| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1308/Э |
| Дугаар | 1307 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 1307
2019 12 11 2019/ШЦТ/1307
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908054121575 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49 дүгээр гудамж, 749б тоотод оршин суух бүртгэлтэй, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Жамсранжавын У /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ж.У нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хайрханы 3-1 тоотод оршин суух иргэн Д.Мын гэрт хонохдоо дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөнгөн аягыг нь авсан. Баярмаа намайг мөнгөн аяга авч байгааг мэдээгүй. Аягыг буцааж өгсөн. Буруутай үйлдлээ засаж залруулах боломж олгож хөнгөн ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908054121575 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Мын: “2019 оны 10 дугаар сарын 14-ний 20 цагийн үед Баярмаа, У хоёр “манай ах Тайванаа согтуу байна, айгаад байна” гэхээр нь гэртээ хонуулсан. Маргааш өглөө нь би 08 цагийн орчим бие засчихаад гэртээ орж иртэл Баярмаа, У нар босож байсан. Баярмаа, У нар босч байж байгаад яваад өгсөн. Мөнгөн аягаа хартал алга болсон байсан. Урд гудамжинд гарсан чинь У Баярмаатай маргалдаад зогсож байсан. Миний мөнгөн аягыг надад буцааж өгсөн. Баярмаа нь Уыг “хүний юм яах гэж авсан юм, буцааж өг” гээд маргалдаж байсан. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-26, 51/,
Гэрч Ч.Баярмаагийн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мын гэрээс гараад гудамжинд явж байсан чинь манай нөхөр надад мөнгөн аяга хулгай хийсэн талаараа хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “хүний мөнгөн аягыг буцааж өг” гээд байж байтал цагдаа залгаад “хаана байна” гэж асуухаар нь байгаа газраа хэлсэн. Удаагүй цагдаа ирээд нөхөр бид хоёрыг цагдаагийн газрын жижүүр дээр авч ирсэн...” гэх хүсэлт /хх-53/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.10.17-ны өдрийн 1128 дугаар тайланд: “Дунд гарын мөнгөн аяга 350.000 төгрөг” гэжээ /хх-33-35/,
Шүүгдэгч Ж.Уын яллагдагчаар өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 14-ний орой эхнэр Баярмаагийн хамт гадуур явж байсан чинь танил М утсаар залгаад “манай гэрт хүрээд ир” гэхээр нь очсон. М эхнэр бид хоёрт 0,33 литрийн архи өгөхөөр нь би Мтай хувааж уучихаад харих гэсэн чинь харанхуй болсон байсан учир хонохоор болоод унтаж амарсан. Маргааш өглөө 08 цагийн үед сэрээд Мын гэрийн хойморт байх ханын шүүгээн дээр дунд гарын мөнгөн аяга байхыг харсан. Мыг босоод нойл явах хооронд шүүгээн дээрээс мөнгөн аягыг аваад өмсөж байсан куртикнийхээ дотор халаасанд хийгээд Мыг ороод ирэхээр нь зөрөөд эхнэрийн хамт гараад явсан. Гудамжинд явж байгаад эхнэр Баярмаад мөнгөн аягыг үзүүлсэн чинь уурлаад “чи яаж байгаа юм, хүний юмыг буцааж өг” гэж маргалдаж байсан чинь эхнэрийн утас руу цагдаа залгаад “Мын гэрт хүрээд ир” гэсэн. Удалгүй цагдаа ирээд бид хоёрыг мөнгөн аяга хулгай хийсэн гээд шалгасан...” гэх мэдүүлэг /хх-43-44/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-20/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-29/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32/, гэрч Ж.Цолмонгийн мэдүүлэг /хх-55/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.У нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хайрханы 3 дугаар гудамж, 1 тоотод байрлах иргэн Д.Мын гэрт хоноод явахдаа дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Мын “...У нар босоод яваад өгсөн. Мөнгөн аягаа хартал алга болсон байсан. Аягыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч Ч.Баярмаагийн “...манай нөхөр надад мөнгөн аяга хулгай хийсэн талаараа хэлсэн...” гэх хүсэлт /хх-53/, “Тэнцвэр эстимэйт” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 1128 дугаар “Дунд гарын мөнгөн аяга 350.000 төгрөг” гэх тайлан /хх-33-35/, шүүгдэгч Ж.Уын яллагдагчаар өгсөн “...Мыг босоод нойл явах хооронд шүүгээн дээрээс мөнгө аягыг аваад өмсөж байсан куртикнийхээ дотор талын халаасанд хийгээд Мыг гэртээ ороод ирэхээр нь зөрөөд эхнэр Баярмаагийн хамт гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Уын хохирогч Д.Мын гэрт хоноод явахдаа дунд гарын хуучин мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мт 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...Ж.У миний мөнгөн аягыг буцааж өгсөн. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-51/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирол биет байдлаар төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Ж.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хоромхон зуурын шунахайн сэдэлтээр мөнгөн аягыг халаасандаа хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хоносон айлаасаа буюу танилынхаа гэрээс шунахайн сэдэлтээр, бусдын өмчлөх эрхэд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /53 настай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэв.
Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас шүүгдэгч Ж.У согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. Харин Ж.Уын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хохирлын хэр хэмжээг харгалзан тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Сартуул овогт Жамсранжавын Уыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Ут тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.У тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР