Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 637

 

 

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч А.Баярмаа,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бодоо Лувсан овогт Сосорбарамын Эрдэнэбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0081 40362  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, …. оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 32-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б Л овогт С-ын Э, регистрийн дугааар 00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч С.Э нь Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт  оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Б хуурч, “утсаараа нэг яриулаач” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн Ай фони-6 маркийн гар утсыг авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

  Шүүгдэгч С.Э нь Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт  оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Б.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн Ай фони-6 маркийн гар утсыг авсан гэмт хэрэг учруулсан болох нь :

-хохирогч А.Б-ийн:….. оны 02 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр дээрээ байж байтал гаднаас хоёр залуу орж ирсэн. Нэг залуу нь намайг таньдаг хамаатны хүүхэд байсан. Тэгээд юм ярьж байхад хажууд нь явж байсан залуу эгчээ гар утсаараа нэг яриулаач гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгсөн. Миний гар утсыг аваад гадаа үүдэнд ярьж байсан. Цонхны цаана ярьж байснаа дэлгүүр тойроод цаашаа явчихсан...Би өөрийн гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлэж байна...гэх мэдүүлэг /хх-7-10/, 

- гэрч Э.М-ын:…. оны 02 дугаар сарын 01-ний өдөр би ажилдаа явах гээд Драгон төв дээр очсон. Тэнд нутгийн ахтай таараад ачаа тээшийг янзалж байхад нэг зүс таних залуу гараад ирсэн. Бид хоёр нугийн ахын ачааг янзалж дуучихаад хүнсний дэлгүүр орсон. Тухайн үед бас хамаатны эгчтэйгээ таараад юм ярьж байхад. надтай хамт явж байсан залуу манай хамаатны эгчээс гар утсыг нь гуйж аваад яриад байсан. Нэг мэдэхэд нөгөө залуу явчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-11-12/,

-“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан : Үнэлгээний дүн 258,000 төгрөг   /хх-16-17/,

- шүүгдэгч С.Э-ын:….. оны 02 дугаар сарын 01-ний өдөр тамхи авах гээд Сонгинохайрхан дүүргийн ..  дүгээр хороо Драгон дээр явж байгаа нутгийн нэг ахтайгаа таарсан. Тэгээд виски хувааж уучихаад тэр хавиар явж байгаад...М гэх залуугийн хамт ойролцоо дэлгүүр орсон. Дэлгүүр ороход хамт явж байсан залуу тэр дэлгүүрийн эгчийг таньдаг юм байна лээ. Би найзтайгаа утсаар ярих шаардлага гараад дэлгүүрийн эгчийн гар утсыг гуйж аваад утсаар ярьсан. Намайг ярьж байхад тэр эгчийн гар утас унтарчихсан...гэх мэдүүлэг /х-13-14, 44-45/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.        

Иймд шүүгдэгч С.Э-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:      

Хохирогч нь гэмт хэргийн хохирол буюу гар утсаа буцааж авсан /х-58/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь ам бүл 5, хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.2.4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон                                                

ТОГТООХ нь : 

 1. Шүүгдэгч С.Э-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э- ыг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Э-т мэдэгдсүгэй.  

4. Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.  

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Э- т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР