Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0000/З |
Дугаар | 170 |
Огноо | 2018-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 170
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нарантунгалаг, нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч А.З, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О, түүний өмгөөлөгч Б.А, Р.Жавзандулам нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: Б овогт Д О
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газрын алба,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б овогт Г-н О
Нэхэмжлэлийн шаардлага:
“...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай захирамжийн И-ийн Д, Д-ын Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, И.Д, Д.Э нараас Г.От газар шилжүүлэн эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн Г.От холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах, Д.О миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Д.О миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010.07.09-ний өдрийн 160 дугаар захирамжаар Д.Э-т эзэмшүүлсэн нэгж талбарын ************** дугаар бүхий газрын байршлыг өөрчлөж газрын кадастрын мэдээллийн санд ************* дугаар бүхий нэгж талбарт болгон бүртгэсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны бүртгэлийг хүчингүй болгож, нэгж талбарын ************* дугаар бүхий газрыг Д.Эт эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010.07.15-ны өдрийн ******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай.”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:
“... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар захирамжаар иргэн Д.Од эзэмшүүлсэн 400 м.кв газрын кадастрын зургийн хэмжээг Кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэмэгдүүлэн оруулсан Чингэлтэй дүүргийн Газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг газрыг захирамжаар олгосон хэмжээгээр Кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргад даалгаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар иргэн Г.О надад эзэмшүүлсэн 611 м.кв, 583 м.кв газруудын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг сунгасан шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах тухай”.
Гэх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай захирамжийн Идэшийн Дуулгабаяр, Дуулгабаярын Энхбаяр нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, И.Д, Д.Э нараас Г.От газар шилжүүлэн эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 тоот захирамжийн Г.От холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах, Д.О миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Д.О миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:
“...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010.07.09-ний өдрийн 160 дугаар захирамжаар Д.Эт эзэмшүүлсэн нэгж талбарын ************** дугаар бүхий газрын байршлыг өөрчлөж газрын кадастрын мэдээллийн санд ************* дугаар бүхий нэгж талбарт болгон бүртгэсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны бүртгэлийг хүчингүй болгож, нэгж талбарын ************* дугаар бүхий газрыг Д.Эт эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010.07.15-ны өдрийн ******* тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Би 2010 онд Газрын албанд өргөдөл гаргаж байгаагүй. Өргөдөлд бичсэн бичиг, гарын үсэг миний гарын үсэг биш, утасны дугаар нь миний утасны дугаар биш байсан. 2010 онд хуучин бор өнгийн гэрчилгээг ногоон гэрчилгээгээр солиулах гэсэн болохоос биш газрын хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй. Хуучин 400 м.кв /6381 м.кв/ гэсэн бичигтэй байсан гэрчилгээг алга болгочихоод шинэ гэрчилгээгээр сольж өгсөн.
Иргэн Г.О байшингийн суурь тавьсан гэж хэлсэн, байшингийн суурь болон хашааг би өөрөө татсан, худлаа гэвэл “Нандин” ХХК-ийн захирал н.Батсайхан гэдэг хүнээр тэр цагаан суурийг тавиулсан. Манай газрын хойд талд нь нэг айл, урд талд нь Миражийн н.Амарсайханых, ингээд гурван айл байсан.
Гадаад уруу яваад зусланд гарч чадаагүй, ирсэн чинь тэр хавьд 4, 5 самосвал хог хаясан байсныг ганцаараа ачуулсан. Тийм байхад бүгдийг өөрөө хийсэн болгож, шүүхэд битгий худлаа мэдүүлэг өгөөрэй. Асуух шаардлагатай гэвэл “Нандин” ХХК-ийн захирал н.Батсайханаас асууж болно. Энэ 177 тоот захирамж 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн захирамж болохоос биш 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн захирамж биш. н.Очир энэ гэрчилгээг надад авчирч өгөхдөө миний эзэмшиж байсан 6381 м.кв талбай болон он сарыг өөрчлөөд буруу бичсэн байсан.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Нийт дөрвөн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар захирамжаар иргэн Д.Эт эзэмшүүлсэн нэгж талбарын ************** дугаар бүхий газрын байршлыг өөрчилж, газрын кадастрын мэдээллийн санд 1************* дугаар нэгж талбарт бүртгэсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны бүртгэлийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 1************* дугаар бүхий газрыг иргэн Д.Эт эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” гэсэн хоёр шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн нэмэгдүүлсэн байгаа.
Нэхэмжлэгч Д.О нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 тоот захирамжаар 400 м.кв газрыг эзэмших болсон. Энэ 400 м.кв газарт 6381,8 м.кв кадастрын зураг хийлгээд түүнийгээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Газрын албанд гаргасан. Буцаад газар эзэмшүүлэхдээ 400 м.кв гэж гараад тухайн газрыг мэдээллийн санд 6381 м.кв талбайгаар бүртгэл хийгээгүй. Энэ нь эдлэн газрын баталгаажуулсан бүртгэлийн хуудсаар нотлогддог. Үүнд: 400 м.кв гэчихээд хаалтан дотор 6381 гэсэн тоо байдаг. 6381 гэдэг тоо бол 2005 онд яригдаж байсан. Үүнтэй холбогдуулан хүсэлт гаргасан байдаг. Тухайн үед гаргаж өгсөн том бор өнгийн гэрчилгээг солиулахаар Газар зохион байгуулагч н.Очир гэдэг хүнд бүх материалаа өгсөн боловч алга болгосон гэж гэрчийн мэдүүлэгт мэдүүлсэн нь хэргийн материалд авагдсан.
Одоогийн байдлаар Газрын албаны газрын кадастрын мэдээллийн санд Д.Оын нэр дээр 2305 м.кв газар бүртгэлтэй байдаг. Ингээд 400 м.кв газрыг эзэмшээд бусад газрыг захирамж болон гэрчилгээгээ үрэгдүүлээгүй 2305 гэсэн бүртгэлтэй байсан. Хүсэлтэд дурдсан 6381 м.кв газрыг эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг төрийн захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл өгөөгүй.
Төрийн захиргааны байгууллага хэт нэг талын барьсан шийдвэр гаргаж иргэн И.Д, Д.Э нарт газар эзэмшүүлсэн. Иргэн И.Д, Д.Э нар газар эзэмших хүсэлт гаргасан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтыг үзвэл иргэн И.Дын гаргасан хүсэлт, кадастрын зураг нь Газрын тухай хуулинд заасан шаардлагуудыг хангаагүй, үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, иргэн И.Д ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад захирамж болон газар эзэмших гэрчилгээг шууд олгосон. Энэ нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Дээрх 2305 м.кв газар иргэн Д.О-ын нэр дээр өнөөдөр хүртэл бүртгэлтэй мэдээллийн санд давхардаж байна. Иргэн Д.Э-ын хэргийн материалд авагдсан баримтад хүсэлтээ 2010 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байдаг. Иргэн Д.Э, И.Д хоёрыг аав, хүү гэж ойлгож байна. Энэ хоёр хүн нэг өдөр хүсэлт гаргасан байхад И.Дын хүсэлт байхгүй, яагаад зөвхөн иргэн Д.Эын хүсэлт нь байгаа вэ? Эндээс үзэхэд Г.Энхбаярын гаргасан хүсэлтийг үндэслээд иргэн И.Дт хүсэлт болон газрын кадастрын зураггүйгээр захирамж олгогдсон байна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэрээ, гэрчилгээг үндэслэсэн байх ёстой. Газар эзэмших гэрээ бас байдаггүй. Иргэн Д.Э-ын Газрын албанд гаргасан хүсэлтэд дээрх кадастрын зургийг хавсаргасан байдаг ба уг кадастрын зураг хэрэгт авагдсан нотлох баримтад байдаг. 160 тоот захирамжийн нэгж талбарын дугаар энэ газрын нэгж талбарын сүүлийн дугаар болох 8902 тоогоор төгсөж байгаа. Гэтэл 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот гэрчилгээнд 8902 нэгж талбарын дугаар бүхий 583 м.кв газрыг эзэмшүүлсэн. Энэ газар нь Д.О-д эзэмшүүлсэн гэх 2305 м.кв талбай бүхий газрын гэрчилгээгээр эзэмшиж байгаа 400 м.кв талбайтай газартай мөн адилхан давхцсан байдаг. Энэ хоёр зургийг цаг хугацаагаар нь аваад үзвэл Д.О-д 6381 м.кв хэмжээгээр хийгдсэн, мэдээллийн санд 2305 м.кв талбайгаар бүртгэгдсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээнд 400 м.кв талбайтай, Д.Э-ын зурагтай давхацсан. Гэтэл энэ давхцал гарсныг тухайн үед мэдээгүй, хэргийн материалд авагдсан баримтуудаас үзвэл өнөөдөр иргэн Д.Э-ын газрын байршлыг дур мэдэн өөрчлөөд, кадастрын зургийг дахиж шинээр гаргасан. Энэ нь хэргийн материалд авагдсан газрын кадастрын зургаар нотлогддог. Кадастрын зурагт бүртгэгдсэн нэгж талбарын дугаар, мөн гэрчилгээнд дурдагдсан нэгж талбарын дугаар хоёр зөрсөн. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ бол үнэт цаас, гэтэл уг гэрчилгээ нэг дугаартай, нэг он, сар, өдөртэй, нэгж талбарын хоёр өөр дугаартай. Үүнийг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр И.Д, Д.Э нарт олгосон газрууд Д.О-ын газартай давхцсан учраас сольсон гэдэг. Гэтэл бодит байдал дээр ийм зүйл болоогүй, ямар нэгэн шийдвэргүйгээр дур мэдэн өөрчилсөн асуудал юм.
Мөн Д.Э-т зөвхөн 160 тоот захирамжаар газар эзэмшүүлсэн. Гэтэл 8902 нэгж талбарын дугаартай газрыг 160 тоот захирамжаар эзэмшүүлсэн юм бол дараагийн захирамжийн асуудлыг өөр захирамжаар эзэмшүүлэх ёстой. Гэтэл тэр газрыг эзэмшүүлсэн захирамж хэргийн материалд байдаггүй. Д.Оын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зургийг дээрх хоёр иргэнд газар давхардуулан эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл газар эзэмших хүсэлтэд газрын кадастрын зургийг хавсаргасан байдаг. Кадастрын зургийн мэдээллийн санг үзэхэд аль хэдийн 2305 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн талбай дээр газар эзэмшүүлэх боломжгүй. Үүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй тухай гэрч н.Очирын мэдүүлэг хэрэгт авагдсан. Энэ талаар Газрын алба болон Засаг дарга юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр “Дээрх 2 иргэний газар өөрөө 2305 м.кв бүхий газартай давхацсан байна” гэсэн. Дүүргийн Газрын алба захирамж гаргахаас өмнө Д.Оын газрыг нягталж, шалгаж үзэх ёстой байсан.
Энэ 2 иргэнээс А/299 тоот захирамжаар дээрх газрыг гуравдагч этгээд Д.Отгонцэцэгт шилжүүлсэн. Нэр бүхий 2 иргэнд эзэмшүүлсэн газар нь илт хууль бус юм. Иймд дээрх захирамжуудын Д.Э, И.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Г.От шилжүүлсэн захирамжийг илт хууль бусд тооцуулах, Д.Од 2305 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнт зусланд 2010 онд иргэн И.Д, Д.Э нар газар эзэмших хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2010 оны 160 дугаар захирамжаар И.Дт 611 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай, Д.Эт 583 м.кв талбай бүхий газрын 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Иргэн И.Д, Д.Э нар нь иргэн Г.От газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргаснаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Засаг даргын 2012 оны А/299 дүгээр захирамжаар шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Д.Од дүүргийн Засаг даргын 2005 оны 177 дугаар захирамжаар 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнт зусланд 400 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчих учраас нэхэмжлэлд дурдагдсан 2305 мкв талбай бүхий газрыг эзэмшүүлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбоотойгоор хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Иргэн Д.О-тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Гүнтийн зусланд дүүргийн Засаг даргын 2010 оны А/209 дүгээр захирамжаар зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших захирамж гарсан байна. Дээрх А/209 дүгээр захирамжийг үндэслэн 700 м.кв газрыг мэдээллийн санд бүртгэх байтал тухайн үед 2305 м.кв газрыг Д.О-ын нэр дээр бүртгэн оруулсан байна.
Тухайн үед 2305 м.кв зураг мэдээллийн санд орохоос өмнө дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний А/160 дугаар захирамжаар И.Д, Д.Э нарт зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв газар эзэмших шийдвэр гарч мэдээллийн санд бүртгэгдсэн байсан бөгөөд Д.Оын 2305 м.кв газрыг мэдээллийн санд бүртгэхийн тулд дээрх хоёр иргэний газрыг хойд тал руу нь шилжүүлэн давхцалгүй байршуулснаар нэгж талбарын дугаарт өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Д.Эын эзэмшил газрын нэг талбарын дугаар ************** байсан боловч зураг өөрчлөгдөхөд ************* болж өөрчлөгдсөн байна” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт зусланд 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 336, 338-рт И.Д, Д.Э нарт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд И.Дт 611 м.кв, Д.Эт 583 м.кв талбай бүхий газрыг тус тус эзэмшүүлсэн. Тухайн газрыг иргэд хоорондоо газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ дүүргийн Газрын албанд гаргасныг, дүүргийн Газрын алба судлаад 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар нэр бүхий 2 иргэний газрыг Г.От шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн асуудал юм. Д.О-ын эрхийг зөрчөөгүй. Харин нэхэмжлэгч Д.Од дүүргийн Засаг даргын 2005 оны 177 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зусланд 400 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Эзэмшүүлсэн тухай баримт дүүргийн Газрын албаны архивын хувийн хэргийн материалд хадгалагдсан байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Гэрчилгээ, кадастрын зураг 400 м.кв талбай бүхий газраар хийгдсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч нь 2305 м.кв, 6381 м.кв талбай бүхий газруудыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчин талбайн хэмжээгээ хэтрүүлэн, газар эзэмшүүлэх шийдвэргүйгээр хашсан байсан. Нэхэмжлэгчийн 400 м.кв газар нь газрын байршлын хувьд Г.Оийн газартай ямар нэг давхцал байхгүй. 2305 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Газрын албаны мэдээллийн санд суулгахдаа хууль зөрчсөн тухай Газрын албаны даргаар ажиллаж байсан н.Очир нь гэрчийн мэдүүлэгт мэдүүлсэн байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас өргөдөл, гомдлыг шалгасан тухай шүүхээс лавлагаа авах тухай албан тоотод, тухайн асуудлаар ажлын хэсэг гараагүй, өргөдөл, гомдол гаргаж байгаагүй гэх хариу ирүүлсэн байдаг. Дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлж гаргасан захирамжаа хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэв.
Гуравдагч этгээд И.Д, Д.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... 2004 онд И.Д овогтой Э хоёр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтэд хоёр айлын зуслангийн газар эзэмшихээр хашаа хатгаж Чингэлтэй дүүргийн Газрын албанд материал бүрдүүлж өгсөн. Тухайн үед Газрын албаны байцаагч солигдсоор 2010 оны 06 дугаар сард мэдээллийн санд оруулсан. 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15 жилийн хугацаатай 18638328565930, 18638328540933 611 м.кв, 583 м.кв талбай бүхий 2 хэсэг зэргэлдээ орших газрын гэрчилгээ олгосон болно.
Энэ хоёр айлын гэрчилгээ тухайн үед хэн нэгэн хүнтэй давхцаагүй байсан учраас Чингэлтэй дүүргийн Газрын албанаас гэрчилгээ олгосон болно. Нэг айлын газарт мод орсон байсныг Байгаль Орчны яамнаас зөвшөөрөл авч Газрын албанд өгсөн.
2012 оны 11 дүгээр сард Г.О гэдэг эмэгтэйд миний нөхөр И.Д, хүү Д.Э хоёр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн 18638328565930, 18638328540933 611 м.кв, 583 м.кв талбай бүхий хоёр хэсэг зэргэлдээ орших газрыг нотариатаар баталгаажуулан шилжүүлсэн нь үнэн болно” гэжээ.
Гуравдагч этгээд Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Анх Монгол Улсын иргэн И.Д, Д.Э нараас 2012 оны 10 сарын 29-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, зохих журмын дагуу холбогдох байгууллагад хандан гэрчилгээг авч өөрийн эзэмшлийн газраа зохих журмын дагуу эзэмшиж байсан бөгөөд тухайн газар дээр хашаа барьж бусад айлын газраас тусгаарлаж, хил зааг тогтоох ажлуудыг хийсэн.
Нэхэмжлэгч Д.О нь тухайн газрыг өөр этгээд эзэмшилдээ авсныг газар эзэмших эрхийн гэрчилгээ анх гаргуулан авсан буюу 2010 оны 07 сард мэдсэн ба тухайн үед газар эзэмшигч И.Д, Д.Э нартай “энэ газрыг би авах гэж байсан" хэмээн маргалдаж байсан байдаг. Тухайн үед газрын наймаачид өөрийнх нь газрыг дур мэдэн бусдад худалдсан, энэ нь хууль бус талаар тухайн үед Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж Ц.С дээр очиж уулзсан, Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга н.О-т арга хэмжээ авахуулсан гэсэн бөгөөд энэ талаар иргэний шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байдаг.
Д.О нь намайг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч, хашаа хатгах үед ирж уулзан “наад газар чинь миний газар, би авах гэж байсан юм" хэмээн маргалдаж байсан. Д.Оын хувьд газрыг өөр этгээд авсан талаар анх 2010 онд мэдсэн ба энэ талаараа тухайн үед шүүхэд хандаагүй, одоо ийнхүү шүүхэд хандаж байгаа явдал нь иргэний хэрэг маргааныг шийдвэрлүүлэхгүй хугацаа авах зорилготой байгаа нь тодорхой байна.
Д.О нь 2017 оны 5 сараас Г.О миний эзэмшлийн газар дээр хууль бусаар барилгын ажил явуулж эхэлсэн бөгөөд тухайн хууль бус үйл ажиллагааг зогсоолгох талаар холбогдох төрийн захиргааны байгууллагад хандаж зогсоолгуулсан.
Дээрх газар нь ойтой залгаа газар байдаг бөгөөд дээрх газруудыг И.Д, Д.Э нар нь зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаар холбогдох дүгнэлтийг гаргуулан, кадастрын зураглал хийлгүүлж хуульд заасан бүхий л шаардлагыг хангаж авч байсан. Д.Од эзэмшүүлсэн гэх 400 м.кв талбай нь Г.Оийн худалдан авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бөгөөд Д.О-ын хуульд заасан ямар нэг эрхийг зөрчөөгүй, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болно. Д.О нь нэхэмжлэлд “2005 онд анх 2305 м.кв талбай бүхий газар эзэмшихээр хүсэлт гаргасан боловч 400 м.кв талбайг эзэмшүүлсэн" талаар дурдсан бөгөөд тухайн үед Засаг даргын дээрх захирамжинд гомдол гаргах боломжтой байхад гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн хувьд захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд ямар хүндэтгэн үзэх шалтгаантайгаар дээрх хугацааг хэтрүүлсэн талаарх баримт хэрэгт ирүүлээгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, тус шүүхэд гаргасан Д.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Г.О шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа дэмжиж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар захирамжаар иргэн Д.О-д эзэмшүүлсэн 400 м.кв газрын кадастрын зургийн хэмжээг Кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэмэгдүүлэн оруулсан Чингэлтэй дүүргийн Газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг газрыг захирамжаар олгосон хэмжээгээр Кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргад даалгаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар иргэн Г.О надад эзэмшүүлсэн 611 м.кв, 583 м.кв газруудын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг сунгасан шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны А/209 дүгээр захирамжаар Д.Од нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 700 м.кв газрын хэмжээг мэдээллийн санд оруулахдаа дур мэдэн нэмэгдүүлсэн Газрын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжаар олгосон хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах гэсэн шаардлагын тухайд, нэхэмжлэгч Д.Од 2005 оны 177 дугаар захирамжаар 400м.кв газрыг эзэмшүүлээд, 2010 онд гаргасан хүсэлтийн дагуу 209 дүгээр захирамжаар 700 м.кв болгон нэмэгдүүлээд эзэмшүүлсэн. Үүнийг Газрын албаны мэдээллийн санд оруулах эрх хэмжээг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4.4 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн Газрын алба хэрэгжүүлдэг. Гэвч Газрын алба нь 2010 оны 209 дүгээр захирамжаар Д.Од эзэмшүүлсэн газрыг мэдээллийн санд оруулахдаа уг хуулиа зөрчиж, газрын хэмжээг нэмэгдүүлсэн нь хууль бус юм.
Бие даасан шаардлагын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа үйлдлийн тухайд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 177 дугаар захирамжаар И.Д-т 611 м.кв, Д.Эт 583 м.кв газруудыг эзэмшүүлсэн. Уг газрыг Г.О худалдаж аваад, дүүргийн Засаг даргын 2012 оны А/299 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, захирамж гарсан байдаг. Иргэн Г.О нь дээрх газруудын төлбөрийг хугацаанд нь төлж, тэмдэглэгээ хийлгэж, зориулалтын дагуу ашиглаж, байшин барихаар төлөвлөж, байшингийн суурийг цутгаад явж байсан боловч Д.О нь өөрийн эзэмших газар хэмээн маргаан үүсгэж, дээрх суурийг аваад оронд нь байшин барьсан. Энэ байдлаас болж захирамжаар эзэмшүүлсэн газар эзэмшүүлэх хугацааг маргаан үүссэнээс хойш 5 жилийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ 30 хоногийн өмнө дүүргийн Газрын албанд хандсан боловч дээрх газар захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа гэх үндэслэлээр эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөөгүй тул бие даасан шаардлага гаргасан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 299 дүгээр захирамжаар Г.О-т эзэмшүүлсэн 1194 м.кв талбай бүхий газар зэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Д.О анх 6381 м.кв газрыг хашаалсан гэх боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 177 дугаар захирамжаар 400 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн байдаг. Анх нэхэмжлэлдээ 400м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн гэх боловч 6381 м.кв талбайтай холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнөх шүүх хуралдааны үеэр гомдол гаргаж байгаагүй гэдгээ дурдсан. Хариуцагч байгууллагуудад эзэмшүүлсэн газрын хэмжээтэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй гэдэг тайлбаруудаа хавтаст хэрэгт ирүүлсэн. 2010 оны 08-р сарын 20-ны өдөр 400 м.кв талбайн хэмжээг ихэсгэж 700 м.кв болгох тухай хүсэлтээ Д.О дүүргийн Газрын албанд гаргасны дагуу 2010 оны 209 дүгээр захирамжаар 700 болгож эзэмшүүлсэн байдаг.
Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн тухайд бол Чингэлтэй дүүргийн Засаг даргын 160 дугаар захирамжаар иргэн И.Дт 611 м.кв, Д.Эт 583 м.кв эзэмшүүлсэн газруудыг Г.О өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Нэр бүхий хоёр иргэнд анх газар эзэмшүүлэхдээ ямар нэгэн давхцал байгаагүй бөгөөд одоо ч энэ газрууд ямар нэгэн давхцалгүй. Нэхэмжлэгчийн захирамжийн дагуу эзэмшиж буй 700 м.кв газар, мөн хууль бусаар хашаалсан байгаа 2305 м.кв газартай ямар нэгэн давхцалгүй гэсэн нотлох баримтууд, хариуцагч байгууллагуудын тайлбар, бусад баримтууд хэрэгт авагдсан байдаг. 2005 онд кадастраар баталгаажсан 6381 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2010 онд хүсэлтдээ том бор гэрчилгээгээ хавсаргасан гэж бичсэн байсан. Газар эзэмших эрх кадастраар баталгаажина гэсэн ойлголт хуулинд байхгүй, өөрөөр хэлбэл, захирамжийн дагуу газар эзэмших эрхтэй болно. Харин нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшүүлсэн 700 м.кв газрыг эзэмшүүлнэ гэсний дагуу 2010 онд 700 м.кв газрыг эзэмшүүлсэн.
Нэхэмжлэгч 2010 онд 6381 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах хүсэлт гаргаж, хүсэлттэй том бор өнгийн гэрчилгээгээ хавсаргасан боловч 2010 онд анх газар эзэмших хүсэлтээ гаргасан юм биш, 2005 онд газар эзэмших хүсэлт гаргаад 2005 оны 177 дугаар захирамжаар 400 м.кв газар эзэмшсэн байгаа. Харин нэхэмжлэлд андуурагдаж анх удаа газар эзэмших эрхээ баталгаажуулах гэж бичсэн нь 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн өөрийнх нь бичсэн 400 м.кв газрын хэмжээг 700 м.кв болгож нэмэгдүүлэх хүсэлт авагдсан байдаг. Мөн нэхэмжлэлд иргэн И.Д, Д.Э нарт анх эзэмшүүлсэн Д.Оын одоогийн эзэмшиж буй 2305 м.кв газартай бүрэн давхцалтай болох нь илэрхий болсон гэж бичсэн байдаг. Үүний тухайд дүүргийн Засаг даргын 2010 оны 209 дүгээр захирамжаар 700 м.кв-ыг эзэмшсэн, мэдээллийн санд хууль бусаар 2305 гэж бүртгэгдсэн байдаг. 2305 гэх тоог хууль бусаар бүртгэсэн байгаа хэдий ч энэ газрууд Г.Оийн одоогийн эзэмшиж буй 1194 м.кв газартай ямар ч давхцалгүй тухай Чингэлтэй дүүргийн Газрын албаны албан бичиг, талуудын тайлбар, Геодези зураг зүйн газраас ирүүлсэн 1/2324 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн түүхчилсэн лавлагааны зургууд, газрын кадастрын зураг зэрэг баримтуудаар нотлогдож байгаа.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэр бүхий хоёр иргэнд эзэмшүүлсэн 2010 оны 160 дугаар захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Жавзандулам шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн үндсэн шаардлага Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар захирамжаар иргэн И.Д, Д.Э нарт 611, 583 м.кв газар тус тус эзэмшүүлснийг хүчингүй болгуулна гэсэн байдаг. Үүнээс улбаалаад энэ хууль бус захирамжийг үндэслэн Г.От эзэмшүүлсэн А/299 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагууд байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэр бүхий хоёр иргэнд газар эзэмшүүлсэн. Дээрх газрыг Г.О хуулийн дагуу эзэмшиж байгаа тул ямар нэгэн хууль бус үр дагаваргүй захирамж тул хүчингүй болгох үндэслэлгүй гэв.
Гуравдагч этгээд Г.Оийн бие даасан шаардлагатай холбогдуулан хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Дэжид овогтой Оюунжаргал тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Гүнтийн зусланд дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар захирамжаар 400 м.кв газар эзэмшдэг бөгөөд 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр талбай хэмжээ өөрчлөх буюу 400 м.кв газрыг 700 м.кв болгох өргөдөл гаргасан байна. Өргөдөлд хавсаргасан 700 м.кв газрын кадастрын зураг нь иргэн Г. О-н эзэмшил газартай давхцахгүй байна. Д.О нь зуслангийн байшин барихдаа өөрийн эзэмшил газраас гарган Г.О эзэмшил газар дээр барьснаас газрын зөрчил маргаан үүссэн байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр захирамжаар иргэн Д.О нь Гүнтийн зусланд газар эзэмших эрх үүссэн байна. Хувийн хэргийг захирамжийн хамтаар хуулбарлан нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.О шүүхэд хандан дараах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байдаг.
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 7 сарын 09-ний өдрийн 160 дугаартай захирамжийн Идэшийн Дуулгабаяр, Дуулгабаярын Энхбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
- И.Д, Д.Э нараас Г.От газар шилжүүлэн эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 сарын 20-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн Г.От холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах;
- Д.О миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газрын албаны эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох;
- Д.О миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 1 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах хоёр шаардлагаар ихэсгэж гаргасан байна. Үүнд:
1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 7 сарын 09-ний өдрийн 160 дугаар захирамжаар Д.Эт эзэмшүүлсэн нэгж талбарын ************** дугаар бүхий газрын байршлыг өөрчилж газрын кадастрын мэдээллийн санд ************* дугаар бүхий нэгж талбарт болгон бүртгэсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны бүртгэлийг хүчингүй болгуулах;
2. Нэгж талбарын ************* дугаар бүхий газрыг Д.Эт эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010 оны 7 сарын 15-ны өдрийн №******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Г.Оээс:
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар захирамжаар иргэн Д.Од эзэмшүүлсэн 400 м.кв газрын кадастрын зургийн хэмжээг кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэмэгдүүлэн оруулсан Чингэлтэй дүүргийн Газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг газрыг захирамжаар олгосон хэмжээгээр Кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргад даалгах;
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар иргэн Г.О надад эзэмшүүлсэн 611 м.кв, 583 м.кв газруудын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг сунгасан шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах.
Гэх бие даасан шаардлага гаргасан байдаг.
Энэхүү шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг хянан хэлэлцэж, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбаруудыг маргаан бүхий үйл баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбон дүгнэж, түүнчлэн хэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Г.Оийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.
Нэхэмжлэгч Д.О нь 2017 оны 7 сарын 27-ны өдөр анх шүүхэд хандан шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүхээс уг нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн ажээ. Улмаар нэхэмжлэгч нь 2017 оны 8 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн боловч шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулан бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг нь буцааж шийдвэрлэсэн байдаг.
Харин нэхэмжлэгч нь 2017 оны 9 сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлын дагуу дүүргийн Газрын албанаас газар давхардуулан эзэмшүүлснээ хүлээн зөвшөөрсөн боловч дүүргийн Засаг дарга зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхгүй байгаа” хэмээн дурдсан тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хуулийн 54.1.3-д заасан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрхэн биелүүлсэн талаар шүүхээс Нийслэлийн Засаг даргад хандаж албан тоотоор хариуг авснаар уг журмыг хэрэглэх боломжгүй нь тогтоогдсон, шүүхээс түүний нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэснээс хойш хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ дахин гаргасан, түүнчлэн шүүхэд мэдүүлэх эрхийн дагуу нэгэнт үүсгэсэн захиргааны хэргийг дээрх хуулийн 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүйгээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Иймд гуравдагч этгээд түүний өмгөөлөгчийн “хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Маргаан бүхий үйл баримтын талаар.
Нэхэмжлэгч Д.Од Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 9 сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” 177 дугаар захирамжаар 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Гүнт нэртэй газарт эзэмшүүлжээ.
Улмаар 2010 оны 09 сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай” 209 дүгээр захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаас гаргаж, нэхэмжлэгч Д.Оын өмнө эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг өөрчлөн 700 м.кв болгон өөрчилсөн байх бөгөөд уг захирамжаар өмнөх 177 дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүйд тооцжээ.
Гуравдагч этгээд Г.О нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” А/299 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 19-р хороо Гүнт байршилд зуслангийн зориулалтын иргэн Д.Эын нэр дээр байсан 583 м.кв, иргэн И.Дын нэр дээр байсан 611 м.кв газрыг тус тус өөрийн нэр дээр шилжүүлэн авч таван жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна.
Нэхэмжлэгч нь бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн нэр дээр газар эзэмших эрх шилжихээс өмнө газар эзэмших эрхтэй байсан буюу иргэн Д.Э, И.Д нарт олгогдсон газар эзэмшүүлэх талаарх хариуцагч захиргааны байгууллагын захирамжийг маргаан бүхий захиргааны актаар, бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагч захиргааны байгууллагын захирамжийг илт хууль бус захиргааны актаар тус тус тодорхойлж, өөрийн нэр дээр 2005 оноос хойш кадастрын зураглалаар баталгаажсан байсан, өнөөдрийг хүртэл баталгаажилттай байгаа газрыг бусдад давхардуулан эзэмшүүлсэн, төрийн захиргааны байгууллагын зүгээс тэгш бус хандаж өөрт нь эзэмшүүлээгүй атлаа уг газрыг бусдад эзэмшүүлсэн, энэ байдал нь холбогдох хууль болон өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн маргаж байна.
Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс нэр бүхий иргэдэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Засаг дарга захирамж гаргаж зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн. Д.Оын нэр дээр 2305 м.кв бүхий газар бүртгэгдэхээс өмнө газрын мэдээллийн нэгдсэн санд иргэн Д.Э, И.Д нарын газар бүртгэгдэж баталгаажсан байсан, улмаар эдгээр иргэд нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн нь Газрын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй, газрын мэдээллийн нэгдсэн санд анх бүртгэгдсэнээс хойш газрын давхцал байхгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг маргаан бүхий асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэх боломжтой гэжээ.
Бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн зүгээс газар эзэмших эрхийн таван жилийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ 30 хоногийн өмнө дүүргийн Газрын албанд хандсан боловч шүүхэд хянагдаж байгаа гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа нь Газрын тухай хуулийг зөрчиж байгааг, нэхэмжлэгчийн газартай өөрийнх нь эзэмшиж байгаа газар ямар нэгэн байдлаар давхцаагүй байхад хууль зөрчиж барилга барьсан, газраа хууль ёсны дагуу эзэмшиж чадахгүй байгаа, газрыг чөлөөтэй эзэмших эрх зөрчигдөж байгаа зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өөрийн бие даасан шаардлагыг дэмжин маргаж байна.
Хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Маргаан бүхий захиргааны акт /нэхэмжлэлийн 1-р шаардлага/, газрын кададстрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн бүртгэл, №******* тоот гэрчилгээ /нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/-г тус тус хүчингүй болгуулахыг хүссэн.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оын 7 сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 160 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тодорхойлон, нэхэмжлэлийн 1-р шаардлагаар уг захирамжийн Идэшийн Дуулгабаяр, Дуулгабаярын Энхбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаарджээ. Ингэхдээ И.Даас хандан Газрын албанд хүсэлт гаргаагүй, кадастрын зураггүйгээр захирамж олгогдсон, газар эзэмших эрхийн гэрчилгээ нэг дугаартай, нэг он, сар, өдөртэй, харин нэгж талбарын хоёр өөр дугаартай байгаа нь хууль зөрчсөн, ямар нэгэн шийдвэргүйгээр дур мэдэн өөрчилсөн асуудал, И.Д, Д.Э нарт олгогдсон газрууд Д.Оын газартай давхцсан тиймээс захирамж болон гэрчилгээ, мэдээллийн сангийн бүртгэл хүчингүй болох ёстой гэж маргааны зүйлээ тодорхойлж байна.
Анх 2010 оны 4 сарын 18-нд Д.Э нарын иргэдээс газар эзэмших талаар эрх бүхий албан тушаалтанд хандан улмаар холбогдох шийдвэр гарч, эзэмших газрын зурган мэдээлэл нь газрын мэдээллийн нэгдсэн санд орсон байсан болох нь Засаг даргын захирамж, нэгж талбарын хувийн хэргийн баримт , Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2012 оны 02 сарын зурган мэдээлэлд “нэгж талбарын 18638328540933 дугаар бүхий газар нь 611 м.кв талбайтайгаар регистрийн ХН62030477 дугаартай /И.Д/ иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 18638328565930 дугаар бүхий газар нь 582 м.кв талбайтайгаар регистрийн УУ90102572 дугаартай /Д.Э/ иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн байна” гэх баримт түүний хавсралтаар нотлогдож байна.
Үүний нэгэн адил нэхэмжлэгч Д.Оын анх буюу дүүргийн Засаг даргын 2005 оны 177 дугаар захирамжинд хамаарах нэгж талбарын хувийн хэрэг, архивын материал байхгүй ба тэрээр 2010 оны 8 сарын 20-нд талбай өөрчлөх утгатайгаар дүүргийн Газрын албанд хандаж хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 9 сарын 16-ны өдрийн 209 дүгээр захирамжийн хавсралтаар түүний нэр дээр 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлжээ. Гэхдээ дээр дурдсан 177 дугаар захирамжинд хамаарах 400м.кв, 209 дүгээр захирамжинд хамаарах 700 м.кв талбайн хэмжээгээр иргэн Д.Оын нэр, регистрийн дугаараар газрын мэдээллийн нэгдсэн санд ямар нэгэн зурган мэдээлэл байхгүй, харин иргэн Д.О /РД:МЮ70092701/-ын эзэмшиж буй газар нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн 2012 оны архивын мэдээлэлд нэгж талбарын 18638328548899 дугаартайгаар 2305.03 м.кв талбайтайгаар, газар эзэмших эрхтэйгээр анх бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл огт өөрчлөлт ороогүй байдаг байна. Энэ байдал нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан тоот , сансрын зурагтай давхцуулан харуулсан зураг, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.
Тэгэхээр маргаан бүхий захиргааны акт нь хүчингүй болж, ингэснээрээ хууль зүйн хувьд ямар нэгэн үйлчлэлгүй, үр дагаваргүй дуусгавар болж үлдсэн байгаа нь түүнийг шүүхээс дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүйг харуулж байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2005 оноос газар эзэмших эрхтэй болсон тэр дундаа 6381 м.кв газар эзэмших эрхтэй байсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотолсон баримт байхгүй, эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсыг шүүх хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ гэж үзэх боломжгүй, цаг хугацааны дарааллын хувьд 2010 оны 4 сард анхны газар эзэмшигч Д.Э, И.Д нар хандсан дараа нь 2010 оны 8 сард нэхэмжлэгч Д.О хандсан, үүгээрээ газрын мэдээллийн нэгдсэн санд тэдний эзэмшиж буй газар өөр хоорондоо газрын давхцалгүй байдлаар тусгагдсан байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удаа дараагийн албан бичгүүд, хариуцагчийн хариу тайлбар, кадастрын зургаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн “надад эзэмшүүлээгүй атлаа бусдад эзэмшүүлсэн”, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “захирамжуудаар олгогдсон газрууд нь байршлын хувьд давхцалтай” гэх тайлбарууд үгүйсгэгдэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
160 дугаар захирамжаар Д.Эт эзэмшүүлсэн газрын нэгж талбарын ************** дугаар газрын кадастрын мэдээллийн санд ************* дугаар болж өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөн бүртгэсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны бүртгэлийг хүчингүй болгуулах, нэгж талбарын ************* дугаар бүхий газрыг Д.Эт эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010 оны 7 сарын 15-ны өдрийн №******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэгж талбар бүр эзэмших эрхийн гэрчилгээтэй байх боловч ийнхүү өөрчлөлт оруулж нэгж талбарын өөр дугаар олгосон нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2: “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгох”, 23.4.3-д: “эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4: “газрын мэдээллийн санг эрхлэх” зэргээр дүүргийн Газрын албанд Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байж, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна. Нөгөө талаас аливаа этгээд хүсэлт гаргаснаар дараа нь шийдвэр гарч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогддог, нэгж талбарын хувийн хэрэг нээж дугаар олгогддог байгаа нь газар эзэмшүүлэх талаарх дүүргийн Засаг даргын захирамж хүчингүй болоогүй байхад тухайн эзэмшил газрын гэрчилгээ болон нэгж талбарын дугаарын бүртгэл хүчингүй болох үндэслэлгүй, түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Илт хууль бусд тооцуулах, эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой шаардлагын тухайд.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” А/299 дүгээр захирамжийн Г.От холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах шаардлагыг нэхэмжлэгч нь гаргаж, шүүхээс шаардахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасанчлан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудын аль хэсэгт хамааруулж байгаа нь тодорхойгүй, “хүчингүй захирамжийг үндэслэж гарсан тул илт хууль бус байна” гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна.
Хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийг зөрчих байдлаар захиргааны актыг гаргасан, нэхэмжлэгчийн эрхийг хөндөж гаргасан гэх баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, хүчингүй болгуулахыг болон илт хууль бусд тооцуулахыг хүссэн захиргааны актаар нэг л газрын /маргаж байгаа/ газар эзэмших эрхийн болон уг эрхийг шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан байна. Тэгэхээр уг хуулийн 38.2-д: “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гээд жагсаалт бүхий гурван зүйлийг тодорхойлжээ. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс тухайлан маргахгүй байгаа тул энэ талаар зохих дүгнэлтийг шүүх өгсөнгүй.
Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагч захиргааны байгууллагыг буруутгадаг боловч ийнхүү буруутай байсныг мэдэж хамгаалуулах боломж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж байсаар байхад хэрэгжүүлээгүй өөрийн нэгэн адил газар эзэмших эрхтэй иргэн Г.Оийн газар эзэмших эрхийг зөрчих замаар хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5: “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” газар эзэмшигчийн үүргийг хуульчилсан байгаа нь нэхэмжлэгчийн болон бусад газар эзэмшигчийн хувьд дагавал зохих хэм хэмжээ мөн.
Нэхэмжлэгчийн “миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй захиргааны байгууллагын эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд зохих шалгалтыг шүүхээс явуулахад нэхэмжлэгч нь хэдийд ямар байдлаар хандаж байсан талаар баримт олддоггүй ба 700 м.кв газрын хэмжээгээр огт өргөдөл өгч байгаагүй гэдэг, хариуцагч байгууллага нь тухайн иргэний хүсэлт байхгүй бол газар эзэмшлийн талаар ямар нэгэн шийдвэр гарах боломжгүй гэдэг, түүнчлэн нэхэмжлэгч нь анхны 6381 м.кв газрын хувьд гэр бүлийн гишүүдийг оролцуулан найман хүний нэр дээр өргөдөл хүсэлт гаргаж байсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг, миний газрын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, газрын мэдээллийн нэгдсэн санд буруу оруулсан энэ талаар холбогдох албан тушаалтанд хандаж арга хэмжээ авахуулсан, ажлын хэсэг гарч ажилласан зэргээр олон янзаар тайлбарладаг ба Нийслэлийн Газрын албаны “тус албанд хандаж газрын асуудлаар гомдол гаргаж байгаагүй, гомдлын дагуу ажлын хэсэг байгуулагдаж даалгавар гаргаж байгаагүй” гэх албан бичиг , гэрч Ч.Очирын мэдүүлэг , Газрын албаны өргөдөл гомдлын бүртгэл хяналтын хуудас , өөрийнх нь тайлбар, хариуцагчийн тайлбар зэрэгт дүгнэлт хийвэл, захиргааны байгууллагын эс үйлдэхүй байсан, уг эс үйлдэхүй нь хууль бус байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Даалгах шаардлагын тухайд. Шүүхээс холбогдох захиргааны актуудыг хүчингүй болон илт хууль бусд тооцож шийдвэрлээгүй, түүнчлэн захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус гэж үзээгүй тул даалгах шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийг маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхтэй гэдэг дээр талууд маргахгүй байгаа бөгөөд шүүхийн зүгээс ч гэсэн уг эрхийг үгүйсгээгүй, харин газар эзэмшигч Д.О нь уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар зөвшөөрсөн хүрээнд хэрэгжүүлээгүй, бусдын хууль ёсны дагуу эзэмшиж байсан газарт түрж барилга барьсан нь маргаан гарах үндэслэл болсон, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших эрхээ буруу хэрэгжүүлсэн, энэ талаарх гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн, нэхэмжлэгчид өөрт нь газар эзэмшүүлэх тухай шийдвэрээс давсан хэмжээгээр газрын кадастрын зураг хийгдэж энэ нь газрын мэдээллийн нэгдсэн санд туссан, түүний энэ хэмжээг хэвээр хадгалахын тулд гуравдагч этгээдийн газрын байршилд өөрчлөлт оруулсан талаарх хариуцагч захиргааны байгууллагын тайлбарыг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэлээр нэхэмжлэл бүрэн хангагдах үндэслэл байгаагүйг дурдаад нэхэмжлэгчийн зүгээс одоо эзэмшиж буй 2305 м.кв газрын хэмжээгээр албан ёсоор хүсэлтээ гаргаж, газар эзэмших эрхээ шийдвэрлүүлэх эрх нээлттэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд.
Гуравдагч этгээд “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар захирамжаар иргэн Д.Од эзэмшүүлсэн 400 м.кв газрын кадастрын зургийн хэмжээг кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэмэгдүүлэн оруулсан Чингэлтэй дүүргийн Газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг газрыг захирамжаар олгосон хэмжээгээр Кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргад даалгах тухай” бие даасан шаардлага нь үндэслэлгүй байна гэж дүгнээд хэрэгсэхгүй болгов. Учир нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д: “эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, “газрын мэдээллийн санг эрхлэх” гэхчлэнгээр Чингэлтэй дүүргийн Газрын албаны бүрэн эрхийн хүрээнд байна, гуравдагч этгээд Г.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Харин гуравдагч этгээд нь газар эзэмших хугацаагаа сунгуулах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Газрын албаны өргөдлийн 1851, 1852-рт бүртгүүлж 2017 оны 10 сарын 03-ны өдөр хандсан болох нь уг албаны хүлээн авсан буцах тасалбар, гуравдагч этгээд түүний өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож, энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан “... гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах” эрхийн хүрээнд байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т: “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” хэмээн заасан байдаг. Тэгэхээр хариуцагч захиргааны байгууллагын хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “маргаантай асуудал нь шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа “гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй орхигдуулсан нь хууль бус байна. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасныг анхаарч, холбогдох судалгааг хийж, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж байсан эсэхийг хянаж шийдвэр гаргаж байжээ.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилах, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно. Уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 47.2-т: “... шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэсний дагуу нэхэмжлэгчээс болон гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Ингэхдээ хариуцагчид хуваарилсан тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 37 дугаар зүйлийн 37.2, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оын “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай захирамжийн Идэшийн Дуулгабаяр, Дуулгабаярын Энхбаяр нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, И.Д, Д.Э нараас Г.От газар шилжүүлэн эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 тоот захирамжийн Г.От холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах, Д.О миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Д.О миний хүсэлтэд дурьдсан 2305 м.кв талбайн хэмжээгээр газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010.07.09-ний өдрийн 160 дугаар захирамжаар Д.Эт эзэмшүүлсэн нэгж талбарын ************** дугаар бүхий газрын байршлыг өөрчлөж газрын кадастрын мэдээллийн санд ************* дугаар бүхий нэгж талбарт болгон бүртгэсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны бүртгэлийг хүчингүй болгуулах, нэгж талбарын ************* дугаар бүхий газрыг Д.Эт эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010 оны 07 сарын 15-ны өдрийн ******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Г.Оийн бие даасан шаардлагаас зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар иргэн Г.От эзэмшүүлсэн 611 м.кв, 583 м.кв газруудын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг сунгах талаар холбогдох шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар захирамжаар иргэн Д.Од эзэмшүүлсэн 400 м.кв газрын кадастрын зургийн хэмжээг кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэмэгдүүлэн оруулсан Чингэлтэй дүүргийн Газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг газрыг захирамжаар олгосон хэмжээгээр Кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргад даалгах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлагатай гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод мөн хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Г.От олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН