Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1306

 

 

 

 

 

 

 

 

    2019      12           11                                            2019/ШЦТ/1306        

 

-                                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908039791284 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, менежер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт суух, урьд ял шийтгэлгүй, Арлынхан овогт Оргилсайханы Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч О.Э нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 1-09 тоотод оршин суух Д.Бийн гэрт иргэн Т.Нямдаваатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч хаа саагүй шүлсээ хаяад овилгогүй залуу байсан. Халамцуу хүмүүс гар зөрүүлсэн л асуудал болсон. Бат-Эрдэнэ хохирогчийг цохиж зодоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй хичээж явах болно” гэв.

 

Эрүүгийн 1908039791284 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Нямдаваагийн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өглөө Бь ах бид хоёр босоод үлдэгдэл тал шил архиа уугаад дахиж нэг шил архи авъя гээд дэлгүүр ороход Бь ахын хамаатны дүү гээд нэг залуу найзтайгаа хамт зогсож байсан. Тэгээд бид хоёр нэг шил архи аваад, нөгөө хоёр залуутай Бь ахын гэрт очиж, архиа хувааж ууж байгаад миний дотор муухайраад байхаар нь огиод гэрт байсан хогийн сав руу шүлсээ хаясан чинь Бь ахын хамаатны залуу нь “чи яагаад гэр дотор шүлсээ хаяад байгаа юм” гээд бид хоёр маргалдсан. Бь ахын хамаатны банди нь миний нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгсэн би ухаан алдаад уначихсан байсан. Сэргээд боссон чинь би гэрт орон дээр хэвтэж байсан. Бие хөндүүрлээд амьсгаа авч болохгүй байхаар нь 103-т дуудлага өгч үзүүлсэн. Бь ах бид 2 цээжний зураг авахуулсан чинь “4 хавирга хугарсан байна” гэсэн. Миний 4 хавирга хугарч, үүдэн 1 шүд хөдөлсөн, баруун тохой, нүүр хэсэгт хөхөрч хавдсан байсан. Эмчилгээний мөнгө 520.000 төгрөг болсон. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-8, 10/,

Гэрч Г.Бат-Эрдэнийн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өглөө ...Эын хамаатан гээд нэг ах хүрч ирсэн. Тэр ах дэлгүүрээс архи авчихаад Эыг “манай гэрт очиж ууя” гээд дуудаад байсан. Тэгээд Э бид хоёр тэр ахыг дагаад гэр лүү нь явсан. Эын хамаатны ах нь хамт ажилладаг гээд нэг эрэгтэй хүнтэй цуг явж байсан. Бид дөрөв Эын ахын гэрт орж авсан архиа ууцгаасан. ...Маргалдаж байтал цуг байсан залуу Эыг алгадаад авсан. Тэр үед Э “би ингэж амьдардаг хүн биш” гээд хоорондоо муудалцаж, тэр залуутай зодолдсон. Би тэр хоёрыг салгаад Эыг аваад гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-18/,

Гэрч Д.Бийн: “...Бид дөрөв архи ууцгаасан. Нямдаваа гэрт шүлсээ хаяад байх шиг байсан. Тэр үед худ дүү Э “Айлд байж шүлсээ хаяж болохгүй шүү” гэсэн. ...Нямдаваа хоёрыг маргалдаж, зодолдож байхад би гэртээ байсан. Удалгүй хамаатны дүү Э найзыгаа дагуулаад яваад өгсөн. Би үүдний таамбараас найз Нямдавааг өргөж гэрт оруулж унтуулсан. ...Нямдаваа орой унтаж байгаад гэнэт “миний цээжээр хатгаад, өвдөөд байна” гэхээр нь би түргэн дуудаж үзүүлсэн чинь эмч авч яваад зургийг нь авахуулсан чинь “хавирга нь хугарсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.30-ны өдрийн 9306 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Т.Нямдаваагийн биед зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамар, зүүн хацар, цээжний зүүн хажуу доод хэсэгт зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29/,

Шүүгдэгч О.Эын яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр найз Бат-Эрдэнэ бид хоёр дэлгүүрээс архи авах гэж ороход худ ах Бьтай таарсан. Бь ах “манайд очъё, нэг шил архи авчих” гээд Бат-Эрдэнэ бид хоёр Бь ахын гэрт очиж архиа бид дөрөв хувааж уусан. ...Нямдаваа гэрт нь шүлсээ хаяад байхаар би “болиоч, айлд байж шүлсээ хаяад байхдаа яадаг юм” гэсэн чинь Нямдаваа өөдөөс жаахан хэгжүүрхсэн байдалтай байсан. ...Үүдний таамбарт Нямдаваа над руу томроод байхаар нь Нямдаваагийн шанаа руу цохисон чинь газар унаад өгөхөөр цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Бат-Эрдэнэ намайг салгаад бид хоёр Бь ахынхаас явсан...” гэх мэдүүлэг /хх-65-68/,

хохирлын баримтууд /хх-34-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, эд хөрөнгө “бүртгэлгүй” лавлагаа /хх-42/, “Ub&Ln” ХХК-ийн “О.Э нь борлуулалтын менежер албан тушаалд 500.000 төгрөгийг цалинтай ажилладаг” гэх тодорхойлолт /хх-43/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-44-45/, прокурорын “Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол /хх-72/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирлын нөхөн төлбөр болох 530.000 төгрөгийг бэлнээр барагдуулсан нь үнэн болно” гэх гар бичвэрийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Нямдавааг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохиролд 559.392 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай” гэж,

шүүгдэгч “Маш их харамсаж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Э согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 1 дүгээр гудамж, 09 тоотод иргэн Т.Нямдаваатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамар, зүүн хацар, цээжний зүүн хажуу доод хэсэгт зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Нямдаваагийн “...Бь ахын хамаатны банди нь миний нүүр лүү гараараа цохиод авсан. Би ухаан алдаад газар уначихсан байсан. Сэргээд боссон чинь би гэрт орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Г.Бат-Эрдэнийн “...Э “би ингэж амьдардаг хүн биш” гээд хоорондоо муудалцаж, улмаар тэр залуутай зодолдсон. Би тэр хоёрыг салгаад Эыг аваад гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч Д.Бийн “...Би үүдний таамбараас Нямдавааг өргөж гэрт оруулж унтуулсан. ...Нямдаваа орой гэрт унтаж байгаад гэнэт “миний цээжээр хатгаад, өвдөөд байна” гэхээр нь би түргэн дуудаж үзүүлсэн чинь түргэний эмч гэмтэл рүү авч яваад зургийг нь авахуулсан чинь “хавирга нь хугарсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-16/, шүүх эмнэлгийн 9306 дугаар “1.Т.Нямдаваагийн биед зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамар, зүүн хацар, цээжний зүүн хажуу доод хэсэгт зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, шүүгдэгч О.Эын яллагдагчаар өгсөн “...Нямдаваа над руу томроод байхаар шанаа руу нь цохиод авсан чинь газар унаад өгөхөөр нь цээж рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-65-68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Эын согтуурсан үедээ, “гэрт шүлсээ хаялаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.Нямдавааг цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Нямдаваагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоогдсон хохирлын төлбөр 526.677 төгрөг /хх-34-36/-ийг шүүгдэгч шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд төлсөн нь шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн “хохирлын нөхөн төлбөр болох 530.000 төгрөгийг бэлнээр барагдуулсан нь үнэн болно” гэх гар бичвэрээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн ажилтайг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжээр торгох ял оногдуулж, ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүйг хичээж явах болно” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, “гэрт шүлс хаялаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамар, зүүн хацар, цээжний зүүн хажуу доод хэсэгт зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал зэрэг олон тооны гэмтэл учруулсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /“Ub&Ln” ХХК-д 500.000 төгрөгийн цалинтай ажилладаг/, бусад орлого олох боломжийг тус тус үндэслэн шүүгдэгч О.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Арлынхан овогт Оргилсайханы Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР