| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1330/Э |
| Дугаар | 1328 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1328
2019 12 13 2019/ШЦТ/1328
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908057151839 дүгээр хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, 76 дугаар дунд сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дашзэвэг овогт Жаргалсайханы Ц /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ж.Ц нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 8 дугаар гудамжны 162 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Лгийн хүзүүг боож, нуруу хэсэгт нь гараараа цохиж, нүүрэн тус газарт нь алгадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүзүү, баруун сарвуу, нуруу, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. 2 лааз пиво уусан байсан. 2 жил хамт амьдарч байна. Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1908057151839 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Лгийн: “2019 оны 10 дугаар сарын 29-ний ...05 цагийн орчим нөхөр Ж.Ц, найз Чимэдийн хамт согтуу орж ирсэн. Би “чи хаагуур явж байгаад ирж байгаа юм” гэтэл Чимэд “чи манай найзын эхнэр шиг байж чадсан юм уу” гэсэн. Би Чимэдтэй маргалдаж байхад Ц “та хоёр боль, зайлцгаа” гэсэн чинь Чимэд гэрээс гараад явсан. Тэгтэл Ц миний зүүн талын хацранд 1 удаа алгадсан чинь хамраас цус гараад, хөл, rap бадайраад байж байтал Ц “чи битгий баашлаад бай” гээд хоолойноос нэг гараараа боогоод, түлхэж унагаасан. Би хүүхдээ хөхүүлж байтал Ц намайг аргадаж гуйгаад байсан. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм, үгүй” гээд гараараа Цийг нудартал орноос унаад босож ирээд “чи яаж байнаа” гээд миний нурууны хэсэгт гараараа 1 удаа цохисон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-8/,
Гэрч Г.Чимэдийн: “2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...пиво уугаад 03 цагийн орчим Цийн гэрт иртэл Л бид хоёрыг “архи уулаа” гэж уурлаад, загнаад байсан. Тэгэхээр нь би “чи ямар сүртэй юм бэ, яах гэж нөхөр лүүгээ дайраад байдаг юм, хүний эхнэр шиг байгаач” гэтэл Ц намайг “гэрээс зайл” гэхээр нь гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-15/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.11.04-ний өдрийн 13190 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Лгийн биед хүзүү, баруун сарвуу, нуруу, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/,
Шүүгдэгч Ж.Цийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...гадаа пиво ууж байгаад 04 цагийн орчим Чимэд бид хоёр гэрт ирэхэд эхнэр Л намайг “согтуу ирлээ” гэж уурласан. Тэгтэл Чимэд “чи манай найзын эхнэр шиг байж чадсан юм уу” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад байхаар нь би “Чимэд ээ чи манай гэрээс яв” гэсэн чинь гараад явсан. Би Лгийн зүүн талын хацарт 1 удаа алгадаж, хоолойн хэсгээс түлхэж унагаасан. Би Лг аргадаад, гуйж байтал Л миний цээжний хэсэгт нудраад орноос унагаахаар нь би “яаж байнаа” гээд Лгийн нуруунд нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-51-55/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Лгийн өргөдөл /хх-3/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-29/, гэрлэлт “бүртгэлгүй” лавлагаа /хх-30/, тээврийн хэрэгсэл “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-31/, эд хөрөнгө “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-32/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-33-37/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-38-39/, дансны хуулга /хх-40-41/, шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт, эвлэрлийн гэрээ /хх-61, 62/, шүүгдэгчийн ажилладаг байгууллагын “Ж.Ц нь 76 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт /хх-63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Ц согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 8 дугаар гудамж, 162 тоотод эхнэр Б.Лгийн хоолойг боож, алгадан, нуруу руу нь гараараа цохин хүзүү, баруун сарвуу, нуруу, уруулд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Лгийн “...Ц миний зүүн талын хацарт 1 удаа алгадсан, ...“чи битгий баашлаад бай” гээд хоолойноос нэг гараараа боогоод, түлхэж унагаасан, ...нурууны хэсэгт гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Г.Чимэдийн “...Л нь Ц бид хоёрыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь уурлаад маргалдсан” гэх мэдүүлэг /хх-15/, шүүх эмнэлгийн 13190 дүгээр “1.Б.Лгийн биед хүзүү, баруун сарвуу, нуруу, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-21/, шүүгдэгч Ж.Цийн яллагдагчаар өгсөн “...би Лгийн зүүн талын хацарт 1 удаа алгадсан. ...Лгийн хоолойн хэсгээс түлхэж унагаасан, нуруунд нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-51-55/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Лгийн өргөдөл /хх-3/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Цийн согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Лтай хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр лүү алгадаж, түлхэж унагаан, хоолойг боосон, нуруу руу цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-8/, шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ /хх-62/-г тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Ц бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх чөлөөнд олон удаагийн үйлдлээр халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /76 дугаар сургуульд багш ажилтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ж.Цийг 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дашзэвэг овогт Жаргалсайханы Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есэн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цийг 900.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР