Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн суманд 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 баг, Сэнж- 1-10 тоотод оршин суух, Боржигон овогт Паламын Дугуйцагааны /РД: ЕЦ63091160/ хүсэлтээр

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Дугуйцагаан, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Дугуйцагаан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 дугаар анги төгсөөд ангийн 17 хүүхдийн хамт 1979 оны 06 сарын 09-ний өдөр нэгдлийн даргын тушаалаар Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Улаан үнээний фермд үхэрчинээр томилогдож, саальчинаар ажилласан юм. Тэгээд 1986 оноос хойш 1994 он хүртэл нэгдэлд тасралтгүй хонь малласан. Миний ажилласан жилээс 1981 оноос 1989 оныг дуустал хугацаа маань ажилд орсон гарсан болон надтай холбогдох тушаал байхгүй байгаагийн улмаас ажилласан жилд орж тооцогдохгүй байна. Аймгийн архивын газраас шүүлгэхэд 1989 оны ээлжийн амралт авсан тушаал, мөн анх нэгдэлд илгээлтээр орсон тушаал, 1994 онд нэгдлээс гарсан тушаалаас өөр тушаал гарч ирээгүй, ингээд авч байсан цалингаа шүүлгэхэд 1981 оных, 1986-1989 оных дутуу гарч ирсэн. Тэр үед 150 төгрөгийн цалинтай байсан бөгөөд нэг бол бөөнөөр нь эсхүл сар сард нь цалин өгдөг байсан. Ийм учраас  1981 оноос 1989 оныг дуустал Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин, хоньчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :

Нэхэмжлэгч П.Дугуйцагаан нь 1981 оноос 1989 оныг  дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин, хоньчиноор ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч П.Дугуйцагаантай холбоотой тушаал, шийдвэр 1981-1989 оны хооронд гарсан эсэх нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас гарч ирээгүй боловч хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1979 оны 06 сарын 09-ний өдрийн “илгээлтээр ирсэн хүүхдүүдийг ажилд томилох /Паламын Дугуйцагаан гэсэн нэр бүхий хүмүүсийн нэрийг тушаалд жагсаасан байв/ ” тухай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал бүрэн бус хариуцлагатай  компанийн  захирлын “ ардын аж ахуйтан болох хүсэлтэй нэр бүхий хүмүүсийг 1994 оны 08 сарын 31-ний өдрөөс 1 дүгээр хавсралтаар Шинэ-Амьдрал хувьцаат компанийн малчинаас чөлөөлсүгэй” гэсэн 53 тоот тушаалын хуулбар, дээрх тушаалын хавсралтын 80 дугаарт П.Дугуйцагаан гэж тэмдэглэгдсэн хуулбар зэргээс үзэхэд тэрээр илгээлтээр Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Улаан үнээний фермд ирж, үхэрчинээр томилогдон, саальчинаар ажиллаж байгаад, 1986 оноос эхлэн хонь малласан, түүнчлэн нэгдэлд ажиллаж байгаад 1994 онд ардын аж ахуйтан болох хүсэлт гарган чөлөөлөгдөж байсан нь хэрэгт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч П.Дугуйцагаан нь 1981 оноос 1989 оныг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин, хоньчиноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч П.Дугуйцагааны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан

-Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 410 албан бичиг,

-П.Дугуйцагааны 1981, 1986-1990 оны цалингийн тодорхойлолт,

-Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1979 оны 06 сарын 09-ний өдрийн “илгээлтээр ирсэн хүүхдүүдийг ажилд томилох /Паламын Дугуйцагаан гэсэн нэр бүхий хүмүүсийн нэрийг тушаалд жагсаасан байв/ ” тухай тушаалын хуулбар,

- Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн “ Паламын Дугуйцагаанд холбогдох 1989 оны ээлжийн амралтын мөнгө олгосон тушаал байгаа боловч  1981-1988 онуудад холбогдох тушаал гараагүй байна” гэсэн 58 албан бичиг

-Дорноговь аймгийн Өргөн сумын  Шинэ-Амьдрал бүрэн бус хариуцлагатай  компанийн  захирлын “ ардын аж ахуйтан болох хүсэлтэй нэр бүхий хүмүүсийг 1994 оны 08 сарын 31-ний  өдрөөс 1 дүгээр хавсралтаар Шинэ-Амьдрал  хувьцаат компанийн малчнаас чөлөөлсүгэй” гэсэн 53 тоот тушаалын хуулбар

-Дээрх тушаалын хавсралтын 80 дугаарт П.Дугуйцагаан гэж тэмдэглэгдсэн хуулбар нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч О.Дашдоржийн шүүхэд өгсөн “Манай ангийн охин Паламын Дугуйцагаан нь 1979 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал  нэгдэлд илгээлтээр  Улаан үнээний фермд саальчнаар ажиллаж байсан.  Манай ангийн 17 хүүхэд бүгд илгээлт аван төрөлх нутагтаа ирж ажиллаж байлаа. Дугуйцагаан нь 1989 он  хүртэл хугацаанд тус нэгдэлд  бидэнтэй гар нийлж сайн ажиллаж байсан. Энэ хугацаанд Дугуйцагаан нь 4 хүүхэдтэй болсон, 1981-1989 онуудад нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан гэдгийг ангийнх нь хүүхдийн хувьд гэрчилж байна” гэсэн мэдүүлэг,

гэрч М.Түмэнжаргал шүүхэд өгсөн “1979 оны 06 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Улаан үнээний фермд  ангийн 17 хүүхдийн хамт Дугуйцагаан бид нар илгээлтээр ирж үхэрчин, саальчинаар ажилласан юм. Ажиллаж байх хугацаандаа Дугуйцагаан нь 1986 оноос хонь маллаж,  би тус сумын засаг даргын тамгын газарт сахиулын ажилд орж ажилласан юм. ” гэсэн мэдүүлэг,

гэрч А.Ганхуягийн шүүхэд өгсөн “ 1979 онд бид нар 17-уулаа Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд илтгээлтээр ирсэн бөгөөд энэ үед Дугуйцагаан саальчинаар, би үхэрчинээр Улаан үнээний фермд ажилласан. Түүнээс хойш 1986 оноос эхлэн  Дугуйцагаан нь нэгдэлд хоньчин болж, би тус нэгдэлд 1984 оноос эхлэн тракторын   жолооч болоод 1989 он хүртэл тасралтгүй ажилласан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч П.Дугуйцагааныг 1981 оноос эхлэн 1989 оныг дуустал хугацаанд хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд саальчин, хоньчиноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Боржигон овогт Паламын Дугуйцагааныг /РД: ЕЦ63091160/  1981 оноос эхлэн 1989 оныг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд саальчин, хоньчиноор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД