулийн дагуу хууль зүйн үндэслэлтэй зөвтгөж тайлбарлаагүй бөгөөд харин ч эсэргээрээ эрх бүхий албан тушаалтаны хууль бус үйлдэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр зөвтгөн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна. Эрх бүхий албан тушаалтан Б.Ц-д 20 000 000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан бөгөөд энэхүү торгууль нь жирийн цалингаас цалингийн хооронд амьдарлаа залгуулж байгаа иргэний хувьд маш их мөнгө учир энэ хэмжээний торгуулийн шийтгэл ногдуулж байгаа хүн энэ хэрэгт маш хариуцлагатай хандах ёстой байтал албан бичгийн хүрээнд хөнгөн хуумгай хандаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг дутуу шалган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэл ногдуулсан захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь “Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452754 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...сонгуулийн сурталчилгаа огт хийгээгүй, сонгуулийн зардлын данс нээлгээгүй тул хуулийн хугацаандаа Х тайлан гаргаж Үндэсний аудитын газарт өгсөн, явцын тайлан гаргаж өгөөгүй нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлажээ.

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452754 дүгээр шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч Б.Ц-г “сонгуулийн зардлын явцын тайлан ирүүлээгүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд Монголын Ногоон Намаас 22 дугаар тойрогт нэр дэвшсэн байх ба сонгуулийн үйл ажиллагааны данс нээлгэж хандив аваагүй, төлбөрт сурталчилгаа хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй, Голомт банкны харилцах дансны хуулга, Монголын Ногоон Намаас Баянзүрх дүүргийн Татварын албанд хүргүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, талууд сонгуулийн сурталчилгаа явуулаагүй үйл баримттай маргаагүй.    

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэж, сурталчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг уг дансандаа төвлөрүүлэн, улмаар авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр байна.

Энэхүү хуулийн зохицуулалтын зорилго нь нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зардлын зарцуулалт зохих хууль тогтоомжид нийцсэн эсэхийг төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавихад оршиж байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасан “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй ...” гэх зөрчил нь сонгуулийн сурталчилгаанд зардал гаргасан байх, ийнхүү зардал гаргасан этгээд  зарцуулалтын явцын тайлангаа нийтэд мэдээллээгүй, эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй байх идэвхтэй үйлдлээр илэрнэ.

Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж “нэр дэвшигч нь хандивийн данс нээсэн эсэх, сурталчилгааны зардал гаргасан эсэхээс үл хамаарч явцын тайланг хүргүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биелүүлээгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, хариуцагч улсын байцаагч нь гагцхүү Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746, Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгүүдэд үндэслэн нэхэмжлэгч Б.Цацралтуяаг зөрчил гаргасанд тооцож шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр Төрийн аудитын байгууллага нь нэр дэвшигчийн хүргүүлсэн X тайланг үнэн зөв эсэхийг шалгах боломжгүй болгосон гэж нэхэмжлэгчийг буруутгаж дүгнэсэн” гэх гомдлыг хангаж, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452754 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1452754 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.Оюумаа

ШҮҮГЧ                                                        Э.Лхагвасүрэн

ШҮҮГЧ                                                         О.Номуулин