Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 7

 

               

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Б, С.М

Хариуцагч: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б  

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/85, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/90 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, С.М, хариуцагч Н.С, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРОЙХЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б, С.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 13-ны өдрүүдэд Өгийнуур сумын төсөвт байгууллагын 2016 он, 2017 оны 9 сар хүртэлх санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийгээд Архангай аймгийн Засаг даргын гаргасан 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад ур чадварын нэмэгдэл олгох тухай” Б/14 дүгээр захирамж, мөн Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад ур чадварын нэмэгдэл олгох тухай” Б/162 дугаар захирамжуудын дагуу авсан ур чадварын нэмэгдэл дээр 2.122.760 төгрөгийн акт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлж, ажиллаагүй хүний нэр дээр цалин гаргасан гэж тавьсан 2.756.585 төгрөгийн актыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Учир нь сургуулийн захирал Ш.Б миний бие сургуулийнхаа 2015 оны жилийн ажлын тайлангаа хүргүүлж, ажлаа дүгнүүлсэн. Ажлын үр дүнгийн үнэлгээгээр аймгийн Засаг дарга 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Б/14 дүгээр захирамж гаргаж, захирамжийн дагуу ур чадварын нэмэгдэл авсан учир эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Миний бие Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр ур чадварын нэмэгдэл олгох захирамж гарсны дараа захирамжинд дурьдагдсан хувь хэмжээгээр, олгосон сараар нь тооцож, тухайн жилийн цалингийн санд багтаан ур чадварын нэмэгдлийг авсан болохоос биш дараа оны цалингийн сангаас гаргаж авсан мөн илүү хувь хэмжээгээр, илүү хугацаагаар авсан асуудал байхгүй болно. Уг захирамж гарсан өдрөө ирээгүй тул жилийн эцэс болоод санхүүгийн бүх гүйлгээ хаагдаж, сургуулийн үлдэгдэл санхүүжилтийг төвлөрүүлэн татсан тул авч чадаагүй учир дараа ондоо авсан.

 Ш.Н гэгч ахмад багш жирэмсний амралттай хүний оронд түр ажиллах хүсэлт гаргасныг сургуулийн захирал миний бие хүлээн авч танилцаад 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар түр ажиллуулах шийдвэр гаргасан болно. Гэтэл тэрээр ахыгаа асрах шаардлага гарлаа 3 долоо хоногийн чөлөө авъя гэж 2017 оны 8 дугаар сарын 31-ний үдээс хойш утсаар ярихад нь би тань дээр шийдвэр гарчихсан байгаа яах вэ хичээл орох гэж байхад хэнээр заалгана, та өргөдөл өгөөрэй гэтэл багш нь Төвшрүүлэх суманд ирчихсэн байна. Яарч сандраад юун өргөдөл бичих манатай юм боллоо өргөдлөө бичээд явуулъя ахмад багш Д.Б-г түр миний оронд ажиллуулж байгаач би өөрөөс нь гуйя, цалин мөнгийг би өгье гэсэн. Мөн бага ангийн сургалтын менежер Д.Н ч гэсэн Д.Б-г ажиллуулъя гэж хүсэлт гаргаж сургуулийн захиралд өгсөн. 

Цаг хугацааны хувьд давчуу, хүүхдэд хичээл заах хүнийг яаралтай шийдэж хүүхдүүдийг хохироохгүй тулд сургалтын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах үүднээс ахмад багш Ш. Н, сургалтын менежер Д. Н нарын саналыг хүлээн авч Д.Б-г Ш.Н багшийг иртэл түр хичээл орж байхаар ярилцаж шийдсэн болно. Үүнийг сургуулийн багш нарын цалинг бичдэг дунд ангийн сургалтын менежер болон нярав, нягтлан бүгд мэдэж байгаа. 

Ш.Н багш өргөдөл бичиж ирүүлэхдээ 3 долоо хоногийн чөлөөгөө 1 сар гэж бичиж ирүүлсэн. 1 сарын чөлөө нь дуусаж албан ёсоор өргөдлөө өгөхгүй явсаар байгаад 12 сар болсон. Цаашид ажиллах боломжгүй боллоо гэдэг өргөдлөө ахмад багш Ш.Н 2016 оны 12 дугаар сарын 26-нд сургуулийн захиргаанд ирүүлсэн болно. Жилийн эцсийн сар байсан учраас 12 дугаар сарын 20 гэхэд цалин мөнгөний тооцоо хийгдчихсэн байсан учир Д.Б-г ажиллуулах шийдвэр гаргаагүй юм. Цаашид та үргэлжлүүлээд ажиллах уу гэж Д.Б багшаас асуухад чадахгүй байх бага ангийн хүүхдүүдтэй ажиллахад ачаалал ихтэй байлаа. Ш.Н-г гачигдал зовлон яриад гуйгаад байхаар нь зөвшөөрөөд иртэл нь орж байя гэж хэлсэндээ хүрэх гэж чадлынхаа хэмжээгээр зүтгэлээ. Хүнээ шийдээрэй эмчилгээнд явна гэсэн юм. Ингээд жирэмсний амралттай багштай нь холбогдож ажилдаа орох уу, орох боломж байна уу гэж ярьж тухайн багш ажилдаа орох шийдвэр гаргаснаар багшийн асуудал шийдэгдсэн болно. Баримтын шалгалт хийгээд дүнгийн хурал хийхэд сургалтын менежер С.М, ахмад багш Д.Б-н цалин дээр тавьсан актаа бодолцож үзээч зүгээр цалин аваагүй, хөдөлмөрлөчхөөд хөдөлмөрлөсөн хөлсөө буцаагаад өгөх болж байна уу гэж улсын ахлах байцаагч Н.С-т саналаа хэлсэн байсан.

Ахмад багш Д.Б нь хөдөлмөрлөсөн хөлсөө авсан болохоос биш хөдөлмөрлөөгүй байж хүний нэр дээр цалин гаргаж авсан асуудал байхгүй.

Иймд А аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Б.Б нарын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/85, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/90 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн 14, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дүгээр тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дүрмийг удирдлага болгон албаны даргын баталсан удирдамжийн хүрээнд аудит, хяналт шалгалт хийгдсэн.

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, санхүүгийн хяналт шалгалтын стандартын дагуу хяналт шалгалт, аудитыг гүйцэтгэхэд дотоод аудитын олон улсын стандарт, практикийн зөвлөмжийг ашиглан ажил хариуцсан албан тушаалтнуудтай ярилцлага, уулзалт хийх, асуулга, лавлагаа тодруулга авах, холбогдох шийдвэр, баримт материалд тулгуурлан баталгаажуулалт, дүн шинжилгээ хийн, нотлох ажлын баримт бүрдүүлж, түүнд үндэслэн акт, танилцуулга боловсруулагдсан байна.

Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Б гаргасан хүсэлтдээ: 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэж Архангай аймгийн Засаг даргын гаргасан 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр захирамж, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад ур чадварын нэмэгдэл олгох тухай” захирамжуудын дагуу авсан чадварын нэмэгдэл 2.122.760 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Ур чадварын нэмэгдлийг тухайн оны төсөвт багтаан хагас, бүтэн жилээр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тооцож олгоогүй учир улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/85 тоот акт тогтоогдсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалын хавсралтын 7 дугаар заалт Багш, ажилтны ур чадварыг хагас жил тутам үнэлж дүгнэнэ”, 10 дугаар заалт “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ” гэснийг, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын  2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 5.4 заалт ” Ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр үндсэн цалингаас тооцож олгоно" гэснийг зөрчин дараа оны төсвөөс бүтэн жилээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Ур чадварын нэмэгдэл нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4-р хавсралтын дагуу төрийн албан тушаалтанд эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэд арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгодог журамтай.

Хууль эрх зүйн актуудыг зөрчин 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, улирал тутам үр дүнгийн урамшуулал олгосон хэрнээ ур чадварын нэмэгдэлд 2016 онд 1194.6 мянган төгрөг, 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэж 2017 онд 928.0 мянган төгрөг нийт 2122.7 мянган төгрөг олгосон зөрчилт үйлдэлд улсын байцаагчийн акт тогтоогдсон.

 Анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлж, ажиллаагүй хүний нэр дээр цалин гаргасан гэж 2.756.585 төгрөгийн акт тавьсан. Ш.Н гэгч ахмад багш жирэмсний амралттай хүний оронд түр ажиллах хүсэлт гаргасныг сургуулийн захирал миний бие хүлээн авч танилцаад 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар түр ажиллуулах шийдвэр гаргасан болно. Ш.Н багш ахыгаа асрах шаардлагатай гээд чөлөө авч миний оронд Л.Б-г ажиллуулж байгаач гэсэн хүсэлт гаргасан учир багш Д.Б-г тушаал шийдвэр гаргалгүй ажиллуулсан болно гэжээ.

Сургуулийн захирал Ш.Б нь өөрийн ээж болох багш Д.Б-г тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан учир улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/90 дүгээр акт тогтоогдсон байна. Сургуулийн захирал бага ангийн багш Д.У-н жирэмсний амралт авсан хугацаанд багш Ш.Н түр ажиллуулах 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаал гаргасан боловч Ш.Н багш ажиллахгүй түүний оронд захирлын ээж Д.Б багш тушаал шийдвэргүй 9-12 сард буюу нийт 4 сар ажиллуулсан, багш нарын цагийн тооцоонд Д.Б багшийн нэр байгаа боловч ажиллаагүй багш Ш.Н-н нэр дээр 2.756.585 төгрөгийн цалин бодож олгосон байна. Төсөв хөрөнгийг зарцуулахдаа хуулийн хүчин төгөлдөр эрх зүйн актыг гаргахгүй өөрийн ээжийг ажиллуулсан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байна.

Төсөв хөрөнгийг зарцуулах эрх зүйн акт, анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлж ажиллаагүй хүний нэр дээр цалин гаргасан зөрчил төлбөр илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “Батлагдсан цалин, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж авсан ажилтан бүрэн хариуцна” гэсэн эрх зүйн актуудыг зөрчсөн байна.

Иймд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын тогтоосон актууд нь хууль эрх зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ш.Б, С.М нараас А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарт холбогдуулан “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/85, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/90 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хавсралтын 33 дугаарт Өгийнуур сумын Боловсролын салбарын 2014-2016 оны үйл ажиллагааг шалгахаар тусгаж, тус албаны аудитын хяналт шалгалтын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Өгийнуур сумын төсөвт албан байгууллагад хяналт шалгалт хийх тухай” 13 дугаар удирдамжаар ... аудитын албаны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ... Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016, 2017 оны 9 дүгээр сар хүртлэх санхүү төсвийн хөрөнгийн захиран зарцуулалтын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл календарын 10 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудтитор Д.Б, санүүгийн хяналтын улсын байцаагч Н.Н нар томилогдсон байна. 

Ийнхүү тус хяналт шалгалтаар (I) “ ... ур чадварын нэмэгдлийг батлагдсан үзүүлэлтээр дүгнээгүй, дараа онд нөхөж олгосонтой холбоотой 2.122.760 төгрөгийн төлбөр зөрчил илэрч ... Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 43 дугаар зүйлийн 43.5-д “төсвийн захирагч нь төсвийг хоёр төсвийн жил дамжуулан захирахгүй байх”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 362/112/183 дугаар хамтарсан тушаалын 7-д “Багш ажилтны ур чадварыг хагас жил тутам үнэлж дүгнэнэ”, 10-д “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид  ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газар, Дүүргийн боловсролын хэлтсийн даргын тушаалаар  батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 5.4-д “Ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн сангаас тооцож олгоно” гэх заалтыг тус тус зөрчсөн гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл 70.5 дахь заалтыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/85 дугаар акт; (II) “... төсөв хөрөнгийг зарцуулах эрх зүйн акт, анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлж ажиллаагүй хүний нэр дээр цалин гаргасан 2.756.585 төгрөгийн төлбөр зөрчилд ... төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “Батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.6-д “Дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээж авсан ажилтан бүрэн хариуцна” гэх заалтыг тус тус зөрчсөн гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл 70.5 дахь заалтыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/90 дүгээр акт тогтоож, актаар тогтоосон хохирлыг нөхөн төлөхийг Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Б, нягтлан бодогч С.М нарт хариуцуулсан байна. 

Нэхэмжлэгч Ш.Б нь маргаан бүхий дээрх захиргааны актуудын талаарх гомдлоо 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 119  дүгээр албан бичгээр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад гаргаж, тус албаны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтэд хариу өгөх тухай” 12  дугаар албан бичгээр хариу хүргүүлснийг хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

1.Маргаан бүхий 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/85 дугаар актын тухайд:

Архангай аймгийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 245 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Ш.Б-г 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өгийнуур сумын 10 жилийн сургуулийн захирлаар томилжээ. 

Архангай аймгийн Засаг дарга, Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нар 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулж, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулж, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний биелэлтийг тус тус дүгнэсэн байна. 

Ийнхүү аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад ур чадварын нэмэгдэл олгох тухай” Б/14 дүгээр захирамжаар 2015 оны ур чадварын нэмэгдлийг хавсралтаар тогтоож, хавсралтын 3 дугаарт Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Б-н 2015 оны ажлыг 92.7 хувиар үнэлж, үндсэн цалингийн 20 хувийг 9 сараар тооцож олгохыг ; 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад ур чадварын нэмэгдэл олгох тухай” Б/162 дугаар захирамжаар 2016 оны ур чадварын нэмэгдлийг хавсралтаар тогтоож, хавсралтын 1 дүгээрт Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Б-н 2016 оны ажлыг 91 хувиар үнэлж, үндсэн цалингийн 25 хувийг 6 сараар тооцож олгохыг  тус тус сургуулийн нягтлан бодогчид зөвшөөрчээ.

Дээрх захирамжуудын дагуу нэхэмжлэгч Ш.Б нь 2015 оны үр дүнгийн гэрээний урамшууллыг 2016 оны төсвийн жилд багтаан 9 сарын хугацаатайгаар, сар бүрийн 20 хувиар тооцон нийт 1.194.689 төгрөг, 2016 оны үр дүнгийн гэрээний урамшууллыг 2017 оны төсвийн жилд багтаан 6 сарын хугацаатайгаар, сар бүрийн 25 хувиар тооцон нийт 928.071 төгрөгийг авсан байна.  

Хариуцагч нар “ ... ур чадварын нэмэгдлийг авч болно, гэхдээ тухайн ондоо багтаагаад хагас бүтэн жилээр авах ёстой ... он дамнахаар дараа оны төсөв рүү орчихоод байгаа учраас болохгүй байгаа урьд оны төсөв урд ондоо, дараа оны төсөв дараа ондоо байх ёстой. Урьд оны ажлыг дүгнээд дараа ондоо огт урамшуулал олгохгүй ... төсвийн тухай хуулийн заалт байгаа учраас бидний зүгээс хуулийн хүрээнд актаа тавьсан тул 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/85 дугаар акт нь үндэслэлтэй гэж”, нэхэмжлэгч нар “ ... Өгийнуур сумын сургуулийн захирал Ш.Б миний бие нь сургуулийнхаа 2015, 2016 оны жилийн ажлын тайлангаа дүгнүүлж  ... аймгийн Засаг даргын Б/14, Б/162 дугаар захирамжийн дагуу ур чадварын нэмэгдэл авсан. Аймгийн Засаг дарга нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг ажилд томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох, урамшуулах эрх бүхий субъект. Хуулиар олгосон эрхийнхээ дагуу ур чадварын нэмэгдэл олгох захирамж гаргаж урамшуулал олгосон ... бидний хувьд аймгийн Засаг даргаас гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлж ажилласан. Миний бие захирамж гарсны дараа захирамжинд дурдагдсан хувь хэмжээгээр, олгосон сараар нь тооцож, ур чадварын нэмэгдлийг авсан тул 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17/02/85 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж” тус тус маргажээ.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35 , 4.1.36 , 14 дүгээр зүйлийн 14.1.17 , 16.4.18  дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч, сургуулийн захирал нь төсвийн шууд захирагч байна.

 Төсвийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.3. “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4. “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна:”, 40.4.2. “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, ...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудын дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч болох Аймгийн Засаг дарга, Төсвийн шууд захирагч болох сургуулийн захиралтай байгуулсан 2015 /2016/ оны үр дүнгийн гэрээний 7. “Гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ.”, 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг тус тус баримтлан шийдвэрлэнэ ... “А” буюу маш сайн бол ... төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгох ...”  гэж зааснаар төсвийн шууд захирагч болох сургуулийн захиралд үр дүнгийн урамшуулал олгосон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010  оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалын  хавсралт “Ерөнхий  боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн  1.-д “Засгийн газраас тогтоосон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарах ерөнхий боловсролын сургуулийн захирал ... ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө”, 4.-д “Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно”, 10.-т “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ.”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 5.4-д “Ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан Засгийн  газраас тогтоосон хувь хэмжээгээр үндсэн цалингаас тооцож олгоно” гэж тус тус заажээ.

Журмын дээрх заалтуудаас үзвэл ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан тогтоосон хувь хэмжээгээр үндсэн цалингаас тооцож авахаар зохицуулсан байх боловч энэ хэргийн маргаан бүхий үйл баримтын тухайд: Төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргын төсвийн шууд захирагч буюу сургуулийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээнүүдийг дүгнэсэн хугацаа, гэрээг дүгнээд урамшуулал олгохоор гаргасан захирамж зэргээс үзвэл тухайн жилийн цалингийн санд багтаан авах нөхцөл, боломжгүй байсан байх тул нэхэмжлэгч Ш.Б-г ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан аваагүй байна гэж буруутгах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ш.Б нь төсвийн шууд захирагчийн тухайд өөрөө өөртөө ур чадварын нэмэгдэл олгох талаар тушаал, шийдвэр гаргаж ур чадварын нэмэгдлийг аваагүй бөгөөд аймгийн Засаг дарга буюу Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнүүлэн, түүний үр дүнд Төсвийн ерөнхийлөн захирагчийн захирамжид заасан хувь хэмжээгээр ур чадварын нэмэгдлийг авсныг нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/85 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Маргаан бүхий 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/90 дүгээр актын тухайд:

Иргэн Ш.Н-с 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд багш Д.У-г жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллах тухай хүсэлт гаргажээ. 

Дээрх хүсэлтийн дагуу Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн  “Ш.Н-г ажилд түр авах тухай” Б/23 дугаар тушаалаар  бага ангийн багш Д.У жирэмсний амралтаа авсан тул багш Ш.Н-г 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бага ангийн багшаар түр томилжээ.

Хариуцагч нар “ ... Ш.Б нь бага ангийн багш Д.У-н жирэмсний амралт авсан хугацаанд багш Ш.Н-г түр ажиллуулах 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаал гаргасан боловч Ш.Н багш ажиллахгүй түүний оронд захирлын ээж Д.Б багш тушаал шийдвэргүй 9-12 сард буюу нийт 4 сар ажиллуулсан, багш нарын цагийн тооцоонд Д.Б багшийн нэр байгаа боловч ажиллаагүй багш Ш.Н-н нэр дээр 2.756.585 төгрөгийн цалин бодож олгосон байна. Төсөв хөрөнгийг зарцуулахдаа хуулийн хүчин төгөлдөр эрх зүйн актыг гаргахгүй өөрийн ээжийг ажиллуулсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж”, нэхэмжлэгч нар “ ...  2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар Ш.Н багшийг түр ажиллуулах шийдвэр гаргасан байсан. Гэтэл Ш.Н багшийн ахынх нь бие муудаад ... ахмад багш Д.Б-г түр миний оронд ажиллуулж өгнө үү би өөрөөс нь гуйя, цалин мөнгийг би өгье гэсэн. Ингээд Д.Б багшийг түр ажиллуулсан. Ш.Н багшийг түр томилж ажиллуулж байсан учраас Ш.Н багш дээр цалин гаргасан, Ш.Н багш авсан цалингаа Д.Б багшид өгсөн. Ш.Н багш чөлөөлөгдөх хүсэлтээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн бидний хувьд хуурамч баримт үйлдэж, ажиллаагүй хүнд цалин гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж” маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Б, Ш.Н, Д.У нар шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Гэрч Д.Б “ ... Би Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилласан ... над дээр тушаал шийдвэр гараагүй ... би цалин авч байсан. Цалин Ш.Н багшийн дансанд ордог байсан. Тэгээд Ш.Н багш цалинг надруу шилжүүлдэг байсан.” , гэрч Ш.Н “... би Д.Б багшийг гуйгаад өөрийнхөө оронд хичээл оруулсан ... багш Д.Б-н цалин миний дансруу ордог байсан. Би цалинг аваад Д.Б багшид өгдөг байсан.” , гэрч Д.У “ ... намайг жирэмсний амралттай байх хугацаанд Д.Б багш ажилласан.”  гэж  тус тус мэдүүлжээ.

Гэрч нарын дээрх мэдүүлэг мөн нэхэмжлэгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл Ш.Н-г ажлуулахаар тушаал гаргаад оронд нь тушаал, шийдвэргүйгээр Д.Б-г ажлуулсан гэдэгтэй нэхэмжлэгч нар маргадгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүрэг  20.1. “Захирал нь дараахь эрхтэй:”, 20.1.1. “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 20.1.2. “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2. “Захирал нь дараахь үүрэгтэй:”, 20.2.3. “сургуулийг багш, ажилтнаар хангах ...”, 20.2.5. “сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.5.3.-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл. “Хөдөлмөрийн гэрээний хугацаа”, 23.1. “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна.”, 23.2. “Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна:” 23.2.3. “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл ... ”, гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас нэхэмжлэгч А аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Б нь жирэмсний амралттай багш Д.У-н оронд түүнийг ажилдаа эргэж орох хүртэл хугацаатай багш авч ажлуулах эрхтэй байна. 

Дээрх эрхийнхээ хүрээнд багш Ш.Н-г авч ажлуулахаар тушаал гарсан гэх боловч тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас өөрийн төрсөн эх болох багш Д.Б-г тушаал шийдвэргүйгээр ажлуулсан нь холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй байна. 

Тодруулбал: Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл. “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”, 4.1. “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:”, 4.1.2. “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ...”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл. “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт”,  3.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.5. “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;”, 11 дүгээр зүйл. “Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт” 11.1. “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Ш.Б нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байх бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээд болох /эх/ Д.Б-г тушаал, шийдвэргүйгээр багшаар түр ажиллуулсан нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Ш.Б нь жирэмсний амралттай багш Д.У-н оронд багш Ш.Н-г авч ажлуулахаар тушаал гаргасан гэх боловч түүний оронд өөрийн төрсөн эх болох багш Д.Б-г тушаал, шийдвэргүйгээр авч ажлуулан, цалинг нь ажлаагүй багш Ш.Н-н нэр дээр гарган баримт бүрдүүлсэн нь  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6. “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.” гэснийг зөрчсөн байна.     

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/90 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөд байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Ш.Б, С.М нараас А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/85 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин “А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/90 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1, 106.3.13., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Б, С.М нараас А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/85 дугаар актыг хүчингүй болгож, А аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, дотоод аудитор Д.Б нарын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 17/02/90 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагч /Н.С, Д.Б/ нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ