Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 28

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2017-01-13    №28                        Хэрлэн сум

 

 


Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00679/И
 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар баг, 21 дүгээр гудамжны 8 тоотод тоотод оршин суух иргэн Кашей овогтой Камыза /РД:СТ60092701/-д холбогдох,
 “гэрээний үүргийн биелэлт 2 173 913 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
 Нэхэмжлэгч Хэнтий аймаг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Бямбабаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
 Монгол улсын Засгийн газрын баталсан Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ашиг шим өндөртэй, цэвэр үүлдрийн /симменталь/ үнээг малчин, фермерт олгох аймгийн Засаг даргын баталсан гэрээний дагуу К.Камызад 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2 173 913 төгрөгийн үнэтэй үнээг эргэн төлөх нөхцөлтэйгээр олгосон. К.Камыза нь хариуцаж авсан үнээгээ үхэж үрэгдүүлж, гэрээнд заасан хохирлыг барагдуулаагүй болно. Иймд иргэн К.Камызагаар симменталь үнээний үнэ 2 173 913 төгрөгийг төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг эвлэрлийн гэрээндээ:
Миний байгууллага нь иргэн К. Камызагаас гэрээний үүргийн биелэлт 2 173 913 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож хариуцагч К.Камызагаас 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор гунжаас доошгүй насны үнээ авахаар хэлэлцэн эвлэрлийн гэрээг байгууллаа гэжээ.

 Хариуцагч К.Камыза эвлэрлийн гэрээндээ:
 Миний бие Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд гаргасан гэрээний үүргийн биелэлт 2 173 913 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.
 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагтай харилцан тохиролцож гунжаас доошгүй насны үнээг 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор өгөхөөр хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгууллаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:
      Нэхэмжлэгч Хэнтий аймаг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч К.Камызад холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 2 173 913 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

      Нэхэмжлэгч Хэнтий аймаг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, хариуцагч К.Камыза нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж хариуцагч К.Камыза нь гунжаас доошгүй насны үнээг 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор Хэнтий аймаг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул  зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хэнтий аймаг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч К.Камызагаас гэрээний үүргийн биелэлт 2 173 913 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч К.Камыза нь гунжаас доошгүй насны үнээг 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор Хэнтий аймаг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул  зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР