Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн  Н.С-ын нэхэмжлэлтэй 

          Хариуцагч: Аймгийн ******* даргад холбогдох Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 63 тоот албан бичгийн дагуу ******* Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын  19-ны  өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.                                                     

                

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Н.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2001 оноос хойш төрийн албанд тасралтгүй 17 жил ажилласан. Би 2017 оны 04 дүгээр сарын 21-нд аймгийн ******* Захиргаа удирдлагын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноо авч тэнцсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 63 тоот албан бичгийг 06 сард аймгийн Мэргэжлийн хяналтын газарт  хүргүүлсэн байдаг. Гэтэл албан бичгийн хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Энэ хугацаанд би мэргэжлийн хяналтын газарт олон удаа очсон боловч удахгүй, хүлээж бай Б.Д-г ажилтай болгочмоор байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Намайг 2017 оны 10 сард иргэдийн Хурлын даргатай уулзахад наад хүнээ томил гэж Б.Түмэнбаатар даргад хэлсэн. Тэгээд удалгүй уулзахад би амралттай байна 11 сарын 6-нд уулзъя гээд тэр өдөр нь очиход Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өөр шаардлага тавиад байна гэсэн. Үүний дараа би бүх бичиг баримтаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүний нөөцийн албанд ээжээрээ дамжуулан хүргүүлсэн. Хүний нөөцийн албаны дарга Нармандах гэдэг хүн бичиг баримттай танилцаад шалгалтанд орсон хүн томилогдох ёстой, шаардлагад нийцэх юм байна гээд 2017 оны 11 дүгээр сарын 23-нд энэ хүнийг ирэх 7 хоногт ажилд томил гэсэн чиглэл өгсөн. Өргөдөл гомдлын тухай хууль дээр өргөдлийг аман болон бичгийн хэлбэрээр гаргаж болно гэж байдаг. Тухайн үед бол аман хэлбэрээр гаргасан учраас надад аман хэлбэрээр хариу өгсөн.  Б.Д нь 2017 оны 04 сард болсон ******* Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтанд орж тэнцээгүй 2017 оны 12 сарын 14-18-ны өдрүүдэд Төрийн албаны зөвлөлөөс зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтанд орсон. Би энэ хүнийг ажилтай болохыг хүлээсээр өдий хүрлээ. Иймд намайг аймгийн ******* Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэжээ.  

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг авч ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс угсаа, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг үзэл бодол болон нам олон нийтийн бусад байгууллагад харьяалах зэргээр ялгаварлан гадуурхаж үл болно. Энэ хуулийг өнөөдөр мэргэжлийн хяналтын газар зөрчөөд байгаа. Үнэхээр тэр шаардлага хангахгүй гэсэн байдлыг энд тавих ёстой байсан юм бол Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалын шалгалтыг нийтэд зарлаад зарлал тавьж байхад энэ шаардлагатай холбоотой гомдлыг мэргэжлийн хяналтын газраас гаргах ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй. Шалгалт болоод хүмүүсийг бүртгэсэн. Энэ хүмүүсийг бүртгэсэнтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт гомдлыг мөн Төрийн албаны салбар зөвлөлд гаргаагүй. Шалгалт болоод хүмүүс тэнцсэн үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар шаардлагыг мөн өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөл болоод тухайн иргэдэд хариу өгөөгүй. Төрийн албаны жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон зүйлүүдийг Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч талаас энэ хориглосон зүйлүүдтэй холбоотой тайлбарыг огт хийж чадахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарыг хийж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Шаардлагыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталж өгдөг гэж байна. Төрийн жинхэнэ албатай холбоотой төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг Төрийн албаны төв байгууллагаас баталдаг. Энэ шаардлага хуульд заасан шаардлага биш байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт энэ хуулийн 33.4 дэх хэсэгт зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно гэж байгаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тогтоогоод хүний эрхийг зөрчиж байгаа нь хуульд байхгүй шаардлага байгаа. Тийм учраас эрхэлж байгаа ажил албан тушаал, мэргэжил боловсролоор хүнийг ялгаварлан гадуурхаад байж байгаа. Шалгалт болоод бүртгэж болно гээд бүртгэчихсэн Төрийн албаны салбар зөвлөлийн хүн гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Тухайн өөрсдийнх нь өгсөн шаардлагад тэнцэх хүн байхгүй байсныг асуухад бусад гээд дэлгэрүүлээд олон хүнийг хамруулах байдлаар оруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Түүний дагуу бид нар явуулсан үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй гэдэг байдлаар Төрийн албаны салбар зөвлөл нь маш тодорхой мэдүүлэг өгчихсөн. Төрийн албан хаагчдын төрийн байгууллагын уялдаа холбоо харагдаж байна. Нийтлэг энэ шаардлага олон нийтэд зарлагдсан хойно энэ байгууллага гомдлоо гаргах ёстой байсан. Хэрвээ энэ хүмүүсийг бүртгэхэд бүртгэхээс татгалзаад ямар нэгэн зүйл хийсэн бол энэ асуудалтай холбоотой гомдол гарах боломжтой байсан. Мөн шалгалт явагдаад дууссаны дараа энэ асуудалтай холбоотой гомдлыг аль аль талаасаа гаргах боломжтой байсан. Энэ ажиллагаанууд хийгдээгүй. Өнөөдрийн нэхэмжлэлийн ажиллагаа шалгалтад орж нэгээр тэнцсэн хүнийг томилох юм уу, томилохгүй юм уу гэдэгтэй холбоотой асуудал яригдаж байгаа болохоос төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаа хуульд нийцсэн юм уу, нийцээгүй юм уу гэдэг ажиллагаа энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар явагдаагүй байгаа Энэ асуудлыг тодруулчихсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А/06 дугаар тушаалаар баталсан бүтэц орон тооны дагуу сул байсан Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/162 дугаар тушаалаар нэршил нь Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга болж өөрчлөгдсөний орон тоог нөхөхөөр Төрийн албаны салбар зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/131 дугаар албан бичгээр зарлуулсан. ******* Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод Эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын менежерээр мэргэшсэн гэж заасан байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталгаажуулж ирсэн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд сул орон тоог зарлуулсан. Гэтэл эрх зүйч мэргэжилгүй төрийн удирдлагын менежерээр мэргэшсэн иргэдийг уг ажлын байранд бүртгэж сонгон шалгаруулалт явуулсан байна. Манай дарга бол уг ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах эрх бүхий албан тушаалтан биш. Төрийн албан тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан төрийн албанд тавигдах шаардлага, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр иргэн Н.С-ыг манайх Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд авах боломжгүй юм.  Мэргэжил нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа. Мөн удирдлагын академийн “Төрийн удирдлагын менежер”-ийн диплом нь мэргэшүүлсэн сургалт юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Нармандахад хүсэлт тавьсан гэж байна. Хавтаст хэргийн материалд хүсэлт тавьсан материал нь байхгүй байсан. Хүсэлт тавьсан юм бол Төрийн албаны өргөдөл гомдол шийдвэрлэх хуульд хүртэл заасан байдаг танд албан бичгээр хариу өгөх ёстой. Иргэн Н.С нь биологич мэргэжилтэй, төрийн удирдлагын менежерээр мэргэшсэн тул тус байгууллагын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байгаа тул Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажилд авах боломжгүй юм гэжээ. 

 

          Гуравдагч этгээд Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын  3 дугаар хэсгийн 14-т “Энэ журмын 11-д зааснаас бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан /цаашид "удирдах албан тушаалтан" гэх/-ы сул орон тоо гарсан тохиолдолд  томилох эрх бүхий этгээд нь:”, 14-ийн “в”-д “энэ журмын 14-ийн "а", "б"-д заасны дагуу тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд уг  ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд ирүүлнэ” гэж зааснаар томилох эрх бүхий этгээд нь буюу аймгийн ******* дарга 2017 оны 03 дугаар сарын 28-ны 01/131 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд тус байгууллагын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны сонгон шалгаруулах захиалгыг ажлын байранд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтын хамт хүргүүлсэн байна. /хх-103-108 хуудас/ 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайхаас өгсөн албан бичгийн шаардлагын хүрээнд төрийн албаны салбар зөвлөл бүртгэн авч сонгон шалгаруулалт явуулах ёстой. Иргэн Н.С нь биологич мэргэжилтэй тэгэхээр Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлтод эрх зүйч мэргэжилтэй эсхүл чухал шаардлагатай хэсэгт эрх зүйч мэргэжилтэй хүн олдохгүй бол аль нэг хяналтын чиглэлийн мэргэжил эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Н.С нь шаардлага хангахгүй байгаа тул ажилд авах боломжгүй” гэжээ.  

        Маргааны үндэслэл бол сонгон шалгаруулалт бус сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэнийг мэргэжил нь шаардлага хангахгүй тул ажилд албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй. 

        Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй”, мөн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын  4 дүгээр хэсгийн 17-т зааснаар аймгийн ******* Захиргаа удирлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлага болон томилох эрхий бүхий этгээдийн баталсан ажлын байрын тодорхойлолтод тавигдах шаардлага болох боловсрол “бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжил “эрх зүйч, төрийн удирдлагын менежер болон бусад”, мэргэшил “төрийн удирдлагаар мэргэшсэн байх” гэсэн шаардлагыг хангасан хүнийг сонгон шалгаруулалт оруулахаар нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр явуулсан. 

Энэ шаардлагын дагуу уг сонгон шалгаруулалтад Н.С мэргэжил биологи, Ч.А мэргэжил нягтан бодогч, Б.Д  мэргэжил нягтлан бодогч, Д.Х мэргэжил ургамал хамгаалал хорио цээрийн шинжээч гэсэн мэргэжилтэй 4 хүн өрсөлдөж Н.С 63.5 оноо, Ч.Амарсанаа 61.7 оноо авч Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний 16 дугаар тогтоолоор ******* Захиргаа удирлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад тэнцсэн харвсралтад дурдсан нэр бүхий иргэдийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцийн жагсаалтад бүртгэн баталж, хамгийн өндөр оноо авч тэнцсэн Н.С-ыг ******* Захиргаа удирлагын хэлтсийн даргын албан тушаалд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар албан бичгээр нэр дэвшүүлэн томилуулах саналыг хүргүүлсэн байна. 

Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх шаардлага болзлыг хангасан иргэнийг  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах эсхүл өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч тэнцсэн тохиодолд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохоор заасан байна. 

Нэхэмжлэгч Н.С-ын тухайд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байхад томилох эрх бүхий этгээд нь томилохгүй байгаа нь хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн байх тул аймгийн ******* даргад Н.С-ыг аймгийн ******* Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэлээ. 

Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулахаас өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 05 өдрийн 44 дүгээр албан бичгээр томилох эрх бүхий этгээд буюу аймгийн ******* даргад сонгон шалгаруулалтын зарыг хүргүүлсэн байхад сонгон шалгаруулалтын зар болон албан тушаалын шаардлагад тавигдах нөхцөл нийцсэн эсэх талаар гомдол санал гаргаагүй байна.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлагад мэргэжил  “дээд боловсролын бакалаврын зэрэгтэй”, ажлын байрны тодорхойлолтод чухал шаардлагатай мэргэжил “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэл-ийн мэргэжилтэй байх” гэсэн шаардлага тавигдсан, одоо аймгийн ******* Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн нягтлан бодогч мэргэжилтэй уг сонгон шалгаруулалт орж тэнцээгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.С-ыг аймгийн ******* Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Говь-Алтай аймгийн ******* даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ЗОЛБАДРАХ