Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00567

 

И.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02031 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02536 дугаар магадлалтай,

И.Б-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох,

2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/144 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.               

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч И.Б-, Д.Очирдорж, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч И.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 онд  Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн захирлаар томилогдон, Нийслэлийн боловсролын газрын даргатай хөдөлмөрийн гэрээ, дүүргийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээг байгуулан ажилласан. 2017 оны 1 дүгээр улиралд Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар манай сургууль хангалттай үнэлгээ авахаар шалгагдсан хэмээн урьдчилан мэдэгдэж байсан боловч зарим сургуулиудад дахин шалгалт явуулж, улмаар надтай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг D буюу дутагдалтай гэж дүгнэсэн.

Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-т дүүргийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн нөхцөлд ажил олгогчийн санаачлагаар гэрээг дуусгавар болгохоор заасан. Иймд Нийслэлийн засаг даргын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн Б/144 дугаартай ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,200,000 төгрөгийг гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах тухай 229 дугаар захирамжаар тус дүүргийн 41 дүгээр сургуулийн захирлаар И.Б-ыг томилсон. Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн бөгөөд 41 дүгээр сургуулийн захирлын үнэлгээ, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7.1 Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.2.4.-т дүүргийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт Хангалтгүй" дүгнэгдсэн тохиолдолд захирлын албан тушаалаас чөлөөлөх Б/114 дүгээр захирамжийг нийслэлийн Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан. Иймд И.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02031 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/144 дугаар захирамжийг хүчингүй болгож И.Б-ыг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,200,559 /дөрвөн сая хоёр зуун мянга таван зуун тавин ес/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч И.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан Улсын төсвийн орлогоос 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч И.Б-т, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 82,159 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож, Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02536 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02031 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02536 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч И.Б-ын 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн бөгөөд уг үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар дүнг тус дүүргийн Засаг дарга баталгаажуулсан байна. И.Б- дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурахаас татгалзсан байх бөгөөд уг асуудлаар дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, маргаан үүсгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаанд гомдол гаргаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн Боловсролын газар болон Дүүргийн засаг даргаас нэхэмжлэгч И.Б-ын албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл байхгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;” гэж заасныг үндэслэн эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх тал бүрээс хянаж үзээгүй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02031 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02536 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч И.Б- ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ...захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/114 дүгээр захирамжаар нэхэмжлэгч И.Б-ыг Хан-уул дүүргийн 41 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж, үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэлийг дурджээ.

Ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй ба зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн бол ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж, ажлаас хална гэжээ.   

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн ба нэхэмжлэгч И.Б-ын гэрээний биелэлтийг 69 оноогоор D буюу дутагдалтай гэж дүгнэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Ажилтан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, сахилгын дүрэм зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гэх бөгөөд ийнхүү зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулдаг. 

Хан-уул дүүргийн Засаг дарга болон И.Б- нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний зорилгыг “үйл ажиллагаагаа оновчтой зохион төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино” гэж заасан байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээг дүгнэдэг байна.

Үр дүнгийн гэрээ байгуулах үед хүрэх ёстой үр дүн ажилтны хөдөлмөрөөр бий болсон эсэх зэргийг бодитой мэдэх зорилгоор хийгддэг ажиллагааг буюу үр дүнгийн гэрээний “хэрэгжилт.биелэлт”-г сахилгын зөрчилд хамааруулсан үндэслэлээ ажил олгогч нотлоогүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02031 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02536 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ