| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1272/Э |
| Дугаар | 1316 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 10.1.2.6., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1316
2019 12 12 2019/ШЦТ/1316
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Амарзаяа,
иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг,
хохирогч Э.Э, өмгөөлөгч Г.Батцэцэг,
хохирогч С.Б, Д.Н,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт Д.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908046731355 дугаар 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хадам аав, хүүхдүүдийн хамт оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Уул овогт Дашдоржийн Н /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр, архины шилний хагархай болон ажлын хэсэг нь 14 см урттай хутга зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баруун баян уулын 29 дүгээр гудамжинд явж байсан Л.Цын хүзүүний баруун хэсэгт архины шилний хагархайгаар хатгаж, Э.Эын хэвлий, баруун суга хэсэгт хутгалж, С.Бын цээжний хэсэгт хутгалж, Д.Нын зүүн дал хэсэгт хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 4 хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Маш их харамсаж байна. Би юу хийснээ огт мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ална гэсэн санаа зорилго байгаагүй. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Хохирогч нараас уучлалт гуйя. Цыг танина. Бусад хохирогчийг танихгүй. 1 шил архи уусан. 2 хоногийн өмнөөс чихэнд юм сонсогдоод байсан. Сэтгэл санааны хохирлыг төлөх боломжгүй учраас мөнгөн хохирлыг нөхөн төлнө ” гэв.
Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 11-нд Б ахынд очсон. Найз Нгийнд очиход хүнгүй байхаар нь буцаад явж байхад найз Н ирж таараад юм ярьж байтал шүүгдэгч Н ирээд доош тонгойгоод юм авах шиг болоод босож ирээд баруун суга руу хутгалсан. Би чулуу аваад шидтэл оноогүй. Тэгээд дахиад гэдэс рүү хутгалсан. Ажил хийх чадваргүй, баруун гар мэдээгүй, группт орсон. Хохиролд 2,0 сая төгрөг авсан. Баруун гараа эмчлүүлмээр байна. Гомдолтой байна” гэв.
Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хашаа руу хүн гүйгээд ороод ирсэн. “Та гарчих” гээд зэрэгцээд явсан. Намайг араас хутгалсан. “Гүйцээчихье” гээд дайрахаар нь би зугтсан. Цаанаас цагдаа гараад ирсэн. 711.000 төгрөг нэхэмжилснээ авсан. Сарын цалин 450.000 төгрөг нэхэмжилж байна. Гэртээ байж байгаад хутгалуулсандаа гомдолтой байна” гэв.
Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “9 дүгээр сарын 11-нд гэртээ байхад Э ирсэн. Гудамжинд юм яриад зогсож байтал Цогоо хүрч ирээд “1 залуу архины шилээр хатгачихлаа” гээд үзүүлсэн. Шүүгдэгч Н ирээд хутга гаргасан. Би хашаа руугаа гүйгээд прүүс мод аваад эргэтэл цээж рүү 1 удаа хутгалсан. Тэгээд гэртээ орсон. Э араас ороод ирсэн. Эмчилгээний зардал 500.000 гаруй төгрөг нэхэмжилж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй. Хэрэлдэж маргалдсан бол өөр, гар луу хутгалаад, цээж рүү дахин хутгалсан. Сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Өс хонзонгүй байж намайг алахыг завдсанд гомдолтой байна. Амьд байгаадаа баярлаж байна” гэв.
Эрүүгийн 1908046731355 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л.Цын: “Би өнөөдөр 16 цаг 30 минутын үед Зүүнбаян уулын 28 дугаар гудамжинд амьдардаг танил ах Батжаргалын гэрт найз Мөнхзул нарын хамт 0,75 литрийн архи хувааж уучихаад дэлгүүр явах гээд хашаанаас гараад явж байтал доороос өгсөөд зүс таних 29 дүгээр гудамжны Н гэгч манай ахын найз Тайванаатай цуг явж байсан. Би Тайванаа ахтай “юу байна” гэж яриад зогсож байтал хажуу талаас Н гартаа архины шил хагалаад үзүүр ёзоорыг нь барьчихсан түүгээрээ миний хүзүүний гүрээ хэсэг рүү цохисон. Хүзүүгээ бариад үзтэл цус гарсан. “Та яаж байгаа юм, хүн аллаа шүү дээ” гэхэд Тайванаа ах “чи болиоч пизда минь, яаж байгаа юм” гэхэд Н юу ч хэлэхгүй буцаад алхчихсан. Тайванаа ах араас нь хашаа руу орсон. Удалгүй “хүзүүн дээр заазуур тавилаа, зүсээд хаячихлаа” гээд гарч ирээд уруудаад явчихсан. Би Мөнхзулын хамт гудамж өгсөөд явж байтал Нн эхнэр нь хүүхдээ тэвэрчихсэн орилоод байсан. Юуг гэж байгаа нь сонсогдоогүй. Энэ үед Н нь бид хоёрын араас гудамж өгсөөд ирж байгаа харагдсан. Замд найз Баатар, Баяраа, Э нартай таараад юм яриад зогсож байтал Н ирээд үгийн зөрүүгүй ар талаасаа хутга гаргаж ирээд шууд Эын цээж болон суганы орчим 2 удаа хатгах шиг болсон. Э “өө хутгалчихлаа шүү дээ” гээд цус нь гоожоод явчихсан. Баяраа ах хашаа руугаа гүйгээд орсон. Би газраас чулуу бариад доошоо гудамж уруудаж нарийн гудамжаар холдож зугтсан. Баатараа Эыг дагуулаад цааш гудамж өгсөөд гүйгээд зугтсан. Би зугтаж урд талын гудамжинд явж байтал хөдөлгөөнтийн цагдаа ирсэн. Би “хүнтэй уулзаж байтал зүс таних хүн 2-3 хүн хутгалаад хаячихлаа” гэж мэдэгдсэн. Нэг цагдаа нь буугаад “хаана байна” гээд гүйгээд явсан. Би цагдаагийн машинд суугаад хайгаад явж байтал нэг цагдаа Нн гарыг ар талд нь гавалчихсан “аюулгүй болчихлоо” гээд зогсож байсан. Энэ үедээ барьсан цагдаа “ахиад энд нэг хүн замдаа хутгалчихсан байна” гэж хэлж байсан. ...Би өөрөө бултаж амжсан тулдаа л өөр учирсан гэмтэл байхгүй. Миний хүзүү рүү хагарсан шилээр шаадаг хүнийг Дашдоржийн Н гэдэг. ...Баатарыг хочилж хар багаас нь Н гэж дууддаг байсан. Намайг шилээр хүзүү рүү шаасан Дашдоржийн Нтэй андуураад байх болов уу гэж бодоод энэ талаар би хэлж байгаа юм. ...Дашдоржийн Нтэй тийм дотно харьцаа байхгүй. Өмнө нь ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49-50, 53/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.16-ны өдрийн 11250 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Ц-н биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-131/,
Хохирогч Э.Эын: “...Бид гурав Зүүнбаян уулын 29 дүгээр гудамжинд зогсож байтал гудамжны үзүүрээс намайг хутгалсан огт танихгүй шар царайтай залуу өгсөж бид гурвын хажууд зогсоод доошоо тонгойж, юм хайх шиг болоод өндийхдөө үгийн зөрүүгүй миний баруун суга орчим руу хутгаар хатгасан. Би хойш нэг алхаад доошоо тонгойж “чи яаж байна” гээд газраас чулуу аваад тэр залуу руу шидсэн чинь зөрүүлээд миний хэвлий рүү дахин хутгаар нэг удаа хатгачихсан. Найз Н намайг сугадаад дээшээ гудамжны үзүүр лүү худаг руу аваад явсан. Тэр үед Б ах өөрийнхөө хашаа руу орчихсон. Ардаас нь тэр хутгатай залуу явж харагдсан. Би найз Нтэй хамт зогсож байгаад Бын хашаа руу орсон. Б ах гэрийнхээ баруун хаяанд дээшээ харчихсан хэвтэж байсан. Юу болсон талаар асуусан чинь “саяын залуу намайг бас хутгалчихаад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгж байтал түргэн цагдаа нар ирсэн. Түргэний эмч “яаралтай эмнэлэг рүү авч явна” гээд цэргийн төв эмнэлэг рүү очиж хагалгаанд орсон. Зүүн гуянаас судас авч залгасан, баруун гар мэдээгүй болсон. Үүнтэй холбогдолтойгоор 3 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. ...Дашдоржийн Н гэдэг хүнийг огт танихгүй. Ямар нэгэн маргаан үүсээгүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-58/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.14-ний өдрийн 11225 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Э-н биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, элэг, ходоодны зүсэгдсэн шарх, баруун бугалганы артерийн тасрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” гэжээ /1 дүгээр хавтас, хх-114/,
Э.Эын өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-116-117/,
Хохирогч С.Бын: “2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ...Болдоо, Баатар бид 3 юм яриад зогсож байтал Цогоо гэх залуу хүрээд ирсэн. Араас нь 40 гаран насны, цагаан фудболктой, саравчтай малгай өмссөн, туранхай биетэй, намхан нуруутай шар царайтай залуу хүрч ирээд ардаасаа их урт хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь бид нар тал тал тийшээ зугтаасан. Болдоотой барилцаад авч байгаа харагдсан. Би хашаа руугаа ороод 1 метр орчим урттай мод аваад буцаад гарах гэтэл нөгөө хутгатай залуу шууд манай хашаа руу ороод ирсэн. Би гараараа хаасан чинь баруун гарын шууг зүссэн. Тэр залуу ахиад миний цээжний зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалсан. Би тэр залууг түлхээд гэр лүүгээ зугтаасан. Би үүдний довжоон дээр хэвтээд эхнэрээ дуудаж, цагдаа түргэн дуудсан. Хэвтэж байтал Болдоо орж ирээд “намайг бас хутгалчихлаа” гээд гэдсээ дараад байсан. Намайг хутгалсан залууг танихгүй, тэр хүнтэй маргаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-63/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.19-ний өдрийн 11095 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Б-н биед цээж, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-119/,
С.Бын өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-121-129/,
Хохирогч Д.Нын: “2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ...хаалга дуугарах шиг чимээ гарахаар нь цонхоор харсан чинь нэг танихгүй хүн жорлонгийн хажуугийн муу усны нүх рүү яваад орчихсон. Тэгэхээр нь би гараад нөгөө хүн дээр очсон чинь хувцас нь цус болчихсон байхаар нь тэр ахад “таныг хүн зодсон юм уу, би таныг хашаанаас гаргаад өгөх үү” гэж асуусан чинь “тэг” гэсэн. Би тэр ахыг дагуулаад хашааны хаалган дээр очоод харсан чинь гудамжинд ямар нэгэн хүн байгаагүй. Би тэр ахад “гудамжинд хүн байхгүй байна, та ингээд явчих” гэтэл миний араас зүүн дал руу хутгалчихсан. “Та яаж байгаа юм” гэтэл тэр хүн гараад явсан. Цаанаас цагдаа хүрээд ирсэн. Би тэр хүнийг цагдаатай хамт барьж авсан. Би тэр хүнийг урьд харж байгаагүй, танихгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-66-68/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.19-ний өдрийн 11109 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Н-н биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-103/,
Д.Нын өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-105-112/,
Гэрч Д.Энхтайваны: “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уул 29 дүгээр гудамжинд Цтай тааралдсан. Юм яриад зогсож байтал Н гэрээсээ гарч ирээд гартаа барьчихсан байсан архины шилний хагархайгаар үгийн зөрүүгүй Цын хүзүү рүү шаачихсан, цус гарсан. Би Нг барьж аваад шилийг нь газар хаяулж, гэр лүү Мөнхзулын хамт оруулж өгсөн. Нн эхнэр нь “идээ амс” гээд тавагтай боорцог өгөхөөр нь тонгойгоод авах гэтэл ардаас миний цамцнаас Н татаж заазуураар хүзүү рүү хүрсэн. Гэхдээ зүсээгүй. Миний биед гэмтэл учруулаагүй. Би Нг “чи яаж байна” гээд түлхэж унагачихаад шууд гарсан. Гудамжинд Ц, Мөнхзул хоёр байхаар нь Ц хүзүүгээ барьчихсан зогсож байхаар нь “Н согтуу байна, хүн алах нь байна шүү дээ, над руу заазуур барьж дайрлаа” гэж хэлчихээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-70/,
Гэрч Р.Мөнхзулын: “...Тэгтэл гэнэт Н гартаа байсан хагархай архины шилээр Цын баруун гүрээний хэсэгт дүрсэн. Тайванаа хажуунаас нь болиулаад бид хоёр Нг гэрт нь оруулсан. Тайванаа араас гарч ирээд “Н миний хоолойг хэрчих гэж байна” гээд доошоо явсан. Би Цтай гудамж өгсөөд явж байхад нарийн гудамжны үзүүрт Баяраа ах, Баатар, Болдоо гурав сууж байсан. Бид хоёр очоод юм ярьж байтал гудамжны доороос “наадах чинь хутга аваад явсан шүү, болгоомжтой байгаарай” гээд Нн эхнэр орилсон. Бид 5 байж байтал Н ирээд Болдоогийн баруун суганд 1 удаа, хэвлийд 1 удаа хутгалсан. Би Нн хутга барьж байсан гарнаас барьтал хутгаа нөгөө гар луугаа шидээд над руу далайсан. Болдоо, Баатар бид 3 гудамжны дээшээ зугтаад гүйсэн. Тэгсэн Баяраа ах гэрээсээ прүүс мод гаргаж ирээд Н рүү далайх шиг болсон. Н Баяраа ахын гар, цээжин хэсэгт хутгаараа дүрсэн. Тэгээд Н доошоо зугтаагаад гүйсэн. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. ...Н нь бид нар дээр ирэхдээ гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Н өмднийхөө хойд талаас хутга гаргаж ирээд Болдоог шууд хутгалсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-72-73/,
Гэрч С.Алтанчимэгийн: “...нарийн гудамжнаас нөгөө хүн чинь гүйж гарч ирээд манай урд талын айл болох Санжмятавын гэр лүү орчихсон. Араас нь удалгүй цагдаа гүйгээд гараад ирсэн. Цагдаа өөр гудамж руу гүйчихсэн. Хараад зогсож байтал Санжмятавын ахтай нь хамт гараад ирсэн. Тэгтэл Санжмятавын ах нь “байхгүй байна” гэж хэлтэл нөгөө хүн ардаасаа модон иштэй хутга гаргаж ирээд Санжмятавын ахынх нь нуруу руу хутгалчихсан. Санжмятавын ах “чи чинь яаж байгаа юм бэ” гээд доош суучихсан чинь хутгалсан залуу нь “би та нарыг ална, би шийдсэн хүн, цагдаа нараас чинь айхгүй” гээд орилоод дээшээ алхаад явчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-81-83/,
Гэрч М.Батсүхийн: “2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад 17 цаг 10 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 29-20 тоотод манай нөхөр хутгалуулчихлаа” гэх дуудлагыг хүлээн авч, 17 цаг 17 минутанд очиж шалгахад 29 дүгээр гудамжинд очиход хүзүүндээ цус болсон залуу “намайг хүн хутгалчихаад нарийн гудамжаар гараад, урагшаа зугтаачихлаа” гэсэн. Буцаж нарийн гудамжаар гарч Зүүн баян уулын 28 дугаар гудамжинд гарч ирэхэд хаяг нь тодорхойгүй хойшоо харсан хаалгатай айлаас сэжиг бүхий этгээд гарч ирсэн. Намайг хараад ертөнцийн зүгээр хойд зүгт зугтсан. Араас нь тэр хашаанаас нэг залуу гарч ирээд “намайг наад хүн чинь хутгалчихлаа” гэсэн. Би мухар гудамжны ертөнцийн зүгээр урд зүгт харсан гүйдэг хаалгатай хашааг шалгахад хашааны зүүн урд буланд сэжиг бүхий этгээд гартаа нэг зүйл барьж, доошоо суусан байсан. Миний бие тухайн этгээдийг гартаа байгаа зүйлээ хаяхыг шаардахад саарал өнгийн иштэй цус мэт зүйлээр бохирлогдсон хутгыг газарт шидсэн. Би хутгыг хөлөөрөө холдуулан гав ашиглаж сэжигтэнг аюулгүй болгож, дайчлан баривчилсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-87-88/,
Гэрч Л.Чөдөрбатын: “2019 оны 9 дүгээр сарын 11-ний 17 цагийн орчим автомашинтай үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 29-20 тоотод хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага ирсэн. Дуудлага аваад явж байтал дахин 5 удаа “хоёр хүн гудамжинд хутгалуулчихаад орж ирлээ” гэж дуудлага, 3 өөр дугаараас нийт 6 удаагийн давтамжтай ирсэн. Очтол Ц гэх “хүн хүзүүн тус газраа архины шилээр зүсүүлчихлээ” гээд цус гарсан байдалтай байсан. Автомашиндаа Цыг суулгаж заасан нарийн гудамжинд очиход зугтаачихсан байсан. Зүүнбаян уулын 28 дугаар гудамжаар нөгөө нарийн гудамжны эсрэг талын үзүүрт очтол а/д Батсүх холбогдогчийг олчихсон мухар гудамжинд зогсож байсан. ...Д.Нг баривчилж машинд суулгахад Ц “наад чинь хоёр хүн хутгалчихсан, тэр хоёр нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 29-20 тоотод байгаа, Зүүнбаян уулын 29 дүгээр гудамжинд тэр хоёрыг гэрээсээ хутга гаргаж ирээд хутгалчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-85/,
Гэрч С.Баасанжавын: “...гэртээ орсон чинь охин С.Баянжаргал “Н хүн хутгалчихсан юм шиг байна, би хутгыг нь хөргөгчний урд шуудайтай гурилын доогуур хийчихсэн чинь цагдаа нар орж ирээд олоод аваад явчихлаа” гэж хэлж байсан. Манай хүргэн сүүлийн 3 хоног эрүүл мөртлөө шөнө унтах гэхээр “гэрлээ асаа, намайг хүн барих гээд байна” гээд сонин сонин юм яриад, хоол ч идэхгүй байгаад байсан. Бид нүдэнд нь хий юм харагдаад байгаа юм болов уу гэж бодсон. ...Тэр хутга бол шар модон иштэй, 20 см орчим урттай ба бариулынх нь нэг хадаас уначихаар хөнгөн цагаанаар тавлаж хийсэн байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-89-91/,
Гэрч С.Баянжаргалын: “...2019 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад Н сэрчихээд “намайг гэрлээ асаа, хурдлаарай гадаа Төгсөө ирчихээд гэрэл тусгаад нааш ир гээд баахан эрэгтэй, эмэгтэй хүмүүс дуудаад байна” гэхээр нь би “үгүй байлгүй дээ, надад хүн харагдахгүй байна” гэж хэлтэл Н “чамд харагдахгүй ээ, надад харагдаад дуудаад байна” гэж хэлсэн. Тэгээд Н ээж Мөнхөө рүү утсаар залгаад “миний бие өвдөөд байна, нүдэнд юм харагдаад байна, намайг авч явах гээд байна, та нар намайг авч явж чадахгүй шүү, өглөө болтол би сэрүүн байна” гээд өөртэйгөө яриад байсан. Н надад хандаж “2 хүүдээ сэрээ, өглөө болтол унтуулахгүй шүү, 2 хүүхдийг бас авч явна гээд байна” гэж хэлсэн. Тэгээд Н гэр дотроо улаан утас тойруулаад, давсаа гэрийн дотор талаа тойруулж цацсан. Тэгээд үүрийн 05 цагийн үед гэгээ орсон чинь Н зурагтаа асаагаад “зурагтаар суваг гарж байгаа байх, зурагтныхаа дууг чангалчихъя, тэгвэл та нар явна шүү дээ” гээд яриад байсан. Тэгээд зурагтаа асаасан чинь суваг гарахгүй байсан. ...Би хашааны гадаа гарсан чинь ертөнцийн зүгээр зүүн талд Нн 2 талд 2 залуу хоорондоо маргалдаад байх шиг байсан. Н тэр 2 залуугийн дунд зогсоод нэг залууг нь “яв” гээд түлхээд байх шиг байсан. Тухайн үед Н гартаа нэг хагарсан шил шиг зүйл бариад хар хөх өнгийн срочкин цамцтай залуугийн хүзүүний баруун хэсэгт хатгах шиг болсон. Тэгтэл тэр залуу нь “өө Н ахаа, та яаж байгаа юм бэ” гэсэн чинь Н “ахыгаа уучлаарай” гээд нөгөө саравчтай малгайтай, хүрэн өнгийн цамцтай залууг аваад гэртээ оруулаад цай хийж өгөөд байж байсан. Тэгэх хооронд би нөгөө залууг дуудаад “яасан юм бэ” гэсэн чинь “мэдэхгүй ээ, Н ах сая намайг хатгачихлаа” гэсэн. Тэгэнгүүтээ миний нуусан хутгыг олж аваад гэрээс гарах гэхээр нь би ноцолдож байгаад хутгыг нь газар унагаасан чинь Д.Н “чи байж бай л даа, наадах чинь хүүхдүүд авч явах гээд байна” гээд нөгөө хутга аваад гараад гүйхээр нь би “хүүе Н чи байж бай, охин чинь дуудаад байна” гэсэн чинь эргэж харангуутаа “миний 2 хүүхдийг авах гээд байна, би тэрийг хөөж явуулах гээд байна ш дээ” гэж уйлаад над руу битгий ойртоорой гэсэн. Н “ахыгаа уучлаарай” гээд нөгөө цэнхэр цамцтай залуугийн ардаас чанга хэлсэн чинь нөгөө залуу нь “зүгээрээ” гэж байхаар нь би “хөөе наадах чинь хутга аваад явж байна шүү” гээд хашгирсан. ...Нөгөө 4-5 залуучууд дээр Н ардаас нь гүйх шахам хурдан алхаж очоод тэр залуучуудын дунд ороод яриад зогсох шиг болсон. Тэгтэл удалгүй нөгөө залуучууд тараад гүйлдээд явчихаар нь очсон чинь Н надаас зугтаад “чи хол бай” гээд нарийн гудамж руу орохоор нь би нарийн гудамжны үзүүрт зогсоод Нг “нааш ир, охин чинь дуудаад байна” гээд дуудсан чинь Н хүрч ирснээ “би чамаас гуйж байна, чи харьчихаач дээ” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-74-77/,
Шинжээчийн 2019.09.24-ний өдрийн 4516 дугаар дүгнэлтэд: “...-“...0028.МР4” гэсэн нэртэй дүрс бичлэгт гэр хорооллын айлын хашаанд цагдаагийн албан хаагч гэрийн гадаа хэвлийн хэсэгтээ хутгалуулсан гэх цагаан өнгийн цамц, цэнхэр жинсэн өмдтэй, баруун гар өмдний баруун шуумаг цус мэт зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүн, зүүн гар болон цээжин хэсэгтээ хутгалуулсан гэх хар өнгийн цамц, саарал биеийн тамирын өмдтэй баруун rap өмдний урд хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүн, хүзүүний хэсэгтээ хутгаар зүсүүлсэн гэх хар өнгийн цамц, хөх жинсэн өмдтэй хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн гэмтэлтэй эрэгтэй хүмүүсээс болсон үйл явдлын талаар тодруулга авч түргэн тусламж дуудаж байгаа, “...0029.MP4” гэсэн нэртэй дүрс бичлэгт хөх өнгийн цамцтай хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүнээс гэрийн хаягийн талаар тодруулга авч байгаа, “...0030.МР4” гэсэн нэртэй дүрс бичлэгт хар өнгийн савхин хүрэмтэй, цэнхэр жинсэн өмдтэй, эрэгтэй хүнээс болсон үйл явдлын талаар тодруулга авч байгаа, “0018067_BATSYX201909111721 48_0081 В.МР4”, “0018067_BATSYX201909 11172650_0082В.МР4” гэсэн нэртэй дараалсан цагийн дүрс бичлэгт улаан саравчтай хар өнгийн малгай, цагаан цамц, хар өнгийн биеийн тамирын өмдтэй ардаа хутга барьсан эрэгтэй хүнийг баривчлан гарыг ард нь гавлаж биед үзлэг хийн авч явж цагдаагийн автомашинд суулгаж байгаа, нуруун тус газраа хутгалуулсан гэх цэнхэр ноосон цамц, цэнхэр жинсэн өмдтэй хүнд түргэн тусламж дуудаж байгаа, баригдсан хүний барьж явсан хутга болон малгайг буцаж очин авч байгаа, “0018067_BATSYX20190911173315_0 083В.MP4”, “0018067_BATSYX20190 9 11175404_0084В.МР4”, “0018067_BATSYX2 0190911175903_0085В.МР4” гэсэн нэртэй дараалсан цагийн дүрс бичлэгүүдэд баригдсан цагаан цамц, хар өнгийн биеийн тамирын өмдтэй эрэгтэй хүнээс болсон үйл явдлын талаар тодруулга авч байгаа, “0018067_BATSYX20190911183215_0 086В.MP4” бичлэгт баригдсан цагаан цамц, хар өнгийн биеийн тамирын өмдтэй эрэгтэй хүний согтолтын зэргийг үзэх гэж байгаа, “0018067_BATSYX201909111834 32_0087В.MP4” бичлэгт баригдсан цагаан цамц, хар өнгийн биеийн тамирын өмдтэй эрэгтэй хүний согтолтын зэргийг үзэж байгаа, “VID190911-174614F.MOV” нуруун тус газраа хутгалуулсан гэх цэнхэр ноосон цамц, цэнхэр жинсэн өмдтэй хүнд түргэн тусламжийн эмч тусламж үзүүлж байгаа, цагдаагийн алба хаагч болсон үйл явдлын талаар тодруулга авч байгаа дүрс дүрслэгдсэн байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-171-173/,
Шинжээчийн 2019.09.19-ний өдрийн 5074 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “С03639400” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй /Д.Н/ цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “С03639400” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд 0,9 промилли спиртийн агууламж илэрч байна. 3.Цусанд илэрсэн 0,9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-201/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.09.30-ны өдрийн 1153 дугаар дүгнэлтэд: “1.Д.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хэвийн байдал алдагдаж сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж, тэмдэг үгүй байна. 2. Д.Н нь “Архины хамаарал” сэтгэцийн эмгэгтэй байна. 3. Д.Нн “Архины хамаарал” нь олдмол сэтгэцийн өвчин юм. 4.Д.Н нь гэмт хэрэг үйлдэх үед “Бусдад халдах хэлбэрийн хэв шинжит бус согтолт”-той байсан байна. 5. Д.Нн дээрх эмгэг цаашид эдгэрэх боломжтой. 6.Д.Н нь архи уусан тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой. Харин архи уугаагүй тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломж багатай. 7.Д.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 8.Д.Н нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай. 9.Д.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. 10.Д.Нд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. 11.Д.Н нь архины хамааралтай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-193-196/,
Шинжээч О.Баатаржавын: “Н нь хэрэг гарахаас 2 хоногийн өмнө хий юм харж, сонсож байсан тухай мэдүүлсэн боловч энэ тухай нотолсон эмчийн үзлэг, эмнэлгийн бичиг баримт байхгүй байна. Н нь тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, цусанд согтолттойг баталсан дүгнэлт гарсан байна. Уг согтолт нь сэтгэцийн анагаах ухаанд тодорхойлсноор олон жил архийг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үүсдэг хэв шинжит бус согтолт бөгөөд согтуурсан үедээ ойр орчмын хүмүүс рүү халдах үйлдэл хийдэг шинж тэмдэг илэрдгээрээ онцлогтой. Иймээс Н нь хэрэг үйлдэх үедээ согтолттой байсан болохоос сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй. Тухайн хүн олон хоногоор архи ууж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байсан тохиолдолд архины даах чадвар буурдаг бөгөөд хэтрүүлэн их хэмжээгээр хэрэглэсэн үедээ болсон явдлын зарим үйлдлийг санахгүй байна гэдэг боловч өөрийгөө удирдан жолоодох чадвар нь хадгалагдсан байдаг гэж үздэг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-197-198/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны “...нөхөр гэртээ цээжиндээ хутгалуулсан”, “Хутгатай залуу хажуугаар өнгөрсөн 2 хүнийг хутгалаад явчихлаа” гэх хуудас /1 дүгээр хавтас, хх-3, 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /1 дүгээр хавтас, хх-6-19/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-26-40, 44/, гэрч С.Баянжаргалын мэдүүлэг /хх-74-76/, гэрч Д.Мөнхөөгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-92-94/, гэрч Н.Мандахбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-95-96/, шинжээчийн 4479 дүгээр дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-145/, шинжээчийн 4473 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-179-180/, хохирлын баримтууд /2 дугаар хавтас, хх-44-48, 49, 52, 56, 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-6/, хохирогч Л.Цын “Д.Нд ямар нэг гомдол санал байхгүй” гэх хүсэлт /2 дугаар хавтас, хх-61/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн тухай 4 ширхэг баримт зэрэг нотлох баримтуудыг уншиж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол стандарт гэсэн бичиглэлтэй архины шил хагархай амсрын дээд хэсэг, 13х7см хэмжээтэй чулуу 1 ширхэг, 10х4 см хэмжээтэй урт мод 1 ширхэг, 8х6 см хэмжээтэй чулуу 1 ширхэг, 28 см урттай, 14 см урттай ажлын хэсэгтэй, бариул хэсэг нь 12 см, бор өнгийн иштэй цагаан өнгийн хутга 1 ширхэг, СД 1 ширхэг, флаш 1 ширхэг зэргийг тус тус судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Цыг архины шилний хагархайгаар, Э, Н, Б нарыг ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хутгалж алахыг завдсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Цад төлбөргүй. Э 3 сая төгрөг нэхэмжилсэн. 2 сая төгрөг төлсөн. Э, Н нарын цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Нд 711.000 төгрөг төлөгдсөн. Бод 524.000 төгрөг төлөгдсөн. Шүүгдэгч, хохирогч нар нэгнээ огт танихгүй, харилцаа холбоогүй, хохирогч нарын зүгээс шүүгдэгчтэй маргалдсан, хэрэлдсэн, өш хонзонтой гэх байдал тогтоогдоогүй. Хохирогч нар өөрсдөө, эсхүл бусдын үйлдлээр шүүгдэгчийн үйлдэл таслан зогсоогдсон. Бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгчийг 2 хохирогч зүс танина, 2 нь огт танихгүй. Хохирогчийн ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, согтуурсан зүйл байхгүй. 4 хүний амьд явах эрхэд шууд халдаж байгаа. Баатаржав эмчийн мэдүүлэгт тодорхой бичсэн байгаа...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Хохирогч Эод хүнд гэмтэл учирсан. 1 сая төгрөг нэхэмжилнэ. Мөн хохирогчийн цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Үйлдлийг, шалтгаант холбоог нарийн тогтоох ёстой. Алах санаа зорилго байгаагүй. Санаатай алахыг завдсан гэж байгаа бол хангалттай нотлох баримт цуглуулах байсан байх. Сэтгэцийн дүгнэлтэд сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаагүй гэснийг шинжээч тогтоохгүй, хууль зүйн ойлголт. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэвийн бус согтолттой, сэтгэцийн өвчтэй байсан. Баримттай болоод яллах дүгнэлтэд бичигдсэн хохирлыг төлсөн. Б, Н нарын хувьд цаашид хохирол гарахгүй байх. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 болгож тус тус өөрчилж өгнө үү. Гэмт хэргийг зүйлчлэхдээ хохирогчийг таних танихгүй, өс хонзон, сэтгэл санаагаар зүйлчлэхгүй. Алах санаа зорилго байсныг тогтоож чадаагүй. Сэтгэцийн эмгэгтэй бол эрүүл ухаанаар үйлдсэн гэж үзэхгүй. Ямар нэгэн зүйл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй” гэж,
иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. Тухайлбал шүүгдэгч Д.Нн архины шил хагалан ир үзүүр гаргаж, мөн гэрээсээ хутга авч, хохирогч Э.Э, С.Б, Д.Н, Л.Ц нар луу ямар нэгэн шалтгаангүйгээр довтолж, архины шилээр хатгаж, хутгаар хутгалж, хохирогч Э.Э, С.Б, Д.Н, Л.Ц нарыг зугтахад хөөж, гэрч М.Батсүх /цагдаагийн албан хаагч/ түүний үйлдлийг таслан зогсоосноор гэмт хэрэг туйлдаа хүрээгүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ир үзүүр бүхий зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 4 хүний амь бие рүү ямар нэгэн шалтгаангүйгээр буюу урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй үйлдлээр халдсан бөгөөд шүүгдэгч, хохирогчдын хооронд хувийн таарамжгүй харилцаа байгаагүй, хохирогч нарын зүй бус ажиллагаанаас үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон үйлдэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Нн дээрх үйлдлийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Тухайлбал хохирогч Л.Цын “...Би Тайванаа ахтай “юу байна” гэж яриад зогсож байтал хажуу талаас Н гартаа архины шил хагалаад үзүүр ёзоорыг нь барьчихсан түүгээрээ миний хүзүүний гүрээ хэсэг рүү цохисон. Хүзүүгээ бариад үзтэл цус гарсан. “Та яаж байгаа юм, хүн аллаа шүү дээ” гэхэд ...Н юу ч хэлэхгүй буцаад алхчихсан. Замд найз Баатар, Баяраа, Э нартай таараад юм яриад зогсож байтал Н ирээд үгийн зөрүүгүй ар талаасаа хутга гаргаж ирээд шууд Эын цээж болон суганы орчим 2 удаа хатгах шиг болсон. Э “өө хутгалчихлаа шүү дээ” гээд цус нь гоожоод явчихсан. Баяраа ах хашаа руугаа гүйгээд орсон. Би газраас чулуу бариад доошоо гудамж уруудаж нарийн гудамжаар холдож зугтсан. Баатараа Эыг дагуулаад цааш гудамж өгсөөд гүйгээд зугтсан. ...Би өөрөө бултаж амжсан тулдаа л өөр учирсан гэмтэл байхгүй. Дашдоржийн Нтэй тийм дотно харьцаа байхгүй. Өмнө нь ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49-50, 53/,
хохирогч Э.Эын “...огт танихгүй шар царайтай залуу өгсөж бид гурвын хажууд зогсоод тонгойж, юм хайх шиг болоод өндийхдөө үгийн зөрүүгүй миний баруун суга руу хутгаар хатгасан. Би хойш нэг алхаад доошоо тонгойж “чи яаж байна” гээд газраас чулуу аваад тэр залуу руу шидсэн чинь зөрүүлээд миний хэвлий рүү хутгаар хатгачихсан. Найз Н намайг сугадаад дээшээ гудамжны үзүүр лүү худаг руу аваад явсан. Тэр үед Б ах өөрийнхөө хашаа руу орчихсон. Ардаас нь тэр хутгатай залуу явж харагдсан. Б ах гэрийнхээ баруун хаяанд дээшээ харчихсан хэвтэж “саяын залуу намайг бас хутгалчихаад зугтаачихлаа” гэж хэлсэн. ...Дашдоржийн Н гэдэг хүнийг огт танихгүй. Ямар нэгэн маргаан үүсээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-58/,
хохирогч С.Бын “...40 гаран насны, цагаан фудболктой, саравчтай малгай өмссөн, туранхай биетэй, намхан нуруутай шар царайтай залуу хүрч ирээд ардаасаа их урт хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь бид нар тал тал тийшээ зугтаасан. Болдоотой барилцаад авч байгаа харагдсан. Би хашаа руугаа ороод 1 метр орчим урттай мод аваад буцаад гарах гэтэл нөгөө хутгатай залуу шууд манай хашаа руу ороод ирсэн. Би гараараа хаасан чинь баруун гарын шууг зүссэн. Тэр залуу ахиад миний цээжний зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалсан. Би тэр залууг түлхээд гэр лүүгээ зугтаасан. ...Намайг хутгалсан залууг танихгүй, тэр хүнтэй маргаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-63/,
хохирогч Д.Нын “...Би тэр ахад “гудамжинд хүн байхгүй байна, та ингээд явчих” гэтэл миний араас зүүн дал руу хутгалчихсан. “Та яаж байгаа юм” гэтэл тэр хүн гараад явсан. Би тэр хүнийг урьд харж байгаагүй, танихгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-66-68/,
гэрч Д.Энхтайваны “...гудамжинд юм яриад зогсож байтал Н гэрээсээ гарч ирээд гартаа барьчихсан байсан архины шилний хагархайгаар үгийн зөрүүгүй Цын хүзүү рүү шаачихсан, цус гарсан. Би Нг барьж аваад шилийг нь газар хаяулж, гэр лүү Мөнхзулын хамт оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-70/,
гэрч Р.Мөнхзулын “...Тэгтэл гэнэт Н гартаа байсан хагархай архины шилээр Цын баруун гүрээний хэсэгт дүрсэн. ...Бид 5 байж байтал Н ирээд Болдоогийн баруун суганд 1 удаа, хэвлийд 1 удаа хутгалсан. Би Нн хутга барьж байсан гарнаас барьтал хутгаа нөгөө гар луугаа шидээд над руу далайсан. Болдоо, Баатар бид 3 гудамжны дээшээ зугтаад гүйсэн. Тэгсэн Баяраа ах гэрээсээ прүүс мод гаргаж ирээд Н рүү далайх шиг болсон. Н Баяраа ахын гар, цээжин хэсэгт хутгаараа дүрсэн. Тэгээд Н доошоо зугтаагаад гүйсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-72-73/ зэргээр шүүгдэгч, хохирогчдын хооронд хувийн таарамжгүй харилцаа байгаагүй, хохирогч нарын зүй бус ажиллагаанаас үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон үйлдэл тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч тодорхой сэдэлтгүй буюу ямар нэгэн шалтгаангүйгээр, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй үйлдлээр халдсан нь тогтоогдсон. Харин эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог онцлогтойг тэмдэглэж байна. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт Д.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Н согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баруун баян уулын 29 дүгээр гудамжинд явж байсан иргэн Л.Цын хүзүүний баруун хэсэгт архины шилний хагархайгаар хатгаж, хохирогч Э.Эын хэвлий, баруун суга хэсэгт хутгалж, хохирогч С.Бын цээжний хэсэгт хутгалж, хохирогч Д.Нын зүүн дал хэсэгт хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 4 хүнийг алахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Л.Цын “...Н гэгч нь гартаа архины шил хагалаад үзүүр ёзоорыг нь барьчихсан түүгээрээ миний хүзүүний гүрээ хэсэг рүү цохисон. Энэ үед би хүзүүгээ бариад үзтэл цус гарсан. ...Би газраас чулуу бариад доошоо гудамж уруудаж холдож зугтсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49-50/, хохирогч Э.Эын “...огт танихгүй залуу үгийн зөрүүгүй миний баруун суга орчим хутгаар хатгасан. Би хойш нэг алхаад тонгойж “чи яаж байна” гээд газраас чулуу аваад тэр залуу руу шидсэн чинь зөрүүлээд миний хэвлий рүү дахин хутгаар хатгачихсан. ...Ямар нэгэн маргаан үүсээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-58/, хохирогч С.Бын “...шар царайтай залуу хүрч ирээд ардаасаа их урт хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь бид нар тал тал тийшээ зугтаасан. Би хашаа руугаа ороод 1 метр орчим урттай мод аваад буцаад гарах гэтэл нөгөө хутгатай залуу шууд манай хашаа руу ороод ирсэн. Би гараараа хаасан чинь баруун гарын шууг зүссэн. Тэр залуу ахиад миний цээжний зүүн дээд хэсэгт хутгалсан. Тэгэхээр нь би тэр залууг түлхээд гэр лүүгээ зугтаасан. ...Би намайг хутгалсан залууг танихгүй, би тэр хүнтэй маргаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-63/, хохирогч Д.Нын “...нэг танихгүй хүн ...миний араас зүүн дал руу хутгалчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-66-68/, гэрч Д.Энхтайваны “...Н ...гартаа барьчихсан байсан архины шилний хагархайгаар үгийн зөрүүгүй Цын хүзүү рүү шаачихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-70/, гэрч Р.Мөнхзулын “...Н гартаа байсан хагархай архины шилээр Л.Цын баруун гүрээний хэсэгт дүрсэн. ...Н ирээд Болдоогийн баруун суганд 1 удаа, хэвлийд 1 удаа хутгалсан. Би Нн хутга барьж байсан гарнаас нь барьтал хутгаа нөгөө гар луугаа шидээд над руу далайсан. Баяраа ах гэрээсээ прүүс мод гаргаж ирээд Н рүү далайх шиг болсон. Тэгтэл Н Баяраа ахын гар, цээжин хэсэгт хутгаараа дүрсэн. Н доошоо зугтаагаад гүйсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-72-73/, гэрч С.Алтанчимэгийн “...нөгөө хүн чинь ардаасаа модон иштэй хутга гаргаж ирээд Санжмятавын ахынх нь нуруу руу хутгалчихсан. “би та нарыг ална, би шийдсэн хүн, цагдаа нараас чинь айхгүй” гэж орилоод дээшээ алхаад явчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-81-83/, гэрч М.Батсүхийн “...хүзүүндээ цус болсон залуу “намайг хүн хутгалчихаад нарийн гудамжаар гараад, урагшаа зугтаачихлаа” гэсэн. ...сэжиг бүхий этгээд гартаа нэг зүйл барьж, доошоо суусан байсан. Миний бие гартаа байгаа зүйлээ хаяхыг шаардахад саарал өнгийн иштэй цус мэт зүйлээр бохирлогдсон хутгыг газарт шидсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-87-88/, шинжээчийн 5074 дүгээр “1. Шинжилгээнд ирүүлсэн “С03639400” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй /Д.Н/ цус нь шинжилгээнд тэнцэж байна. 3. усанд илэрсэн 0,9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-201/, шүүх сэтгэц эмгэг судлалын 1153 дугаар “1.Д.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ үедээ сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж, тэмдэг үгүй байна. 2. Д.Н нь “Архины хамаарал” сэтгэцийн эмгэгтэй байна. 4. Д.Н нь гэмт хэрэг үйлдэх үед “Бусдад халдах хэлбэрийн шинжит бус согтолт”-той байсан байна. 6. Д.Н нь архи уусан тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой. Харин архи уугаагүй тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломж багатай. 7. Д.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 8. Д.Н нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай. 9.Д.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. 10. Д.Нд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-193-196/, шинжээч О.Баатаржавын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-197-198/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-3, 4/, илтгэх хуудас /1 дүгээр хавтас, хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /1 дүгээр хавтас, хх-6-19/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Нн согтуурсан үедээ, ямар нэг шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Л.Цын хүзүүний баруун хэсэгт архины шилний хагархай хэсгээр хатгаж, хохирогч Э.Эын хэвлий, баруун суга хэсэгт хутгалж, хохирогч С.Бын цээжний хэсэгт хутгалж, хохирогч Д.Нын зүүн дал хэсэгт тус тус хутгалж алахыг завдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц, С.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Э.Э, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Л.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-53/, хохирогч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохиролд 2,0 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...711.000 төгрөг нэхэмжилснээ авсан...” гэх мэдүүлэг, хохирогч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эмчилгээний зардал 500.000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Түүнийгээ авсан...” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Л.Ц, С.Б, Э.Э, Д.Н нарын “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой, түүнчлэн цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой” зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н согтуугаар, шалтаг шалтгаангүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлөгдсөн, урьд хүн амины хэрэгт шийтгэгдэж байсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 0,8-15 насны 4 хүүхэдтэй, өндөр настай ээжийн хамт амьдардгийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, тусгайлан ир үзүүр гаргаж бэлтгэсэн шилний хагархай, хутга хэрэглэж шалтаг шалтгаангүйгээр 4 хүний амьд явах эрхэд халдсан, гэм хор учруулсан арга буюу хохирогч Л.Цын хүзүү гүрээнд шилний хагархайгаар хатгасан, хохирогч Э.Эын суга, хэвлий рүү хутгалсан, хохирогч С.Быг хөөж хашаанд нь орж гар, цээжинд хутгалсан, хохирогч Д.Нын хашаанд орж зүүн даланд хутгалсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /2 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, зарим хохирогч нарын гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа, хохирогч нар “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, “Архины хамаарал” гэх сэтгэцийн эмгэгтэй, Архи уусан тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой ч өөрийгөө удирдан жолоодох чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлээр уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Нн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-223, 241-242, 2 дугаар хавтас, хх-1/.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол стандарт” гэсэн бичиглэлтэй архины хагархай шилний амсрын дээд хэсэг, 13х7см хэмжээтэй чулуу 1 ширхэг, 10х4 см хэмжээтэй урт мод 1 ширхэг, 8х6 см хэмжээтэй чулуу 1 ширхэг, 28 см урттай, 14 см урттай ажлын хэсэгтэй, бариул хэсэг нь 12 см, бор өнгийн иштэй, цагаан өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, СД 1 ширхэг, флаш 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уул овогт Дашдоржийн Нг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу дөрвөн хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар шүүгдэгч Д.Нг 10 /арав/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нн цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол стандарт” гэсэн бичиглэлтэй архины хагархай шилний амсрын дээд хэсэг, 13х7см хэмжээтэй чулуу 1 ширхэг, 10х4 см хэмжээтэй урт мод 1 ширхэг, 8х6 см хэмжээтэй чулуу 1 ширхэг, 28 см урттай, 14 см урттай ажлын хэсэгтэй, бариул хэсэг нь 12 см, бор өнгийн иштэй, цагаан өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, СД 1 ширхэг, флаш 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Э.Э, С.Б, Д.Н, Л.Ц нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Нн эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
Г.МӨНХЗУЛ