Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 0371

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч Д.Туяана,

хохирогч Ч.О...........лаг,

шүүгдэгч Д.Ч..........бат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Тайж овогт Д..........нгийн Ч..........батыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0052 30385 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт Д..........нгийн Ч..........бат, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цээл суманд 1957 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 62 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, “............” ХХК-ийн “Ану” зочид буудлын “............” цайны газрыг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол ............ байрны .............тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар Ч.......7.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Ч..........бат нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану” зочид буудал дотор иргэн Ч.О...........лагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжин тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талын 11-р хавирганы цууралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Д.Ч..........бат мэдүүлэхдээ: “...Тухайн үед намайг ууртай гарч ирээд, хашгирсан гэж хэлж байгаад нь би маш их харамсаж байна. Хохирогчийг би түлхсэн, яагаад түлхсэн гэхээр би өөрийгөө хамгаалаад шатны хажууд зогсож байсан болохоор би хаалгыг түлхсэн. Тухайн үед манай зөөгч охиныг яагаад загнасан талаар учрыг нь олох гэж би хохирогчтой уулзсан. Тэрнээс биш хохирогчтой хэрэлдэж, зодолдох гэж гэрт нь буудал руу ороогүй. Миний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан гэдгийг ойлгож байна...” гэв.

2. Хохирогч Ч.О...........лаг мэдүүлэхдээ: “...Би “............” ХХК-ийн зохион байгуулагчийн ажил, албан тушаалд ажилладаг, манай “............” ХХК-н нь хувийн 4 давхар объект байдаг юм. ............ ХХК-н нь 0 давхарт нь караоке, 1 давхарт нь цайны газар, 2-3 давхарт нь зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус үйл ажиллагаа явуулдаг хүмүүс нь байнга түрээсийн үйл ажиллагаа явуулдаг байгаа, би зохион байгуулагч учраас эдгээр хүмүүст цэвэр цэмцгэр байх шаардлага тавьдаг байгаа. Шүүгдэгч Ч..........бат гэх хүнд удаа дараа шаардлага тавьж байсан. Учир нь Ч..........бат гэх хүн нь манай эгчийн объектид үйл ажиллагаа явуулдаг бохир, заваан, балиар, хоолны газрын үйл ажиллагаа нь явуулдаг болохоор нь би эгчийнхээ кампони үйл ажиллагаанд нөлөөлөх бий, мэргэжлийн хяналт ирээд манай зөвшөөрлийг цуцлах бий гэсэн үүднээс энэ бүгдийг зас гэх болгонд байнга хэрүүл маргаан хийдэг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ч..........бат гэх хүнд шаардлага тавьсан. Шаардлага тавьсан үндэслэл нь объектийн энэ тэнд нь лам, бөөгөөр уншуулсан элдэв зүйл битгий тавиад бай, хоол ундны аюулгүй байдлыг хангаж бкетанд хийж авчирж өг гэж хэлсэн. Тэгээд хоёр давхарт байж байхад Ч..........бат нь хойноос орилоод гараад ирсэн. Тэгээд гарч ирэхээр нь Ч..........баттай ярилцаад зогсож байхад Ч..........бат нь шууд намайг цохиод, түлхсэн. Ч..........батад түлхүүлээд би нилээн хол хөл алдаад унасан байгаа. Тухайн үед би Ч..........бат гэх хүн рүү гар далайх, түлхэх ямар нэгэн санаа бодол байгаагүй. Гэтэл өнөөдөр шүүгдэгч нь намайг түлхэх гэсэн учраас өөрийгөө хамгаалах гэж байгаад түлхсэн талаар ярьж байна. Гэтэл би хаалганаас хол зайтай зогсож байгаад, шүүгдэгч Ч..........баттай ярилцаж байгаад цохиулсан. Тухайн үед Ч..........бат нь намайг хохь-чинь гэж хэлчихээд доош цайны газар руу буугаад явсан...Тухайн үед миний өвдөж, зовж байгааг манай нөхөр, хүүхдүүд харсан, мэдэж байгаа. Намайг өвдчихөөд явж байхад Ч..........бат гэх хүн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөд явж байсан. Гэтэл цагдаа нь надад хэлэхдээ зөрчлийн тухай хуульд зааснаар хэргийг чинь хаана. Энэ Ч..........бат гэх хүн мөнгөн төлбөрөө төлсөн гэж хэлсэн. Гэтэл Ч..........бат гэх хүн надаас уучлалт гуйхын оронд цагдаад мөнгө төлөөд явж байсан байна. Энэ хооронд би эмнэлэгт...үзүүлээд эмчилгээ хийлгээд явж байсан. Тэгээд Ялалт гэх байцаагч намайг байцаалт өг гээд дуудахаар нь би очисон намайг очиход Ч..........бат гэх хүн маш олон танихгүй хүмүүстэй хамт зогсож байсан. Тэр хүмүүсээрээ худал мэдүүлэг өгүүлээд зогсож байсан. Миний хувьд эрүүл мэндээрээ хохироод одоо ажлаа хийж чадахгүй явж байхад Ч..........бат гэх хүн нэг удаач “уучлалт” гуйсан зүйл байхгүй байж энэ хэрэгт хамаагүй, хэргийн талаар мэдэхгүй хүмүүсээр худлаа мэдүүлэг өгүүлээд явж байгаад нь би маш их гомдолтой байна...би одоо шүүгдэгчээс 1.092.830 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ч.О...........лагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” зочид буудалд менежер хийдэг юм. ...2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 11-12 цагийн орчимд ...“Ану” зочид буудал дээрээ ирээд ажлынхаа хүмүүсээр цэвэрлэгээ хийлгэсэн. Тэгээд би цэвэрлэгээ хийлгээд явж байхдаа ...цайны газрын хоол зөөдөг охинд ...манайд хоол авчирч өгөхдөө битгий “буяны зан үйл хийгээд байгаарай, хоолоо нэг удаагийн саванд хийгээд өгч” бай гэж хэлсэн. Тэгсэн 5 минутын дараа цайны газар ажиллуулдаг Ч..........бат эгч доороос хашхираад дээшээ гараад ирэхээр нь би дотогшоо оруулахгүй гээд хаалгаа хаах гэтэл зүүн хавирга хэсэг рүү гараараа нэлээн хүчтэй нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

2. Гэрч ДА............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “Ану” зочид буудалд байдаг “............” цайны газарт тогоочоор ажилладаг. Ч..........бат манай цайны газрын дарга байгаа юм. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд цайны газартаа ...байж байтал Ч..........бат дарга заалнаас гараад явчихсан байсан. Хэсэг хугацааны дараа дээр буудлын давхарт хүмүүс орилолдоод чанга чанга яриад байхаар нь дээшээ буудал руу гартал Ч..........бат дарга О...........лагтай хэрэлдсэн байдалтай байсан. Тэгээд О...........лаг “би та нартай хэрэлдэхгүй, та цаашаа яв” гээд түлхсэн чинь Ч..........бат дарга буцаагаад О...........лагийг түлхсэн...Ч..........бат дарга гараараа О...........лагийн зүүн талын хөхний орчим руу түлхэх шиг болсон өөр гар хүрч цохиж зодсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

3. Гэрч Б.Т............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч..........бат дээшээ аймаар ууртай манай байдал руу гарч ирээд зохион байгуулагч О...........лагийг нааш ир гэж дуудсан. О...........лаг очсон чинь аяга, тавгийн хэрүүл хийж байснаа Ч..........бат эмээ О...........лагийн цээжний зүүн хэсэг орчим руу гараараа нэг цохиод авсан. Гэтэл О...........лаг сонин авиа гаргаад намайг цохичихлоо гээд цагдаа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1450 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Цээжний зүүн доод хэсэгт эмзэглэлтэй. 2020.01.13-ны цээжний КТГ-д: зүүн талд далны шугамаар ХI хавирга цууралттай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Ч.О...........лагийн биед цээжний зүүн талын 11-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14),

 

4. Шүүгдэгч Д.Ч..........батын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд ажил дээрээ ...байж байтал манай үйлчлэгч охин А............а орж ирээд “Ч..........бат эгчээ намайг гадаа хог цэвэрлэж байхад хар хувцастай эгч битгий манай буудал руу юм цацаад бай” гээд загнаад байна гэсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бол гэж бодоод орж уулзахаар А............аг дагуулаад дээшээ зочид буудлын үүдэнд очсон. Тэгээд “хэн нь энэ охиныг юу цацаад байгаа гэж яриад байгаа юм. Энэ охинд юу байдаг юм” гэж хэлтэл О...........лаг “өө тантай ярих юм байхгүй” гээд хаалгаа хаах гэхээр нь би гараараа цээж рүү нь нэг удаа түлхсэн. Тэгсэн О...........лаг цагдаа дуудна гээд цаашаа яваад өгсөн...Би О...........лагийн биед учирсан цээжний зүүн талын 11 дүгээр хавирганы цууралт гэмтлийг гараараа түлхэж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72),

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 37-40), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 35),

- Хохирол, хор уршгийн талаарх 175.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 09-10), 917.830 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 60-61), эмчийн үзлэг, тэмдэглэлийн дэвтэр (хавтаст хэргийн 97-102), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 96), “............” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 95),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 73 44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 45, 46), хувийн байдлын талаарх баримт буюу “ХААН” банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 47-57) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ч..........батад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Ч..........бат нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” ХХК-ийн “Ану” зочид буудал дотор “............” цайны газар түрээслэн ажиллуулдаг байна. Улмаар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн орчим өөрийн цайны газрын ажилтан А............аг өмөөрч тус буудлын зохион байгуулагч Ч.О...........лагтай  “хэн нь энэ охиныг юу цацаад байгаа гэж яриад байгаа юм. Энэ охинд юу байдаг юм” гэж маргааныг үүсгэхэд Ч.О...........лаг нь дотогш оруулахгүй гэж бодон хаалга хаах үед тэрээр түүний зүүн цээж орчим цохисны улмаас эрүүл мэндэд цээжний зүүн талын 11-р хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Ч.О...........лагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 11-12 цагийн орчимд ...“Ану” зочид буудал дээрээ ирээд ажлынхаа хүмүүсээр цэвэрлэгээ хийлгэсэн. Тэгээд би цэвэрлэгээ хийлгээд явж байхдаа ...цайны газрын хоол зөөдөг охинд ...манайд хоол авчирч өгөхдөө битгий “буяны зан үйл хийгээд байгаарай, хоолоо нэг удаагийн саванд хийгээд өгч” бай гэж хэлсэн. Тэгтэл.... Ч..........бат эгч доороос хашхираад дээшээ гараад ирэхээр нь би дотогшоо оруулахгүй гээд хаалгаа хаах гэтэл зүүн хавирга хэсэг рүү гараараа нэлээн хүчтэй нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

- Гэрч ДА............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд цайны газартаа ...байж байтал Ч..........бат дарга заалнаас гараад явчихсан байсан. Хэсэг хугацааны дараа дээр буудлын давхарт хүмүүс орилолдоод чанга чанга яриад байхаар нь дээшээ буудал руу гартал Ч..........бат дарга О...........лагтай хэрэлдсэн байдалтай байсан. Тэгээд О...........лаг “би та нартай хэрэлдэхгүй, та цаашаа яв” гэхэд...Ч..........бат дарга гараараа О...........лагийн зүүн талын хөхний орчим руу түлхэх шиг болсон өөр гар хүрч цохиж зодсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

- Гэрч Б.Т............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч..........бат эмээ О...........лагийн цээжний зүүн хэсэг орчим руу гараараа нэг цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1450 дугаар дүгнэлт “...1. Ч.О...........лагийн биед цээжний зүүн талын 11-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14),

- Шүүгдэгч Д.Ч..........батын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай үйлчлэгч охин А............а орж ирээд “Ч..........бат эгчээ намайг гадаа хог цэвэрлэж байхад хар хувцастай эгч битгий манай буудал руу юм цацаад бай” гээд загнаад байна гэсэн. Тэгэхээр нь би ...дээшээ зочид буудлын үүдэнд очоод...“хэн нь энэ охиныг юу цацаад байгаа гэж яриад байгаа юм. Энэ охинд юу байдаг юм” гэж хэлтэл О...........лаг “өө тантай ярих юм байхгүй” гээд хаалгаа хаах гэхээр нь би гараараа цээж рүү нь нэг удаа түлхсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 37-40) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Ч..........бат нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.О...........лагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Д.Ч..........батыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч..........батыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Д.Ч..........батын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч Д.Ч..........батын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.О...........лаг нь эмчилгээний зардалд баримтаар нийт 1.092.830 (хавтаст хэргийн 09-10, 60-61) төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хохирогч Ч.О...........лагийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 175.000 төгрөгийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн болон томографын зураг авахуулсан гэх үнийн дүнг шүүгдэгч Д.Ч..........батаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй бөгөөд хохирогчийн бусад нэхэмжилсэн 917.830 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хохирогч Ч.О...........лагийн эрүүл мэндэд цээжний зүүн талын 11-р хавирганы цууралт гэмтэл учирсан байхад тэрээр энэ гэмтлийн улмаас хатгаа туссан, гуурсан хоолойн архаг үрэвсэл сэдэрсэн, хийн өвчин онош зэргээр эмчилгээ хийлгэсэн гэж 917.830 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байдаг. Тодруулбал Эрүүгийн болон Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас авч үзвэл шүүгдэгчээс Д.Ч..........батаас хохирогч Ч.О...........лагийн цээжний зүүн талын 11-р хавирганы цууралт гэмтэл учруулсан хохирол, хор уршгийг гарахаас бус бусад зардлыг гаргах хууль зүйн үндэслэлгүй тул хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 917.830 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч..........батыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ч..........бат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Ч..........батын хувийн байдал буюу 62 настайг үндэслэн улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг...тавин таваас дээш насны эмэгтэй ...хүнд оногдуулахгүй.” гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн торгох ял оногдуулсан болно. 

Шүүгдэгч Д.Ч..........батад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 2008 0052 30385 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.