Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Амна Усны 17-2 тоотод оршин суух, Төрийн банкны Эрдэнэ салбарын захирал ажилтай  Зандраа овогт Шаалайгийн Тэрбишийн /РД: ЕН84110507/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг, Сэнж Хонгорын гудамжны 1-5 тоотод оршин суух Дорноговь аймгийн Нефть хангамжийн салбарт жолооч ажилтай Борхой овогт Чинзоригийн Эрдэнэболдод /РД: ЕЦ85031572/ холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Ш.Тэрбиш, хариуцагч Ч.Эрдэнэболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Тэрбиш шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 онд Эрдэнэболдтой танилцан хамтран амьдарч байгаад 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 02 сарын 14-ний өдөр хүү Жаргалтогтохыг төрүүлсэн. Ингээд нөхөр болох Эрдэнэболд архи уух нь их болж бид 2009 оны 02 сараас эхлэн тусдаа амьдрах болсон ба хүү маань одоог хүртэл миний асрамжид хүмүүжиж байгаа. Тусдаа амьдарсанаас хойш бид тус, тусынхаа амьдралыг хөөж, миний бие одоо нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүү Жаргалтогтохдоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Эрдэнэболд нь хүүтэйгээ холбоотой байдаг ба миний зүгээс энэ талаар татгалзах зүйл байхгүй, бас тусалж дэмждэг болно гэв.

Хариуцагч Ч.Эрдэнэболд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүдээ тэтгэвэр төлөхгүй ч өсөж хүмүүжихэд нь тусламж, дэмжлэг өгнө гэдгийг ойлгож байгаа. Хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Тэрбиш нь хариуцагч Ч.Эрдэнэболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Үндэслэл нь:

Энэ хэргийн зохигчид нь 2002 онд танилцаж, 2006 онд сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ хуулийн дагуу бүртгүүлж, хамтран амьдрах хугацаандаа 2008 оны 02 сарын 14-ны өдөр хүү Э.Жаргалтогтохыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хүү Э.Жаргалтогтохын төрсөний гэрчилгээний хуулбар, 0097829 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрчлэгчид нь 2002 оноос хамтын амьдралыг зохиож, үргэлжлүүлсэн байх ба энэ хугацаанд хариуцагч Ч.Эрдэнэболд нь архи уудаг болсон гэсэн шалтгааны улмаас 2009 оны 2 сараас эхлэн тусдаа амьдрах болсон, нэхэмжлэгч Ш.Тэрбиш  нь одоо бусадтай гэр бүлийн амьдрал зохиож, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг  зэрэг нөхцөл байдал нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоодож байна. Иймээс гэрлэгчид нь цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болсон, гэрлэлтийг цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаан гаргаагүй тул хүүхдийн өсч торних орчин нөхцлийг харгалзан 2008 оны 02 сарын 14-ны өдөр төрсөн хүү Э.Жаргалтогтохыг эх  Ш.Тэрбишийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Хэдийгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж байгаа боловч зохигч нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх зэргээр тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэдгийг дурдах нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч Ш.Тэрбиш нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Шаалайгийн Тэрбиш, хариуцагч Чинзоригийн Эрдэнэболд нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2008 оны 02 сарын 14-ны өдөр төрсөн хүү Э.Жаргалтогтохыг эх Ш.Тэрбишийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Ш.Тэрбиш нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан  шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Пүрэвжаргалд даалгасугай.

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД