Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1355

 

 

 

 

 

 

 

 

    2019         12           19                                         2019/ШЦТ/1355         

 

-                                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908030531090 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, махны үйлдвэрт ачигч ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 02 жил 05 cap 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Баасангийн Г /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4-43а тоотод оршин суух иргэн О.Дий гэрт ирж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэрт нь хоноод 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээс нь явахдаа Самсунг Жи-7 прайм маркийн гар утас 1 ширхэг, Самсунг гранд прайм маркийн гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Архи уучихаар тийм юм хийчихдэг. Ажил хийгээд дуудсан үед нь очиж чадаагүй. Тухайн өдрийн өглөө сэрээд үлдэгдэл пивоо уусан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1908030531090 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Дий: “2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ...хоол унд идчихээд Г бид хоёр 2,5 литрийн пиво хувааж уугаад 23 цаг өнгөрч байх үед Г явсан. Буцаад 20 минутын дараа л орж ирэхээр нь ор засаад газар унтуулсан. Өглөө 07 цаг өнгөрч байх үед сэрсэн чинь Г унтаж байсан. Би буцаад хэсэг унтаад 8 цаг өнгөрч байх үед сэртэл Г явчихсан, орны хажууд цэнэглээд тавьчихсан байсан “Самсунг Жи-7” маркийн, “Самсунг Гранд Прайм” маркийн гар утаснууд байхгүй байсан. Г луу залгасан боловч утсаа авахгүй байсан. ...Би утаснуудаа буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20, 23/,

Гэрч Б.Гэрэлт-Одын: “2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ...манай нөхөр, Г хоёр 2,5 литрийн пиво 2 ширхгийг уучихаад байж байтал Г утсаар яриад 23 цагийн орчимд манай гэрээс явсан. Удалгүй буцаж ирээд манай гэрт унтаж амарсан. Өглөө унтаж байсан чинь нөхөр О.Д намайг сэрээгээд “Г яваад өгчихсөн байна, орны хажууд байсан миний хоёр ширхэг гар утас алга” гэхээр нь “Г луу залгаж асуусан юм уу, Г явлаа гэдгээ хэлсэн юм уу” гэж асуутал “Явлаа гэдгээ хэлээгүй, сэрсэн чинь яваад өгчихсөн байна, Г луу залгахаар утсаа авахгүй байна” гэхээр нь нөхөртөө “цагдаагийн газар очиж гомдол гарга” гэж хэлсэн. ...Тухайн үед Гаас өөр гадны хүн байгаагүй. Гэрээс нөхрийн “Самсунг Жи-7”, “Самсунг Гранд Прайм” маркийн гар утаснууд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-33/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.06.10-ны өдрийн 19/140 дүгээр тайланд: “Samsung J7 prime гар утас 300.000 төгрөг, Samsung grand prime гар утас 100.000 төгрөг, нийт дүн 400.000 төгрөг” гэжээ /хх-38-39/,

Шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр архи ууж яваад очих газар олдохгүй байхаар нь танил Д рүү залгаж “найз нь жоохон архи уучихсан байна, танайд очоод хонож болох уу” гэж гуйтал “тэг тэг” гэхээр нь ...очтол түүний эхнэр Гэрэлт-Од байсан. ...20 цагийн үед Д ажлаа тарж ирээд хоол унд идчихээд надтай хамт пиво хувааж уусан. ...Өглөө 08 цагийн орчим сэртэл Д эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхаар нь би орны хажууд газар цэнэглэж байсан “Самсунг Ж-7” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг Гранд” маркийн гар утас 1 ширхэг, хар, цагаан өнгийн гар утаснуудыг сэмээрхэн хулгайлаад гараад явсан. Би хулгайлж авсан утасныхаа хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би өмнө 5 удаа шүүхээр орж ял шийтгүүлж байсан болохоор энэ хэрэг дээр шүүхээр орж олон жилийн ял авчих байх гээд айгаад очихгүйгээр зугтаачихсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-94-96, 162-163/,  

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Гэрэлт-Одын өргөдөл /хх-3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-6-8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12-13/, гэрч Л.Алдармаа, Ц.Гансүх нарын мэдүүлэг /хх-31, 35/, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, асап сангийн мэдээлэл /хх-57-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-68-69, 70-71, 72-73, 74-75, 77-78, 80-82, 84-87/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-82-83/, зан байдлын тодорхойлолт /хх-76, 88/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-79/, мөрдөгчийн “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” тогтоол /хх-97/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4 дүгээр гудамж, 43а тоотод байрлах иргэн О.Дий гэрээс явахдаа “Самсунг Жи-7 прайм” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг гранд прайм” маркийн гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Дий “...Г явчихсан, орны хажууд цэнэглээд тавьчихсан байсан Самсунг Жи-7 маркийн гар утас, Самсунг Гранд Прайм маркийн гар утаснууд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Б.Гэрэлт-Одын “...нөхөр О.Д намайг сэрээгээд “Г яваад өгчихсөн байна, орны хажууд байсан миний хоёр ширхэг гар утас алга” гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-33/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 19/140 дүгээр “Samsung J7 prime гар утас 300.000 төгрөг, Samsung grand prime гар утас 100.000 төгрөг, нийт дүн 400.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-38-39/, шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн “...Д эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхаар нь би орны хажууд газар цэнэглэж байсан Самсунг Ж-7 маркийн гар утас, Самсунг Гранд маркийн гар утсыг сэмээрхэн хулгайлаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-94-96/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Гэрэлт-Одын өргөдөл /хх-3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12-13/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Гын танил айл болох хохирогч О.Дий гэрт хоноод явахдаа гэрийн эздийг унтаж байхад 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, сэм авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Дд 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...Гаас гар утаснуудаа буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-23/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12-13/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Дий гэрт хоноод явахдаа 2 ширхэг гар утсыг хулгайлсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой ч ингэж чадаагүй байгаа тул хорих ял оногдуулах нь зөв. Танил нөхөд, ойр дотны хүмүүсээс хулгай хийж, арга нь хүндэрсэн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул маргахгүй. Гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэргийг харгалзан ухамсарлах, ойлгох, нийгэмшүүлэхэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийг хэрэглэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Өмнө нь 5 удаагийн ял шийтгэлтэй, ялыг эдэлж дууссан, тиймээс үүнтэй холбоотойгоор хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хорих ял эдэлж ойлгоогүй хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх хэрэгтэй гэж үзэж байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /танил, хоносон айлаасаа шунахайн сэдэлтээр 2 ширхэг гар утас хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар буцаан олгогдсон, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан, урьд 5 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугаа хүлээж байна гэх боловч дэвтэй архи ууснаас, муу хүмүүстэй нийлснээс гэмт хэрэг үйлдээд байдаг,  архи уухаар хулгай хийчихдэг гэх мэтээр хандаж байгаа байдал/-ыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүйн зэрэгцээ улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.     

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баасангийн Гыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гын эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР