Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 15

 

Ж.Эгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1457 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Эгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Чт холбогдох

“1.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Очирбат овогтой Ч нь манай доод давхарт амьдардаг бөгөөд 2013 оны 09-р сарын 27-ны өдөр манайд орж ирээд ярьж сууж байгаад хүү маань бөөгийн сахиусаа авах гээд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Надад мөнгө байхгүй гэтэл би таниас 10%-ийн хүүтэйгээр зээлье гээд нэхсээр байгаад төгрөгийг авсан. Мөнгөө авахдаа 4 сарын дараа тэтгэвэртээ гараад их мөнгөө авахаараа өгье гэж хэлсэн. Тухай үед Эрдэнэт төмөр зам өртөөнд вагон үзэгч хийдэг байсан.Ингээд мөнгөө удаа дараа нэхэхэд удахгүй өгнө, удахгүй өгнө гэсээр байгаад 2014 оны 01-р сарын сүүлээр 4 сарын хүү болох 600.000 төгрөг, үндсэн зээлнээс 500.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь удахгүй өгнө гэж хэлээд өгөхгүй явсаар байна. 2015 оны 02-р сард мөнгийг чинь өгч чадахгүй нь хүүг нь өгье гээд 600.000 төгрөг лангуун дээр авчирч өгсөн.Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө, хүүгээ огт өгөхгүй байна.Хүү 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Ч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Эгаас 2013-09-16-ны өдөр 1,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн.Тухайн үед би өндөр насны тэтгвэрт гарах дөхөж байсан учир тэтгэмжээ аваад өгье гэж гуйж байсан. Ингээд би 2014 оны 1 сард тэтгэвэртээ гарсан бөгөөд цалингийн зээлтэй байсан учир тэтгэмжээс шууд суутган авсан байсан. Үлдсэн мөнгөө шууд Эгийн данс руу 2014-01-17-ны өдөр 1,272,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тэр үед надад гачигдал гарч төрсөн ах маань нас барсан, аавыг сахисаар бие муудаад, аав өөд болсон зэргээр зовлон тохиолдон Эд үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй нилээн удсан. Ингээд Эд 600,000 төгрөгийг 2015-02-12-нд данс руу нь шилжүүлсэн. Би Эгаас бараа авсан байсан тул 72,000 төгрөгийн барааны үнэнд тооцож зээлдээ 1,800,000 төгрөгийг өгсөн. Миний тооцоогоор зээлийн хүүд 300,000 төгрөг өгч, үндсэн зээл 1,500,000 төгрөгийг өгсөн гэж үзэж байна. Одоо би Эд дахин хүү болон үндсэн зээл гэж мөнгө өгч чадахгүй. Учир нь би ажил хийдэггүй, тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө гэр бүлээ тэжээж байна, 82 настай ээж болон 1 оюутан хүүхэдтэй өрх толгойлон амьдарч байна. Эгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1457 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу шаардах эрхийн үндэслэлгүй тул О.Чээс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 38.950 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э давж заалдсан гомдолдоо:

Ж.Э миний бие О.Чт 1.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, дөрвөн сарын хугацаагаар зээлдүүлсэн. Түүнээс 1.800.000 төгрөг авсан болно. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1.500.000 төгрөг, 4 сарын хүү 600.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг авах ёстой. Бидний хооронд хожим байгуулсан “Зээлийн гэрээ”-нд зээлийн гэрээний хугацаа, болон хүүгтодорхой бичсэн болно. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би О.Чээс миний дансаар шилжүүсэн 600.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан мэтээр андуурч бичсэн байсан. Харин шүүх хуралдаан дээр хариуцагч дээрх 600.000 төгрөгийг бэлнээр биш дансаар шилжүүлж өгсөн гэдгийг тайлбарлаж байсан ба түүний дансаар шилжүүлсэн 1.272.000 (үүнээс 72.000 төгрөг энэ зээлд хамаагүй) болон 600.000 төгрөгөөс өөр мөнгө төгрөг бидний хооронд өгч авалцсан асуудал шүүх хуралдаан дээр яригдаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж О.Чээс 300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч О.Чээс зээлийн гэрээний үүргийн дагуу 1.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2013.09.27-ны өдөр 1.500.000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээг бичгээр хийж баталгаажуулсан байна.

Хариуцагч О.Ч зээлийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч Ж.Эд нийт 1.800.000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хариуцагч О.Ч нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд хариуцагч О.Чээс зээлийн гэрээний дагуу үндсэн үүрэг 1.500.000 төгрөг, 4 сарын хүү 600.000 төгрөг нийт 2.100.000 төгрөг төлөхөөс дутуу төлсөн 300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 30-ны өдрийн 1457 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтын “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “..Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар О.Чээс 300.000 төгрөг гаргуулж Ж.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “...төрийн санд үлдээсүгэй” гэснийг “...үлдээж” гэж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Чээс улсын тэмдэгтийн хураамжинд 4.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эд олгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                             С.УРАНЧИМЭГ