| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2016/00742/И |
| Дугаар | 29 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 29
2017 оны 01 дүгээр сарын 13 Дугаар156/ШШ2016700029 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00742/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ”Хадгаламж банк”-ны банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1962 оны 09 дүгээр сарын 11 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 14-01 тоотод оршин суух, Харнууд овогт Дашдэлэгийн Ганболд РД:/СФ62092011/-д холбогдох,
"2010 оны 08 сарын 23 өдөр байгуулсан 14 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн үлдэгдэл 2 131 265,45 мөнгө, хуримтлуулсан хүү 899 560,41 мөнгө, буюу нийт 3 030 825,41 мөнгийг хариуцагчаас шаардаж, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах, шаардах эрх нь Хадгаламж банкинд шилжиж ирсэн Д.Ганболдын нэр дээрх 12.192.343 төгрөгийг авлагыг тус тус гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч Д.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хадагаламж банк”-ны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22 өдрийн А/153 дугаартай тушаалаар Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авагч томилогдсон. “Хадгаламж банк”-д одоо хуулийн этгээдийн хувьд албадан татан буулгах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд 3 удаа тушаал гаргаж энэхүү ажиллагааг сунгасан байгаа. Одоо 2017 оны 01 дүгээр сарын 22 өдрийг хүртэл татан буулгах ажиллагаа хийгдэнэ. Банкинд эрх хүлээн авагч томилогдсоноор Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үр дагавар үүссэн. Д.Ганболд нь 2010 оны 08 дугаар сарын 23 өдөр Хадгаламж банктай 14 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25 сая төгрөгийг гэр бүлээрээ амьдрах орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 14.4, сарын 1.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээ нь 2017 оны 07 дугаар сарын 20 өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан.
2017 оны 01 сарын 13 өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 131 265.45 мөнгө, хуримтлуулсан хүү 899 560.41 мөнгө, буюу нийт 3 030 825.41 мөнгийг нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагаараа нэхэмжилж байгаа.
Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хувьд нэхэмжлэх эрх нь шилжиж ирсэн 12 192 343 төгрөгийн авлагатай байна. Энэ нь банкны эрх хүлээн авагч “Хадгаламж банк”-аас хүлээж авсан тэнцлээр Д.Ганболдын нэр дээр 12 192 343 төгрөгийн авлага бүртгэлтэй байсан. Энэ авлагыг “Хадгаламж банк”-ны хэвийн үйл ажиллагаа явуулж байх үе буюу 2013 оны 05 сарын 28 өдөр нээсэн байсан. Авлагыг судалж үзэхэд Д.Ганболдын банкны зээлээр худалдаж авсан 2 өрөө орон сууц нь 74 620 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд 25 сая төгрөгийг “Хадгаламж банк”-ны зээлээр, үлдэх мөнгийг түүний ажил олгогч байсан “Олон Овоот” ХХК төлөхөөр тохиролцсон байсан.
2013 оны 05 сарын 01 өдөр төлбөр хариуцан барагдуулах гэрээ хийгдсэн. Тэгэхээр гэрээгээр “Жаст групп” ХХК нь 49 620 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон тул үүнийг Д.Ганболд өөрөө хариуцан төлөх, үлдэгдэл төлбөрийг ажилласан хугацаанд нь ногдох төлбөрийг хасаад, 30 480 857 төгрөгийн 40% нь 12 192 343 төгрөгийг 2013 оны 12 сарын 31 өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулбал үлдэгдэл 60 хувиас чөлөөлье гэж тохиролцсон тохиролцоо байдаг юм билээ. Үүний дараа “Хадгаламж банк” болон “Жаст групп”-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15 өдөр 7/1-440 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан.
Уг гэрээний 1 дүгээр зүйлд хавсралтад дурдсан төлбөр хариуцан барагдуулах гэрээнүүдийн төлбөрийг хүлээн авах эрхийг “Жаст групп”-ээс холбогдох бичиг баримтын хамт “Хадгаламж банк” руу шилжүүлсэн байдаг. Энэ хавсралтын 23 дугаарт Ганболд гуай бичигдсэн байдаг ба 12 192 343 төгрөгийн шаардах эрх нь “Хадгаламж банк” руу шилжсэн. Зээлийн гэрээг цуцлах асуудал яригдаж байгаа учраас барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тавьж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нармандахын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Д.Ганболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2010 оны 08 дугаар сарын 23 өдөр “Хадгаламж банк”-тай 14 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25 сая төгрөгийг 84 сарын хугацаагаар байгуулсан. Үүнээс хойш графикийн дагуу төлөлт хийгдээд явж байгаа. Төлбөр хийгдэж байх хугацаанд ямар нэг байдлаар хугацаа хожимдуулах болон өөр төрлийн зөрчил гаргаж байгаагүй. 2010 оны 08 дугаар сарын 23 өдрийн 14 дугаартай зээлийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20 өдөр хүртэл үргэлжлүүлэх саналтай байна. Мөн миний бие 2013 оны 05 дугаар сарын 01 өдөр “Жаст групп”-тэй төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд зааснаар 12 192 343 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31 дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба 2013 оны 12 дугаар сарын 25 өдөр “Жаст групп”-ийн Санхүүгийн албаны захирал Батсайхан гэдэг хүн төлбөрөө барагдуул гэж хэлсний дагуу миний бие 2013 оны 12 дугаар сарын 27 өдөр 12 192 343 төгрөгийг “Жаст групп”-д бэлнээр тушаасан. Тийм учраас энэ төлбөрийг барагдуулсан гэж үзэж байгаа” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 10-14, 16-26, 47-48, 56-60, 65, 97/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч нь Хадгаламж банкны төв салбар, хариуцагч Д.Ганболд нарын хооронд 2010 оны 08 сарын 23 өдөр байгуулсан
14 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн үлдэгдэл 2 131 265,45 мөнгө, хуримтлуулсан хүү 899 560,41 мөнгө, буюу нийт 3 030 825,41 мөнгийг хариуцагчаас шаардаж, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах, мөн Хадгаламж банк болон “Жаст групп”-ын хооронд 2013 оны 05 сарын 15 өдөр байгуулсан 7/1-440 дугаартай гэрээгээр шаардах эрх нь Хадгаламж банкинд шилжиж ирсэн Д.Ганболдын нэр дээрх 12.192.343 төгрөгийг авлагыг хариуцагч Д.Ганболдоос гаргуулахаар тус тус шаардсан болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 131 265,45 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хангаж, 13 091 903,41 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хадгаламж банкны төв салбар 2010 оны 08 сарын 23 өдөр Д.Ганболдтой 14 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51-А дугаар байрны 35 тоот орон сууцыг барьцаалж, 84 сарын хугацаатай, сард 1,2 хувийн хүүтэйгээр 25 сая төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар олгосон байх ба одоо зээлийн үлдэгдэл 2 131 265,45 мөнгө үлдсэн нь зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтаар /хх 97/ нотлогдож байна, зохигчид энэ талаар маргаагүй болно.
Хадгаламж банкны эрх, үүргийг бусдад шилжүүлэхгүйгээр хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах шийдвэрийг Монгол банк 2013 оны 7 сард гаргасан, банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 2016 оны 7 сарын 22 өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар сунгасан учраас цаашид дээрх зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй гэж нэхэмжлэгч үзэж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар урт хугацаагаар хийсэн гэрээг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцалж 2017 оны 01 сарын 13 өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.131.265.45 мөнгө, хуримтлуулсан хүү 899.560.41 мөнгө, буюу нийт 3.030.825.41 мөнгийг хариуцагчаас шаардаж байна.
Хариуцагч Д.Ганболд дээрх гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлж байсан үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй, гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг барагдуулна гэж маргаж байна.
Хадгаламж банк, Д.Ганболд нарын хооронд хийгдсэн 84 сарын хугацаатай гэрээг урт хугацаатай гэрээ гэж үзэх боломжтой ба Хадгаламж банкны эрх, үүргийг бусдад шилжүүлэхгүйгээр хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах шийдвэр гарсан, албадлагын арга хэмжээний сунгасан хугацаа дуусч байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар /хх 10-14/ тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан “... гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал буюу хүндэтгэн үзэх үндэслэл” үүссэн байна гэж үзэж, гэрээг цуцлаж, хариуцагчаас зээлийн үлдэгдэл 2 131 265,45 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэрээг цуцлаж буй тохиолдолд ирээдүйд гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл яригдахгүй тул хуримтлуулсан хүү гэх 899 560,41 мөнгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.
Хадгаламж банк болон “Жаст групп”-ын хооронд 2013 оны 05 сарын 15 өдөр байгуулсан 7/1-440 дугаартай гэрээгээр шаардах эрх нь Хадгаламж банкинд шилжиж ирсэн Д.Ганболдын нэр дээрх 12.192.343 төгрөгийг авлагыг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь Хадгаламж банк болон “Жаст групп”-ын хооронд байгуулсан 2013 оны 05 сарын 15 өдрийн 7/1-440 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.1-д “шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтанд заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 02 өдрийн байдлаар нийт 490,922,876.00 /дөрвөн зуун ерэн сая есөн зуун хорин хоёр мянга найман зуун далан зургаа/ төгрөг ба төлбөр төлөгч нартай байгуулсан “төлбөр хариуцан барагдуулах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу тооцогдох төлбөр, бусад зардал байна” /хх 47/ гэж заажээ.
Дээрх гэрээний 1 дүгээр хавсралтын “д/д 23-т” төлбөр төлөгч Д.Ганболд гэрээний дагуу барагдуулах үүргийн дүн 12,192,343.00 үүргийг биелүүлсэн тохиолдолд хөнгөлөлт үзүүлэн чөлөөлөх дүн 30,480857.00, төлж барагдуулах эцсийн хугацаа 2013.12.31, төлбөр барагдуулах хуваарь 2013.12.31, 192,343.00 гэсэн байна.
“Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал, Д.Ганболд нарын хооронд байгуулсан 2013 оны 05 сарын 01 өдрийн ЖГХБ/35-13 дугаартай, “төлбөр хариуцан барагдуулах гэрээ”-ний /хх 57-58/ 3.1-д “төлбөр төлөгч нь орон сууцны үлдэгдэл төлбөр 30,480,857 төгрөгийн 40% болох 12,192,343 төгрөгийг бэлнээр 2013 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулсан тохиолдолд үлдэгдэл 60%-ийн төлбөрөөс хөнгөлнө” гэж заасан байх ба Д.Ганболд ... байрны үлдэгдэл төлбөр 12,192,343 төгрөгийг 2013 оны 12 сарын 27 өдөр “Жаст групп” ХХК-д төлж барагдуулсан нь орлогын ордерын тасалбар /хх 56/-аар болон, тус группын санхүүгийн газрын захирал Ш.Батсайханы “Иргэн Дашдэлэг овогтой Ганболд нь тус компанитай ... байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 3.1-д тохиролцсоны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийн 12,192,343 төгрөгийг 2013 оны 12 сарын 27 өдрийн дотор төлж барагдуулсан тул тус компанид төлбөр тооцоогүй болохыг үүгээр тодорхойлов” гэсэн 2013 оны 12 сарын 27 өдрийн Б-01/28 дугаартай /хх 60/ албан бичиг зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Д.Ганболд нь “төлбөр хариуцан барагдуулах гэрээ”-д заасан хугацаанд төлбөрийг төлж, орон сууцны үлдэгдэл төлбөрөөс чөлөөлөгдөх болзол хангасан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 12.192.343 төгрөгийг дахин төлөхгүй гэж байгаа хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ нь “төлбөр хариуцан барагдуулах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу тооцогдох төлбөр, бусад зардал байна гэж шаардах эрх шилжүүлэх гэрээнд тодорхой заасан байх ба хэрэв 12,192,343 төгрөгийг Д.Ганболд 2013 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулаагүй тохиолдолд энэ авлагыг Д.Ганболдоос Хадгаламж банк шаардах эрхтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Нэхэмжлэлийн шаардлагаас 2.131.265.45 мөнгө /хоёр сая нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран таван төгрөг дөчин тав/ гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас /12.192.343+899 560,41/ 13.091.903.41 мөнгө /арван гурван сая ерэн нэгэн мянга есөн зуун гурван мянган төгрөг дөчин нэг/ нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.“Хадгаламж банк” ХХК-ийн төв салбар болон, иргэн Д.Ганболд нарын хооронд 2010 оны 08 сарын 23 өдөр байгуулсан 14 дугаартай зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Д.Ганболдоос 2.131.265.45 мөнгө /хоёр сая нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран таван төгрөг дөчин тав/ гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.091.903.41 мөнгө /арван гурван сая ерэн нэгэн мянга есөн зуун гурван мянган төгрөг дөчин нэг/ нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосуггай.
2. Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас 13.091.903.41 төгрөгт ногдох 223 409,51 төгрөгийн, хариуцагч Д.Ганболдоос 2.131.265.45 төгрөгт ногдох 49 050 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51-А дугаар байрны 35 тоот орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА