Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 258

 

З.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч З.Ууганцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 260 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор З.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/329 дүгээр захирамжийг хүчингүй болгож, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080154429 нэгж талбарын дугаартай нийтийн зориулалттай орон сууцын газар эзэмших эрхийг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах, аймгийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 07, 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 496 дугаар захирамжийн тус тус П.Мөнхцэцэгт холбогдох хэсгийг, П.Мөнхцэцэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Баянмөнхөд шилжүүлсэн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 467 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжийн "Заяхас тур" ХХК-д холбогдох хэсгийг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/329 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар анх П.Мөнхцэцэгийн нэр дээр байж байгаад А.Баянмөнхөд, дараа нь “Заяхас тур” ХХК-ийн эзэмшилд шилжсэн байдаг. Тус бүр дээр нь Засаг даргын захирамж гарсан. “Заяхас тур” ХХК, З.Ууганцэцэгийн газартай холбогдсон маргааны 3 шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа. Энэ шийдвэрүүдийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга А/285 дугаар захирамжийг А/329 дүгээр захирамжаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй харин ч 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа.  Харин А/285 дугаар захирамж нь “Заяхас тур” ХХК-д холбогдсон. Уг захирамжид З.Ууганцэцэгийн эрх ашиг огт хөндөгдөөгүй. Гэтэл З.Ууганцэцэг дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Засаг даргын шат дараалсан захирамжуудаар өмнө нь эзэмшиж байсан хүний эрх нь хязгаарлагдаж дуусгавар болсон гэж үзэж байгаа. Дээрх захирамжууд нь үндэслэлтэй эсэх талаар манайх үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй байгууллага. Энэ маргаанд шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаарч шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэх болно гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: З.Ууганцэцэгийн газар эзэмшихтэй холбоотойгоор гарсан маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. З.Ууганцэцэг нь энэ асуудлыг захиргааны хэргийн шүүхэд биш Дархан-Уул аймгийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлж, хохирлоо гаргуулж авах ёстой. З.Ууганцэцэг маргаан бүхий газрын шударга эзэмшигч гэж нэг бус удаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар дээр дурдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага гэж хэлбэрийн хувьд өөр харагдаад байгаа боловч агуулгын хувьд нэг зүйл. Захиргааны актыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг З.Ууганцэцэг биелүүлэхгүй явсаар барилгаа барьж дуусгачхаад улсын комисст хүлээлгэн өгөөд 6 айл оруулсан байдаг. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Тухайн үед барилга барих үйл ажиллагаагаа зогсоосон бол өнөөдрийг хүртэлх ийм их хэмжээний хохирол гарах ёсгүй. Аймгийн Засаг даргад ...захирамжаа дахин хянаж өгнө үү гэж гомдол гаргасан байх ба Засаг даргаас 30 хоногийн дотор шийдвэрлэх хугацаа болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй байхад, гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нотлох баримт зэргийг бүгдийг нь өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн. Иймд захиргааны хэрэг үүсгэсэн захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Ууганцэцэгийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080154429 нэгж талбарын дугаартай нийтийн зориулалттай орон сууцын газар эзэмших эрхийг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/329 дүгээр захирамж, 2007 оны 1 сарын 9-ний өдрийн 07, 2010 оны 12 сарын 14-ний өдрийн 496 дугаар захирамжийн П.Мөнхцэцэгт холбогдох хэсэг, 2011 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 467 дугаар захирамжийн А.Баянмөнхөд холбогдох хэсэг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжийн "Заяхас тур" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 260 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар захирамжаар "Заяхас тур" ХХК-д олгон газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан төлбөр төлөөгүй, үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд уг газар дээрээ төсөл сонгон шалгаруулалт зарласан байдаг. Үүнийг миний бие "Заяхас тур" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо мэдсэн болно. Улмаар Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 190 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 174 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 430 дугаар захирамжийг Газрын тухай хуульд заасан газрын төлбөр төлөх хугацаа болоогүй байхад "Заяхас тур" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна гэж дүгнэн хүчингүй болгож, "Заяхас тур" ХХК-ийн эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэсэн болохоос "Заяхас тур" ХХК-д дахин гэрээ гэрчилгээ олгохыг даалган шийдвэрлээгүй юм.

Тиймээс Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/285 дугаар захирамжаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр "Заяхас тур" ХХК-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Гэтэл шинээр томилогдсон Засаг дарга А.Энхболд нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/329 дугаар захирамжаар өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгон "Заяхас тур" ХХК-тай дахин гэрээ хийж гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн нь төрийн байгууллага өөрсдийнх нь буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалт зарлаж уг төсөл сонгон шалгаруулалтад оролцон ялагч болж эзэмших эрх олж авсан иргэн миний эрхий ашгийг зөрчиж байна.

2. Нэхэмжлэгч нь Засгийн газраас баталсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам"-д заасны дагуу холбогдох бичиг баримтуудыг хууль, журмын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлж төсөл сонгон шалгаруулах комисст хүлээлгэн өгсний улмаас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын “газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох тухай” 231 дугаар захирамж гарч тухайн газрын шударга эзэмшигч болсон байхад үүнийг “нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж аваагүй” гэж үзсэн нь хэтэрхий ташаа дүгнэлт юм. Тухайн газар дээр сонгон шалгаруулалт явгадна гэдэг мэдээллийн дагуу бичиг баримт бүрдүүлж, уг шалгаруулалтад оролцоно гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийн дагуу хийгдсэн нь тодорхой харагдаж байна.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 9 сарын 11-ний А/285 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” захирамжаар “Заяхас Тур” ХХК-ийн газар эзэмших эрхийн 10 дахь хэсгийг хүчингүй болгосон захирамж гарсан байдаг ба энэхүү захирамжийг Засаг дарга А.Энхболд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А/329 дугаартай захирамж гарган хүчингүй болгосон байдаг.

Нэхэмжлэгч үүнийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэж буй маргааны үед олж мэдэн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Засаг дарга А.Энхболдод гомдол гаргасан боловч хариу өгөөгүй, үл тоомсорлосноор барахгүй "яах гэж Насанбат, Мөнх-Эрдэнэ нараас газар авсан юм..." гэсэн тохуурхсан байдлаар харьцсан. Иймээс хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхийн байгууллагад хандахад хүрсэн. Гэтэл Засаг даргад гомдол гаргаагүй мэтээр Засаг дарга өөрөө хариуцах ёстой хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг илтэд хохироож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Ууганцэцэг нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Заяхас тур” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж болон өмнөх эзэмшигч нарт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн а/329 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг үндэслэн “Заяхас тур” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын давхцал үүссэн 233 мкв газрыг гуравдагч этгээд “Заяхас тур” ХХК эзэмших эрхтэй болсон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтын талаар хэргийн оролцогч дахин маргах эрхгүй бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нь давхцал үүссэн 233 мкв газрыг эзэмших эрхгүй болохыг тогтоожээ.

Иймээс нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдэд дахин гэрчилгээ олгохыг даалгаагүй, хууль бусаар газар эзэмшсэн” тухай гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн үйл баримт болно.

Нэхэмжлэгчийн тухайд захиргааны байгууллагаас зарласан дуудлага худалдаанд оролцож, 500 мкв газар эзэмших эрхтэй болсон хэдий ч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 233 мкв газарт давхцал үүсч, үлдэх 267 мкв газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд шүүхээр маргаан хянагдаж байх явцад 10 давхар, 50 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байна.

Давхцал үүссэн 233 мкв газрын зарим хэсэгт нэхэмжлэгчийн барьсан орон сууц байрлаж байгаа бөгөөд нэхэмжлэгчид учрах хохирол, үр дагаврыг буруу шийдвэр гаргасан захиргааны байгууллага хариуцах болохоос гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээх хууль зүйн боломжгүй, энэ тухай анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч нар хууль зөрчиж газар эзэмшсэн” гэж маргаж боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмшигч нь хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд өмнөх газар эзэмшигчийн асуудал нэхэмжлэгчид хамааралгүй, цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө үүссэн учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар захиргааны байгууллага нь гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээх үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн газрын давхцал, түүнээс үүсэх үр дагаврыг шийдвэрлэж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь захиргааны үүрэг болохыг тэмдэглэв.

Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 260 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ