| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0358/И |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Төмөр замын 1-4 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Бажиг овогт Дэлэггомпилын Батзоригтын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Замын-Үүд дэх шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-2 тоотын 53,97 мкв орон сууцыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 316/56 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулж дахин үнэлгээ тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Д.Батзоригт, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтуяа, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Цэрэндолгор, гэрч Дэлгэрхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батзоригт шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шийдвэр гүйцэтгэлээс орон сууцаа 100,000,000 төгрөгөөр үнэлүүлнэ гэж үнийн саналаа өгсөн юм. Капитрон банк нь миний өрөнд дүйцэхүйц үнэлгээгээр буюу 48 гаруй сая төгрөгөөр үнэлгээ өгсөн байна. Гэтэл Вендо ХХК нь хэт доогуур 39,500,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний орон сууц нь сумын А зэрэглэлд байрлалтай, эргэн тойрон сургууль, цэцэрлэг, банкнаас эхлээд бүх үйлчилгээний газар байдаг, ойр орчмын байрууд нь 50-60 сая төгрөгт зарагдаж байгаа, би өөрийн байрыг мкв-ыг нь 850,000 төгрөгт үнэлэхэд боломжтой гэж үзэж байна. Банк ч мөн адил миний төлбөрийн хэмжээгээр үнэлэхээр санал өгсөн байгаа. Мөн Вендо компани нь үл хөдлөх хөрөнгийн элэгдлийг тооцохдоо Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолыг баримталж 2,7 хувиар тооцсон байдаг бөгөөд уг тогтоол нь 2014 онд хүчингүй болсон байдаг юм. Хүчингүй болсон тогтоол баримталж дүгнэлт гаргаж байгаа нь өөрөө хүчингүй гэж үзэж байна. Иймд миний өмчлөлийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 1-2 тоотын 53,97 мкв талбайтай орон сууцыг үнэлсэн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 134 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу бичигдэн ирсэн төлбөр төлөгч Д.Батзоригтод холбогдох гүйцэтгэх хуудас дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ингээд сайн дураар төлөхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй учир Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-2 тоотын 53,97 мкв талбайтай орон сууцыг битүүмжилж, 2 талаас үнийн санал авсан ба санал зөрүүтэй байсан учраас Вендо ХХК-г шинжээчээр томилж, зах зээлийн үнийг тодрхойлуулахад 39,500,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Ингээд талуудад танилцуулахад төлбөр төлөгч тал үнийг зөвшөөрөөгүй шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний копани өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзэж байна. 2 жилийн өмнө Батзоригтын хажуу талын 3, 4 тоотыг бас үнэлүүлж дуудлага худалдаанд оруулж байсан, тэгэхэд 56 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны зүгээс хариуцагч байгууллагын татгалзлыг дэмжиж оролцож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Батзоригтын өмчлөлийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-2 тоотын 53,97 мкв орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Вендо ХХК-иар үнэлүүлсэн байгаа. Үнэлгээ гаргасан компани барилгын хийц, хийгдсэн материал, элэгдэл гээд бүхий л зүйлийг харгалзан үзэж үнэлгээ тогтоосон байгаа учраас 39,500,000 төгрөгөөр үнэлсэн нь өнөөгийн зах зээлд боломжтой гэж үзэж байна. Уг байр нь төвд байрлалтай боловч одоогийн эдийн засгийн хямралттай үед нэхэмжлэгчийн хэлснээр 100,000,000 төгрөгт хүрч борлуулагдах боломжгүй юм. Иймд дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батзоригт нь хариуцагч Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-2 тоотын 53,97 мкв орон сууцны өнөөгийн зах зээлийн үнийг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 316/56 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан, Хөрөнгийн үнэлгээний газар өөрийнхөө эрх хэмжээнд үнэлгээ гаргасан тул зөвшөөрөхгүй гэж, гуравдагч этгээд хариуцагчийн татгалзлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа гэж тус тус маргаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 134 тоот хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудсанд Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь 2016 оны 07 сарын 28-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 09 сарын 20, 2016 оны 09 сарын 25-ны өдрүүдэд төлбөр төлөгч Д.Батзоригтыг сайн дураар төлбөрийг төлөхийг мэдэгдэж, 2016 оны 09 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-2 тоотод байрлах 53,97 мкв талбай бүхий орон сууцыг битүүжилж, 2016 оны 10 сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч тэмдэглэл үйлдэн, 2016 оны 10 сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан байна.
Хариуцагч Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь 2016 оны 11 сарын 07-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-нийг шинжээчээр томилж, Ү-0714001340 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 2 тоотын 53,97 мкв талбайтай орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор тогтоол үйлдсэн байна.
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь 2016 оны 11 сарын 21-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг 39,500,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлсэн байх ба хариуцагч тал нь уг үнэлгээг төлбөр төлөгч Д.Батзоригтод танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Батзоригт нь Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 316/56 тоот дүгнэлтээр Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 2 тоотын 53,97 мкв талбайтай орон сууцыг 39,500,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнийг бодит байдалд нийцээгүй, хүчингүй болсон Засгийн газрын 2005 оны 233 тоот тогтоолыг баримталсан гэж үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа болно.
Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 316/56 тоот дүгнэлтээс үзэхэд үнэлэх үйл ажиллагаа явуулахдаа зардлын хандлагын аргыг хэрэглэсэн байх ба шүүх хуралдаанд оролцсон гэрч Дэлгэрхишиг нь “ ...сүүлийн 2 жилийн хугацаанд уг байрны орчмын байр худалдан борлуулагдаагүй учир зах зээлийн хандлагын аргыг хэрэглэх боломжгүй байсан тул зардлын хандлагын аргыг хэрэглэсэн, 2005 оны 233 дугаар тогтоол хүчингүй болсон боловч энэ тогтоолыг баримтлан үнэлгээ гаргана гэж Монгол Үнэлгээчдийн холбооноос чиглэл өгсөний дагуу уг тогтоолыг баримталж элэгдэлийг 2,7 хувиар тооцсон, хүчингүй болсон тогтоолыг барьсан нь манай буруу юм” гэж мэдүүлдэг болно.
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний дүгнэлт гаргахдаа уг орон сууцны биет байдлын элэгдлийг тооцохдоо Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд зааснаар ашиглалтын хугацааг 36 жилээр тооцож цаашид 35 жил ашиглах боломжтой гэж үзэж нэг жилийн элэгдлийн хэмжээг 2,7 хувиар тогтоож, хуримтлагдсан элэгдлийг 1,102,885.79 төгрөгөөр тооцож, нийт үнэлгээнээс хассан байна.
Гэтэл Засгийн Газрын 2005 оны 11 сарын 23-ны өдрийн “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам, Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ”-ний талаарх журам батлах тухай 233 тоот тогтоол нь Засгийн газрын 2014 оны 09 сарын 18-ний өдрийн 297 тоот тогтоолоор хүчингүй болсон байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь тухайн орон сууцыг үнэлэх ажиллагааг явуулахдаа хүчингүй болсон тогтоолыг баримталж хуримтлагдсан элэгдлийг тооцсон байгаа нь үнэлгээ тогтоосон дүгнэлт үнэн зөв гарсан гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т “ хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” гэж тус тус заасан байхад Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 316/56 тоот дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд төлбөр төлөгчийн өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-2 тоотын 53,97 мкв орон сууцыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 316/56 тоот дүгнэлт нь бодит үнийг тогтоож чадсан нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн хангаж, тухайн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-2 тоотын 53,97 мкв орон сууцыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 316/56 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД