Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1325

 

 

 

 

 

 

 

 

    2019          12           13                                        2019/ШЦТ/1325         

 

 

-                                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Г.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908038240456 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт суух, урьд ял шийтгэлгүй, Харчуу овогт Ганбаатарын С /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.С нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан явах замд “Тоёота Приус” маркийн  УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Гончигсүрэн жолоочтой “Субару Импреза” маркийн  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч А.М /14 настай, эмэгтэй/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Т /4 настай, эрэгтэй/-ийн эрүүл мэндэд хүнд, “Субару Импреза” маркийн  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.874.000 төгрөгийн шууд, 5.797.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Урд явсан машин гэнэт тоормос гишгэхээр нь би жолоогоо зүүн тийш дараад машинтай мөргөлдсөн. Дд 7.000.000 төгрөг, Мд 600.000 төгрөг өгсөн. Машины хохиролд 5.700.000 төгрөг төлсөн” гэв.

 

Эрүүгийн 1908038240456 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дийн: “2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим нөхөр Э.Гончигсүрэн, хүү Г.Т нарын хамт өөрсдийн эзэмшлийн “Субару Имприза” маркийн  УБЧ улсын дугаартай автомашинаар Баянчандмань орж амьтны хүрээлэн үзээд буцаад хот руу чигтээ 52-ын даваа уруудаад явж байхад урдаас Т.Приус-30 маркийн автомашин урсгал сөрж ирээд манай машиныг мөргөсөн. Манай хүүхэд Г.Тийн шанааны яс цөмөрсөн. Миний биед мөр болон бусад газарт хөхөрч бяцарсан бэртэл гэмтэл учирсан. Хүүхдээ ажигла гээд эмнэлэгт 4 хоног хэвтээд гарсан” гэх мэдүүлэг /хх-18, 22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.18-ны өдрийн 8495 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.Т-н биед дух ясны цөмөрсөн хугарал, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух чамархайн дэлбэнд цус хуралт, дух зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” гэжээ /хх-58/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.18-ны өдрийн 8494 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Дийн биед цээж, зүүн мөр, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-62/,

Насанд хүрээгүй хохирогч А.Мгийн: “2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...12 цагийн орчимд Драгон төвөөс “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан. Замдаа унтаж сэрээд явж байсан, нэг сэрээд харсан чинь нөгөө жолооч ах урсгал сөрсөн. Тэгтэл урдаас цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Нөгөө ах урсгал руугаа ороход өөдөөс ирж байсан цэнхэр өнгийн машины зүүн талаас мөргөсөн. Миний зүүн гар хөдөлж болохгүй, өвдөөд байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн төлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-28, 29/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уранбайгалийн: “Манай дүү М 2019 оны 7 дугаар сарын 03-ны 12 цагийн орчимд Дархан орохоор Драгон дээрээс хар өнгийн,  УНЗ улсын дугаартай, “Prius 30” маркийн автомашинд би суулгаж өгсөн. Автомашины хойд суудлын голд суусан. 14 цаг өнгөрч байхад ээж над руу утсаар “дүү чинь зам тээврийн осолд орсон байна” гэсэн. М рүү залгаад асуухад “52-н давааны орчимд миний сууж явсан автомашин гүйцэд түрүүлэх гэж байгаад өөдөөс нь машин гарч ирээд мөргөлдчихлөө” гэсэн. Осол гарсан газар очиход хоёр автомашин мөргөлдсөн, гэмтсэн хүмүүс нь Дархан явсан байсан. Би дүүгээ Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “зүүн гар нь бугалга хэсгээр хугарсан байна” гээд шохойдож өгсөн. Мөн “хамар нь бага зэрэг муруйсан байна” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.28-ны өдрийн 10304 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. А.Мгийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-85/,

Гэрч Э.Гончигсүрэнгийн: “2019 оны 7 дугаар сарын 03-ны 14 цагийн орчимд би Субару имприза маркийн  УНЧ дугаартай автомашинаа жолоодон эхнэр, хүүхдийн хамт Баянчандмань орж амьтны хүрээлэн үзчихээд буцаад хот руугаа чигтээ зорчих хэсгийн баруун гар талаар 52-н даваа уруудаад явж байтал өөдөөс хоёр автомашин ирж байсан. Эхний автомашин нь зөрөх үед хойно нь явж байсан хар өнгийн Приус-30 маркийн  УНЗ улсын дугаартай автомашин урсгал сөрөөд миний машинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-52/,

Гэрч Н.Хонгорзулын: “Би Улаанбаатар хотоос Дархан явах гээд Драгон дээр очоод хар өнгөтэй Приус машинтай 30 гаран насны эрэгтэй хүн явна гэхээр нь зүүн талын урд суудалд суусан. ...Ингээд нийтдээ тавуулаа Улаанбаатараас 12 цаг өнгөрч байхад хөдлөөд зам их эвгүй, эвдэрхий байхад 110-120 километр цагийн хурдтай, машинууд гүйцэж түрүүлээд яваад байсан. Тэгээд аймаар хурдтай явж байсан чинь урд талд явж байсан машин тоормос гишгэсэн чинь миний сууж явсан машины жолооч зүүн тал руугаа дараад эсрэг урсгал руу ороход өөдөөс ирж явсан машинтай мөргөлдчихсөн. ...Хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх үйлдэл гаргасан. Эсрэг урсгал руу орсноос болсон. Тухайн үед би 1 сар орчимтой жирэмсэн байсан тул рентгенд үзэх боломжгүй гээд аарцаг, нуруундаа зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Миний цээж хэсэгт хамгаалах бүсний ором гарсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-44-45, 46/,

Гэрч Л.Алтансүхийн: “2019 оны 7 дугаар сарын 03-ны 13 цагийн орчимд хар өнгийн Приус маркийн  УНЗ дугаартай автомашинд жолоочийн арын суудал дээр суугаад явсан. Тэгээд 52-ын даваа орох зуур жолооч хурдаа тохируулж чадалгүй, урдах автомашинаа мөргөх гээд ирэнгүүт шууд дараад урсгал сөрөөд өөдөөс ирсэн суудлын автомашинтай мөргөлдсөн. Мөргүүлсэн автомашинд сууж явсан хүүхэн “хүүхэд алчихлаа” гээд орилоод байсан. Сэлэнгийн Ерөө суманд амьдран суудаг охины гар хавдсан байсан. Тэр охин 103-н автомашинд суугаад хот руу явсан. ...Би эмчид үзүүлсэн. Тухайн үед зөөлөн эд гэмтсэн байсан. Жолоочоос би компьютерийн зурагны мөнгө авсан. Одоо миний биед ямар нэг зовиур байхгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...”  гэх мэдүүлэг /хх-47/,

 “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019.08.02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 623 дугаар тайланд: “ УНЧ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины нийт хохирлын дүн 2.570.000 төгрөг” гэжээ /хх-66-70/,

“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2019.07.05-ны өдрийн эвдрэл, хохирлын 6876 дугаар үнэлгээнд: “ УБЧ улсын дугаартай “Subaru Impreza” автомашины хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.797.500 төгрөг” гэжээ /хх-72/,

Иргэний нэхэмжлэгч Э.Гончигсүрэнгийн: ““Subaru impresa” маркийн  УБЧ улсын дугаартай автомашин одоо миний нэр дээр бүртгэлтэй, миний өмч. Жолооч автомашинд учирсан хохирол 5.797.000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-38/,

Шүүгдэгч Г.Сын яллагдагчаар өгсөн: “Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ маш тодорхой ярьсан. Одоо өөр нэмж ярих зүйл байхгүй. Би “Приус 30” маркийн  УНЗ улсын дугаартай автомашинаа 2019 оны 5 дугаар сард худалдан авсан. Тэр сардаа оношлогоонд орсон. Дүүгийнхээ нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-117-118/,

зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /10-14/, гэрч Б.Номингийн мэдүүлэг /хх-53/, иргэний нэхэмжлэгч Э.Гончигсүрэнгийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-127/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-141/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-142/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-143/, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-144/, “хохирогч Г.Тид 700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Гончигсүрэнд 5.797.000 төгрөг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх гар бичвэр /хх-161/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уранбайгальд хавтаст хэргийн материал танилцуулсан “Санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тэмдэглэл /хх-163/, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт /хх-169/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.С нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Улаанбаатар хотоос Дархан явах замд “Тоёота Приус” маркийн  УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд саадыг тойрон гарахаар эсрэг урсгал сөрснөөс Э.Гончигсүрэн жолоочтой “Субару Импреза” маркийн  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч А.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Тийн эрүүл мэндэд хүнд, Б.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Субару Импреза” маркийн  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 5.797.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дийн “...урдаас Т.Приус-30 маркийн автомашин урсгал сөрж ирээд манай машиныг мөргөж осол гаргасан. Манай хүүхэд Т болон би гэмтэж бэртсэн. Хүүхдийн шанаа, духны яс цөмөрсөн...” гэх мэдүүлэг /хх-18, 22/, насанд хүрээгүй хохирогч А.Мгийн “...Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ах урсгал сөрсөн. Урдаас нь цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Тэгээд нөгөө ах урсгал руугаа ороход өөдөөс ирж байсан цэнхэр өнгийн машины зүүн талаас мөргөсөн. Миний зүүн гар хөдөлж болохгүй, өвдөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-28/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уранбайгалийн “...М рүү залгаад асуухад “14 цагийн үед 52-н давааны орчимд миний сууж явсан автомашин гүйцэд түрүүлэх гэж байгаад өөдөөс нь машин гарч ирээд мөргөлдчихлөө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33/, гэрч Э.Гончигсүрэнгийн “...автомашин зөрөх үед хойно нь явж байсан хар өнгийн Приус-30 маркийн  УНЗ улсын дугаартай автомашин урсгал сөрөөд миний машинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-52/, гэрч Н.Хонгорзулын “...зам их эвгүй эвдэрхий байхад 110-120 километр цагийн хурдтай машинууд гүйцэж түрүүлээд яваад байсан. Урд нь явж байсан машин тоормос гишгэсэн чинь миний сууж явсан машины жолооч зүүн тал руугаа дараад эсрэг урсгал руу ороход өөдөөс ирж явсан машинтай мөргөлдчихсөн...” гэх мэдүүлэг /хх-44-45/, гэрч Л.Алтансүхийн “...жолооч хурдаа тохируулж чадалгүй, урдах машинаа мөргөх гээд ирэнгүүт шууд дараад урсгал сөрөөд өөдөөс ирсэн автомашинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-47/, шүүх эмнэлгийн 8495, 8494, 10304 дүгээр шинжилгээ /хх-58, 62, 85/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 623 дугаар үнэлгээ /хх-66-69/, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 6876 дугаар үнэлгээ /хх-72/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /10-14/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Сын эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд саадыг тойрон гарахаар эсрэг урсгал сөрснөөс Э.Гончигсүрэн жолоочтой “Субару Импреза” маркийн  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч А.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Тийн эрүүл мэндэд хүнд, “Субару Импреза” маркийн  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.797.000 төгрөгийн хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул Г.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Г.Тийн эрүүл мэндэд хүнд, иргэний нэхэмжлэгч Б.Дийн эрүүл мэндэд хөнгөн, иргэний нэхэмжлэгч Э.Гончигсүрэнгийн тээврийн хэрэгсэлд 5.797.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд  иргэний нэхэмжлэгч Э.Гончигсүрэнгийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-127/, насанд хүрээгүй хохирогч Г.Т /Б.Д/-д 700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Гончигсүрэнд 5.797.000 төгрөг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх гар бичвэр /хх-161/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уранбайгальд хавтаст хэргийн материал танилцуулсан “Санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх тэмдэглэл /хх-163/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг нөхөн төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Г.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн. Дд 700.000 төгрөг, машины хохирол төлсөн, эмчилгээний зардалд баримтгүй 500.000 төгрөг төлсөн. М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн. Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн төрөлд хамаарна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой тул заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хоёр эгнээтэй замд урсгал сөрсний улмаас өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж буй/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Г.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт хураагдан ирүүлсэн шүүгдэгч Г.Сын жолоочийн BC ангиллын 622169 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харчуу овогт Ганбаатарын Сыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Сад тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.С тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт хураагдан ирүүлсэн Г.Сын жолоочийн BC ангиллын 622169 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР