| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1360/Э |
| Дугаар | 1357 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1357
2019 12 16 2019/ШЦТ/1331
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908041761225 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух,
урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нэмж нэгтгэн 5 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 capын хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр ял эдэлж дууссанд тооцогдож суллагдсан, Олхонууд овогт Баясгалангийн Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5-45 тоотод Э.Аыг хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн мөр, бугалганд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тэр өдөр 2 шил архи дөрвүүлээ хувааж уусан. Хардалтаас болж муудалцаад хутгалсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1908041761225 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Аын: “...Г гэдэг залуу намайг байрны гадаа тосож аваад хамт гэр лүү нь орсон. Дэлгүүр ороод 0,75, 0,5 литрийн архи, ундаа, тамхи авч орж ирсэн. Бид нар танилцаад юм яриад, 1 шил архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд 00 ороод гараад ирсэн чинь Эрдэнэхүү ах явсан байсан. Наранжаргал тасраад унтсан байсан. Г, Оюунаа гэдэг хүүхэн бид гурав үлдсэн архийг ууж байсан чинь Оюунаа нь гар, нүүрээ угаагаад нүүрээ будсан чинь Г “явах гэж байна” гээд уурлаад Оюунаагаа цохиж зодоод байхаар нь би “болиоч хөгшөөн, арай хэтрүүлээд байгаа юм биш үү” гэсэн чинь гал тогооны өрөө рүү гүйж ороод 2 талдаа иртэй юм шиг хутга авч ирээд Оюунааг хутганы ишээр цохихоор нь би “болиоч хөгшөөн” гэсэн чинь “тэгвэл чамайг” гээд намайг 2 удаа хутгатай гараараа мөр хэсэгт цохиход намайг айлгаж байгаа юм байх гэж бодсон чинь гар дагаад цус гоожихоор нь би гараад явсан. ...Би зүгээр байж байгаад хутгаар хатгуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17-20/,
Гэрч Э.Ганбатын: “2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг 28 минутанд аав залгаад “А чинь хүнд хутгалуулчихсан Драгон дээр байна” гэхээр нь би Драгон дээр ирсэн. Ах Аын зүүн мөрний хэсэгт 2 удаа сийчсэн, 1 удаа зоосон гэхээр нь цагдаад дуудлага өгч, түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-11/,
Гэрч Э.Наранжаргалын: “...Би архи ууж, гоймонтой шөл идэж байснаа санаж байгаа. Тэгээд тасраад унтсан байна лээ. Нэг ухаан орсон чинь утас дуугараад, хаалга нүдээд байхаар нь би хаалга нээсэн чинь цагдаа нар ирсэн. Гэрт Г, Оюун-Эрдэнэ бид гурав байсан. Оюун-Эрдэнээс “юу болсон” гэж асуусан чинь “чамайг унтсан хойгуур Г Атай намайг хардаад бөөн юм болсон” гэсэн. Тэрнээс өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.12-ны өдрийн 9651 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Аын биед зүүн мөр, бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-26/,
Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн: “...Бид нар архийг ууж байсан. ...Нэг ухаан орсон чинь Оюун-Эрдэнэ, А хоёрыг хардаад хэрүүл хийгээд байх шиг байсан. Би Аыг хутгаар хатгаж, гэмтээснээ ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгсэн Оюун-Эрдэнэ намайг “Аыг хутгалсан” гэж хэлсэн. Би хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-92-94/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-46/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-47/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-48/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-50/, барилгын засал чимэглэлч мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-51-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж,
мөн эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хутга 2 ширхгийг оролцогч нараар таниулж тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5-45 тоотод Э.Аыг хутгалж, биед нь зүүн мөр, бугалганд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Аын “...Бид нар архи ууж байсан. “Тэгвэл чамайг” гээд намайг 2 удаа хутгатай гараараа мөр хэсэгт цохиход ...гар дагаад цус гоожихоор нь...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Э.Ганбатын “...Ах Аын зүүн мөрний хэсэгт 2 удаа сийчсэн, 1 удаа зоосон гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч Э.Наранжаргалын “...А над руу яриад “чамайг унтсан байхад Г намайг хутгалаад...” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-22/, шүүх эмнэлгийн 9651 дүгээр “1.Э.Аын биед зүүн мөр, бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-26/, шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн “...Оюун-Эрдэнэ намайг “Аыг хутгалсан” гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-92-94/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг хутга, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гийн хохирогч Э.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж 2 удаа хутгалж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “Надад учирсан гэмтэл, бэртэл өөрөө эдгэрч байгаа. Одоохондоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-20/-ийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирогч нь хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 32 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, 464 цагаар тогтоолгох саналтай...” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Танилцуулсан дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, 2 удаагийн үйлдлээр хутгаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол баримтаар гаргаж өгөөгүй ч төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан, өөрийн хийсэн үйлдэлдээ хандаж байгаа байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Шүүгдэгч Б.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 256 цагийг эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхонууд овогт Баясгалангийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 256 /хоёр зуун тавин зургаа/ цагийн ажлыг хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 464 /дөрвөн зуун жаран дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР