Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 35

 

                                                     ШИЙДВЭР

 

2017-01-17    №35                Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00692/И
       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батноров сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Цэнгэл овогт Цэндийн Нарантуяа /РД:СА67052903/-гийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

        Нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь хөдөө цас зуд их байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 13х/.
        Иймд нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын-Зам нэгдлийн “Эхэн-бүрд” бригадад хоньчноор ажиллаж байсан.
          Иймд миний 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 13х/

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Цэнгэл овогт Цэндийн Нарантуяа нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын-Зам нэгдлийн Эхэн-бүрд бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хоньчноор ажиллаж байснаа болон 1983 оны 06 сарын 17-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Цэнгэл овогт Цэндийн Нарантуяа нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын-Зам нэгдлийн Эхэн-бүрд бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 5х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

               Харин тэрбээр 1983 оны 06 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээлгэхдээ ээж Цэсрэнгийн нэрээр Цэсрэн овогтой Нарантуяа гэж овог нь андуурагдан бичигдсэн байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Цэсрэн овогтой Нарантуяа нэрээр 1983 оны 06 сарын 17-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэнгэл овогт Цэндийн Нарантуяа /РД:СА67052903/ мөн болохыг тогтоосугай.
    
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цэнгэл овогт Цэндийн Нарантуяаг Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын-Зам нэгдлийн Эхэн-бүрд бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР