Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 781

 

Б.Э, Э.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Ням-Эрдэнэ,

хохирогч Ш.Т, Ш.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Т,

иргэний хариуцагч “Ф И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Р, түүний өмгөөлөгч Ц.Ө,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.О,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.У,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.О, иргэний хариуцагч “Ф И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Р нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э, Э.О нарт холбогдох 2014250002441 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Б.Э, 1987 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт .......................... тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: .............................../;

Ж овогт Э.О, 1988 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Авто Терминал трейд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт .............................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./,

Б.Э, Э.О нар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф И” ХХК-ийн барьж буй Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр Б.Э нь борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж “Ф И” ХХК-ийн Жаргалан хотхоны байранд захиалга авах нэрийдлээр 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ш.Н-оос гражийн мөнгө болох 22.000.000 төгрөг,

Хохирогч Ш.Т-гөөс гражийн мөнгө болох 15.000.000 төгрөг, байрны урьдчилгаа мөнгө гэж 34.404.200 төгрөгийг тус тус өөрийн нөхөр болох Э.О-ийн Хаан банкны 5042239534 тоот дансанд шилжүүлж авсан,

Хохирогч М.Туулаас 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны хооронд нийт 21.600.000 төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар,

Хохирогч Г.Б-гаас 3.000.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 96.004.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Б.Э нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ф И” ХХК-ийн Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын сүүлээр иргэн П.Г-оос гражийн мөнгө болох 25.000.000 төгрөгийг бэлнээр авч “Ф И” ХХК-ийн дансанд оруулахгүй хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, Э.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эад холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, Б.Эыг албан тушаалын байдлаа ашиглаж залилах, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Эыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж Б.Эын нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.О нь 51 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эын цагдан хоригдсон 186 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57-58 УБЯ улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашины гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Эаас 36.640.000 төгрөг гаргуулж, 25.000.000 төгрөгийг “Ф И” ХХК-д, 11.640.000 төгрөгийг хохирогч М.Туулд,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Ф И” ХХК-иас 71.404.200 төгрөг гаргуулж, 49.404.200 төгрөгийг хохирогч Ш.Тд, 22.000.000 төгрөгийг хохирогч Ш.Нид тус тус олгож, Иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б.Эын төрүүлсэн бага насны 2 хүүхдэд /2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүүхэд/ асран хамгаалагч тогтоолгохоор Дархан-Уул аймгийн 14 дүгээр хорооны Засаг даргад даалгаж, Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байна. Би ам бүл 4, группт байдаг эх, хөхүүл нярай, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эх маань сонсголын бэрхшээлтэй, 80 хувийн группт байдаг, том хүү 8 настай, бага хүү 1 сартай хөхүүл нярай ба би өрх толгойлсон эмэгтэй юм. Би хохирогч гэх Туулд 21.600.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. Үлдсэн хохирлыг компани иргэний журмаар авахаар болсон тул 100 хувь төлж барагдуулах болно. Би тухайн компанид борлуулалтын менежер хийж байх хугацаандаа бусдыг хохироож, хууран мэхлэх, залилах гэсэн санаа зорилго байгаагүй. Надад 2014 оны 5 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасныг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрчлөн яллаж миний эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүйд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 0-3 хүртэл насны хүүхэдтэй эхэд оногдуулсан ялыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах гэсэн зүйл заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Миний группт байдаг эх, 8 настай хүү, 1 сартай нярай хүүхдүүдийг минь асран хамгаалж, харж хандах хүнгүй амьдрах маш хүнд байгааг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял оногдуулж өөрчилж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ...” гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Эыг “Ф И” ХХК-ийн Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр борлуулалтын менежерээр ажиллаж Ш.Ноос гражийн 22.000.000 төгрөг, Ш.Тгөөс гражийн 15.000.000 төгрөг, байрны урьдчилгаа 34.404.200 төгрөг, М.Т-аас 21.600.000 төгрөг, Г.Б-аас 3.000.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч бусдад нийт 96.004.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж дурдсан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо Ш.Н, Ш.Т нарт учруулсан хохирол болох 71.404.200 төгрөгийг “Ф И” ХХК хариуцан арилгах үндэслэлтэй гэж шийдвэрлэхдээ хохирогч нар нь “Ф И” ХХК-ийн орон сууц борлуулах зарын дагуу тавигдсан утасны дугаараар уг компанийн борлуулагч Б.Эад хандаж орон сууц захиалсан, харин иргэн Б.Э гэдэг үүднээс эд хөрөнгөө өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хэмээн шийдвэрлэсэн. Үүнээс шүүх “Ф И” ХХК-иас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг Б.Э завшсан байна гэдгийг үнэлж залилсан гэдгийг үгүйсгэсэн байдлаар дүгнэжээ. Мөн хэрэгт хохирогчоор тогтоогдсон бүх иргэд “Ф И” ХХК-ийн “Жаргалан” хотхоны байрыг сонирхож тус компанийн зард тавигдсан утасны дугаарын дагуу борлуулагч Б.Этай холбогдон гэрээ байгуулсан, түүний өгсөн банкны дансанд мөнгөө тушааж байснаа хүлээн мэдүүлснээс Б.Эад иргэний хувьд хандаагүй, ажил албатай нь холбоотой хандаж байр, граж захиалж байсан нь тогтоогдсон тул түүний хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэрэгт хамаарна гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамруулан ялыг оногдуулж 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байсан. Өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд албан тушаалын байдлаа ашиглаж гэсэн зүйл анги байгаагүй тул уг зүйл хэсгээр ял оноосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчлөө. Түүнчлэн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуульд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт хамрагдсан байтал Б.Эыг хамруулахгүйгээр ял шийтгэсэнд гомдолтой байна. Шийтгэх тогтоолд Б.Эын хийсэн хууль бус үйлдлүүдийг ямар үндэслэл, нотлох баримтуудаар ялган зааглаж хэнд учруулсан хохирлыг нь залилсан, хэнд учруулсан хохирлыг нь завшсан хэмээн ял оноосон нь ойлгомжгүй байгаа бөгөөд энэ байдал тогтоогдоогүй орхигдлоо. Шүүх Б.Эыг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 4 жилийн хорих ял оноосон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэсэн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт холбогдуулан яллагдагчаар татсан Э.Октябрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон ял шийтгэлээс болон хохирол төлөхөөс чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь, Эрүүгийн хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.Октябрийг иргэний хариуцагчаар татан байцаалт авахад “... олсон мөнгөнөөс нь ахуйн хэрэглээндээ зарцуулдаг байсан, бага ч болов төлөлцөнө” гэж мэдүүлсэн байдаг. Э.О “... Дансаар 76.404.200 төгрөг ороод гарсан. Мөнгийг Б.Э авсан. Би өөрийн амьдрал ахуй хэрэгцээнд мөн зарцуулсан. Машинд эд зүйлс худалдан авсан нь үнэн” гэж мэдүүлсэн зэргээс Э.О нь иргэний хариуцагчийн хувьд хохирлоос хариуцан төлөх үндэслэлтэй байтал 1 ч төгрөгийн хохирол хариуцуулаагүйд гомдолтой байна. Б.Э нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр бага хүүгээ төрүүлсэн, шүүх хурлын үеэр 01 сар 24 хоногтой нялх хүүхдээ завсарлага аван хөхүүлж байсан атал халуурч уйлсан хүүхдээс нь салган хорьсон. Б.Эыг хоригдсон үеэс хүүхэд нь Дархан аймгийн эмнэлэгт хатгалгаа, хордлого, тархины даралтаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутмагшил өвчний улмаас таталт өгч хүүхдийн мэдрэлийн эмчийн хяналтад байнгын эмчилгээтэй эмэг эх, 8 настай ахынхаа хамт асруулж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Р давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Б.Эыг бусдын эд хөрөнгийг залилж авсан нь нотлогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял шийтгэсэн. Ийнхүү шүүх Б.Эыг шунахайн сэдэлт, шууд санаатайгаар иргэн Ш.Н, Ш.Т нарын мөнгийг залилж авсан гэж шийтгэчихээд харин түүний бусдад учруулсан хохирлыг манай компаниар төлүүлж байгаа нь хууль зүйн болон нийгмийн шударга ёсны хувьд буруу төдийгүй “залилангийн гэмт хэрэг үйлдэгчийг өөгшүүлэн давруулах” нэн хортой үр дагавар бүхий шийдвэр боллоо гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон манай компаниас Ш.Н, Ш.Т нарын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хуралдааны явцад манай компанийн өмгөөлөгч “Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсан хариуцлага” хүлээх хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар нэн тодорхой тайлбарласныг шүүх огт хэрэгсэж үзээгүй. Үүнд:

Байгууллага нь ажилтныхаа гэмт хэрэг үйлдэх замаар бусдад учруулсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Тухайлбал, а/ 2015 оны Эрүүгийн хуулийн “Гэмт хэргийн хохирол, хор уршиг” гэсэн гарчиг бүхий 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасныг, өөрөөр хэлбэл эрүүгийн эрх зүйн харилцааны хүрээнд шийдэгдэж байгаа гэмт хэргийн тухайд хохирол гэсэн ойлголт яригддаг болохыг, б/ Харин иргэний эрх зүйд иргэний субъектив эрх буюу баялагийг багасгах /бусдын эд зүйлсийг хууль бусаар өөртөө  авах зэрэг/, устгах зэргийг гэм хор гэж ойлгодог болохыг тайлбарласан. Байгууллагын хувьд гэм хорын хариуцлага хүлээх гол шалгуур нь иргэний эрх зүйн харилцааны хүрээнд “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулах” явдал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх...” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл “ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг” гэдэг нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой гэсэн хууль зүйн дүгнэлт гарч байгааг,

Үүнээс үндэслэн ажилтан гагцхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хууль ёсны үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг байгууллага буюу ажил олгогч хариуцахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт хууль тогтоогч зааж өгснийг,

Нөгөө талаас ажилтан ажиллаж байхдаа ажил олгогч буюу байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй хууль бус /гэмт хэрэг/ үйлдлийг өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, шууд санаатай хийснээс бусдад хохирол учирвал байгууллага гэм хорын хариуцлага хүлээхгүй гэсэн хууль зүйн дүгнэлт мөн зүй ёсоор урган гарч байгааг жишээгээр тайлбарлсан.

Тэгвэл Б.Эын манай компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт “компанийн өмчлөлийн орон сууцыг гэрээ байгуулахгүйгээр бусдад шилжүүлэх, бусдыг залилан мэхлэх аргаар орон сууцны байрны болон гражийн үнийг өөрийнхөө болон бусдын дансаар дамжуулан авах, орон сууцны түлхүүрийг бусдад өгч эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг олгоогүй, мөн ийм хууль бус үүрэг”-ийг хүлээлгээгүй болох нь тодорхой байна.

Мөн манай өмгөөлөгч Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар” гэсэн тайлбарын 5-д: “... бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эдвэх аргаар олж авсан...” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмсыг ... үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах ... замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно” гэж заасан тухай маш тодорхой тайлбарласан болно.

Шүүх хуралдааны явцад хохирогч Ш.Н, Ш.Т нар нь Б.Эын зааж өгсөн Түвшинжаргал, Э.О нарын банкны харилцах данс руу өөрсдийн мөнгийг сайн дураар шилжүүлснээ хүлээн зөвшөөрч энэ тухай мэдүүлж байсан билээ. Ийнхүү тэд Улсын Дээд шүүхийн дээр дурдсан тайлбарт заасанчлан “төөрөгдлийн үндсэн дээр” мөнгөө Б.Эад өгсөн болох нь нотлогдсон  юм. Ер нь манай компани хэн нэгэн орон сууц захиалагчийн мөнгийг хувь хүний харилцах дансанд хийлгэж байгаагүй, зөвхөн өөрийн компанийн харилцах дансаар адваг, энэ тухай мэдээлэл нийтэл ил, хананд өлгөөтэй байдаг болохыг өмнө нь манайхаас орон сууц худалдан авахдаа зөвхөн манай компанийн дансанд мөнгөө тушааж байсан Ш.Н маш сайн мэдэж байсан.

Үүнээс үзвэл, нэгд Б.Э нь шунахайн сэдэлт, шууд санаатайгаар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, залилан мэхлэх олон удаагийн үйлдлээр хохирогч Ш.Н, Ш.Т нарын мөнгийг олж авснаас учирсан эрүүгийн гэмт хэргийн хохирлыг иргэний эрх зүйн харилцааны хүрээн дэх гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёрт, хохирогч нар мөнгөө Б.Эын нэрлэн зааж өгсөн түүний өөрийнх нь болон бусад нэр бүхий хүмүүсийн банкны харилцах данс руу сайн дураараа шилжүүлж өгсөн болох нь шүүх хуралдаанаар бүрэн нотлогдсон тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу хорих ял шийтгэсэн.

Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийг үйлдсэн тул Ш.Н, Ш.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол учруулсан,

“Ф И” ХХК нь Б.Эыг залилах гэмт хэргээ үйлдэж Ш.Н, Ш.Т нарын мөнгийг авч байх үед тэдэнтэй иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй,

Ш.Н, Ш.Т нарт Б.Эын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирол учирсан болохоос иргэний эрх зүйн ямар нэгэн гэм хор учраагүй.

Иймд 526 дугаар шийтгэх тогтоолын 10 дахь хэсгийн “Ф И” ХХК-иас 71.404.200 төгрөг гаргуулан, хохирогч Ш.Тд 49.404.200 төгрөгийг, хохирогч Ш.Нид 22.000.000 төгрөгийг тус тус олгуулахаар заасан заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ргийн өмгөөлөгч Ц.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний хариуцагч “Ф И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.  Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч “Ф И” ХХК-д холбогдох иргэний гэм хорын хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, шүүгдэгч Б.Эын санаатай үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг иргэний хариуцагч “Ф И” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Тэгэхээр шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зохицуулсан. Харин хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй хууль бус үйлдлийг өөрт ашиг хонжоо олох зорилгоор шунахай сэдэлтээр шууд санаатайгаар хийсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг ажил олгогч хариуцан төлж барагдуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ажил олгогчийн хувьд гэм хорын хариуцлага хүлээлгэх гол үндэслэл бол хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан, албан тушаал, ажил үүргийг гүйцэтгэх явцдаа гэм хор учруулсан явдал байдаг. Гэтэл Б.Эын хувьд хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа буюу ажил албан тушаалыг гүйцэтгэх явцдаа өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлэх явцдаа хохирогч нарт хохирол учруулаагүй. Харин хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, үүргээ гүйцэтгэж, компанийн нэрийг барьж, ажлын байрыг ашиглан хохирогч нар итгэл үнэмшил төрүүлж, итгэлийг нь олж, тэднийг залилан мэхлэх, хуурах төөрөгдүүлэх аргаар, шунахайн сэдэлтээр шууд санаатай хийсэн гэм буруутай үйлдлийнх нь улмаас хохирогч нарт хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч нарын хувьд орон сууц худалдан авах гэрээг хэнтэй байгуулах, уг орон сууцны мөнгийг хэнд яаж тушаах, ямар журмаар орон сууцыг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлж авах талаар сайн мэдэж байгаа атлаа Б.Этай хувийн журмаар, орон сууц, гражийг худалдан авахаар далдуур, нууцаар үгсэн тохиролцож, компанийн удирдлагатай уулзалгүйгээр, гэрээ байгуулалгүйгээр урьдчилгаа мөнгийг Б.Эын хүсэлтээр компанийн биш, Б.Эын өөрийн болон бусад танихгүй хүмүүсийн данс руу шилжүүлж өгсөн. Энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг олгосон санаатай үйлдэл гэж ойлгож байна. Энэ байдлаас харахад анхан шатны шүүхээс “Ф И” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогч Ш.Н, Ш.Т нарт учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь хэсгийн “Ф И” ХХК-д холбогдох заалтыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаан, мөрдөн байцаалтын шатанд өөрийн мэдэж байгаа зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Өмгөөлөгч намайг “дарамталдаг байсан, гарч хүрч байсан” гэж яриад байна. Тийм зүйл огт байгаагүй. Энэ талаар Б.Э өөрөө сайн мэдэж байгаа. Би хувь хүнийхээ хувьд 5.000.000-8.000.000 төгрөгийг төлж тус болъё гэж бодож байгаа..” гэв.

Шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагад нийцсэн, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой зөв дүгнэж гаргасан гэж үзэж байна. Б.Эын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд Э.О-ийг ял шийтгэл болон хохирлоос чөлөөлсөнд гомдолтой гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Э.О-ийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хариуцагчаар татсан. Энэ бол 2 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар талд байгаа. Э.Октябрийг иргэний хариуцагчаар татсан шийдвэрийг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын 2 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон. Тэгэхээр Э.О-ийг ямар нэгэн байдлаар иргэний хариуцагчаар татсан шийдвэр, тогтоол байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх Э.О-иас иргэний хариуцагчийн хувьд хохирол төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхээс Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Э.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх энэ хэсгийг дүгнэхдээ Э.О нь хохирогч нартай ямар нэгэн байдлаар харилцаа холбоо байхгүй, хохирогч нарыг танихгүй, хохирогч нар нь Э.О-ийг танихгүй. Б.Этай бүлэглэн үйлдсэн байдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Б.Эын хувьд зөвхөн Э.О гэхгүйгээр Түвшинжаргал болон Оюунсүрэн гэх мэт өөр 2-3  хүний дансаар мөнгө авсан байдаг. Эндээс яагаад энэ хэрэгт Э.О-ийг холбогдуулж 2-3 жил шалгасныг хамтран амьдарч байсан гэдэг хардлага байгаа учраас шалгасан байх гэж бодож байгаа. Гэтэл хавтаст хэргийн хүрээнд аваад үзэхэд дансаар нь мөнгө орж гарч байсан ийм үйл баримт байдгаас өөр ямар нэгэн байдлаар хамтран үйлдсэн гэх баримт байдаггүй. Шүүхээс Б.Эын дансаар орж гарч байсан их хэмжээний мөнгийг Э.О хамтраад зарцуулсан юм биш үү гэдэг зүйл төрж байгаа. Гэтэл Б.Э нь энэ хэрэгт шалгагдахаас өмнө зам тээврийн гэмт хэрэгт холбогдоод хохирогчид нь 8.000.000 орчим төгрөгийн хохирол төлсөн үйл баримт байдаг. Мөн түүнчлэн Б.Э өөрийн гэрт тавилга авсан, тавилгыг нь Б.Эын ээжийн төрсөн дүү буюу Оюунчимэг гэдэг хүн энэ хэргийг шалгагдаж байх явцад авч явсан байгаа. Түүнээс биш Э.О эдгээр зүйлүүдийг авч зарцуулсан асуудал байхгүй. Гэхдээ хамтран амьдарч байх хугацаандаа гэр оронд ямар нэгэн байдлаар захиран зарцуулсан зүйл байгаа гэдгийг огт үгүйсгэдэггүй. Үүнд шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Энэ хэргийг Э.Октябрийг шалгаж байгаа үндэслэл нь Б.Э надтай хамт энэ мөнгийг зарцуулсан учраас тодорхой хэсгийг хариуцах ёстой гэсэн зүйл ярьдаг. Гэтэл шүүхээс Э.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Э.Октябрийг иргэний хариуцагчаар татсан тогтоол байхгүй. Түнийг прокурорын тогтоолоор хүчингүй болгосон учраас Э.О ямар нэгэн төлбөр төлөх хууль зүйн үндэслэл хавтаст хэргийн хүрээнд байхгүй. Б.Этай хамтран хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Э.От холбогдох хэргийн хувьд хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хариуцагч “Ф И” ХХК-иар төлбөр төлүүлж байгаа гол үндэслэл нь Ш.Н байрны 30 хувийн урьдчилгаа болох цүнх дүүрэн мөнгө бариад байр авна гээд “Ф И” ХХК-ийн байр луу ороход компанийн хүмүүс “та энэ мөнгөө энд төлөхгүй, борлуулагчтайгаа уулз” гээд явуулсан байдаг. Тэгэхээр энэ үйл баримтыг үндэслээд хохирлыг компаниар төлүүлсэн нь үндэслэлтэй. Тийм учраас анхан шатны шийтгэх тогтоодыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Хохирогч Ш.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Би дүүтэйгээ ойрхон, 1 байранд оръё гэдэг үүднээс байр захиалсан болохоос Р-гийн яриад байгаа шиг өөрийнхөө байрны мөнгийг компанийн дансанд хийгээд, дүүгийнхээ байрны мөнгийг Б.Эын дансанд хийсэн зүйл байхгүй. Б.Э бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа үүссэн зүйл ч байхгүй. Дүүгээ миний хажууд байг, дүүдээ туслаад явъя гэдэг үүднээс байр захиалахад Түвшинжаргал гэдэг хүний байр зарагдаж байгаа гэсэн. Надад завшсан, худлаа ярьсан зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Ш.Т тус шүүх хуралдаанд тайлбаргүй гэв.

Хохирогч Ш.Н, Ш.Т нарын өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдал, үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгч нарыг санаатайгаар үгсэн хуйвалдаж, 22.000.000 төгрөгийн гражийг хоорондоо ярилцаад авсан мэтээр ойлгуулаад байх шиг байна. Үндсэн чанартаа тухайн компани нь хэргийн нөхцөл байдал 1 талдаа шийдвэрлэгдээгүй байхад дур мэдэн уг гражаа 300.000 төгрөгөөр түрээслээд, үйл ажиллагаа явуулж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд дүүгээсээ авсан донорын хэмжээнд дүүтэйгээ ойрхон амьдарч, туслах ёстой гэдэг үүднээс интернетээс, самбараас, бусдын мэдээллээс энэ компанийн байрыг олж мэдэн, эрх бүхий албан тушаалтантай уулзаж байж мөнгөө шилжүүлсэн. Мэдсээр байж бусдын данс руу мөнгөө хийсэн гэж яриад байна. Яг банкин дээр очоод мөнгө хийхдээ Б.Эаас “энэ ямар хүний данс вэ, танай байгууллагын данс биш байна” гэхэд “таны дүү Түвшинжаргал гэдэг хүний байрыг авах гэж байгаа болохоор тэр хүний данс, хийчих” гэсэн. Энэ бол миний үйлчлүүлэгч нар хууран мэхлэгдсэн үйлдэл. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Тал бүрээс нь бүрэн дүгнэлт хийсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Э нь байрны захиалга авах нэрийдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, санаатайгаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа удаа дараа хохирогч нараас мөнгийг нь авсан. Мөнгөө авахдаа компанийн дансанд оруулахгүйгээр бусдын данс руу шилжүүлж залилан мэхлэх гэмт хэргээ хийж байсан. Тэр үедээ Ш.Нтой гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ дүр үзүүлээд манай дарга ирээгүй байна, гарын үсэг зураагүй байна гэж удаа дараа Ш.Нийн итгэлийг төрүүлж, мөнгийг нь авсан. Ш.Нтой тухайн үед гэрээ хийгдсэн байгаа. Дарга нь ирвэл гарын үсэг зурагдах юм байна гэж итгэж Б.Эад мөнгөө алдаж, 2014 оноос хойш дээрх хүмүүс нь хохирсон. Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.Эын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн. Харин анхан шатны шүүхээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасныг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Э.О-ийг анх Б.Этай хамт энэ хэрэгт татах болсон шалтгаан нь 2016 онд болсон шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт “Э.О намайг дарамталж мөнгө олж ирээч” гэдэг зүйл ярьсан тул Э.О-ийг энэ хэрэгт татаж, хамтран оролцсон эсэхийг нь шалгах шаардлага гарсан. 2017 оны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э өөрийн өмнө өгсөн мэдүүлгээсээ буцаж “Э.О энэ хэрэгт ямар ч хамааралгүй данс руу нь орсон гүйлгээг мэддэггүй байсан. Би байгууллагын мөнгийг дундаас нь ашиг олох зорилгоор өгч байсан” гэдэг үндэслэлээр шүүх Э.О-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдах эсэх нь онц хүнд гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар анх үүсгэж байсан хэрэг нь тухайн үед Өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн үед хамаарагдаагүй байсан. “Ф И” ХХК-ийг иргэний хариуцагчаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 хэсэгт зааснаар прокурорын шатанд татаж шүүхэд шилжүүлсэн. Тэгэхээр иргэний хариуцагч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 хэсэгт зааснаар, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар 25.000.000 төгрөгийг иргэний хариуцагчаараа төлөх үндэслэлтэй. Гэхдээ шийтгэх тогтоолд иргэний хариуцагчтай холбоотой зүйлд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Э 21.000.000 төгрөгийг Т-д өгсөн гэх боловч 9.960.000 төгрөгийг баримтаар гаргаж өгсөн. Тийм болохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагчтай холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэгт иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй. Прокурорын шатанд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 хэсэгт зааснаар “Ф И” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж шалгасан. “Ф И” ХХК-иас гражийн мөнгө болох 25.000.000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй...” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.О-ийг Б.Этай бүлэглэн нэр бүхий хүмүүсийг итгэл эвдэх аргаар, нийт 96.004.200 төгрөгийг залилан авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс “ Э.О нь Б.Этай бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан авч, тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл  нотлох баримтуудаар нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Э.О өөрийнх нь ХААН банкны дансанд нийт 4 удаагийн үйлдлээр 96.004.200 төгрөг буюу их хэмжээний мөнгө орж байгааг мэдэж, дансанд орсон мөнгөний зарим хэсгийг Б.Эад бэлнээр авч өгч, үлдэх хэсгийг нь ахуйн хэрэгцээндээ хамт зарцуулах зэргээр түүний үйлдэлд оролцож, идэвхитэй дэмжлэг үзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд үүнд анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

 Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.Эыг Э.Отай бүлэглэн “Ф И” ХХК-д борлуулалтын менежереер ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Жаргалант” хотхонд байрны захиалга авах нэрийдлээр бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэмт хэргийг үйлдсэн, мөн “Ф И” ХХК-ийн Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан иргэн П.Г-оос гражийн мөнгө болох 25.000.000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн ба анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж залилах, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан байна.

 Шүүхээс шүүгдэгч Б.Эыг залилах, завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо  түүний аль үйлдэл нь завших, аль үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 14 хүртэл “Ф И” ХХК-д борлуулалтын менежереер ажиллаж байсан хугацаанд буюу уг компаний зарж борлуулж байсан орон сууц, гражийг борлуулах, захиалга авах явцад дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн байх бөгөөд аль үйлдэл нь ямар шинжээр залилангийн, аль үйлдэл нь ямар шинжээр завших гэмт хэргийн шинжид хамаарч байгаад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Э нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байх ба үйлдэгдсэн цаг хугацааны хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах эсэхэд  хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. 

 Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч түүнд хорих ял оногдуулах болсон үндэслэл, ялын хэмжээний талаар заагаагүй, дүгнэлт хийлгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын “... эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэснийг зөрчсөн байна. 

 Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.О, Иргэний хариуцагч “Ф И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Р нарын гаргасан давж заалдах гомдолд хариу өгөх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Харин шүүгдэгч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн,  03 сартай нялх хүүхэдтэй, хүүхдийнх нь биеийн байдал нь муу байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э, Э.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                              

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН