Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1326

 

 

 

 

 

 

 

 

    2019       12           13                                           2019/ШЦТ/1326         

 

-                                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908043341818 дугаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Ганчулууны Д /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г.Д нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа Х.Гтэй гэр бүлийн маргаанаас болж маргалдаж, нүүр лүү нь цохиж, шилэн хүзүүн дээрээс базаж, дарж, зүүн зовхи, хацар цус хуралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугалга, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд цус хуралт зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хувиараа авто угаалга ажилуулж байгаа. Өдрийн 60.000-80.000 төгрөг, сард 1500.000-2000.000 төгрөгийн орлого олдог. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1908043341818 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Гийн: “Би Ганчулуун гэдэг хүнтэй 2 жилийн өмнөөс хамтран амьдарч эхэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 14-ний 23 цаг өнгөрч байхад миний хувиараа ажиллуулж байгаа “555” нэртэй караокены газар Ганчулууны хуучин эхнэр Доржханд, хүү Д нар ирээд хэрүүл маргаан хийгээд, бид нар муудалцаад, би цагдаад дуудлага өгсөн. Караокед байхад Д над руу сандал авч шидэхэд нь гараараа хаасан чинь гарын шууг оносон. Тэр үед би утсаа барьсан, бичлэг хийж байсан. Тэгсэн миний Huawei Ү6 маркийн 2018 онд охины бэлэглэж байсан гар утсыг оноод дэлгэцийг хагалаад, нумруулсан. Бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчраад “хоорондоо маргаан битгий хийгээд бай, гомдол гаргахаар бол өргөдөл өгөөрэй, одоо тараад явцгаа” гэж хэлээд явуулсан юм. Д миний араас ирээд, шилэн хүзүүн дээр дараад, базаад доош дарахад нь би “яаж байгаа юм” гээд гарын ар хэсгээрээ зүүн хацар хэсэгт нь чад хийтэл алгадсан чинь миний нүүр лүү гараараа 1 удаа, толгойн баруун хойд хэсэгт 1 удаа цохисон... Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-11-12/,

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн: “...“Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “555” караокенд маргаан болоод байна” гэсэн дуудлагын дагуу очиход Х.Г дуудлага өгсөн байсан. Нөхрийнхөө хуучин эхнэр, хүүхдүүд нь ирээд хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн. Би уг хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр аваачаад жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч Ц.Доржхандын: “Нөхөр Ганчулуун нь Г гэх хүүхэнтэй 2017 оноос одоог болтол надаас нууцаар уулздаг байсан юм байна лээ. ...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “555” караокены үүдэнд очсон чинь Ганчулууны автомашин байсан. Би орсон чинь Ганчулуун, Г 2 хамт нэг өрөөнд байсан. Би хүү Дг дуудаад “аав нь энд байна, миний хүү ороод ир” гэсэн чинь ороод ирсэн. Г над руу “чи Ганчулуунаас хол бай, би хамт амьдарч байгаа” гээд маргалдаад ойр ширээн дээр байсан аяга болон сандал нэг нэгэн рүүгээ авч шидсэн. ...Тэгсэн хүн цохих чимээ гарахаар нь харсан чинь Г нүүрээ дараад доош харсан байсан. Би хүү Дгээс юу болсон талаар асуусан чинь Г намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-37-39/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.08.23-ны өдрийн 10050 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Х.Г-н биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугалга, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-42/,

Шүүгдэгч Г.Дгийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эцэг Ганчулуунтай уулзахаар “555” паабын газарт ээж Доржхандын хамт очсон. Тэгээд гэр бүлийн асуудлаас болоод аавтай ээж бид хоёр маргалдаж муудалцсан. Тэр үед аавын хамтран амьдрагч Г гэдэг эмэгтэй бид нарын дундуур хэрүүл маргаанд оролцсон. Бид нар цагдаагийн хэлтсээс гараад явж байсан чинь Г намайг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би шилэн хүзүүнээс нь бариад авсан чинь намайг алгадчихаар буцаагаад нэг удаа алгадсан. Би Гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-58-60/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-15/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-16/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-17/, депозит дансны хуулга /хх-19-28, 69-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, хохирогчийн “...миний хохирлыг барагдуулсан нь үнэн болно. Одоо надад гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-67/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Д нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа иргэн Х.Гтэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, нүүр лүү нь цохин, шилэн хүзүүн дээрээс базаж, доош дарах зэргээр зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугалга, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Гийн “...Д миний араас ирээд шилэн хүзүүн дээр дараад, базаад намайг доош дарахад нь би “яаж байгаа юм” гээд гарын ар хэсгээрээ зүүн хацар хэсэгт чадхийтэл алгадсан чинь миний нүүр лүү гараараа 1 удаа, толгойн баруун хойд хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-11-12/, гэрч Ц.Доржхандын “...Тэгсэн хүн цохих чимээ гарахаар нь харсан чинь Г нүүрээ дараад доош харсан байсан. Би хүү Дгээс юу болсон талаар асуусан чинь Г намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-37-39/, шүүх эмнэлгийн 10050 дугаар “1.Х.Г-н биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугалга, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-42/, шүүгдэгч Г.Дгийн яллагдагчаар өгсөн “...Г намайг элдвээр хэлээд доромжлоод байхаар би шилэн хүзүүнээс нь бариад авсан чинь намайг алгадахаар нь би буцаагаад нэг алгадсан. Би Гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-58-60/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Дгийн хохирогч Х.Гийг хувийн таарамжгүй харилцааны улмаас алгадаж, цохиж зодон хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-11-12/, “...миний хохирлыг барагдуулсан нь үнэн болно. Одоо надад гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-67/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэр бүлийн буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /авто угаалга ажиллуулж, сарын 1500.000-2000.000 төгрөг олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Дг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Ганчулууны Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 850.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР